Хүүхэд өсгөхтэй холбоотой 16 төөрөгдөл

Хүүхдийн эмч болон хүүхэд хөгжлийн мэргэжилтнүүд хүүхэд өсгөхөд тулгардаг түгээмэл асуудлуудад хариулт өгснийг Business Insider онцлов.
Хүүхэд өсгөхтэй холбоотой 16 төөрөгдөл
Business Insider

1. Хоёр нас бол аймшиг

Энэ бол жинхэнэ төөрөгдөл. Хэдийгээр 2 настнуудын ааш аягийг олох хэцүү санагдаж болох ч энэ нь хувийн шинж чанартай байдаг. 2 настай хүүхэд юу хүсдэг, ямар чадвартай байх талаар хүүхдийн хөгжлийн хувьд тохирсон хүлээлттэй байх нь чухал юм. Тэдний хэрэгцээг хүлээн зөвшөөрч, дотор нь юу болж байгааг, юу тэднийг бухимдуулаад байгааг ойлгоход ярвигтай байдаг. Тиймээс сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдийг тэдэнд таниулах нь зохих хил хязгаарыг тогтооход тустай.

Энэ насыг хүүхдүүд сэтгэл хөдлөлөө удирдаж сурдаг үе (бүрэн биш ч эхлэл үе гэж ойлгох) гэж харж сурах нь эцэг эх болоод, хүүхдийг стресс багатайгаар хөгжлийн нэгэн үеэ даван гарахад тусална.

2. Бөгсөн дээр зөөлхөн алгадахад өвдөөд байх зүйлгүй

Төөрөгдөл. Ээж аав маань намайг багад бөгсөн дээр алгадчихдаг л байсан, тэглээ гээд муудсан юм алга гэж та бодож байж магадгүй юм. Хаа нэг л алгадаж байгаа болохоос байнга зодоод байдаг биш ч гэж өөрийгөө тайвшруулж байгаа байх. Та хүүхдэдээ зөөлөн ч бай гар хүрч байгаа л бол таны сахилга бат муу ажиллаж байна гэсэн үг. Энэ нь чухам юу вэ гэхээр та уурласан үедээ илүү хүчтэй цохих магадлалтай.

Та хүүхдээсээ болсон бүх зүйлээ танд илтгэдэг байхыг хүсэж байгаа болов уу. Харин тэд танаас айж эхлэх юм бол буруу хийсэн үйлдлээ нууж, худлаа ярьж эхлэх болно. Тиймээс шийтгэл "илүү сайн хүүхэд"-ийг бүтээх хэрэгсэл гэж бодож байгаа бол энэ бодлоо яг одоо мартаарай, эцэг эхчүүдээ.

3. Хатуу эцэг эхчүүдийн хүүхдүүд хүмүүжил сайтай байдаг

Байдаг л нэг төөрөгдөл. Хатуу чанга гэгддэг эцэг эхчүүд "Би хэлж байгаа болохоор…" гэдэг шаардлага тавьдаг. Өөрөөр хэлбэл тэдэнд хүүхдийн хүсэл хамаагүй. Энэ үед хүүхэд аймхай, хүлцэнгүй, дүрэм журамд баригдсан нэгэн болж өснө. Эсвэл өсвөр насны үедээ гайхалтай тэрслүү, эсэргүү нэгэн болж ч магадгүй юм.

Хүүхдээ аливаад хэмжээ хязгаартай болгож өсгөх нь сайн хэрэг л дээ. Гэвч хязгаарлахдаа мэдрэмжтэй байж чадвал та хүүхдэдээ хариу үйлдэл үзүүлж, тэдний санал бодлыг үнэлдэг гэдгээ батлах боломжтой. Том жижиг гэлтгүй хүмүүс бид бүгдээрээ алдаа гаргадаг тул хүссэн үедээ туслахад бэлэн гэдгээ хүүхдүүддээ ойлгуулаарай.

4. Гурван наснаас хойш тархины хөгжил удааширдаг

Энэ бол амьдралын эхний хэдэн жилүүдэд хүүхдийн хөгжлийн гол үе шатууд явагддаг гэх ойлголтоос үүдэлтэй домог юм. Үнэн хэрэгтээ эхний хэдэн жилд секундэд 1 сая ба түүнээс дээш мэдрэлийн холболтууд тархинд хийгдэж байдаг. Энэ бол гайхалтай үйл явц. Хүүхдийн амьдралын эхний жилүүдэд тархины огцом, үсрэлттэй хөгжийн үе тохиодог нь зүгээр ч нэг үлгэр биш, харин "эхний 3 жил" гэж заагласан нь төөрөгдөл юм.

5. Хүүхдүүд чихэр хэрэглэхээрээ галзуурдаг

Чихрийн хэрэглээ хүүхдийг тогтворгүй байдалд оруулж, “галзууруулдаг” гэдэг нь ердөө эцэг эхчүүдийн төсөөлөл. Хэрэв хүүхэд чихэр хэрэглэснээс болж тогтворгүй төлөв байдалд ордог байсан бол төсөөлшгүй үйлдэл гаргах байсан гэдэг судалгааны дүгнэлт байдаг. Энэ үйлдэл явдал бол үнэн хэрэгтээ өөрийгөө цэнэглэх байгалийн хууль гэж ойлгох хэрэгтэй. Товчхондоо өлсгөлөн үедээ, ямар нэг зүйл идээгүй удахаараа зарим хүүхдүүд хэвийн бус аашилдаг. Тэгэхээр хүүхдийнхээ өдрийн турш авах шаардлагатай шимт бодисын хэрэгцээнд анхаарал хандуулах хэрэгтэй байх нь ээ. Мэдээж хүүхдийн чихрийн хэрэглээг бага хэмжээнд байлгахаар зохицуулах нь зүйн хэрэг. Гэвч чихэр хүүхдийн идэвхтэй хөдөлгөөнтэй хамааралтай гэдэг нь төөрөгдөл юм.

6. Даараад ханиад хүрчихлээ

Энэ бол хамгийн түгээмэл яригддаг сэдэв. Миний хүүхэд даараад ханиад хүрчихлээ гэж ярьдаг. Яг үнэндээ хүүхэд даарснаас болж ханиад хүрдэггүй. Тэд ханиадтай хүмүүстэй хамт байснаар ханиад хүрдэг.

7. Хүүхдийг алдахаас хамгаалсан нь дээр

Хүүхэд нь өвдөж, шаналахыг харах ямар ч ээж аавуудад хэцүү. Золгүй тохиолдол болгоноос хамгаалж, сэтгэл зүйд нь асуудал үүсгэхгүйг бид хичээдэг. Гэвч амьдралд тохиолдож болох гай гамшиг бүрд бид бяцхан үрстэйгээ хамт байж чадахгүй гэдгийг мөн бодолцох хэрэгтэй. Учир нь хүүхдүүд маань алдагдал хохирол амсах замаар шаардлагатай дасан зохицох чадвараа хөгжүүлдэг.

Тиймээс хүүхдүүд ямар нэг зүйл өөрчлөгдөнө гэсэн төсөөлөлтэй байснаар мэдрэмжээ удирдаж, бодит байдалтай эвлэрч сурах юм. Жишээлбэл, хайртай нохойг нь ахиж ирэхгүйгээр бурхны орон руу явсан гэдгийг нь хэлэлгүй төөрөөд явчихсан гээд хэлчихвэл хүүхэд хэзээ мөдгүй ирнэ гэсэн хүлээлттэйгээр өдөр хоногийг өнгөрүүлэх болно. Хэцүү туршлагыг давж туулахад нь хамт байж, хүчирхэгжүүлэх нь тэдний ирээдүйд юу юунаас илүү хүчтэй сургамж болох ажээ.

8. Бүх хүүхэд голж шилдэг

Ихэнх хүүхдүүд шинэ хоол хүнсэнд таагүй ханддаг. Харин хүүхдээ хүчлэхгүйгээр ахин дахин танилцуулж (ихэвчлэн 10-15 удаа) санал болгосноор хүүхэд амтанд нь дасна.

Эцэг эхчүүд хүүхдийн сонголтод нөлөөлөх боломжтой байдаг. Тиймээс тэдний дуртай чихрийн агууламж өндөртэй өглөөний цайны оронд үр тариа, шимт бодисоор баялаг өглөөний цай санал болгох нь зүйтэй.

9. Хүүхэд бүхнээс түрүүнд байх ёстой

Бяцхан иргэнийг өсгөн хүмүүжүүлж, тэдний эрүүл мэнд, сайн сайхны төлөө амь биеэ зориулдаг та өөрийнхөө аз жаргал болон эрүүл мэндийг золиосолдог бол эсрэгээрээ хүүхдийнхээ хөгжилд саад болж байна гэсэн үг.

Та онгоцонд байна гээд төсөөлөөд үз. "Хүчилтөрөгчийн маскаа зүүгээрэй" гэж хэлэхэд та өөр хэн нэгэнд анхаарлаа хандуулах сөхөөгүйгээр өөрийн маскаа л зүүнэ. Энэ жишээгээр та хүүхдэдээ өөрийгөө хайрлах, хүндэтгэх гэдэг хичээлийг өмнөөс нь бус өөрөөрөө үлгэрлэн заах хэрэгтэй.

10. Хөтөвч хэрэглэж сурсан хүүхдүүд шөнө шээдэггүй

Ихэнх хүүхдүүд живхнээс гарах үедээ өдрийн цагаар хөтөвч хангалттай хэмжээгээр хэрэглэж сурсан байдаг. Гэвч шөнийн цагаар давсгаа барьж чаддаггүй. Учир нь шөнийн нойр урт, давсгийн хэмжээ жаахан шүү дээ. Гэхдээ 5 нас хүртлээ живх хэрэглэдэг хүүхэд ч байдаг тул энэ нь нэг их санаа зовох асуудал биш юм.

11. Эцэг эхчүүд хүүхдийнхээ өмнө маргалдаж болохгүй

Хүүхдийнхээ өмнө маргалдаж эхэлсэн бол ядаж хүүхдэдээ маргааныг яаж эвтэйхэн шийдэж болохыг харуул. Тэгвэл тэд хаалттай хаалганы цаана юу болоод байгааг гайхаж, айж сандрахгүй. Гэхдээ мэдээж хүүхдүүдийнхээ өмнө гар зөрүүлж, хүчирхийлэл үйлдэж болохгүй.

12. Зурагт ойроос үзэх нь хүүхдийн харааг муутгадаг

Энэ бол байдаг л төөрөгдөл. Зурагт ойроос үзэх нь хүүхдийн харааг гэмтээдэггүй. Гэхдээ нүдний хараа нэг цэг дээр удаан хугацаагаар төвлөрөх үед, тэр нь ялангуяа нүдэнд ойр байвал нүдний хараанд нөлөөлдөг гэдгийг санах хэрэгтэй. Та бидний нүдний ядаргаа гэж нэрлэдэг зүйлийг аль болох бага байлгахын тулд юмсыг зайнаас харуулж байх хэрэгтэй.

13. Магтаал хүүхдийг ухаалаг болгодог

Хүүхдийн сэтгэлгээг тогтмол болон өсөх сэтгэлгээ гэж 2 ангилдаг. Ямар нэг хичээлдээ сайн үнэлгээ авсан хүүхдийг магтахад хүүхэд урамшиж, ахиад олон сайн үнэлгээ авахын төлөө хичээх сэтгэлгээг өсөх сэтгэлгээ гэнэ. Харин ямар нэг хичээлдээ үргэлж сайн үнэлгээ авдаг хүүхдийг тухайн хичээлдээ сайн гэж магтахад өөр хэцүү хичээлээс зайлсхийж, одоо сайн байгаа тэр хичээлдээ л сайн авсаар байхыг эрмэлзэх сэтгэлгээг тогтмол сэтгэлгээ гэдэг.

Тэгэхээр магтахдаа ч бодолтой магтах хэрэгтэй байх нь ээ. Үр дүнг биш хичээл зүтгэлийг магтсанаар илүү ухаалаг, чадварлаг нэгэн болгон өсгөх боломжтой.

14. Дэлхий бол аюултай газар учраас хүүхдийг 24/7 хамгаалах хэрэгтэй

Хүүхдийг 7 хоногийн 24 цагийн турш хамгаална гэдэг бол үлгэр. Дэлхийн хаа нэгтээ үнэхээр аймшигтай зүйл болж байгааг бид мэдэж байгаа ч хүүхдүүддээ гудамж талбайд аюулгүй байх дүрмийг мөрдүүлж сургахад ерөнхийдөө аюул, эрсдэл бага байх боломжтой. Улаан гэрэл, цагаан шугам болон зам хөндлөн гарахдаа 2 тийш харж байж гарах зэрэг аюулгүйн дүрмүүдийг хүүхдийн насанд тохируулан зааж, амьдралын дадал болгох хэрэгтэй.

15. Та өөрийн эцэг эх шигээ л эцэг эх болно

Таны ухамсраас хамаараад үнэн эсвэл төөрөгдөл ч байж болно. Хэрэв таны бага нас эцэг эхээсээ айсан нөхцөлд өнгөрсөн бөгөөд та хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлэх талаар тодорхойлсон зорилгогүй бол та өөрийн эцэг эхтэйгээ адил түрэмгий, өөрийнхөөрөө хүмүүжүүлэгч байж болох юм. Харин хүүхэд насан дахь эцэг эхийн түрэмгийлэл, дарамт танд муухай дурсамж болсон бол хүүхдүүдээ өөрийн хүссэнээр ухамсартайгаар хүмүүжүүлснээр та эцэг эхийн хувиар өсөж дэвжих боломжтой.

16. Эцэг эх байх чадвар бол заяагдмал

"Би эцэг/эх нь учраас эцэг/эх байх тухай бүхнийг мэдэж байх ёстой" гэж бодож байж болох юм. Таны эцэг эх байсан хугацаа тань хүүхэдтэй л чацуу, тийм биз. Тэднийг төрөх хүртэл та эцэг эх байгаагүй учраас хүүхдийнхээ амьдралын туршид хамтдаа өсөж хөгжиж байгаагаа санаж явах нь зүйтэй.

Эх сурвалж: Business Insider

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn