Хүүхэлдэйн киноны этгээд төрхтэй дүрүүдийн ард юу байдаг вэ?

Бид хүүхдийнхээ үзэж байгаа зүйлсэд төдийлөн санаа тавьдаггүй. Тэгвэл хүүхдийн нэвтрүүлгийн дүрүүд яагаад ийм содон төрхтэй байдаг юм бол гэсэн бодол танд төрж байсан уу?
Хүүхэлдэйн киноны этгээд төрхтэй дүрүүдийн ард юу байдаг вэ?

Хүн бүрд хүүхэд ахуйдаа үзэж өссөн дуртай хүүхэлдэйн кино байдаг. Хэрэв та эцэг эх болсон бол хүүхдийн тань үзэж байгаа хүүхэлдэйн кино нэг л этгээд өнгө төрхтэй бүр заримдаа дотор арзгануулам санагдаж байгаагүй гэж үү?

Бага насны хүүхдэд зориулсан хүүхдийн нэвтрүүлэг, контент содон, хурц өнгөтэй толгой эргүүлэм үйл явдлуудаар дүүрэн ертөнцийг дүрсэлдэг. Харин хүүхэд өсөж том болох тусам тэдний тархи хэрхэн хөгждөг болохыг ойлгоход энэ ер бусын ертөнц бидэнд тусалж чадна.

Манай дүүгийн үзэх дуртай хүүхдийн нэвтрүүлэг
Манай дүүгийн үзэх дуртай хүүхдийн нэвтрүүлэг

Ойроос жишээ татахад таван настай дүүгийн маань үзэх дуртай Fungies гэдэг хүүхдийн нэвтрүүлэг надад яг ийм мэдрэмж төрүүлдэг. Үйл явдал нь амь орсон мөөгнүүдийн тосгонд болж байгаа элдэв янзын адал явдлын тухай байх бөгөөд мөөгнүүд нь бүгд дахин давтагдашгүй өвөрмөц өнгө, төрхтэй.

Тэд толгой болон гар хөлөө чөлөөтэй салгаж, нийлүүлж чаддаг. Зохиол нь тааварлахын аргагүй. Гэтэл дүү маань буйдангийнхаа ирмэгт суун, хуруугаараа дүрүүдийг нь зааж, үе үе хөгжилтэй инээн байж үзнэ.

Хүүхэлдэйн кино үзэх нь бага насны хүүхдийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг үү эсвэл зүгээр л хэрэггүй зүйлсээр бодол санааг нь дүүргэдэг юм биш биз?

Эдгээр телевизийн нэвтрүүлгүүд сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн харааг булааж, харин насанд хүрэгчдийн нүдэнд хачирхалтай санагддаг нь ямар учиртай юм бол. Би балчир дүүтэй хүний хувьд дүүгийнхээ үзэж байгаа нэвтрүүлэгт хяналт тавьдаг боловч түүний өсөлт хөгжилд ямар нөлөө үзүүлдэг талаар тэр бүр сонирхож байсангүй. Үнэхээр тэдэнд тустай байдаг эсэхийг мэдэхгүй. Тиймээс судлахаар шийдсэн юм.

Дэлгэцийн өмнө

Бага насны хүүхдүүдийн оюун ухаан хүлээн авсан мэдээллээ насанд хүрэгчдээс ялгаатай боловсруулдаг. Бидний хувьд хачирхалтай зүйлс тэдний сонирхлыг ихэвчлэн татдаг. Эдгээр ялгааг сайн ойлгох нь хүүхдэд зориулсан эрүүл, сонирхолтой телевизийн хөтөлбөрүүдийг бий болгоод зогсохгүй ертөнцийн талаарх хүүхдүүдийн мэдлэгийг нэмэгдүүлж, мөн тэднийг зугаатай байлгаж чадна. Нөгөөтээгүүр эцэг эхчүүд ямар төрлийн хүүхэлдэй киног хүүхдэдээ үзэхийг зөвшөөрөх талаар сайн ойлголттой байх хэрэгтэй.

Хүүхэлдэйн кино нь дан ганц хүүхдийг зугаацуулаад зогсохгүй ертөнцийг танин мэдэх хэрэгсэл нь болж өгдөг.
Хүүхэлдэйн кино нь дан ганц хүүхдийг зугаацуулаад зогсохгүй ертөнцийг танин мэдэх хэрэгсэл нь болж өгдөг.

Fungies-тэй адилхан Moon and Me гэх хүүхдийн нэвтрүүлэг бий. Энэ бол Teletubbies шоуг бүтээсэн Эндрю Дэвенпорт болон хүүхдийн боловсрол, үлгэр ярих чиглэлээр мэргэшсэн судлаач Дилан Ямада-Райс нарын судалгаа, хамтын ажиллагааны үр дүнд бий болсон бүтээл юм. Тус нэвтрүүлэгт сар гарах үеэр амь ордог янз бүрийн содон төрхтэй хүүхэлдэйнүүдийн тухай гардаг. Хальт сонсвол хүүхдэд зориулагдаагүй мэт.

Ийм судалгаанд суурилсан хүүхдийн контент тийм ч шинэ зүйл биш аж. “Сесами Гудамж” нэртэй хүүхэлдэйн кино 2019 онд 50 жилийн ойгоо хийсэн бөгөөд энэ хугацаанд уг бүтээлийн багт олон сэтгэл судлаач, боловсролын мэргэжилтнүүд хамтран ажилсан байдаг. Энэ багт ажиллаж байсан Жоан Ганз Кунийн үзэж байгаагаар хүүхэлдэйн кино бол хүүхдүүдэд сургуулийн өмнөх насны боловсрол олгох сайн хэрэгсэл юм.

Насанд хүрэгчдэд айдас төрүүлэм мэт боловч судалгаанаас харвал хүүхдүүд ийм төрхтэй дүрүүдийг үзэх хамгийн дуртай байдаг.
Насанд хүрэгчдэд айдас төрүүлэм мэт боловч судалгаанаас харвал хүүхдүүд ийм төрхтэй дүрүүдийг үзэх хамгийн дуртай байдаг.

Анх цацагдсанаасаа хойш хэдхэн сарын дараа буюу 1970 оны 1 дүгээр сар гэхэд “Сесами Гудамж”-ийг АНУ-ын 2-5 насны хүүхдүүдийн гуравны нэг нь тогтмол үздэг байв. Үзэхэд зугаатай энэхүү нэвтрүүлгийн бүх ангийг сургалтын тодорхой зорилгын дагуу төлөвлөж бүтээдэг бөгөөд одоо ч энэ хэлбэрээ хадгалдаг.

“Сесами Гудамж” ийм амжилттай байсан шалтгаан нь 1960-аад оны үеийн Америкийн айл бүхэн гэртээ зурагттай болсон явдал байв.

Гэхдээ тухайн үеийн зарим Америк айл өрхүүд хэт өндөр давтамж хүлээн авч чаддаггүй зурагттай байсан учир тэр бүр эдгээр хүүхдийн нэвтрүүлгийг үзэж чаддаггүй байжээ. Харин “Сесами Гудамж” хүүхдийн нэвтрүүлгийн төслийнхөн өөрсдийн бүтээлээ бүх давтамжаар олон нийтэд хүргэдэг болсон нь олон хүүхдүүдэд суралцах идэвх санаачилга өгсөн гэдэг.

Орчин үед гэр бүлээрээ зурагтаа тойрон сууж халуун дулаан яриа өрнүүлэх нь улам л ховор болж байна.
Орчин үед гэр бүлээрээ зурагтаа тойрон сууж халуун дулаан яриа өрнүүлэх нь улам л ховор болж байна.

Дэлгэцийн ард

Массачусетс мужийн Веллесли коллежийн эдийн засагч Филлип Левин, Мелисса Кирнитэй хамтран хийсэн судалгааныхаа үр дүнгээс иш татан “Хүүхэлдэйн киног шууд болон шууд бусаар тогтмол үзэх нь хүүхдийн суралцах идэвх санаачлалыг нэмэгдүүлдэг” гэжээ.

Мэдээж бүх телевизийн нэвтрүүлгүүд хүүхдийн боловсролд анхаараад байдаггүйг санах хэрэгтэй.

2000-аад оны сүүлээр Шарлоттсвилл дахь Виржиниагийн их сургуулийн сэтгэлзүйч Анжелина Лиллард хүүхэлдэйн киноны баатруудын биеэ авч яваа байдал хүүхдийн зан төлөвт хэрхэн нөлөөлж болохыг судалж байжээ. Түүний багийнхан SpongeBob SquarePants хүүхэлдэйн киног судалгаандаа ашигласан юм. Уг хүүхэлдэйн кино нь далайн ёроолд хан боргоцойн дотор аж төрдөг аяга таваг угаадаг шар хөөсөнцөр хэрхэн аж төрдөг тухай гардаг. Хүүхэд гэлтгүй том хүн ч үзэхэд уйдмааргүй байдаг нь тус цувралын онцлог мөн.

Лиллардын дурсаж байгаагаар "Бид лабораторид уулзах бүрдээ Хөвсгөр Бобыг үздэг байлаа. Хүүхэлдэйн киногоо үзэж дуусаад бид ямар ч ажил хийх сонирхолгүй болсноо анхаарцгаасан юм. Хэрэв бидэнд ийм зүйл тохиолдож байгаа юм бол дөрвөн настнуудад юу болдгийг төсөөлөхийн аргагүй” гэжээ.

SpongeBob SquarePants хүүхэлдэйн киног тохирох насны хүүхдэд үзүүлэх нь тийм ч муу нөлөөгүй.
SpongeBob SquarePants хүүхэлдэйн киног тохирох насны хүүхдэд үзүүлэх нь тийм ч муу нөлөөгүй.

Энэ явдал түүнд хүүхдэд үзүүлэх телевизийн нөлөөг судлах шинэ судалгаагаа эхлүүлэхэд түлхэц болж, танин мэдэхүйн чадварууд болох анхаарал төвлөрүүлэх, урьдчилан төлөвлөх, сэтгэл хөдлөлөө удирдах зэрэг чадваруудад ямар өөрчлөлт гарч байгааг нарийн судлахад хүргэсэн байна. Ингэхдээ дөрвөн настай хүүхдүүдийн өдөр тутмын амьдралыг харуулдаг Caillou гэдэг хүүхэлдэйн киног SpongeBob-той харьцуулж үзжээ. Тус хоёр хүүхэлдэйн киног үзсэн хүүхдүүдээс сорил авахад SpongeBob үзсэн хүүхдүүд сорилын даалгавраа эсрэгээр нь гүйцэтгэх тохиолдлууд ажиглагдсан байна.

Тухайн үед үүнийг хурдан солигдож байгаа дүрснүүдээс болсон гэж дүгнэсэн байна. Тэдний судалгаандаа ашигласан SpongeBob-ын ангиуд дээрх дүрснүүд ойролцоогоор 11 секунд тутамд солигдож байсан бол Caillou-ийн дүрснүүд 34 секунд тутамд солигдож байв.

Хүүхдийн нэвтрүүлгийн дүрүүдийн өвөрмөц байдал хүүхдийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг байж болох юм.

Дөрвөн жилийн дараа тэрээр илүү нарийвчилсан судалгааны үр дүнг нийтэлжээ. Гол асуудал дүрснүүдийн солигдох хурд биш, харин дүрсүүд хэчнээн ер бусын, бодитой биш агуулгатай байгаад оршиж байлаа.

Лиллардын тайлбарлаж байгаагаар “Нялх хүүхдүүд аягыг түлхвэл унана, надад ямар нэг зүйл хүрээд байна гэх зэргийг мэддэг. Харин хүүхэлдэйн кинонд машин агаарт дүүлэн нисэж, улам өндөрт хөөрөн задгай сансарт гарч, гэнэтхэн доошоо шумбан уул толгод дээгүүр гулсах эсвэл жижигхэн хайрцгаас асар том эд зүйл гаргаж ирэх гэх мэт бодит байдал дээр боломжгүй үйл явдлууд ар араасаа хөвөрнө. Бидний тархи ийм төрлийн үйл явдлуудыг ойлгож хэвшээгүй байдаг учир тархины төсөөлөн бодох хэсэг юу үзсэнээ тайлбарлаж чадалгүй гацдаг" ажээ.

Хүүхдийн ертөнц заавал бодитой зүйлээс бүтсэн байх албагүй.
Хүүхдийн ертөнц заавал бодитой зүйлээс бүтсэн байх албагүй.

Лиллард уг судалгаагаа зургаагаас доош насны хүүхдүүд дээр богино хугацаанд явуулсан гэдгийг энд харгалзах хэрэгтэй. Хэт фантастик хүүхэлдэйн киног зургаа болон түүнээс дээш насны хүүхдүүд урт хугацаагаар үзвэл сөрөг нөлөөтэй гэсэн баримт одоогоор олдоогүй.

Өөрөөр хэлбэл, хүүхдэдээ насны ангилалд нь тохирсон хүүхэлдэйн киног үзүүлж байх нь чухал бололтой. Юу ч үзсэн яах вэ гэж хэнэггүй хандах нь таны хүүхдийн цаашдын өсөлт, хөгжилд далд байдлаар нөлөөлдөг.

Бага насны хүүхдийн нүд хурдтай өрнөж байгаа үйл явдлуудыг хүлээн авч сураагүй байдаг.

Хүүхдийг ойлгох нь

Удаан үйл явдалтай, давталт олон байх тусам хүүхэд тухайн үйл явдлыг ойлгох магадлал өндөр байдаг. Бидний нүдээр давталт, удаан өрнөлтэй үйл явдал уйтгартай, залхмаар мэт боловч хүүхдүүдийн хувьд яг эсрэгээрээ юм.

Буудалцаан, машины хөөцөлдөөнтэй кино бидэнд сонирхолтой санагддаг бол тэдэнд Пеппа тооройн нэг ангийг дахин дахин үзэх нь илүү сонирхолтой байдаг. Хүүхдүүд үйл явдал өрнөж байгаа орчноос илүү үйл хөдлөл хийж байгаа хүн, амьтны дүрсийг анхааралтай ажиглаж чаддаг.

Хүүхдийн телевизийн баатрууд ихэвчлэн том, энгийн царайтай байдаг бөгөөд хүүхдийн анхаарлыг тогтоохын тулд тод өнгө ашигладаг.
Хүүхдийн телевизийн баатрууд ихэвчлэн том, энгийн царайтай байдаг бөгөөд хүүхдийн анхаарлыг тогтоохын тулд тод өнгө ашигладаг.

Жишээ нь, нэгэн судалгаанд бага насны охин ээжийнхээ өвөр дээр суунгаа Канадын алдарт Waybuloo хүүхэлдэйн киног үзэж байв. Уг хүүхэлдэйн киноны дүрүүд ер бусын том нүд, ам бас толгойтой. Охинд нүдний хөдөлгөөн дагадаг шил зүүлгэсэн бөгөөд Пиплинг гэх эгдүүтэй дүр агаарт хөөрч эхлэхэд түүний нүд ард талд нь байх ус, мод, ууланд бус зөвхөн Пиплингийн хөдөлгөөнд төвлөрнө.

Харин сувгаа соливол гурван эмэгтэй эгнэж зогсоод гартаа тод өнгийн бөмбөг барьсан байна. Охин хамгийн түрүүнд гурван эмэгтэйн царайг ээлжлэн харна. Дараа нь бүсгүйчүүд бүжиглэж эхлэхэд анхаарал нь нэгээс нөгөөд шилжинэ. Бүсгүйчүүд бүжиглэж байхдаа өнгийн бөмбөгнүүдээ сэгсэрч, шидэх үед охины анхаарал тод өнгийн бөмбөг дээр төвлөрчээ.

Хүүхдүүд тод өнгөтэй, эмх замбараагүй, тогтворгүй хөдөлгөөнтэй биетүүдийг ажиглах дуртай байдаг.

Тиймээс хүүхэлдэйн киноны дүрүүд том нүүртэй, нүүрэн дээрээ ер бусын эвэр, мэнгэ, толбо гэх мэт хүүхдийн анхаарлыг татах онцлог зүйлстэй байна. Дүрүүдийн хөдөлгөөн хязгаарлагдмал байх бөгөөд өнгөний ялгарал, нийцлийг ашиглан хүүхдүүдийн анхаарлыг татаж байгаа тэр зүйлд нь чиглүүлж болдог.

Лондон дахь Birkbeck Babylab-ийн сэтгэлзүйч Тим Смит 2014 онд хэвлүүлсэн судалгаандаа хэрхэн хүүхдийн анхаарлыг татаж байгаа тод өнгө, хөдөлгөөний байршил нь ярьж байгаа гол дүрийн байршилтай огтлолцож байгааг зургаан хүүхэлдэйн киног харьцуулах замаар харуулжээ.

Эдгээр хүүхдийн нэвтрүүлгийг бүтээсэн продюсерууд үнэхээр хүүхдийн анхаарлыг татах үр дүнтэй арга олсон байна.

Хүүхдийн бүрэн хөгжөөгүй хараа удаан, эв хавгүй хөдөлгөөнийг төвөггүй дагаж чаддаг. Дүрийн нүүр царайг тодруулах өнгөний ялгаралтыг арын дэвсгэр дээр нь тавьж өгөх эсвэл нүүр болон биеийг нь тойруулан гэгээтэй өнгөөр тодруулна. Ингээд ямар ч харааны хөгжилтэй байсан гол дүрийг төвөггүй анзаарах бөгөөд хүүхдүүдэд үйл явдал, зохиолын өрнөлийг ойлгоход амар болдог.

Хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөж болох хамгийн гол арга бол дуртай хүүхэлдэйн киног нь хамт үзэх юм.
Хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөж болох хамгийн гол арга бол дуртай хүүхэлдэйн киног нь хамт үзэх юм.

Teletubbies болон Moon and Me киноны продюсер Эндрю Дэвенпортын хэлснээр “Хүүхдүүд бидэнтэй адил ертөнцөд аж төрдөг боловч хүлээж авахдаа биднээс ялгаатай байдаг. Дэлгүүрийн лангуун дээр байгаа хулууг хүүхдүүд аварга том жүрж гэж хардаг. Томчуудад инээдтэй санагдаг хэдий ч хүүхдүүд ертөнцийг яг тийм байдлаар хүртдэг. Энэ танин мэдэхүйн ялгаатай байдлыг хүүхдэд зориулсан бүтээлүүдэд тусгаж өгөх хэрэгтэй”.

Хүүхдүүдтэй тэдний ойлгодог урлагаар дамжуулан харилцах хэрэгтэй.

Хүүхдүүд 12 нас хүрэх үед хараа нь бүрэн хөгжиж насанд хүрсэн хүнийх шиг болдог.

Сургуулийн насны хүүхдүүд цэцэрлэгийн насныхныг бодвол төвөгтэй үйл явдлыг ойлгож, ёс суртахуунтай байх тухай мэддэг. “8-12 насны хүүхдүүд үзсэн зүйлээсээ юуг хийж болох, болохгүйг ойлгодог”. Нөгөөтээгүүр тэд өмнөх үйл явдлыг санах, зохиолын уялдааг харуулах зэрэг нарийн үйлдлүүдийг сайн гүйцэтгэж чаддаггүй. 12 нас хүрэх үеэсээ л хүүхдүүд үзсэн зүйлээ томчууд шиг ойлгох харааны хөгжилтэй болдог.

“Сесами Гудамж” хүүхэлдэйн киноны хамтран бүтээгч Жоан Ганз Куни “Телевизийн нэвтрүүлэг бүрээс бид нэг зүйлийг шинээр сурч байх ёстой” гэж байв. Одоо ч олон хүүхдийн нэвтрүүлгүүд тэдэнд тус болохоос илүү ус болох үйл явдал, зохиолтой хэвээр байгааг анхаарах нь зүйтэй.

Хүүхдийнхээ ертөнцийг аз жаргалтай зүйлээр дүүргэмээр байвал томчууд бид эхлээд өөрсдөө аз жаргалтай байж сурах хэрэгтэй.
Хүүхдийнхээ ертөнцийг аз жаргалтай зүйлээр дүүргэмээр байвал томчууд бид эхлээд өөрсдөө аз жаргалтай байж сурах хэрэгтэй.

Хүүхдийн тархи мэдээллийг насанд хүрэгчдээс өөрөөр хүлээж авдгийг бид мартаж болохгүй. Тэдний хувьд хамгийн үр дүнтэй хүүхдийн нэвтрүүлэг бол гэр бүлийн гишүүдтэйгээ хамт үзсэн нэвтрүүлэг байдаг. Хүүхэдтэй хамт хүүхэлдэйн кино үзэх нь хүүхдэдээ тухайн үйл явдлыг ойлгоход нь туслах, авч болох сургамжийг ойлгуулах, сонирхлыг нь татсан хэсгийн талаар ярилцах гэх мэт эерэг нөлөөтэй.

Олон судалгаанаас харахад насанд хүрэгчдийн үздэг нэвтрүүлгийг хүүхдүүд үзсэнээр амьдралын тухай мэдлэг нь нэмэгдэх бус харин ч бүтээлч байдал нь буурдаг байна. Энэ нөхцөлийг давах арга нь маш энгийн. Хүүхдэдээ илүү цаг зарцуул. Гэхдээ үр бүтээлтэй цаг. Дуртай хүүхэлдэйн киног нь хамт үзэж, асуулт асуух нь энгийн боловч хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөх маш үр дүнтэй арга юм.

Олон эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ юу үзэж буйд санаа зовдог боловч зарим судалгаанаас үзэхэд зөв нэвтрүүлэг нь тэдний хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг.
Олон эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ юу үзэж буйд санаа зовдог боловч зарим судалгаанаас үзэхэд зөв нэвтрүүлэг нь тэдний хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг.

Эцэст нь

Энэ хүртэлх агуулгыг дүгнэн хэлбэл орчин цагийн зарим хүүхдийн нэвтрүүлгүүд хүүхдийн харааны хөгжил, анхаарал төвлөрөх чадварыг харгалзан үзэж, судалгаанд үндэслэн ямар үйл явдал, дүрүүдийг гаргахаа шийддэг. Бяцхан хүүхдүүд насанд хүрэгчдийн сонирхдог үйл явдал, стандартаас илүү эв хавгүй, удаан хөдөлгөөнтэй, содон төрхтэй дүрүүдээс суралцдаг бөгөөд зарим талаараа энэ нь тэдний танин мэдэхүйн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг байна.

Магадгүй та хүүхэдтэйгээ нэг л учраа олохгүй байгаа бол түүний дуртай хүүхдийн нэвтрүүлэг, киног нь хамтдаа үзэж, тэр талаар нь ярилцаад үзээрэй. Та хоёрын харилцаа өмнө нь байгаагүй халуун дулаан, дотно байх болно.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn