Бага насны хүүхдүүдийн нийгмийн харилцаанд хоцрогдол үүсжээ

Цар тахлын үед бага насны хүүхдүүд нийгмийн болон сэтгэл хөдлөлийн ур чадвараа ашиглах, хөгжүүлэх боломж хомсодсон. Үүнээс болж нүүрний хувирлыг ялгаж ойлгож чадахгүй бага насныхан олширч байгаа талаар Английн боловсролын хяналтын байгууллага мэдэгдэв.
Бага насны хүүхдүүдийн нийгмийн харилцаанд хоцрогдол үүсжээ
Getty Images

Боловсрол, хүүхдийн үйлчилгээ, ур чадварын төвийн (Office for Standards in Education,Children's Services and Skills - Ofsted) ахлах шинжээч Аманда Спилманы хэлснээр зай талбай багатай байр сууцанд амьдардаг, хөл хорионы хугацааг ерөнхийдөө дэлгэцийн өмнө л өнгөрүүлдэг байсан хүүхдүүд энэ үзэгдэлд хамгийн ихээр өртсөн, хүнд байдалтай байна. Энэхүү нийтлэг дүр зургийн улмаас нялхсын мөлхөх болон алхаж сурах явц удааширч байгаа аж.

Бага насны хүүхдүүдийн хөгжилд тулгарсан эрсдэл

Аманда Спилман

Энэ асуудалд одоо л анхаарал хандуулахгүй бол бага сургуулиудад ачаалал үүсгэнэ. 2022 оны 1 болон 2 дугаар сард 70 үйлчилгээний байгууллагатай хамтарсан судалгаанд нэгэн сонирхолтой үр дүн гарчээ. Тухайлбал, оролцсон хүүхдүүдийн заримынх нь үгийн сан хязгаарлагдмал байсан бол нөгөө хэсэг нь үндсэн нүүрний хувирлуудад хариу үйлдэл үзүүлэх чадамж муу байв. Хүмүүс нийтээр амны хаалт зүүх болсон нь хүүхдүүдэд ингэж нөлөөлсөн бололтой.

ВВС Радио 4-ийн "Өнөөдөр" нэвтрүүлэгт хатагтай Спилман "Цар тахал, хөл хорионоос болж хүүхдүүдийн хэл ярианы хөгжил, өөрийгөө илэрхийлэх чадварт саад учирсан. Хүүхдүүдэд хамт тоглох, өөр бусадтай ээлжлэх талаар ойлголт дутмаг, найз нөхөдтэй болох тал дээр учраа олохгүй, өөртөө эргэлздэг, алхах мөлхөх явц нь удааширснаар жин нэмэх зэрэг хандлага ажиглагдаж байна" хэмээн ярьжээ.

Мөн хүүхдүүдийн хөтөвч хэрэглэх, гутлын үдээс үдэх, хүрмээ өөрөө өмсөх болон тайлах зэрэг өөрийгөө арчлах үндсэн ур чадварууд ч хангалтгүй байгааг тэрбээр нэмж хэлэв.

Бага насны хүүхдүүд цэцэрлэгийн орчинд өнгөрөөх цаггүй болсноор гэр бүлээс гадуур, бусад хүмүүс болон орчинтой харилцах боломжгүй болсон. Хөл хорионы үед зарим хүүхдүүдийн хувьд ихэнх цагаа дэлгэцийн өмнө өнгөрөөж байв. Хүүхэд дэлгэц харж байх үедээ хүнтэй огт харьцдаггүй. Үр дүнд нь хамгийн их үздэг байсан хүүхэлдэйн киноныхоо хоолойгоор ярьдаг болсон хэсэг ч бий.
Ofsted тайлан

Хүүхдийнхээ хөгжилд туслахын тулд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ аль болох их ярилцаж, боломжтой бол хамт хүнсээ цуглуулж, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалуулж, хүрээлэн буй орчноо харж баясах боломжийг олгох болон хамт дасгал хөдөлгөөн хийхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Ofsted-с гаргасан тайланд дурдсанаар зарим цэцэрлэгийн багш ажилчид цар тахлын үеийн хоцрогдлыг арилгах зорилгоор өдрийн үйл явдлаа ярьдаг "буу халах цаг", мөн хүүхдийг мэдрэмжээ илэрхийлэхэд туслах өөр өөр нүүрний хувирал бүхий "сэтгэл хөдлөлийн карт" зэргийг сургалтын хэрэгсэлдээ ашиглах болжээ.

Мөн Ofsted цар тахал сургуулийн сурагчдын сурлагын чанар болон сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр байгааг илрүүлсэн байна. Багш ажилтнуудын мэдээлснээр сурагчдын тэвчээртэй байдал, өөртөө итгэх итгэл багасаж, сэтгэл түгшсэн, уур уцаартай байдал нэмэгдсэн гэнэ. Зарим сургуулиудад гэр бүлийн хүчирхийлэл зэрэг хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой асуудлууд ч илрэх болсон гэдгийг Ofsted мөн мэдээлжээ.

Эх сурвалж: Guardian

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn