Гэртээ түгжүүлж өсөх нь хүүхдэд хамгийн аюултай

Хүүхдээ гэрт нь түгжээд гарах яаж ч бодсон хараа хяналтгүй гадаа үлдээснээс аюулгүй. Гэтэл энэ нь бидний бодсоноос илүү хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг.
Гэртээ түгжүүлж өсөх нь хүүхдэд хамгийн аюултай

Гэртээ түгжигдээд үлдэж байгаа хөөрхий хүү. Эцэг эх нь аюулгүй байдлыг нь бодоод л гэрт нь түгжиж үлдээсэн байх. Машин зам, цахилгааны шалбарсан утас, халамцуу ах, аюултай нийгэм хаалганы цаана хүүг хүлээж байгаа шүү дээ. Хэн ч хүүхдээ ийм аюултай орчинд үлдээгээд явахгүй.

Гэтэл ингэж бодож байгаа эцэг эхчүүд гэртээ түгжигдэж өсөх ямар байдгийг мэдэхгүй. Тэдний ихэнх нь хүүхэд насаа мал дээр, шороон дунд гадаа тоглож өнгөрөөсөн байдаг. Өглөө нь хонио хариулна, орой нь саахалтынхаа хүүхдүүдтэй тоглоно, гол орж сэлнэ, ууланд авирна, морь унана гэх мэт хөдөө өсөж байгаа хүүхдэд өөрийгөө хөгжүүлж, ертөнцийг танин мэдэж, эрсдэлтэй нүүр тулах боломж ямагт нээлттэй.

Цар тахлын сөрөг нөлөөг хүүхдүүд хамгийн ихээр мэдэрч байна.
Цар тахлын сөрөг нөлөөг хүүхдүүд хамгийн ихээр мэдэрч байна.

Харин орчин үед хотод аж төрж байгаа хүүхдүүдэд ийм боломж хязгаарлагдмал. Иймд эцэг эхчүүд хүүхдүүддээ өөрсдийнхөө хүүхэд ахуйдаа эдэлж байсан эрх чөлөөг эдлүүлж чаддаггүй.

Бид өмнөх үеийнхнээсээ илүүтэйгээр байгалиас тусгаарлагдаж, өөрсдийн бүтээсэн зохиомол технологийн ертөнцөд аж төрдөг болсон билээ. Зорилго, тэмүүлэл маань энэ зохиомол ертөнцийн дотор руу чиглэдэг бөгөөд гадагшаа, байгаль руу, үл мэдэх газар руу чиглэдэггүй.

Хүүхэдгүй тоглоомын талбай жил ирэх бүр нэмэгдэж байна.
Хүүхэдгүй тоглоомын талбай жил ирэх бүр нэмэгдэж байна.

Англид хийсэн судалгаагаар 9 хүүхдийн 1 нь л амьдралынхаа эхэн үеийг байгальтай ойр өнгөрөөдөг байна. Өөр сэтгэл сэмэрмээр тооцоогоор 2016 оны байдлаар Англи улсад байгаа нийт хүүхдийн 75% нь шоронгийн хүмүүжигчдээс бага цагийг гадаа өнгөрөөдөг болохыг олж мэджээ. Англи улс нь Монгол Улстай харьцуулахад хөгжингүй, европын тэргүүлэх орон хэдий ч ирээдүй хойч нь болсон хүүхдүүдийн ихэнх хувь нь гэртээ түгжүүлэн өсөж байна. Монгол Улсын хувьд асуудал ялгаагүй аюултай түвшинд байна.

Судалгаанаас үзэхэд байгалиас хөндий өсөх нь хүүхдийн тэсвэр хатуужлыг бууруулж, сэтгэл санааны зовууриа даван туулах чадваргүй болдог. Байгальтай ойр өссөн хүүхэд сэтгэлийн хаттай, тэсвэр хатуужилтай болоод зогсохгүй, байгаль дэлхий, ан амьтныг хайрлах нигүүлсэнгүй сэтгэлтэй болж өсдөг.

Хүүхэд гэртээ биш байгальд, гадаа тоглох хэрэгтэй.

Хүн төрөлхтөн байгалийн сайхан, ан амьтдын ер бусын байдалд хэзээд сэтгэл нь татагдсаар ирсэн билээ. Хүүхдүүдийн хувьд ч ялгаагүй бөгөөд тэднийг ядаж долоо хоногт нэг удаа хотоос гаргаж, байгалийн сайхныг үзүүлж, ертөнцийг танин мэдэх боломж олгож байх хэрэгтэй. Байгаль тэдэнд сургууль зааж чаддаггүй чухал зүйлсийг зааж өгдөг. Жишээ нь, өөр хоорондоо холбогдолгүй төмрийн хог хаягдал, хадаас, чулуу, модыг ашиглан янз бүрийн бүтээл хийж байдаг.

Энэ нь хүүхдийн утгагүй уран сэтгэмж мэт харагддаг боловч, үнэн хэрэгтээ хүүхдэд асуудлыг бүтээлч байдлаар шийдэх дадал суулгадаг. Өөрөөр хэлбэл, байгальтай ойр байхдаа хүүхдүүд бүтээлч байдлаа ашиглан шинэ тоглоом зохиож, шинэ төсөөллийн ертөнцийг бүтээж, асуудлыг шийдэх өөрсдийн шийдлийг боловсруулж чаддаг.

Байгальд тэнүүчлэх гэдэг хүүхдийн суралцах хүслийг юу юунаас илүү өдөөж өгдөг.
Байгальд тэнүүчлэх гэдэг хүүхдийн суралцах хүслийг юу юунаас илүү өдөөж өгдөг.

Сүүл үеийн судалгааг харвал гадаа тоглох нь хүүхдийн анхаарал төвлөрөх чадварт, аливаа зүйлийг өөрийн санаачилгаараа суралцахад нөлөөлдөг ажээ. Ялангуяа, анхаарал дутмагших эмгэгтэй хүүхдүүдийн (attention deficit hyperactivity disorder) гадаа тоглох, байгальд зугаалах давтамж ихсэх тусам анхаарал төвлөрүүлэх чадвар нь тодорхой хэмжээгээр сайжирч, өвчний шинж тэмдэг нь багасдаг байна.

Монгол Улсад илүүдэл жинтэй хүүхдийн тоо нэмэгдээд зогсохгүй, хүүхэд насандаа таргалалттай болж байна.

Монголд хийгдсэн судалгаагаар (7-11 нас) сургуулийн насны хүүхдийн илүүдэл жин, таргалалт 28.6% болж нэмэгдсэн байна. Насанд хүрсэн хойноо таргалалттай болох магадлал нь илүүдэл жин ба таргалалттай хүүхдэд өндөр байдаг бөгөөд зүрх судасны өвчин, багтраа, чихрийн шижин зэрэг архаг өвчнөөр өвчлөх эрсдэл нь ихэсдэг.

Хүн амын дундах илүүдэл жин ба таргалалт
Хүн амын дундах илүүдэл жин ба таргалалт

Сургуулийн хүүхдийн хувьд эрүүл бус (жанк) хоол, хүнсний элбэг олдоцтой байдал, хэрэглээ, хөдөлгөөн багатай байх нь тэдний биеийн жин нэмэгдэх үндсэн шалтгаан болж байна гэж уг судалгааг хийсэн судлаачид дүгнэсэн байна. Монгол хүүхдийн хувьд хөдөлгөөний дутагдал тулгамдсан асуудал болсон. Мөн хот болон хөдөө амьдарч байгаа хүүхдүүдийн таргалалтын түвшин тэнгэр газар шиг ялгаатай байгааг мөн тус судалгаанд дурджээ.

Та хүүхдээ тогтмол ууланд авируулж, усанд сэлүүлж, тал газраар чөлөөтэй гүйж харайлгаж эсвэл зүгээр л гадаа тоглуулах төдийд л таргалалтаас сэргийлж, яс, булчинг нь бэхжүүлж чаддаг.

Хүүхдүүдтэйгээ тоглож, агаар салхинд гарах нь тэдний эрүүл мэндэд сайн байгаад зогсохгүй таны эрүүл мэндэд ч тустай байдаг.
Хүүхдүүдтэйгээ тоглож, агаар салхинд гарах нь тэдний эрүүл мэндэд сайн байгаад зогсохгүй таны эрүүл мэндэд ч тустай байдаг.

Нөгөөтээгүүр нарны гэрэлд тогтмол байх нь хүүхдийн бие эрүүл чийрэг байлгах гормоны идэвхжилтийг бий болгож өгдөг. Нар салхинд хэр зэрэг гарна, төдий чинээ хүний сэтгэл санаа өөдрөг байдаг.

Хэрэв хүүхэд өдрийн турш нарны гэрэлд хангалттай байж чадаагүй бол тархинаас нь мелатонин буюу нойрмог, унтаа байдалд оруулдаг гормон ялгардаг байна. Нарны гэрэл нь Д витамины эх сурвалж болдог бөгөөд уг витамин нь ясыг бат бөх болгож, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг.

Байгальтай ойр өссөн хүүхэд хүрээлэн буй орчноо хамгаалах хэрэгтэйг сайн ойлгодог.

Хүүхдүүд мөн амьтдыг хайрлаж хамгаалах нь бидний цаашдын оршин тогтнолд ямар чухал болохыг мэддэг. Магадгүй ерөнхий боловсролын сургууль, их сургуульд улиг болтол нь заасан ч хүүхэд байгаль болон ан амьтдыг яагаад хайрлах ёстойг ойлгож чаддаггүй бөгөөд тэднийг хоол, хэрэглээ гэж хардаг.

Хүүхэд ахуйдаа хөдөө байгальд өнгөрөөсөн цаг хугацаа нь бидний байгаль дэлхийн тухай мэдлэгийг нэмэгдүүлж, насанд хүрсэн хойноо байгалийг хүндэтгэх эрүүл харах өнцөг бий болгодог болохыг нотлох баримтууд бий.

Байгаль дэлхийгээс суралцах тусам бид түүнийг илүү ихээр хайралдаг. Яг л эцэг эхээсээ бид хэрхэн хайралдаг шиг.
Байгаль дэлхийгээс суралцах тусам бид түүнийг илүү ихээр хайралдаг. Яг л эцэг эхээсээ бид хэрхэн хайралдаг шиг.

Мөн гадаа тоглох нь хүүхдүүдэд өөрийгөө хөгжүүлэх, хил хязгаараа давах боломжийг нээж өгдөг. Жишээ нь, Норвегт хүүхдүүдийг гурван настайгаас нь модонд авирч, овоохой хийх, гал түлэх, хутга хэрэглэхийг цэцэрлэгт нь сургадаг.

Эцэг эх болон багш асрагчдын хяналттай ийм орчинд аливаа эрсдэлтэй нүүр тулах нь хүүхдүүдэд баяр баясал өгдөг бөгөөд тэдний өөртөө итгэх итгэл нэмэгдэж, илүү хэцүү үйл ажиллагаанд өөрсдийгөө сорих хүсэлтэй болгодог.

Амралтын өдрүүдээр залхууралгүй хүүхдүүддээ байгаль үзүүлдэггүй юм гэхэд гадаа гаргацгааж байгаарай эцэг эхчүүд, ах эгч нар аа!

Гэр бүлээрээ цэцэрлэгт хүрээлэн, ой модоор зугаалах мэт энгийн үйлдлийн эерэг үр нөлөөг дутуу үнэлж болохгүй. Хүүхдүүддээ шалбааг, гол горхи руу үсэрч, модонд авирч, зэрлэг байгалиас эд зүйлс цуглуулахыг бүү хориорой.

Хамтдаа хийх зүйл олдохгүй, уйдах гээд байвал аялал, зугаалгад гарахаасаа өмнө зарим тоглож болох тоглоомуудыг авч явбал тохиромжтой. Хамгийн энгийн, цаг, мөнгө шаардахгүй тоглоомуудын нэг бол “Чүдэнзний хайрцаг” гэдэг тоглоом юм. Хүүхэд бүрд чүдэнзний хайрцаг өгч, аль болох олон байгалийн эд зүйлсийг олж чүдэнзний хайрцагт хийх даалгавар өгнө. Эрэл хайгуул хийх хугацаа хязгаартай учир хүүхэд хайрцагтаа юу хийхээ тооцоолох шаардлагатай болдог. Хугацаа дууссаны дараа хүүхдүүд олсон янз бүрийн зүйлсийнхээ онооны системийг зохионо. Ингээд оноонуудаа нэмээд хэн хожсоныг нь мэдэж болно.

Чүдэнзний хайрцагт хэчнээн зүйл багтах вэ?
Чүдэнзний хайрцагт хэчнээн зүйл багтах вэ?

Өөр нэг туршиж үзэх зүйл бол “аяллын саваа” гэдэг тоглоом бөгөөд энэ нь хүүхдүүдэд зугаалж байхдаа олсон зүйлсээрээ дурсгалын зүйл бүтээх боломжийг олгодог. Тоглоомын эхний хэсэг бол том саваа олох юм. Дараа нь аяллын эсвэл зугаалгын турш таны хүүхэд шинэ зүйл олбол саваагаараа тойруулан уяж эсвэл наана. Гэртээ ирээд хүүхэд цуглуулсан зүйлсийнхээ тусламжтайгаар аяллын турш юутай дайралдаж ямар сэтгэгдэл төрсөн тухайгаа ярьж чаддаг.

“Мод тэвэрье” гэдэг хөгжилтэй тоглоом ч бий. Хүүхдүүдийг хоёр хоёроор нь баг болгоод нүдийг нь боож, эцэг эх эсвэл ах эгч нь тэднийг нэг мод руу аваачдаг. Тэд нүднээс бусад мэдрэхүйгээ ашиглан уг модтойгоо танилцаж, өвөрмөц байдлыг нь тогтоох хэрэгтэй. Удалгүй хөтөч нь тэднийг анх байсан газар руу нь буцааж өгөх бөгөөд хүүхдүүд аль модыг тэвэрснээ таах ёстой.

Дээр өгүүлсэн бүхэн бол зүгээр л хэдэн зөвлөмж мэт боловч энэ бүхнээс хамгийн чухал нь та энэ зун хүүхдүүддээ хүрээлэн буй орчинтойгоо танилцаж, бохирдож, заваарах, эрсдэлд орох боломжийг нь олгоорой. Магадгүй байгальтай хүүхдээ ойр байлгаж, тоглуулах нь тэдний ирээдүйн сайн сайхны төлөө хийж чадах таны хамгийн чухал ажил байж мэднэ.

Хүүхдэдээ алдаа гаргах боломж олго.
Хүүхдэдээ алдаа гаргах боломж олго.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn