Хүүхдүүд болон өсвөр насныхны сэтгэл зүйн эмгэг - Эцэг эхчүүд тэдэнд хэрхэн тусалж болох вэ?

Өнөө цагт дэлхий дахинд хүүхдүүд сэтгэцийн эрүүл мэндийн хувьд хүнд нөхцөлд амьдарч, эцэг эхчүүд үүнд чухалчлан анхаарлаа хандуулж бодитой үйлдэл хийх нь нэн шаардлагатай байгааг нөхцөл байдал харуулсаар байгаа.
Хүүхдүүд болон өсвөр насныхны сэтгэл зүйн эмгэг - Эцэг эхчүүд тэдэнд хэрхэн тусалж болох вэ?

Өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд насанд хүрэгчид болон хүүхдүүдийг нийгмээс тусгаарлаж хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ хамрагдах боломжгүй, эцэг эхчүүд ажлын хамт олонтойгоо уулзаж оффистоо ажиллаж нийгмийн харилцаанд орох боломжгүй байснаас болж сэтгэл зүйн тусгаарлагдмал нөхцөлд амьдарч ирсэн. Үүний сөрөг үр дагавар маш их байгаа. Эдгээрээс маш тод ажиглагдаж буй нэгэн сөрөг үр дагавар нь хүүхдүүд, өсвөр насныхны сэтгэл түгшүүр, депресс юм.

Сэтгэл зүйн эрүүл мэнд нь бие махбодын эрүүл мэндтэй адил нэн чухал юм

Эцэг эхчүүд хүүхдүүдээ ханиад хүрч халуурах үед ач холбогдол өгч анхаарлаа хандуулж эмчилдэг. Харин хүүхэд нь гуниглаж түгшсэн эсвэл эцэг эхийнхээ үйлдэлд хариу үйлдэл үзүүлэхгүй байх, үргэлж баяр хөөртэй хийдэг зүйлстээ тийм ч дуртай бус байх үед ач холбогдол өгч анхаарахгүй зөнд нь орхидог.

Хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэнд бол нэн чухал юм. Учир нь сэтгэл зүйн эрүүл мэнд нь шууд бие махбодын эрүүл мэндтэй холбогддог. Анхаарч анагаагаагүй даамжирсан сэтгэл зүйн эрүүл мэнд нь суралцах чадвар, нийгмийн харилцаанд орох, өөртөө итгэх итгэлгүй болох цаашлаад хүүхдийн бусад чухал хөгжлүүдийг хойш татдаг байна. Эдгээрээс гадна хэт хүнд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь хүүхдүүдийг амиа хорлоход хүргэдэг тохиолдлууд олон байдаг.

Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сэтгэл зүйд анхаарлаа хандуулж хүүхдүүдэд тань түгшүүр, сэтгэлийн зовуурь, депресс гэх мэт ажиглагдвал хүүхдүүдтэйгээ яг л найз нь мэт нээлттэй ярилцаж юунд ямар асуудлаас болж санаа зовж, сэтгэл нь түгшиж буйг асууж асуудлыг нь хамтдаа шийдэх алхмыг эрэлхийлж хийгээрэй. Хэрэв хүүхдүүдтэйгээ ярилцсан ч оновчтой шийдэл гаргаж чадахгүй байвал мэргэжлийн сэтгэл судлаач, эмч нараас тусламж хүсэж оновчтой шийдлийг заавал гаргаж хүүхдээ сэтгэл зүйн эмгэгээс авраарай.

Хүүхдүүдтэйгээ аюулгүй, тав тухтай орчинд ярилцаж байх боломж, нөхцөлийг бүрдүүл

Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцахгүй цаашлаад дотно харилцаа холбоогүй байх тохиолдлууд олонтоо тохиолддог нь энгийн үзэгдэл мэт болсон байдаг. Гэр бүлийн оройн хоолны цаг, гэр бүлийн тоглоомын цаг, сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх замдаа, унтахынх нь өмнө гэх мэт цагуудыг хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцах цаг болгон тэдний санаа бодлыг сонсож нээлттэй асуулт асууж хариултад нь ач холбогдол өгч сонсож байх нь хүүхдүүдээ сэтгэцийн эрүүл мэндийн хувьд бүрэн дүүрэн тэтгэж буй чухал алхам юм.

Хүүхдүүдэд тань зарим үед сэтгэл зүйн таагүй үе байна гэдгийг хүлээн зөвшөөрч ойлго

Хүүхдүүд гэлтгүй насанд хүрэгчдэд ч гэсэн сэтгэл зүйн таагүй үе тохиолддог. Харин тэрхүү сэтгэл зүйн таагүй мэдрэмж нь хэр хугацаанд үргэлжилж буйд анхаарлаа хандуулахаа бүү мартаарай.

Эрүүл, зөв медиа хэрэглээг урамшуул

Өнөө үед хүүхдүүдийн цагаа зарцуулах дуртай зүйлсийн нэг нь ухаалаг төхөөрөмжүүд гэдэгтэй хэн ч маргахгүй эрин үед амьдарч байгаа билээ. Эдгээр төхөөрөмжүүдийг хөгжилтэй, өөрт хэрэгтэй байдлаар ашиглахыг зөвшөөрч хяналт тавих нь зүйтэй ч хэтрүүлж хэрэглэн сэтгэл зүйд таагүй үр нөлөө үүсгэх хэмжээнд ашиглаж эхэлбэл маш том сөрөг үр дагавартайг тайлбарлаж эцэг эхчүүд мөн хүүхдүүдийнхээ хажууд ухаалаг төхөөрөмждөө зарцуулах цагаа багасгаж амьд харилцааг үүсгэн үлгэрлэх нь маш том үр дүнтэй үлгэр дуурайл байх болно.

Мөн хүүхдүүдээ хангалттай унтаж нойр авч буйд анхаарч хүүхдүүдэд тохиромжтой биеийн хүчний дасгал хийх боломжийг бүрдүүлж өгч үлгэрлээрэй.

Нойр, дасгал хөдөлгөөн нь сэтгэл зүй болоод бие мах бодийн эрүүл мэндэд маш чухал гэдгийг тэдэнд ойлгуулаарай.

Гэр бүлийн орчноо шүүмжлэл, айдсаас ангид байх боломжийг бүрдүүлээрэй

Гэр бүлийн орчноо шүүмжлэл, айдсаас ангид байх боломжийг бүрдүүлэх гэдэг нь хүүхдүүдээ буруу зүйл хийсэн үед нь тэдний ааш зан, хүмүүжилд зөв нөлөөлөл, үр дүн гаргах арга замаар загнаж шүүмжлэхгүй байна гэсэн үг биш юм.

Харин загнаж шүүмжилсэн ч аав, ээж, гэр бүлийнхэн нь тэднийг хэцүү эсвэл жаргалтай байхаас үл хамаарч үргэлж хайрлаж хамгаалж гэр бүлийн орчин нь аюулгүй, тав тухтай орчин нь байх болно гэдгийг тайлбарлаж ойлгуулж байх нь чухал юм.

Ярьж зөвлөхөөсөө илүүтэй тэднийг тэвчээртэй сонсоход суралцах нь эцэг эхчүүдэд байх ёстой чухал чадамж юм. Энэрэнгүй байж уучилж сурахыг үйлдлээрээ тэдэнд үлгэрлэх нь хэлж ойлгуулах гэж оролдохоос үргэлж үр дүнтэй байдаг.

Өөрийн сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарлаа хандуулаарай

Хүүхдүүд эцэг эхчүүдийнхээ юу хэлж байгаагаас илүүтэй юу хийж буйд анхаарлаа хандуулдаг. Эцэг эхчүүд сэтгэл зүйн таагүй мэдрэмжтэй, түгшүүр, стресс бухимдалтай байгаа үед гаргаж буй үг, үйлдэл бүхэн хүүхдүүдэд буруу мессеж болон хүрч байдаг тул тухайн үед гаргаж буй үг, үйлдэл бүртээ ухамсартайгаар анхаарал хандуулаарай.

Эх сурвалж: https://www.health.harvard.edu

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn