Өсвөр насны охидод хобби санал болгох нь

Хоббитой байснаар стрессээс ангижрах, эрч хүчээ эерэг зүйлд төвлөрүүлэх боломж олддог. Өсвөр насныхан өөрийгөө таньж мэдэх их аялалдаа үнэтэй хувь нэмэр оруулахаас гадна хөгжилтэй, сонирхолтойгоор цагийг өнгөрөөх хобби олох нь зүйтэй. Энэхүү бичвэрээр өөртөө хобби хайж байгаа өсвөр насны охидод хэрэгтэй санаануудыг нэг дор цуглуулахыг хичээлээ.
Өсвөр насны охидод хобби санал болгох нь

Гэртээ хийж болох хобби

Унших

Номын баялаг уурхайгаас:

  • Амьдралыг өөрчлөх алсын хараа

  • Гайхалтай эрэл хайгуул, туршлага, туршилтууд

  • Сонирхолтой түүхүүд зэрэг олон чухал зүйл авах боломжтой

Танд урам зориг эсвэл хэрэгтэй мэдээлэл өгч, сонирхлыг тань татсан бүхнийг уншаарай. Маш ихээр шимтэн унш. Өсвөр нас тань үнэлж баршгүй мэдлэг, ухаанаар дүүрнэ.

Тэмдэглэл хөтлөх

Өсвөр насныхан тайлагдашгүй сэтгэл хөдлөл, хачирхалтай бодлуудын гинжин сүлжээн дунд амьдардаг. Тэгвэл тэдгээрийг өдрийн тэмдэглэлдээ буулга. Та чөлөөлөгдөж, тайтгарлыг мэдэрнэ. Энэ бол гэрээсээ гаралгүй хийж болох хамгийн сайн хоббинуудын нэг.

Анне Франкийн “Залуу охины өдрийн тэмдэглэл"-ийг та магадгүй аль хэдийнээ уншсан байх. Тэрээр 13 настайдаа өдрийн тэмдэглэлээ бичиж эхэлсэн юм. Түүний тэмдэглэл дайны аймшигт явдлыг хүчтэй сануулж, хүний ​​оюун санааны уран яруу гэрчлэл болсон учир дэлхийн сонгодог бүтээлд нэрлэгдэх болжээ.

Таны өдрийн тэмдэглэл мөн энэ цаг үеийн өсвөр үеийнхний туршлага, дурсамжийг харуулсан орчин үеийн "сонгодог" бүтээл болох боломжтой юм шүү дээ.

Хөгжим тоглох

Өсвөр наснаасаа эхлэн чөлөөт цагаа хөгжмийн зэмсэгт зориулсан нэг найз минь бий. Тэр 16 нас хүрэхдээ төгөлдөр хуур, укулеле, гитар, лимбэ тоглож чаддаг болсон юм.

"Хөгжмийн зэмсгүүд намайг элбэг хангалуун, эрх чөлөө, сэтгэл татам диваажинд хөтлөх Porsche л гэсэн үг. Заримдаа би хөгжимд өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг нээдэг, хааяадаа өөрийгөө орхиж, алддаг" гэж тэр надад хэлж байв.

Хэрэв танд урам зориг өгч, ятгах хэрэгтэй бол хөгжмийн зэмсгийг сурснаар олж авах давуу талуудыг танилцуулъя.

  • Ой тогтоолт, бүтээлч байдлыг сайжруулна.

  • Тэвчээр, тууштай байдлыг бий болгодог.

  • Стресс бууруулдаг.

  • Таныг илүү ухаалаг, аз жаргалтай болгоно.

Тийм ээ, хөгжим тоглосноор ур чадвараас ч илүү зүйлсийг олж авна.

Хоол хийх

Төрөл бүрийн амттай, шим тэжээлтэй хоол хийж сурах нь сонирхолтой, өгөөжтэй хобби төдийгүй өсвөр насны охидод хэрэгтэй ур чадвар юм. Өвөө эмээ, эцэг эхээсээ гэр бүлийн нууц жороо өвлөн авах боломжтой. Эсвэл өөрөө хувьсгал хийж, ер бусын сайхан амтны жор бүтээж ч болох шүү дээ.

Анхны алхмаа Youtube-ээс эхлэхэд л хангалттай. Анхан шатнаас эхлээд мэргэжлийн түвшний хоол хийх арга техник зааж өгдөг хамгийн шилдэг эх сурвалж бидэнд бэлэн байна.

Бялуу хийх

Энэ бол хөдөлгөөнт бясалгал. Бялуу хийх нь танаас бүх анхаарал, нарийвчлалыг шаарддаг тайвшруулах үйлчилгээтэй хобби юм. Жигнэмэг, бялуу гэх мэт жигнэж буй бүх зүйлээ чимэглэх боломжтой. Чимэглэл бол өөрийгөө илэрхийлэх бас нэгэн арга билээ.

Найзтайгаа хамтраад үзвэл бялуу хийх нь хөгжилтэй, мартагдашгүй сайхан дурсамжийг бий болгоно.

Оёх, нэхэх

Та хуучин хувцсаа засаж, шинэчлэх дуртай юу? Эсвэл өөрөө ямар нэг хувцас урлаж байсан түүх бий юу? Оёдол, нэхмэлийн хобби олон ашиг тустай ажээ.

  • Мөнгө хэмнэнэ.

  • Гар, нүдний үйл ажиллагааг сайжруулна.

  • Биеийн зөв галбирыг хадгалахад тустай.

  • Байгаль орчинд хувь нэмэр оруулдаг.

Гоёл чимэглэл хийх

Зүүж буй бугуйвч, зүүлт, гоёл чимэглэл тань таны мэдрэмж, төсөөлөл, дурсамжийг илтгэж байвал гайхалтай биш гэж үү?

Төрөл бүрийн материалыг хольж, өөрт тохирсон гоёл чимэглэлээ хийх нь үнэхээр бүтээлч бөгөөд сэтгэл санаа тайвшруулдаг хобби юм. Түүнчлэн хэн нэгэнд бэлэглэвэл деталь бүрд нь шингээсэн хайр, хичээл зүтгэлийг нь гарцаагүй үнэлнэ.

Зураг зурах

Жаахан байхдаа ханан дээр хэрхэн зурдаг байснаа санаж байна уу? Одоо үүнийг ахин хийж яагаад болохгүй гэж.

Хичээлийн ачаалал ихтэй урт өдрийн дараа зураг зурж оюун ухаан, бие махбодоо сэргээх үнэхээр сайхан. Зураг зурах нь ой тогтоолтыг сайжруулж, эерэг сэтгэл хөдлөлийг бий болгоно.

Лаа хийх

Гоо зүйн хувьд тааламжтай, сэтгэл сэргээсэн сонирхолтой хобби. Оролдоод үзээрэй, хэзээ ч харамсахгүй.

Лав, өнгө, үнэртэн, эфирийн тос зэрэг төрөл бүрийн зүйлсийг хольж лаа хийдэг. Энэ үйл явц стрессийг ор мөргүй алга болгоно.

Оригами

Эртний цаас нугалах урлаг болох оригами бол өсвөр насны охидын гэртээ хийж болох үр дүнтэй, хөгжилтэй зүйлсийн нэг. Энэ нь оюутан болоход хэрэгтэй олон чухал ур чадварыг нууцаар бэхжүүлнэ.

  • Логик сэтгэлгээ

  • Асуудал шийдэх

  • Геометр

  • Бүтээлч байдал

  • Анхаарал төвлөрөл

Бүтээлч байж өөрийн гэсэн загвар урлаж, эсвэл интернэтэд байгаа олон хичээлүүдийг дуурайж хийгээрэй. Нэг цаасыг хэчнээн олон дүрс болгон хувиргах нь гайхалтай шүү.

Шинэ хэл сурах

Зуны хоббигоороо сурахыг хүсэж буй шинэ хэлээ сонгоорой. Шинэ хэлтэйгээ хүчтэй холбоо тогтоохгүй бол урам зоригоо алдаж, хөдөлгүүрийн хий алдаж буй мэт суралцах хүсэл чинь унтарна. Тиймээс шинэ хэл сурахдаа:

  • Карт ашиглан шинэ үгс тогтоох

  • Тэмдэглэл бичих

  • Дүрмийн диаграмм гоёор хийх

  • Тухайн орны найзуудтай болох

  • Богино өгүүллэг унших

  • Кино, дуугаар дамжуулан соёлыг харах хэрэгтэй.

“Хэл бол зөвхөн үгийн сан эсвэл дүрмийн багц биш юм. Энэ бол хүний ​​оюун санааны тусгал, материаллаг ертөнцөд соёлыг нэвтрүүлдэг тээврийн хэрэгсэл. Бүх хэлэнд оюун санааны эртний ой, урсгал ус, бодол санаа, сүнслэг боломжуудыг агуулдаг".

Онлайн сургалт

Сурсан хичээлээ хэзээ ч мартахгүйгээр сайн ойлгох арга юу гээч? Багшлах! Хэн нэгэнд хялбарчилж тайлбарлахыг оролдох үедээ хүн нарийн төвөгтэй ойлголтын талаар өөрөө илүү гүнзгий ойлгодог байна.

Хэрэв та хичээлдээ сайн, хөдөлмөрч бол багшлах нь чөлөөт цагаа өнгөрөөх сайн арга байх нь дамжиггүй.

Гадаа хийж болох хобби

Цэцэрлэгжүүлэлт

Төсөөлөөд үзээрэй. Бүртийх ч үүлгүй хөх тэнгэртэй нарлаг өдөр шувууд жиргэн, мод найгана, салхи зөөлөн үлээнэ. Энэ сайхан өдөр юу хийж болох вэ?

  • Цэцэг арчлах

  • Ургамал мод услах

  • Органик жимс, хүнсний ногоо тариалах

Эдгээр нь таны сэтгэл санааг бүрэн сэргээж, идэвхтэй, эрч хүчтэй байлгана.

Гэрэл зураг

Гэрэл зургийн хоббитой болохын тулд танд үнэтэй камер хэрэггүй. Утасны камер ч гайхамшгийг бүтээж чадна.

Юмс үзэгдэл, байгаль, хүмүүсийн онцлог шинж чанар, сэтгэл татам байдлыг олж, камерынхаа дуранд буулгаарай. Гэрэл, өнгө, агшин, агуулга, орон зай гэх мэт гэрэл зургийн баялаг элементүүдийн нарийн урлагт интернэтээс суралцах боломжтой.

Спорт

Бид зүгээр л эрдэм номын их далайд живж, эсвэл Netflix-ээр зугаалан, попкорн идэж амралтаа дэмий үрж болохгүй. Өсвөр насныхаа амьдралд амт оруулж, баялаг болгохын тулд яах хэрэгтэй вэ? Спортоор хичээллэ!

  • Гимнастик

  • Волейбол

  • Усанд сэлэх

  • Сагсан бөмбөг

  • Теннис

Спортоор хичээллэх нь сэтгэл санааг сэргээж, сайн унтаж амрахад тусална. Ихэнх хүн сахилга бат, уян хатан байдал, удирдах чадвар, багаар ажиллах, олон төрлийн нийгмийн харилцаанд спортоор дамжуулан суралцдаг билээ.

Ууланд алхах

Найзуудтайгаа явган аялал хийх нь инээд хөөр, гүн гүнзгий яриаг агуулсан олон гайхалтай дурсамжийг бий болгоно. Мэдээжийн хэрэг, ганцаараа алхаж, байгальтай чин сэтгэлээсээ холбогдох боломжтой.

Ууланд алхах нь оюун ухаан, бие, сэтгэлийг сэргээж, тэтгэдэг шүү.

Вааран эдлэл

Ваар урлах нь өсвөр насны охидод тохирох үр өгөөжтэй, бүтээлч хобби юм. Зөөлөн шаврыг үзэсгэлэнтэй баримал, бодитоор ашиглаж болох бүтээл болгон хувиргаарай. Вааран урлал сурахын давуу талыг дурдвал:

  • Бүтээлч байдлыг сайжруулна.

  • Өөрийгөө илэрхийлэх шинэ арга сурна.

  • Өөртөө итгэх итгэл нэмнэ.

  • Стресс бууруулна.

  • Амжилтад хүрсэн мэдрэмж авна.

  • Сэтгэлзүйг илүү хүчирхэг болгодог.

Сайн дурын ажил

Юуны өмнө өөрийн сонирхол, хүсэл тэмүүллээ тодорхойл. Дараа нь хувийн сонирхолд нийцсэн сайн дурын байгууллагыг хайж олоорой. Сайн дурын ажилд оролцсоноор ямар давуу талууд бий болох вэ гэвэл:

  • Танилын холбоогоо өргөжүүлж, гүн гүнзгий харилцааг бий болгох

  • Үнэлж баршгүй ур чадварыг хөгжүүлэх (жишээ нь, цагийн менежмент)

  • Шинэ зүйл мэдрэх

  • Энэрэнгүй сэтгэлээр хүмүүст туслах

Түүнчлэн ахлах сургуулийн охин байхдаа сайн дурын олон төрлийн үйл ажиллагаанд оролцох нь тэтгэлэгт хамрагдахад чухал дэмжлэг болно шүү.

Дугуйт тэшүүрээр гулгах

Хос дугуйт гутал аваад стрессээ зайлуул. Тэнцвэр, эрч хүчээ хадгалахын тулд гар, хөлөө чангал.

Гадаа агаарт ролик унах хэчнээн хөгжилтэй гээч.

Эх сурвалж: modern teen

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn