Сэтгэлзүйчийн зөвлөгөө: Хэрхэн уучлалт гуйж бас уучилж сурах вэ?

Уучлах чадвар хүний өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмжээс шалтгаалдаг.
Сэтгэлзүйчийн зөвлөгөө: Хэрхэн уучлалт гуйж бас уучилж сурах вэ?

“Уучлаарай гэж хэлэхээс хэцүү үг үгүй” гэж нэгэн дуунд өгүүлдэг. Тийм ээ, заримдаа уучлалт гуйх гэдэг үнэхээр хэцүү санагддаг. Гэхдээ уучлах нь түүнээс ч илүү хэцүү. Танд хэрхэн уучилж бас уучлалт гуйж сурах талаар сэтгэлзүйч Елена Савинова зөвлөж байна.

Хэн нэгний хувьд уучлалт гуйна гэдэг доромжлуулж, гутамшиг болсонтой ялгаагүй мэт санагддаг. Тэртэй тэргүй өөрчилж болохооргүй болчихсон зүйл дээр уучлалт гуйх хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу гэж бодох нь ч бий. Гэтэл зарим нэгэн хөнгөн зантай хүмүүст уучлалт гуйх бол алга урвуулахтай л адил амархан, хурдан хийх зүйл.

Тэд юу хүссэнээ хэлж, хийчихээд дараа нь зүгээр л уучлалт гуйчихдаг. Юу ч болоогүй юм шиг, юу ч хэлээгүй юм шиг аашлах нь бий. Тэгснээ бас уучлалт гуйчихаад байхад гомдсон хэвээрээ байх юм гэж гайхацгаана. Учир нь тэд уучлахад хангалттай гэж үгийг тун төвөггүй хэлчихсэн шүү дээ.

Тэгснээ өнөөх уучлалт гуйгсад жижигхэн юманд өөрсдөө эргэж гомдоод эхлэх нь ч бий. Магадгүй гомдлууд нь нэмэгдсээр сүүлдээ бүр их гомддог. Гэтэл найз нөхөд нь юунаас болж гомдсон, ер нь хэнээс, юунаас эхэлснийг аль хэдийнээ мартчихсан байх нь элбэг.

“Уучлаарай” гэх үг бол утга агуулгыг нь олж танихад маш хэцүү үгсийн жагсаалтад “Хайртай” гэх үгийн дараагаар л орох болов уу. Энэ үгийг хэллээ гэвч үнэндээ эсрэг утгаар нь хэрэглэх, өөр утга агуулах нь олон. “Хайртай” гэх үг бол заримдаа өрсөлдөх, шаардах, үл хайхрах утгыг ч илэрхийлдэг шүү дээ. Түүн шиг “Уучлаарай” гэж хайнгадуухан хэлж болно. Тэгж хэлэх ёстой болохоор л хэлж бас болно. Эсвэл болгоомжилсондоо хэлнэ. Магадгүй зарим нь дотроо өш санаж хэлнэ.

Зарим нь өрсөлдөгчөө гэнэ алдуулах гэж зориудаар уучлалт гуйна. Тэгж байгаад хамгийн эмзэг цэг дээр нь цохилт өгөх нь бий.

Гэхдээ л уучлаарай гэх үг бол хүний харилцаанд маш чухал үүрэгтэй. Уучлалт гуйснаар алдаатай үйлдэлдээ харамсаж, гэмшиж байгаагаа илэрхийлж байгаа хэрэг. Мөн үүнтэй зэрэгцээд өөрийг нь ойлгоно, харилцаагаа үргэлжлүүлнэ гэсэн найдвар дагадаг.

Хүн бүр өөр өөр болохоор сайн ба муугийн тухай ойлголт ч өөр өөр. Тэгэхээр та ямар нэгэн алдаа гаргаад уучлалт гуйсан ч хүлээж авахгүй байвал адгах, сандрах хэрэггүй. Харин алдаа хийсэн даруйдаа цаг хугацаа алдалгүй уучлалт гуйхыг хичээгээрэй. Тэгээд яагаад тийм зүйл хийснээ тайлбарлаж хэлж өгөөрэй. Тэрнээс өөртөө гомдол тээж үлдэх хэрэггүй, хүмүүс чиний хийсэн алдаатай үйлдлийг дөвийлгөөд байна гэж бодохын оронд уучлалт л гуйчих.

Ер нь чин сэтгэлээсээ харамсаж буйгаа илэрхийлж уучлалт гуйна гэдэг бол хүчтэй зан чанартай хүний хийдэг үйлдэл юм. Харин хүнийг уучилна гэдэг бол бүр түүнээс ч илүү хүний чанар билээ.

Авсан нь 10 тамтай, алдсан нь ганц тамтай гэх үг байдаг. Түүн шиг заримдаа хохирогч байх ашигтай байдаг. Тиймээс хүмүүсийн ихэнх нь хохирогчийн дүрд тоглох дуртай байдаг юм. Яагаад тэгдэг вэ гэвэл, энэ бол хүүхэд насны дутуугийн мэдрэмжээ сэргээн, өөрийгөө өрөвдөж, өрөвдүүлэх гэсэн арга. Сул талыг нь бүгд ашиглаж, хэнд ч хайрлагдахгүй байгаа мэтээр харагдахыг хүсдэг. Хүмүүс түүгээр шал арчиж байгаа мэт хохирогчийн дүрд орохыг эрмэлздэг.

Мөн доромжлуулсан хохирогч доромжилж алдаа гаргасан этгээдээр дураараа “наадах” боломжтой болдгоороо ашигтай тал бий. Нөхрийнхөө нэгэн цагт гаргасан алдааг эхнэр нь хэдэн жилийн турш байн байн сануулах замаар өөртөө ашигтай үйлдэл хийлгэдэг шиг л.

Эсвэл найзаасаа царайлаг, илүү амжилттай яваа нэгэн яагаад ч юм өөрийгөө найзынхаа өмнө буруутай мэт боддог болчихдог. Тэгээд ажилд оруулж, мөнгө зээлүүлж, бэлэг өгнө. Гэвч хэзээ нэгэн цагт ганц удаа тусламжийн гараа сунгахаас татгалзахад өнөөх найз нь өш санаж, өстөн дайсан болж хувирдаг.

Тэгэхээр та уучлалт гуйж, алдаа гаргаснаа бүрэн хүлээн зөвшөөрсөн ч гэлээ өнөөх хүн хүлээж авахгүй байвал зүгээр л түүгээр нь орхичих. Тэд таны гэмшсэн, буруутай гэж бодсон бодол дээр чинь тоглолт хийж, дарамтлахыг хүсэж байж болно. Эсвэл тэр хүн чинь зүгээр л баахан гомдол өрж суудаг, өөрийгөө өрөвдөж явдаг нэгэн ч байж болно. Зарим нь хүнийг уучлахдаа дэндүү удаан ч байх нь бий. Тэгэхээр та уучлалтаа нэгэнт гуйсан бол уучлахыг нь зүгээр л хүлээ. Түүнийг эргээд хариу алхам хийтэл хүлээ. Хэрвээ тэр хүн таныг үнэлдэг юм уу та тэр хүнд хэрэгтэй бол уучлах л болно.

Харин та буруу зүйл хийсэн хэр нь уучлалт гуйлгүй, цаг хугацаа аяндаа эмчилнэ гэж бодож яваа бол боловсон бус, ёс суртахуунгүй байдал гаргаж байгаагаа ойлгоорой. Сул дорой зан чанартай хүмүүс л ингэдэг юм шүү. Мөн өөрийгөө их хүчтэй, мундаг хүн болгож харагдуулахын тулд бусдын хийсэн үйлдэл, үгэнд гомдоогүй мэт царай гаргах ч хэрэггүй. Гомдоно гэдэг бол тэр хүн танд огт хамаагүй хүн биш гэсэн үг шүү дээ. Хэр ойр дотно хүн байна, төдий чинээ түүний хэлсэн үг, хийсэн үйлдэл улам хүнд тусдаг. Хүмүүс хэзээ ч тэнэг юм уу өөрөөсөө сул дорой хүнд гомддоггүй юм.

Мөн уучлах чадвар гэдэг бол хүний өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмжээс шалтгаалдаг зүйл. Өөрийгөө хэн бэ гэдгийг мэддэг, өөрийгөө үнэлдэг хүмүүс бусдын хэрэгтэй хэрэггүй үг, үйлдэлд автаж, эмзэглэж гомддоггүй.

Эх сурвалж: www.bbc.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn