Гэр бүлийн хүчирхийлэл: Хүүхдийг зэвсэг болгон ашиглах үед...

Эцэг эхчүүд хүүхдээ бие биеийнхээ эсрэг зэвсэг болгон ашиглах эсвэл харилцаа холбоог нь таслах гэж оролдох бол гэр бүлийн хүчирхийллийн нэг хэлбэр юм.
Гэр бүлийн хүчирхийлэл: Хүүхдийг зэвсэг болгон ашиглах үед...

АНУ-д 2018 онд хийгдсэн нэгэн судалгаагаар жил бүр гэр бүлийн хүчирхийллийн 5.7 сая тохиолдол бүртгэгддэг. Эдгээр тохиолдлын цөөнгүй хэсэг нь ээж, аавууд хүүхдээ ашиглан хамтрагчаа залилах, өс хонзонгоо авах, хохироох сэдэлтэй үйлдлүүдтэй холбогддог. Зарим хүмүүс хүүхдээ аав эсвэл ээжийгээ тагна гэж дарамтлах эсвэл харилцаагаа бүр мөсөн тасал гэж заналхийлдэг байна. Эцэг эхийн аль нэг нь нөгөөгийнхөө эсрэг хүүхдээ ашиглахыг гэр бүл судлаачид “хүүхдийн зэвсэглэл” гэж нэрлэдэг.

Эцэг эх нь хүүхдээ зэвсэг болгон ашиглах өөр нэг арга бол хүүхдийг хамтрагчийнхаа эсрэг эргүүлэх явдал юм. Энэ тохиолдолд хүчирхийлэгч нөгөө эцэг/эх нь түүнийг хэзээ ч хайрлаагүй, дэргэд нь байх аюултай гэж хүүхдэд ойлгуулдаг. Ийм аргаар бодит байдлыг завхруулж, тэр ч байтугай өөрийг нь хүчирхийллийн золиос болсон гэж итгүүлдэг.

Статистик мэдээллээс үзэхэд ийм төрлийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй эцэг, эхчүүдийн хувьд хүйсийн ялгаа ажиглагддаггүй бөгөөд ээж аавуудын аль аль нь хүүхдээ зэвсэг болгон ашиглах магадлалтай байдаг байна.

Монгол Улсад гэр бүл салалтын тоо тасралтгүй нэмэгдсээр, зөвхөн нэг өдөрт л 10 гаруй гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байгаа тухай мэдээлэл бий. Сүүлийн үед цахим ертөнцөд хэд хэдэн гэр бүл салалттай холбоотой асуудлууд дэгдээд байгаагийн цаана хүүхдүүд дээрхтэй ижил хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байх өндөр магадлалтай.

Сэтгэлзүйчид энэ төрлийн гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн ирээдүйд ноцтойгоор нөлөөлөх эрсдэлтэй гэж үздэг байна.

Өөртөө болон бусдад итгэх итгэлээ алдах

Зэвсэг болон ашиглагдсан хүүхэд өөрийн дурсамжид итгэхээ больдог. Учир нь хүчирхийлэгч эцэг, эхийн ярьж буй зүйлс аз жаргалтай дурсамжуудтай нь зөрчилддөг. Хүүхэд байхдаа ийм шалтгаанаар эцэг эхээсээ хөндийрсөн хүмүүс том болоод сэтгэл хөдлөлөө захирч чаддаггүй, хүмүүст итгэх итгэлгүй болдог.

Гэм буруутай мэдрэмжүүд

Хүчирхийлэл үйлдэгч эцэг эх нь хүүхдийн насанд тохирохгүй зүйлсийг байнга ярьснаар хүүхдийн гэнэн цайлган байдлыг арилгаж орхидог. Өөрөөр хэлбэл, тэд хүүхдээс насанд хүрэгчдийн түвшний хэцүү шийдвэр гаргахыг, тухайлбал нөгөө эцэг эхтэйгээ харилцаатай байх эсэхээ өөрөө сонго гэж шаарддаг. Гэхдээ энэ нь хүүхдийн бие даасан байдлыг дэмжих биш харин өөрийн хэрэгцээг хангахад чиглэгддэг юм. Харин хүүхдүүд ийм шахалтаас үүдсэн буруу шийдвэртээ насан туршдаа харамсаж, асуудлын гол буруутан өөрийгөө гэж бодсоор байдаг.

Эцэг эхтэйгээ холбоогоо таслах

Хүүхэд эцэг эхийнхээ аль нэгнээс бүр мөсөн хөндийрөхөд түүнийг гомдож, уурлаж байгаа байх гэсэн бодол тэднийг зовоож эхэлдэг. Эцэст нь хамт амьдарч байсан эцэг, эхийгээ ч үгүйсгэж эхлэх ба энэ нь цаашдаа аль алинаас нь холбоогоо таслах шалтгаан болох боломжтой. Эцэг эхтэйгээ холбоо тасарснаас бусад хамаатан, садантайгаа ч холбоо тасрах болно. Үүний цаана тэдгээр хүмүүстэй холбоотой байснаар олж авч болох байсан олон боломж үгүй болдог. Хүүхдийг ирээдүйд илүү сайн боловсрол эзэмших, ажилтай болоход тусалж чадах хэн нэгэн холбоогоо тасалсан аав ээжийнх нь хамаатнуудын дунд байхыг үгүйсгэхгүй.

Нийгмийн харилцаа тасрах

Зарим хүчирхийлэгчид хүүхдээ эцэг/эхтэй нь уулзуулахгүйн тулд нийгмээс тусгаарлаж, гэрээр сургах, найз нөхдийн хүрээг нь хязгаарлах, эсвэл өөр газар руу нүүх зэрэг үйлдэл хийдэг. Ийм зүйл тохиолдсон үед хүүхдийн нийгмийн харилцаа, боловсрол, соёлын харилцаатай холбоотой олон асуудал гарч болно. Хүчирхийлэгч эцэг/эхтэйгээ байгуулсан албан бус хүчирхийллийн гэрээнээс болж хүүхдүүд ихэвчлэн ганцаараа зовдог.

Асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Аав ээжийнх нь найз нөхөд, хамаатан садны хүмүүсийн хувьд “хүүхдээр зэвсэглэсэн” эцэг, эхийн нөхцөл байдлыг, болж буй үйл явдлыг бүрэн ойлгоогүйгээс хүчирхийлэгч эцэг эхтэй ижил байр суурьтай ч байж болох юм. Гэхдээ энэхүү гэр бүлийн хүчирхийллийг зогсоож чадах хүмүүс бол тэд юм. Өөрөөр хэлбэл, тэд энэ үйлдэл нь буруу гэдгийг эцэг эхэд ойлгуулж чадвал хүүхдийг хүчирхийллээс хамгаалж чадна.

Зарим сэтгэлзүйчид ч гэсэн нөхцөл байдлыг үргэлж зөв үнэлж, хүүхдийн эцэг эхтэйгээ хэвийн харилцах харилцаанд гол анхаарлаа хандуулахгүйгээр хүчирхийллийг үргэлжлүүлэх тохиолдол ч байдаг байна. Иймээс хамгийн зөв арга зам бол хүчирхийлэгч эцэг, эхэд хамгийн сайн нөлөөлж чадах ойр дотнын хэн нэгэн асуудлыг зөв үнэлж, хүүхдээ гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлэхгүй байхыг хүчирхийлэгч эцэг эхэд ойлгуулах явдал юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn