Өсвөрийнхөнд хандсан үгс

Анзаараад байхад өсвөр насны хүүхдүүдтэй хэрхэн харилцах талаар томчуудад хандсан зөвлөмж олон байх юм. Тиймээс энэ удаад өсвөрчүүдэд өөрт нь хандсан практик зөвлөгөө бэлтгэхийг зорилоо. Орчин үеийн өсвөр насныхны онцлог болоод нийтлэг шинжийг сайн мэдэх "Хүүхэд, өсвөр, залуусын хөгжлийн төв"-ийн захирал, гэр бүл судлаач, зөвлөгч Э.Цолмонгийн ярианд анхаарлаа хандуулна уу.
Өсвөрийнхөнд хандсан үгс
www.artofit.org

Сүүлийн 7-8 жил тасралтгүй өсвөр насны хүүхэд залуустай ажиллаж буй тэрээр яриагаа эхлэхдээ "Зан чанар, хүмүүжлийн талаар тэдэнд шууд хэлээд өгөх хүн ховор болохоос тэд суралцах хүсэлтэй хүмүүс" гэсэн юм.

  • Сайхан ааш гэдэг бол бэлэг.

Сургуулиас ирж буй янз бүрийн дарамт, найзуудтайгаа үл ойлголцох, краш (crush)-даа тоогдохгүй, өөрийгөө ойлгохгүй байх гэх мэт маш олон стресс чамд байгаа. Гэхдээ энэ бүхнийг заавал муухай аашаар илэрхийлэх албагүй юм. Ихэнх өсвөрчүүд сургууль дээрээ эсвэл найзуудтайгаа байхдаа биеэ барьж чаддаг ч гэртээ ирэхээрээ тэгдэггүй. Чамайг өөрчлөгдөж байгааг гэр бүлийнхэн чинь хамгийн их анзаарч, янз бүрээр аашилж аяглахыг чинь тэсэж, тэвчиж байгаа гэдгийг мартаж болохгүй. Тиймээс үл хүндэтгэсэн, дуугарч ядсан хандлагаараа тэднийгээ гомдоох хэрэггүй. Нөгөөтээгүүр сайхан аашлах бүрэн боломжтой үед үеийнхнийгээ дагаж, муухай ааштай дүрд хувирах огтхон ч шаардлагагүй шүү.

Стресс сөрөг зүйл биш.

Сүүлийн 10 жилд хийгдэж буй судалгаанаас харвал “стресс хүний амьдралд муу” гэх худал итгэл үнэмшлээс болж нас барсан хүний тоо хорт хавдрын улмаас хорвоог орхиж буй хүмүүсээс давж байна. Үнэндээ стрессийг зөвөөр ашиглаж сурвал сөрөг зүйл огтхон ч биш. Стрессдэхээр хүний биед ямар процесс явагддаг вэ гэхээр мэдээж ямар нэг дарамт мэдэрнэ. Энэ үед зүрх хурдан цохилж, судасны хана бүдүүрснээр цусны эргэлт хурдасдаг. Тиймээс нүүр улайх ч юм уу, хүний бие дулаан мэдэрдэг байна. Яг энэ процесс тэмцээнд орохын өмнө тамирчинд бий болдог бөгөөд түүнийг юу ч хийхэд бэлэн болгодог. Хүний бие байнга ийм төлөвт мэдээж байж болохгүй. Гэхдээ энэ урвал бий болох үед яаж ашигтайгаар эргүүлж чадах вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй.

"Жаран цагаан хонь" номын зохиогч Ц.Оюунгэрэл нэгэн ярилцлагадаа "Ууртай үедээ номынхоо уур хүргэсэн хэсгүүдийг бичих нь энгийн үед бичихээс хамаагүй илүү байсан" тухайгаа ярьсан. Түүнчлэн бага байхад эмээ нь түүнийг "Ууртай байгаа дээрээ шалаа угаачих" гэх зэргээр уурласан үед нь ажил хийлгэдэг байж. Түүний хэлснээр уур бол нэгэн төрлийн энерги бөгөөд түүнийг ашигтай зүйлд ч зарцуулах боломжтой.
  • Биеэ авч явах соёлд суралц.

Хүний нүд рүү нь харж, тод дуугаар мэндэлж сур. Олон хүнтэй газар чат бичиж байгаа бол утасныхаа дууг хаа. Хүн төрөлхтөн бодол уншиж чадахгүй. Чи дотроо хэчнээн үнэ цэнтэй, сайн сайхан зүйлс бодож байгаагаас үл хамааран гаднаа ил гаргаж буй хандлага, үйлдлээр чинь хүмүүс чамайг тодорхойлно. Тиймээс биеэ авч явах соёлд суралцаж, ёс зүйтэй бай. Ёс зүй сайтай байх нь хүнийг байгаагаас нь илүү харагдуулдаг. Эсрэгээрээ биеэ хэрхэн авч явж байгааг чинь хараад доторхыг чинь илүү доогуур үнэлэх боломжтой гэдгийг санаарай.

Хүнд талархаж сураарай.

Аав ээж чинь чамайг бөөцийлөх албатай биш. Тиймээс сайн зүйл хийж өгвөл таларх. Өсвөрчүүдэд нийтлэг анзаарагддаг буруу хандлага бол "Эд нар хийх ёстой зүйлээ хийж байгаа, намайг асарч халамжлах үүрэгтэй, би үүнийг хүртэх ёстой" гэх үзэл. Үнэндээ талархал байхгүй ийм хандлагатай байсаар байвал аажимдаа чамд сайнаар хандах хүмүүс алга болно. Яг үнэндээ энэ хорвоо дээр юу ч албатай биш. Тиймээс хэн нэгэн чамд сайн зүйл хийж өгсөн бол нүд рүү нь хараад баярлалаа гэж хэлж сураарай.

Бусдыг бодож сур.

Хоол идэхдээ бусдад үлдээж, дууссаны дараа "аяга угааж өгөх үү" гэж асуудаг бай. Хэн нэгэн хоолонд дааж байгаа бол хамгийн үнэтэйг сонгох биш, хэдэн төгрөгт юм авч болохыг асуух зэргээр бусдын өмнөөс бодож үздэг байх хэрэгтэй. Хүмүүс унтаж байвал чимээгүй байх, хэрэглэсэн зүйлсээ цэвэрлэх, үс чинь их унадаг бол түүх гэх мэт жижигхэн асуудлууд ч энд хамаатай. Эдгээрийг одоо өөртөө суулгаж чадвал ирээдүйд олон зүйл дээр хэрэг болно, итгээрэй.

  • Бүх зүйл өнгөрөн одно.

Нөхөрлөл хэдий чухал ч гэлээ чиний амьдралын бүх зүйл биш. Найзгүй байх эсвэл фракцтайгаа учраа олоход хэцүү байгаа нь амьдралын чинь бүх зүйл биш. Хүнд хэцүү мэдрэмжүүд мөнхөд үргэлжлэх юм шиг санагдаж байгаа ч үнэндээ тийм биш. Үүнийг өөртөө сануулаарай.

Яг одоо юу хийхээ мэдэхгүй байгаа нь зүгээр. 16 насандаа амьдралын утга учраа олсон байх албагүй. Үргэлжлүүлээд өөрийгөө эрж хайсаар байх хэрэгтэй.

Анхны алхмыг хийж байхдаа бусдад "үгүй" гэж хэлж сур. Аав ээжийн хүслийг биелүүлэх, найзууддаа тааруулах, багшид таалагдах нь чухал биш. Ялангуяа, мэргэжлээ сонгохдоо бусдад нийцүүлэх биш, өөрийнхөө хэн болмоор байгаа чиглэлээрээ сур. Өөрийнхөөрөө эхэл.

  • Спортоор хичээллэ.

Хүүхэд залуусын хувьд усанд сэлэх, дугуй унах, гүйх эсвэл аль нэг багийн спортоор хичээллэх нь биеийн хөгжил, нойрны асуудал, зан чанарт ч чухал нөлөө үзүүлнэ. Спортоор хичээллэснээр амьсгал тэлж, зүрх болон булчингийн үйл ажиллагаа сайжирч, яс бэхжин, бодисын солилцоо сайжрах зэрэг биеийн хөгжилд олон сайн нөлөөтэй.

Гэхдээ бие бялдрын дасгал хөдөлгөөнийг нэг удаад 40-60 минут хийсний дараа заавал завсарлага авах хэрэгтэйг анхаараарай. Удаан амрах шаардлагагүй, бие чинь хурдан сэргэх учир завсарлагаатайгаар олон удаа бэлтгэл хийх боломжтой.

Спортоор хичээллэх нь сэтгэн бодох чадварт эергээр нөлөөлөөд зогсохгүй сэтгэл санаа тавгүйтэх, сэтгэл гутралын байдлаас чөлөөлөгдөхөд тусална. Мөн амжилтад хүрэх тэсвэр тэвчээрийг спортоор хичээллэснээр олж мэдэх боломжтой. Тиймээс өөрийн сонирхож буй спортын төрөлд суралцах цаг заавал гаргаарай.

  • Гэрийн ажилд суралц.

Энэ бол ганцаараа бие даан амьдрахад хамгийн хэрэгтэй чадвар. Хүмүүс үнэлдэггүй юм шиг боловч үнэлдэг скилл (skill). Гадагшаа явахад, ганцаараа амьдрахад, гэр бүл зохиоход гэрийн ажил заавал хийх шаардлагатай болно.

  • Нас харахгүй найзалж сур, тэгвэл олон шинэ өнцөг орж ирнэ.

Аав ээжтэйгээ ярилцаж сураарай. Хэрвээ дотно биш бол өөрөөсөө багадаа 4-5 насаар эгч/ах найзтай болох хэрэгтэй. Зөв үлгэр дуурайлал болж байгаа, эсвэл ирээдүйд иймэрхүү хүн болно гэж боддог хүнтэйгээ дотнос. Үеийн чинь найз нөхөд чамтай ижил түвшинд сэтгэнэ. Харин ах, эгч нэгэнтэй ярилцвал арай дээр өнцөг хэлж өгнө гэсэн үг. Хүсвэл зориг сан, гадаадад төгсөгчдийн холбоо зэрэг янз бүрийн байгууллагаас зарладаг "Менторшип" хөтөлбөрүүдэд хамрагдаж болох юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn