Өсвөр насныханд хэрэгтэй амьдралын 5 чухал чадварууд

Бүхий л эцэг эхчүүд үр хүүхдээ амьдралын зам нь дардан, амжилт бүтээлээр дүүрэн байгаасай гэж хүсдэг. Гэвч амжилт гэдэг зөвхөн сайн ажил, өндөр орлогоор хэмжигдэхгүй. Хүний амьдрал мөн аз жаргалтай байх хэрэгтэй. Харин аз жаргалыг хэрхэн цогцлоох вэ?
Өсвөр насныханд хэрэгтэй амьдралын 5 чухал чадварууд
Harvard Health Publishing

Харвардын их сургуулийн Хүүхэд хөгжлийн төв сурлагын дүн болон хичээлээс гадуурх үйл ажиллагаа бус хувь хүний үндсэн ур чадварууд амьдралын зайлшгүй сорилтуудыг даван туулахад нь тусалдаг гэж мэдээлжээ. Амьдралдаа амжилттай, аз жаргалтай байгаа хүмүүсийн ихэнх нь аливааг гүйцэтгэх чадвар сайтай байдаг байна.

Тэгэхээр тэдгээр чухал, үндсэн ур чадварууд нь юу вэ?

Төлөвлөх: Тодорхой зорилго, төлөвлөгөө гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх чадвартай байх

Төвлөрөх: Өгөгдсөн хугацаанд, чухал гэсэн зүйлдээ төвлөрөх чадвартай байх

Өөрийгөө хянах: Зөвхөн сэтгэл хөдлөл гэлтгүй, стресстэй нөхцөл байдалд өөрийгөө хянаж, хариу үйлдэл гаргах

Мэдлэг: Хүрээлэн буй орчин, эргэн тойрон дахь хүмүүсээ анзаарч, тэдэнд нийцэх ёстойгоо ухамсарлах

Уян хатан байдал: Өөрчлөлтийг хүлээн авч, зохицох чадвартай байх

Эдгээр чадваруудыг хүүхдүүд (насанд хүрэгчид ч мөн адил) амьдралынхаа туршид суралцаж болох ч бага нас (3-5 нас) болон өсвөр нас/залуу үе (13-26 нас) гэсэн амьдралын мөчлөгүүдийг нэлээд чухалчлан авч үзэх хэрэгтэй байдаг. Энэхүү цонх үеүдийг ашиглан, дээрх ур чадварт сургах нь амжилтын суурийг тавьж өгч буй хувь нэмэр юм.

Ямар нэг ур чадварыг эзэмших хамгийн шилдэг арга зам бол бодитоор хийж, турших юм. Хүүхдэдээ хэрхэн туслах, хэзээ нь болих талаар санаагаа чилээж байгаа ээж аавууддаа зориулсан хэдэн зөвлөмжийг энд оруулав.

Төлөвлөх

Хүүхэд бага байх үед эцэг эх, асран хамгаалагчид нь тэдний өмнөөс төлөвлөх нь зүйн хэрэг. Харин хүүхдүүд өсөж томрох тусам өөрсдөө төлөвлөж сурах хэрэгтэй.

  • Өсвөр насны хүүхдийнхээ цагийн хуваарийг зохицуулахаас зайлсхий. Үүний оронд эхлээд гэрийн даалгавраа хийх хэрэгтэй, 7-8 цаг унтах хэрэгтэй, тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь чухал гэх мэт энгийн дүрмийг тогтоо. Гэр бүлээрээ хооллох, өвөө эмээдээ зочлох зэрэг бусад дүрэмтэй байж болох юм. Харин үлдсэнийг нь хүүхдэдээ даатгаад, үндсэн дүрмүүд зөрчигдөж байгаа тохиолдолд л оролцоорой.

  • Өсвөр насны хүүхдүүд тань судалгааны төсөл эсвэл коллежийн өргөдөл зэрэг дээр ажиллаж байгаа бол тэдэнтэй зэрэгцэж суугаад, ямар үр дүнд хүрэхийг хүсэж байгаа талаар нь ярилцаж, саналыг нь сонсоорой.

  • Өсвөр насны хүүхдүүдээ байшингаа засварлах, гэр бүлийн амралт зэрэг гэр бүлийн үйл ажиллагаагаа төлөвлөхөд оролцуул. Тэдэнтэй санал нийлэхгүй байсан ч зарим шийдвэрүүдийг гаргуулах хэрэгтэй.

Төвлөрөх

Техник технологийн эрин үед бүхий л насны хүмүүст дэлгэцийг хойш нь тавиад сонирхол багатай ажлуудад анхаарлаа төвлөрүүлэх нь хэцүү байдаг. Гэвч дэлгэц бол түр зуурын таашаал гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

  • Нийгмийн сүлжээ, интернэт нь өдөр тутмын амьдралд хэрхэн саад болж болох талаар ярилцаж, анхаарал сарнисан үед анхаарлаа буцаан төвлөрүүлэхэд нь зөвлөгөө өгөөрэй.

  • Дэлгэцгүйгээр хоолоо идэж, гэр бүлээрээ цагийг өнгөрөө.

  • Хоол хийх, талх нарийн боов хийх, оёх, нэхэх, зурах, будах, цэцэрлэгжүүлэлт гэх мэт дэлгэцийн оролцоогүй үйл ажиллагааг дэмж.

Өөрийгөө хянах

Та уур бухимдлаа хэрхэн илэрхийлдэг вэ? Замын түгжрэл уурыг тань хүргэдэг үү? Хүүхдүүд маань бидний хэлж байгаа зүйлээс илүү хийж буй үйлдэлд маань анхаарал хандуулдаг гэдгийг санаарай. Өсвөр насны хүүхдээ өөрийгөө хянах чадварт суралцахад нь туслахын тулд та дараах зүйлсийг хийж болно.

  • Мэдрэмжүүдийн талаар ярилцаж, хүчтэй сэтгэл хөдлөлийн үед гүнзгий амьсгаа авах, нөхцөл байдлаас сугаран гарах, дэрэн дээр хашхирах зэргээр удирдаж болох арга замуудын талаар ярилцаж болно.

  • Маргаан өрнөж, хүн бүр тайвширсны дараа яагаад бухимдаж уурласнаа тайлбарла. Өсвөр насны хүүхэд тань юуг өөрөөр хийж болох байсан бэ? Дараагийн удаа юун дээр анхаарах вэ?

  • Өсвөр насны хүүхдийнхээ зан байдал нь бусдад хэрхэн мэдрэгдэж, нөлөө үзүүлж байгааг, мөн зан суртахуунаа анхаарч үзэх нь яагаад чухал болох талаар ярилц.

Мэдлэг

Өсвөр насныхан орчлон ертөнцийг мэддэг гэж боддог. Гэвч тэд өөрсдийн ертөнцөө л мэддэг. Тиймээс үүнээс цааш харж сурахад нь тэдэнд туслах хэрэгтэй.

  • Тухайн цаг үед өрнөж буй үйл явдал, мэдээний талаар ярилц. Ялангуяа эдгээр үйл явдлууд хүмүүст хэрхэн нөлөөлж, өөр өөр хүмүүс тэр үйл явдлыг хэрхэн өөр өөрөөр харж болдог талаар ярилцаж болно.

  • Өсвөр насны хүүхэдтэйгээ гадуур хамт явах (ойд зугаалах, музей үзэх, дэлгүүр хэсэх гэх мэт)

  • Гэр бүлээрээ олон нийтийн ажилд оролцох, өсвөр үеийнхэн хэрхэн өөрчлөлт хийж чадахыг харуулах

  • Гэр бүлээрээ оройн зоог барих зэрэг гэр бүлийн гишүүдийг бүгдийг хамруулсан үйл ажиллагаа зохиож, хүн бүрд тухайн өдрийнхөө тухай ярих боломжийг олгох.

Уян хатан байдал

Амьдрал гэнэтийн зүйлээр дүүрэн бөгөөд өсвөр насныхан дасан зохицох чадвартай байх ёстой.

  • Өсвөр насны хүүхдийнхээ цагийн хуваарьт хэт хатуу хандаж болохгүй. Дуртай зүйлсээ олж, хийх ажлуудаа ач холбогдлоор нь эрэмбэлж, ямар нэг зүйл тохиолдоход алийг нь орхигдуулж, хойшлуулж болохыг танихад нь тусал.

  • Үлгэр жишээ бай. Төлөвлөгөө өөрчлөгдөхөд бухимдалгүй шинэ төлөвлөгөө гарга.

Өсвөр насны хүүхдээрээ ямар нэг зүйлийг бие даан хийлгэхэд бүтэлгүйтэх магадлал өндөр байдаг. Бүтэлгүйтлээ гээд хийж байсан зүйлээ дундаас нь хаяад босох бус аливаад суралцахын тулд бүтэлгүйтэл хэрэгтэй болдгийг тайлбарлаж ойлгуулаарай. Мөн нэн түрүүнд ханцуй шамлан туслахаасаа өмнө өөрсдөө асуудлыг шийдвэрлэж, шийдэл олж мэдэх боломжийг нь олго. Үр дүнд нь тэд таныг гайхшируулж магадгүй л юм.

Эх сурвалж: Harvard Medical School

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn