Бясалгалаас зугтах шалтгаанууд

Хүмүүс бидний оролдоод үзэхийн оронд зугтахыг илүүд үздэг зүйлсийн нэг бол бясалгал билээ. Чухам яагаад?
Бясалгалаас зугтах шалтгаанууд

Сүүлийн жилүүдэд ч бясалгал хийх хүний тоо олширсон. Ихэнх хүн өмнө нь бясалгал ямар ач тустайг сонсож эсвэл уншиж байсан л байдаг. Гэтэл энэ дунд огт оролдож үзээгүй, нэг хийгээд л больсон гэх хүмүүс цөөнгүй бий. Тэгвэл тэдгээр хүмүүс яг ямар шалтгааны улмаас бясалгал хийхгүй байна, тэдний дунд ямар буруу ойлголт байна вэ гэдэгтэй танилцъя.

1. “Хэнд хэрэгтэй юм. Зүгээр л хоосон моод шүү дээ”

Бясалгал бол зүгээр нэг моод болоод олонд танигдсан зүйл биш олон зууны тэртээгээс хүмүүс хийсээр ирсэн нэгэн төрлийн дасгал билээ. Хүмүүс амар амгалан, аз жаргал, өөрчлөлт, амьдралаа илүү сайн хянахын төлөө бясалгал хийдэг. Бидний сэтгэл санааны байдал амжилт, аз жаргалыг тодорхойлох хамгийн чухал хүчин зүйл байдаг тул бясалгал түүнийг хянахад илүүтэй чиглэдэг юм.

Хэдий дутагдаж гачигдах юмгүй баян хүмүүс ч хоосон, хангалтгүй мэдрэмж авч, сэтгэлийн зовнилтой байж болдог бол нөгөөтээгүүр ядуу зүдүү ч сэтгэлдээ амар амгалан, байгаадаа сэтгэл хангалуун хүмүүс байдаг шүү дээ. Ийм жишээтэй бид хаа сайгүй таардаг. Сэтгэлгээ маань үүнийг зөвшөөрөхгүй бол ямар ч ур чадвар, эд хөрөнгө бидэнд аз жаргал авчрахгүй. Иймд бясалгал нь анхаарал төвлөрүүлэх замаар оюун ухаанаа удирдахад тусалдаг. Бясалгал хийх нь зүгээр л нэг моод бус олон давуу талтай үйл юм.

2. “Бясалгал хийгээд суух цаг зав алга”

Хэрвээ та ингэж хэлдэг хүмүүсийн нэг бол долоо хоногийн турш утас, зурагтын өмнө өнгөрөөж байгаа үр бүтээлгүй хугацаагаа тооцоод үзээрэй. Түүнийхээ зөвхөн 20%-ийг бясалгалд зарцуулахад өдөрт бясалгах цаг зав маш их байдгийг олж мэдэх болно. Зарим завгүй захирлууд хүртэл бясалгалаа нэг ч өдөр алгасалгүй хийсэн байдаг. Өдөрт нэг минут зарцуулахаас эхлэхэд л бясалгал бол цаг хугацаа өнгөрөх тусам сайжрах процесс юм. Бясалгал хийснээр хэрэгцээгүй зүйлд цаг зарцуулахаа больж, амьдралдаа чухал зүйлсэд цаг гаргах боломжтой.

3. “Бясалгал дэндүү хэцүү. Бодол санаагаа тайвшруулж чадахгүй байна”

Бясалгал бидний хандлагаас шалтгаалдаг. Энэ бол зүгээр нэг цуглуулах ёстой амжилт биш, туулах ёстой процесс юм. Хүмүүс бясалгалыг бодолтойгоо тэмцэлдэж, оюун санаагаа хоослох ёстой гэж боддог болохоор хэцүү гэцгээдэг. Гэвч угтаа бясалгал нь бодлыг толгой руу ороход анзаарч, өнгөрөхөд нь дахин анзаарч, хэт зууралгүй, өөрөө автагдахгүй байхыг хэлнэ. Бодолтойгоо тэмцэх нь тэднийг улам хүчирхэгжүүлж, биднийг улам түгшүүртэй байдалд хүргэдэг тул удаанаар анхаарлаа төвлөрүүлснээр оюун санаа аяндаа тайвширдаг.

Бясалгал бол бидний анхаарлыг тасралтгүй зохицуулах үйл явц. Оюун санааны бясалгал л гэхэд "оюун санаагаа хоослох" гэхээс илүүтэйгээр бидний анхаарлыг агшин зуур нэг цэг дээр төвлөрүүлдэг. Зарим хүмүүс “Миний бодол санаа их тогтворгүй. Тиймээс бясалгал хийж чадахгүй байна” гэцгээдэг. Та фитнес заал руу явахын тулд булчинлаг, төгс биетэй байх албагүй шүү дээ.

4. “Бясалгалаас үр шим хүртэхэд хэтэрхий их хугацаа зарцуулна”

Найман долоо хоногийн турш өдөр бүр бясалгал хийсэн үед бие болоод сэтгэлийн эрүүл мэндэд мэдэгдэхүйц өөрчлөлт гардаг гэдэг. Хэрэв та гэгээрэлд хүрэх эсвэл бүх зовлон зүдүүрээс ангид, айдасгүй байдалд хүрэхийг хүсэж байвал зорилгодоо хүрэхэд багагүй хугацаа шаардагдах болно. Хэрэв та эрүүл мэндээ сайжруулж, амьдралдаа илүү амар амгалан, тэнцвэртэй байхыг хүсэж байгаа бол ихэнх тохиолдолд хэдэн долоо хоногийн дотор хүссэн үр дүнгээ мэдэрч эхэлнэ. Амьдралаа өөрчилж болох энэхүү гайхалтай зүйл үнэ төлбөргүйн зэрэгцээ танаас зөвхөн анхаарал л шаардах болно.

5. “Зүгээр л унтаж амрахаа бясалгал гээд гоёор нэрлэчихсэн”

Бясалгал хийн анхаарлаа дотоод, гүн гүнзгий рүү хүргэхэд тайвшрал шаардлагатай. Өөрөөр хэлбэл, тайвшрал нь хоолны өмнөх зууш бол түүний дараа идэх хоол нь бясалгал юм. Бясалгал хийхдээ бид ихэвчлэн төсөөллөө ашигладаггүй, сэтгэл хөдлөлөө өдөөдөггүй (Хайр, нинжин сэтгэлийн бясалгал гэх мэт зарим төрлийн бясалгалаас бусад).

Бид ихэвчлэн тодорхой объект эсвэл одоогийн бодит байдлыг ажиглахад анхаарлаа төвлөрүүлж, түүнийг нэмэх, өөрчлөх ямар ч оролдлого хийлгүйгээр бясалгал хийдэг. Ингэснээр оюун ухаан тайвширч, бодит байдлыг байгаагаар нь ойлгох боломж олдоно. Энэ нь бидэнд ухаарал, гэгээрэл, сэтгэлд тухтай нам гүм байдлыг авчирдаг.

Sofia C Echelmeyer

6. “Бясалгал хийх нь асуудлаас зугтаж байгаа хэрэг”

Хүмүүс бясалгалыг бодит байдлаас зугтаж, асуудлаа ардаа орхих гэж ойлгоод байдаг. Бясалгал удаан хугацаанд хийсэн хүмүүс үүнийг харин ч эсрэгээрээ гэдгийг мэднэ. Бясалгал танд учирч буй асуудлуудаа илүү тодорхой болгох, дотоод нөөц бололцоогоо ашиглах боломжийг олгодог.

Энэхүү нийтлэлээрээ хүмүүсийн бясалгал хийхээс зайлсхийдэг шалтгаануудыг тайлбарлан хүргэлээ. Оролдоод үзэхийн оронд бусдаас сонссоноороо өнгөц дүгнэлт хийх нь түгээмэл байдаг шүү дээ. Иймд бясалгал хийж амьдралдаа өөрчлөлт авчраарай.

Эх сурвалж: Positive Psychology

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn