
Ингэснээр та зөвхөн өөрт тань заяасан дотоод чадамжийн тусламжтайгаар амьдралаа утга учиртай бүхнээр дүүргэж хэнээс ч хараат бус байдлаар эрх чөлөө дүүрэн амьдрах замналдаа нэгдэж буй явц юм.
Бясалгалыг нүдээ аниад удаан хугацаагаар бодолгүй болж суухыг хэлнэ гэсэн нийтлэг ойлголт байдаг ч үнэндээ бясалгалыг хүн хаана ч ямар ч байдлаар хийх боломжтой юм.
Ихэнх бясалгал нь өөрийн оюун санаагаа шүүмжлэлгүй ажиглаж хэрэв толгойд тань бодол эргэлдээд байвал тухайн бодолдоо авталгүй чөлөөлж явуулж төвлөрч байсан зүйлдээ эргэн төвлөрөхийг санал болгодог.
Та ямар бясалгал хийж байгаагаас хамаарч анхаарлаа юунд төвлөрүүлж бясалгах нь өөр өөр байж болох юм.
Танд бясалгаж одоо цагтаа оршин анхаарлаа төвлөрүүлж болох санаануудыг танилцуулж байна.
Та эдгээр аргуудаас туршиж үзэн өөрт тань аль арга нь илүү тохиромжтойг илрүүлж амьдралынхаа нэгэн зуршил болгон амар амгалан түвшинд амьдрах сонголтыг хийгээрэй.
Амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлэх бол бясалгалын хамгийн нийтлэг төрлийн төвлөрөл юм. Бясалгалын турш амьсгал дээрээ төвлөрч толгойд тань бодол орж ирвэл тухайн бодлыг шүүж тунгаалгүй орхиж буцаж амьсгал дээрээ төвлөрч үргэлжлүүлж бясалгах юм.
Биеийнхээ мэдрэмж болон биед тань ямар мэдрэмж төрж буйг ажих. Толгойныхоо оройноос аажуухан анхаарлаа доош урсгаж биеийнхээ бүхий л эд, эрхтэн системийг ажаарай. Хөлийнхөө хурууны үзүүр хүртэл анхаарлаа урсгаж ажаад буцаад хөлийнхөө хурууны үзүүрээс дээш толгойн орой хүртэл бясалгалын турш ажиж, анхаарал сарнивал буцаад анхаарлаа төвлөрүүлж байсан газраасаа үргэлжлүүлж төвлөрүүлж ажна.
Амьсгал, бие мах бодидоо анхаарлаа төвлөрүүлэхгүй зөвхөн одоо цагт анхаарлаа төвлөрүүлж болно. Яг энэ цаг мөчид юу болж байгааг шүүмжлэлгүй анхаарлаа 100% төвлөрүүлж ажна.
Өөрийнхөө сэтгэл хөдлөлд анхаарлаа төвлөрүүл. Танд ямар мэдрэмж төрж байгааг тайвнаар аж.
Сэтгэл хөдлөлийг бий болгосон эх үндэс, хүчин зүйлст анхаарлаа төвлөрүүл. Яг юу таны сэтгэл хөдлөлийг үүсгэсэн бэ? Ямар нэг далд ухамсраас үүдэлтэй сэтгэл хөдлөл үү? Өөрийгөө шүүж тунгаалгүй зөвхөн сониуч зангаар л эдгээр сэтгэл хөдөлгөх эх үндэс болсон хүчин зүйлсийг ажаарай.
Өөрийн өрөвч сэтгэлийн мэдрэмжид анхаарлаа төвлөрүүл. Та өөрийн эргэн тойронд байгаа хүмүүст хэр өрөвч сэтгэлээр ханддаг вэ? Та өөрийн өрөвч нинжин сэтгэлээ илүү гүн түвшинд мэдэрч түүнийгээ хүмүүст харамгүй хуваалцаарай.
Анхаарлаа таныг буруутгаж гомдоож байсан эсвэл та өөрөө тэр хүн намайг гомдоосон хэмээн боддог хүний тухай бодоход төвлөрүүл. Тэр хүний тухай бодоход танд ямар мэдрэмж төрдөг түүнийгээ хүлээн зөвшөөрч аажмаар сэтгэлээсээ чөлөөлж явуулж тэдгээр хүмүүсийг уучилж өршөөхөд анхаарлаа бүрэн төвлөрүүлж мэдрэмжээ ажаарай.
Таны үнэт зүйлс юу болох талаар бодож эргэцүүлэхэд анхаарлаа төвлөрүүл. Таны амьдралын эсвэл таны яг ямар зан чанар болон бусад зүйлс таны үнэт зүйлс болж амьдралыг тань утга учиртай болгож байна вэ? Эдгээр нь таны одоогийн амьдралд тань ямар байр суурь эзэлж байна вэ?
Яг энэ цаг мөчдөө хэр урам зориг дүүрэн байна вэ? Яг юу таныг урам зоригтой болгодог эсвэл урмыг тань хугалдаг тухай л бодож анхаарлаа төвлөрүүлээрэй.
Амьдралынхаа хамгийн чухал гэж үздэг зорилгодоо анхаарлаа төвлөрүүлээрэй. Зорилгынхоо тухай бодоход танд ямар мэдрэмж төрж байна вэ? Сэтгэл тань хөдөлж байна уу эсвэл нуруундаа хүнд ачаа үүрсэн мэт дарамттай байна уу? Зорилгоо биелүүлэх нь танд сорилттой эсвэл ямар ч хэрэггүй зүйл хийх гээд байгаа мэт мэдрэмжийг өгч байна уу?
Таны амьдралын нэгэн хэсэг болон оршиж буй бусдын тухай бодоход анхаарлаа төвлөрүүлээрэй. Анхаарлаа төвлөрүүлж байхдаа тэд ч бас яг тантай л адилхан хүн гэдэг талаас нь тунгааж анхаарлаа төвлөрүүлээрэй. Тэд таны мэдэрдэг бүх мэдрэмжүүдийг мэдэрч амьдарч байгаа гэдгийг мөн тунгаан бодоорой. Эргэн тойрныхоо хүмүүсээс тэдний хамгийн сайхан хүнлэг зан чанарыг мэдэрч төвлөрөөрэй.
Та эргэн тойрондоо оршиж буй хүмүүсийн зовлон, таагүй сэтгэл зүйн байдлыг ажиглаж анхаарлаа төвлөрүүлснээр өөрийн нинжин сэтгэлийг одоо байгаагаасаа илүү гүн түвшинд хөгжүүлж болох тухай анхаарлаа төвлөрүүлж эргэцүүлээрэй.
Анхаарлаа өөрийн аз жаргалын мэдрэмжид төвлөрүүлээрэй. Яг одоо та хэр аз жаргалтай байна вэ? Өөрийн аз жаргал дээр анхаарлаа төвлөрүүлэх мөчид танд ямар мэдрэмж төрж байна вэ? Та өөрийн амьдралын аз жаргалын мэдрэмжээ хэрхэн өсгөн нэмэгдүүлж болох тухай мөн төвлөрч эргэцүүлээрэй.
“Ферраригаа зарсан лам” хэмээх номоос сэдэлтэй энгийн бясалгалын нэг төрөл бол өмнөө сарнай тавьж түүндээ анхаарлаа төвлөрүүлж түүний гоо үзэсгэлэнг олж харахад төвлөрч бясалгах юм. Өнгө, үнэр, сарнайн дэлбээний гоо үзэсгэлэн цаашлаад тус сарнайг юу ийм үзэсгэлэн төгс болгож буйд ч анхаарлаа гүн төвлөрүүлээрэй.
Амьсгал авахдаа хайр, өрөвч сэтгэл, урам зориг гэх мэт сайхан бүхэнд анхаарлаа төвлөрүүлж амьсгалаа гаргахдаа уур, уцаар, гомдол гэх мэт таагүй бүхнийг хамт гаргаж буйд анхаарлаа төвлөрүүлээрэй.
Тайвшруулах аяыг тоглуулж түүндээ анхаарлаа төвлөрүүлж биеийнхээ бүхий л эд эсээр тухайн аяыг мэдэрч төвлөрөөрэй.
Бясалгагчид цагаан гэрлийг төсөөлөн бясалгах нь амар амгалан болоод сэргэгч хүчийг бий болгож байдгийг баталсаар байгаа билээ. Цагаан гэрэл амьсгалаар тань урсан орж зүрхнээс тань тус гэрэл цацарч буйгаар төсөөлж анхаарлаа төвлөрүүлээрэй.
Энэ бясалгал нь сэтгэлийг тань түгшээж бусадтай хуваалцахад бэрх буюу тархинд тань эргэлдэж сэтгэлийг тань зовоож байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж тунгаах юм. Эхлээд тус асуудлын талаар буюу тархиндаа эргэлдэж буй зүйлийнхээ тухай хэсэг хором төвлөрч бодоод анхаарлаа буцаад яг одоодоо төвлөрүүлж үүний дараа төрж буй бодол, мэдрэмж, биеийнхээ бүхий л мэдрэмжийг ажихад анхаарлаа төвлөрүүлээрэй. Энэхүү төвлөрөл нь тухайн яриатай холбоотой аливаа таагүй мэдрэмжийг өөрөөсөө чөлөөлж явуулахад тусална.
Хоолоо идэж байх үедээ хором мөчийг мэдэрч идэж буй хоолныхоо амтыг мэдэрч таашааж ид.
Оршихуйн дийлэнх нь орон зайнаас бүрддэг. Та орон зайг мэдрэхийн тулд уудам орон зайг мэдэрч чадаж буй эсэхээ ажиж анхаарлаа төвлөрүүлээрэй.