Хүүхдээ аваад ажилдаа очиж болох уу?

-Цэцэрлэг амарчихаар бага насны хүүхдээ хаана, хэнд даатгаж харуулаад ажлаа хийх вэ гэсэн асуулт энэ цаг үед эцэг эхчүүдийн өмнө тулгараад байна-
Хүүхдээ аваад ажилдаа очиж болох уу?

А.Ариунзаяа: Хүүхдээ ажилдаа дагуулаад яв. Тэнд хүүхдийн өрөө бий

Энэ 5 дугаар сарыг дуусгаад цэцэрлэгүүд амрах гэж байна, мөн сургуулийн бага бүлгийн хүүхдүүд ч удахгүй амарлаа. Бага насны хүүхдээ яах вэ, хэнээр харуулах вэ, хаана, ямар сургалтад хамруулах вэ гэдэг аав, ээжүүдийн “шүдний өвчин” болж, эрэл хайгуул болж байна. Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн сошиал хуудаснууд “Зун ажилладаг цэцэрлэг хаагуур байна вэ, төлбөр нь хэд вэ” гэсэн зараар дүүрчээ. Энэ цаг үед эцэг эхчүүдийн дунд хамгийн эрэлттэй байгаа зүйл бол зун ажилладаг цэцэрлэг юм. Тэд хүүхдээ аюулгүй, найдвартай, хариуцлагатай газар үлдээгээд ажлаа хийхийг хүсэж байгаа нь энэ.

Эцэг, эхчүүдийн өмнө тулгараад буй энэ асуудлыг шийдэж болохуйц гаргалгааны талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа саяхан өөрийн цахим хуудастаа ингэж бичжээ.

Тэрээр:

-Ажилдаа явах шаардлагатай ч гэртээ хүүхдээ харах хэрэгтэй болчихвол яах вэ. Хүүхэд ямар нэг шалтгаанаар сургууль, цэцэрлэгтээ явах боломжгүй өдөр тохиолддог шүү дээ. Гэртээ ганцаараа үлдэх хүүхдээ хаалганы цаана цоожлох гэж байна уу?

Битгий!

Хүүхдээ ажилдаа дагуулаад яв. Тэнд хүүхдийн өрөө бий. Тохитой. Хүүхдэд зориулж тохижуулсан. Ажлын байрны хүүхдийн өрөөнд таны хүүхэд хичээлээ хийж болно. Тоглож наадаж болно. Хөгжинө. Аюул эрсдэлгүй байна. Орой цугтаа харина.

Энэ бол мөрөөдөл биш. Биелэх боломжтой зорилт. Хүсвэл байгууллага бүр дэргэдээ хүүхдийн өрөө гаргаж, тохижуулж чадна. Төрийн ч бай, хувийн ч бай. Том ч бай, жижиг ч бай. Үүнд хөрөнгө мөнгө гэхээс илүү хүүхдийн төлөө гэсэн сэтгэл байхад л болно. Багахан зохион байгуулалт хийгээд маш чухал асуудлыг та бид шийдэж чадна. Одоогоор улсын хэмжээнд 90 гаруй байгууллага хүүхдийн өрөөтэй болоод байна гэжээ.

Улсын хэмжээнд байгууллагын дэргэдэх 25 цэцэрлэг бий

Нээрээ л нийгмийн ийм чухал асуудлыг ингээд шийдчихвэл хэчнээн сайхан бэ. Олон аав, ээж санаа амар ажлаа хийнэ, залуу гэр бүлийн ажил орлого тогтвортой байна шүү дээ. Хэдэн жилийн өмнө хүүхдээ аваад ажилдаа очиход дарга нар нь дургүйцдэг байсан, хүүхдээ ширээнийхээ булан тохойд суулгана, аль болох хүмүүст харагдахгүй байлгачих гээд л. Одоо бол хандлагын өөрчлөлт гарсан, хүүхдээ дагуулаад очвол ойлгож хүлээж авдаг болсон нь сайн хэрэг. Гол нь ажлын байр нь хүүхдийн өрөөтэй, мэдрэмжтэй удирдлагатай байлаа гэхэд орчин нь аюулгүй стандарттай байх нь чухал юм.

Байгууллага бүр дэргэдээ хүүхдэд ээлтэй өрөөтэй. Тэрийгээ цэцэрлэг гэнэ үү, хүүхэд өнжүүлэх өрөө гэнэ үү, хүүхэд саатуулах газар ч гэнэ үү ямар нэг нэр өгөөд мэргэжлийн багштай, тэр нь найдвартай байх гэх мэт шаардлагыг хангачихвал болоод л явчихна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 90 гаруй байгууллага хүүхдийн өрөөтэй болсон. Мөн улсын хэмжээнд байгууллагын дэргэдэх 25 цэцэрлэг байна. Эдгээр байгууллагын 73 салбар бүлэгт 1,893 хүүхэд цэцэрлэгт хамрагддаг гэсэн тоог Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргажээ. Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг бий болгож хэрэгжүүлсэн сайн туршлага бол Гадаад харилцааны яам, “Тэсо” групп, Улсын II төв эмнэлэг юм.

Хүнээ боддог хөгжсөн орон шиг бид өглөө ажлынхаа гадаа очоод хүртээмжтэй зогсоолд машинаа байрлуулж, байгууллагынхаа цэцэрлэгт хүүхдээ өгчихөөд, ажлынхаа үүднээс кофе цайгаа авч уугаад, цоорсон шилэн трикогоо солингоо үсээ сэнсдэн нүүрээ будчихаад ажлын өрөө рүүгээ ордог болчихвол . . .

А.Ариунзаяа сайдын бичсэнээр энэ бол мөрөөдөл биш, ийм сайхан орчин биелэх цаг ойрхон байх аа, Монголд.

Зуны цэцэрлэгийн сарын төлбөр 250 мянган төгрөг

Ажилчин аав, ээжүүдийг дэмжин, үр хүүхдийг нь хамгаалах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас байгууллага тус бүр дэргэдээ хүүхдийн өрөөтэй байхыг уриалсаар байна. Мэдээж бүх байгууллага ийм хэмжээнд хараахан хүрээгүй учраас бага насны хүүхдүүдтэй аав ээжүүдийн дунд ойрын өдрүүдэд эрэлттэй байгаа асуулт бол “Зун ажилладаг цэцэрлэг байна уу, хаана байрладаг вэ, төлбөр хэд вэ, найдвартай юу, камертай юу, камерыг нь гар утсандаа холбуулж болох уу?” зэрэг юм.

Зун 6 дугаар сарын 1-нээс 9 дүгээр сар хүртэл ажилладаг төрийн өмчийн зуны цэцэрлэг гэж байдаггүй. Байгаа хэд нь хувийн хэвшлийнх бөгөөд олонх нь нэг сарын 250 мянган төгрөгийн дундаж төлбөртэй байна. Мөн өдөр тоглуулдаг тоглоомын газар, гэрээр хардаг хувь хүн зэргийн өдрийн төлбөр 20 мянга байна. Мөн зун ажилладаг хувийн сургалт маш цөөн байгаа юм.

Одоо ингээд 5 дугаар сарын 31-нээс цэцэрлэгүүд амарчихаар боломжтой цөөн хэсэг нь хувийн асрагчтай, нэг хэсэг нь өвөө эмээ, хамаатан саднаа дайчилж хүүхдээ харуулна. Хөдөө явуулна, зусланд гаргана, гэртээ, айлд хэн нэгнээр харуулна гэх мэтээр айл бүр дор бүрнээ асуудлаа шийддэг биз ээ. Үнэхээр харалцах, туслах хүнгүй дийлэнх хэсэг нь зуны цэцэрлэгийн эрэлд гарч байна.

Гэвч хувийн цэцэрлэгүүд аюулгүй орчин мөн үү. Орон сууцны нэгдүгээр давхарт байрладаг бол угаас стандарт бус. Мөн камержуулалт, тэр нь эцэг эхчүүдийн гар утастай холбогддог уу зэрэг асуудал гарч ирнэ.

Байгууллага бүр “Эцэг эхийн зөвлөл”-тэй болох тогтоол гарчээ

Ерөнхийлөгч энэ өдрүүдэд алдарт эхчүүдэд одон гардуулж байна. Тэрээр үг хэлэхдээ “Хүүхдийн мөнгийг олгож байгаа нь нийгмийн халамж биш, хүн амаа өсгөх эх үрсээ дэмжих төрийн бодлого” гэж онцлов. Хүүхдийн мөнгөөр бамбай хийж хүн амаа өсгөе гэсэн бодлого гажуудалтай гэдгийг боловсролын салбарын судлаачид шүүмжилсээр ирсэн. Тэд хүүхдүүдэд ээлтэй орчин алга, цэцэрлэг, сургууль хүртээмжгүй байгаа үед төрөлтийг төрөөс дэмжих нь уялдаагүй, авцалдаагүй бодлого гэдэг.

Ядаж зуны 3 сарын хугацаанд хөдөө гадаа, зусланд гаргаж харах боломжгүй айл хүүхдээ өөр хэн нэгэнд даатгаж санаагаа чилээж байхаар өөрөө өглөө ажилдаа авч очоод ажлаа санаа амар хийгээд орой хамтдаа явдаг нийгэм л манай улсад хэрэгтэй байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэлд “Байгууллага бүр хүүхдийн өрөөтэй болъё. Үүний зэрэгцээ байгууллага бүр “Эцэг эхийн зөвлөл”-тэй болох шаардлагатай. Үүнийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тогтоолоор албажуулж өгсөн” гэжээ. Төрийн ч, хувийн ч байгууллага дэргэдээ хүүхдийн өрөөтэй, дээр нь эцэг эхийн зөвлөл байгуулахыг тогтоолоор шийдсэн байна шүү дээ. Одоо хэрэгжүүлэх л хэрэгтэй!

Байгууллагын цэцэрлэгийг байгуулахад төрөөс:

  • Мэргэжлийн удирдлага

  • Нэг хүүхдэд ногдох хувьсах зардал

  • Хүүхдийн хоолны зардал

  • Мэргэжлийн багшаар хангах, багшийн мэргэжлийг дээшлүүлэх үйл ажиллагааны дэмжлэг үзүүлнэ гэдгээ Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнгөрсөн 3 дугаар сард мэдээлж байсан юм.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn