Өөрт тохирохгүй ажлаа хийж байгааг илтгэх 6 шинж

“Австралийн Хэрэглээний Сэтгэл Судлал”-ын коллежийн профессор Маргарет Анне Картер: “Ихэнх хүмүүсийн хувьд ажил мэргэжлийн карьер нь урт хугацааны төлөвлөлт ба энэ үед олон удаагийн эргэлт, шийдвэрүүдийг гаргах шаардлагатай байдаг” гэв.
Өөрт тохирохгүй ажлаа хийж байгааг илтгэх 6 шинж
Tim Gouw/Pexels

Карьер нь урт хугацааны аялал учраас заримдаа хүсээгүй зүйлсээ хийх хэрэгтэй болдог ч, эцсийн зорилго нь сэтгэл хангалуун байх явдал юм. Энэхүү зорилгод хүрэхийн тулд юу намайг сэтгэл хангалуун болгож байна вэ, өдөр тутам хийж байгаа ажил маань миний дотоод мөн чанартай тохирч байна уу гэдгийг өөрөөсөө асуу. Судалгаанаас харахад сэтгэл ханамжтайгаар ажлаа хийх нь тухайн хүний аз жаргалын түвшинг нэмэгдүүлдэг болох нь батлагджээ.

Та зорилгогүй байна уу?

Даваа гараг боллоо ажилдаа явъя гэж аз жаргалтайгаар сэрдэг хүн бидний дунд цөөхөн л болов уу. Хийж буй зүйлээсээ ямар нэгэн утга учир, шалтгаан олж харахгүй байгаа бол та буруу ажлаа хийж буйн хамгийн том дохио. “Энэ бүхний утга учир юу юм бэ? Би яагаад өдөр бүр ажилдаа явдаг юм бэ? Зүгээр л байрны төлбөр, хэрэглээний зардлуудаа төлөх гэж үү?” гэдэг асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй.

Зорилгоо яаж тавихаа мэдэхгүй байна уу?

Зорилго тавина гэдэг тийм ч амархан биш. Гэхдээ бүтээлч байж, цаашдын карьерийн хөгжилд хүрэх хамгийн чухал зүйлсийн нэг хэвээр. Хэрэв та богино болон дунд хугацааны зорилгоо тодорхойлоход бэрхшээлтэй байгаа бол ирээдүйд хийх ажлаа бодитой харахгүй байна гэсэн үг. Таны ажил таны хэн бэ гэдэгтэй таарч байвал хүсэл эрмэлзэл, зорилго тавих нь хүчлэлгүйгээр аяндаа бий болдог.

Танд урам зориг дутагдаж байна уу?

Хийх ажил ихтэй байсан ч тарах цагаа хүлээж, хий дэмий сууж, өвчтэй гэдэг шалтгаанаар ажлаасаа чөлөө авдаг бол та өөрт тохирохгүй ажлаа хийж байгааг бас нэгэн шинж тэмдэг. Мэдээж өдөр бүр урам зоригтойгоор ажлаа хийнэ гэдэг боломжгүй зүйл. Гэхдээ танд ажлаараа бахархах, урам зориг төрөх мэдрэмж байхгүй бол буруу ажлаа хийж байна гэсэн үг.

Ажилдаа ирэхдээ аз жаргалгүй байна уу?

“Зөв ажлаа хийж байгаа хүн хэзээ ч аз жаргалгүй байдаггүй” гэж профессор Картер хэлсэн нь тун ч үнэн. Та ажил дээрээ байнга уйтгартай, тэвчээргүй эсвэл түгшүүртэй байдалд ордог бол өөр ажил хайх нь ухаалаг алхам болно. Учир нь аз жаргалгүй ажил таны хувийн амьдралд сөргөөр нөлөөлдөг бөгөөд цаашлаад баяр баясгаланг үгүй хийдэг.

Таны гүйцэтгэл тааруу байна уу?

Өөрийгөө богино хугацаанд дайчилсан ч боломжоо ашиглаж чадахгүй байгаа мэт санагдах үе байдаг уу? Та өөрийн хүч чадал, авьяас чадвараа дэмий үрэн таран хийж байгаа мэт санагдаж байвал үүний үр дүн нь ердөө л цөхрөл, сэтгэл ханамжгүй байдал байх болно.

Өөрийгөө сонсож чадахгүй байна уу?

Бид бүгд ажлынхаа орчинд дасан зохицож, ажлын байрнаас хамааран өөр журам, стандартыг баримталдаг. Гэхдээ ерөнхийдөө бидний зарчим, үнэт зүйл, хүсэл нь бидний ажилтай нийцэх ёстой юм. Хэрэв одоогийн ажил нь таны хувьд нэг л буруу мэт санагдаж байвал өөрөөсөө дараах асуултуудыг асуугаарай.

· Би үнэхээр юу хүсэж байна вэ?

· Би хүссэн зүйлээ авахын тулд юу хийж байна вэ?

· Миний хийж байгаа зүйл болж байна уу эсвэл болохгүй байна уу?

· Хүссэн зүйлээ авахын тулд би юу мэдэх ёстой вэ?

· Хүссэн зүйлээ авахын хийж байгаа зүйл минь надад сэтгэл хангалуун мэдрэмжийг өгч байна уу?

Ажлаа солихоор шийдсэн бол өөрийн үнэт зүйл, зарчмаасаа эхлэх хэрэгтэй. Дараа нь таны одоогийн болон ирээдүйн ажлын төсөөллөө тодорхой болго. Аль нь таны үнэт зүйл, зарчимтай чинь илүү нийцэж байна вэ?

Эх сурвалж: lifehacker.com.au

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn