Уран зохиол унших нь биднийг илүү сайн хүмүүс болгодог уу?

Уран зохиол унших ер нь ямар хэрэгтэй юм бэ?
Уран зохиол унших нь биднийг илүү сайн хүмүүс болгодог уу?

Олон ч эцэг эхчүүд хүүхдээ ном уншдаг болгох гэж янз бүрийн аргаар л үздэг. Утасыг нь хураах, зурагт, компьютер дээр суулгахгүй байх зэргээр ном уншуулах дадал суулгах гэж оролддог. Гэтэл ном унших тэр дундаа уран зохиол уншихын ач холбогдол юунд байгааг ойлгуулаагүй цагт та хүүхдээ ном унших дуртай болгож чадахгүй л болов уу. Ер нь уран зохиол унших нь биднийг сайн хүн болгоход нөлөөлдөг юм бол уу?

Уран зохиол унших нь сайн дурын үйл ажиллагаа, буяны үйлс нэмэгдэх, сонгууль өгөх хандлага өөрчлөгдөх, тэр ч байтугай олон зууны туршид хүчирхийлэл аажмаар буурсантай холбоотой гэх судалгаа бий.

Нөгөөтээгүүр уран зохиолын баатрууд биднийг өөрсдийн түүхдээ бүрэн автуулж чаддаг. Аристотелийн хэлснээр бид эмгэнэлт жүжиг үзэх үед хоёр төрлийн сэтгэл хөдлөлд илүү автдаг: Үүнд (дүрийг) өрөвдөх, айх (надад тохиолдох бий гэж) орно. Тэр бүр анзаараад байдаггүй боловч бид уран зохиолын дүр байх нь ямар байдгийг дотроо төсөөлж, тэдний үйлдлийг өнгөрсөнд хийсэн өөрийн үйлдэлтэй харьцуулж, тэдэнд тохиолдсон зүйл бидэнд тохиолдож магадгүй гэж төсөөлдөг.

Хүүхдэдээ үлгэр уншиж өгөх нь тэднийг илүү бусдыг ойлгодог болоход нь тусалдаг.
Хүүхдэдээ үлгэр уншиж өгөх нь тэднийг илүү бусдыг ойлгодог болоход нь тусалдаг.

Энэ мэт өөрийгөө дүрийн оронд тавьж эргэцүүлэх нь бусдыг ойлгож сурах бэлтгэл болж өгдөг. Канадын когнитив сэтгэл судлаач Кейт Оатли уран зохиолыг "оюун ухааны нислэгийн симулятор" гэж нэрлэжээ. Симулятор гэдэг нь яг тэр орчинд байгаа мэт мэдрэмж өгөх зорилготой зориудаар бүтээсэн туршилтын эсвэл сургалтын орчныг хэлдэг. Түүний ингэж нэрлэсэн шалтгаан бол яг л нисгэгчид симулятор ашиглан газраас хөөрөлгүй нисэх дасгал хийдэгтэй адил уран зохиол уншдаг хүмүүс номоо нээх бүрдээ бодит хүнтэй харилцаагүй хэр нь харилцааны ур чадвараа хөгжүүлж чаддаг гэж үзсэнтэй нь холбоотой.

Тэрээр судалгааныхаа явцад уран зохиолын баатруудыг бид таньдаг, ойлгодог болохын хэрээр өөрсдийн зорилго, хүслийг тэднээс олж харах биш харин тэдний зорилго, хүсэлд анхаарч, санаа таньдаг болохыг олж мэдсэн байна. Гол дүр аюулд орох үед бидний зүрх салгалж эхэлдэг. Хамаг хурдаараа ум хумгүй гүйж байхад нь бид хамт амьсгааддаг. Хэдий энэ бүхэн үнэхээр болоогүйг мэдсээр байж амтархан уншсаар л байдаг. Яагаад тэр вэ?

Уран зохиолд байгаа аливаа өгүүлэмжийг ойлгохын тулд ашигладаг тархины механизмууд нь яг бодитой амьдрал дээр өрнөж байгаа үйл явдлууд дээр ч ашиглагддаг. Хэрэв та “өшиглөх” гэж хэлбэл биеийн өшиглөх үйлдэлтэй холбоотой тархины хэсгүүд идэвхэждэг.

“Тэрээр чимээгүйхэн гэрлээ унтраалаа” гэдэг өгүүлбэрийг унших үед атгахтай холбоотой тархины хэсгийн үйл ажиллагаа нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, бид болоогүйг нь мэддэг боловч тархи үүнийг болох гэж байгаа эсвэл болсон үйлдэл гэж хүлээн авдаг байна. Сонин байгаа биз?

Үйл явдлын өрнөлийг ойлгохын тулд бид хэн юу мэдэж байгаа, мэдэрч байгаа, мөн дүрүүд нэгнийхээ талаар юу гэж боддог болохыг мэдэх хэрэгтэй. Энэ бүхнийг хийхийн тулд “theory of mind” буюу “оюун ухааны онол” гэдэг чадвар хэрэг болдог. Өөрөөр бол бусдын бодол санааг унших, ойлгох гэж оролдох чадвар юм. Хүмүүс тухайн дүрийн бодол санааны талаар уншиж эхлэхэд оюун ухааны онолтой холбоотой тархины хэсгүүд идэвхэждэг. Тархи энэ мэтчилэн уран зохиолын үйл явдлыг яг болж буй үйлдэл шиг ойлгох гэж эрмэлзэж байдаг.

Заримдаа бид нойр хоолоо хасан ном уншдаг шалтгаан юу юм бол?
Та магадгүй уран зохиол уншдаг хүмүүс, уран зохиолын биш ном уншдаг, эсвэл огт ном уншдаггүй хүмүүсээс илүү харилцааны ур чадвартай гэж ойлгож байгаа байх.

Гэвч энэ төрлийн судалгаанд итгэхэд хүндрэлтэй. Учир нь судалгаанд хамрагдаж байгаа хүмүүсийн ихэнх нь уншсан номынхоо тоог хэтрүүлэн хэлэх хандлагатай байдаг. Энэ хүндрэлийг тойрон гарахын тулд Оатли болон түүний хамтран зүтгэгчид нь оюутнуудад уран зохиолын болон уран зохиолын биш ном бичдэг зохиолчдын нэрсийн жагсаалтыг өгч, ямар зохиолчдын талаар сонссоноо зааж өгөхийг хүссэн байна.

Судлаачид тэднийг худал хэлж байгаа эсэхийг шалгахын тулд хэд хэдэн хуурамч нэр өгсөн гэдгээ оролцогчдод анхааруулжээ. Хүмүүсийн мэддэг зохиолчдын тоо нь тэдний хэр их уншдагийг илтгэх сайн үзүүлэлт болдог.

Зөвхөн дуу муутай, ичимхий хүмүүс уран зохиол уншдаг гэсэн буруу ойлголт байдаг.

Дараа нь Оатли болон түүний баг оролцогчдод "Mind in the Eyes" тестийг өгсөн бөгөөд тэдэнд хоёр нүд орсон гэрэл зургуудыг өгчээ. Тэдний ажил бол зөвхөн нүдний зургаар нь тухайн хүн ямар сэтгэл хөдлөл мэдэрч байгааг таах юм. Ингэж таахдаа товч жагсаалтаас ичсэн, гэмшсэн, бодол болсон, санаа зовсон гэх мэтийн сэтгэл хөдлөлөөс сонголтоо хийнэ.

Зөвхөн нүднээс нь сэтгэл санааны байдлыг таана гэдэг амаргүй. Гэвч уран зохиол уншдаг хүмүүс, уран зохиолын биш ном уншдаг хүмүүсээс илүү өндөр оноо авдаг гэсэн сонирхолтой үр дүн гарчээ.

Принстоны Нийгмийн Нейро-ШУ-ны лабораторийн сэтгэл судлаач Диана Тамир уран зохиол байнга уншдаг хүмүүсийн нийгмийн танин мэдэхүй нь илүү сайн байдгийг харуулсан байна. Өөрөөр хэлбэл, уран зохиол уншдаг хүмүүс бусад хүмүүсийн юу бодож, мэдэрч байгааг ойлгох чадвар илүү байдаг.

Тархины сканнерийн тусламжтайгаар тэрээр уран зохиол уншиж байхдаа бидний тархины "бусдын юу бодож байгааг төсөөлөхдөө" ашигладаг тархины сүлжээний хэсгүүдэд их хэмжээний идэвхжилт бий болдгийг олж мэдсэн байна.

Бяцхан хүүгийн толгойд ямар гайхамшиг өрнөж байгаа болоо?

Ингэхээр уран зохиол уншдаг хүмүүс бусдын сэтгэл хөдлөлийг сайн ойлгох чадвартай болж таарлаа. Гэхдээ энэ нь тэднийг сайн хүмүүс гэж дүгнэхэд хангалттай гэж үү? Үүнийг шалгахын тулд судлаачид бараг л бүх сэтгэлзүйчээр сурдаг оюутнуудын туршдаг аргыг хэрэглэжээ. Та барьж явсан бичиг цааснуудаа санамсаргүй унагаад, хэн танд туслах бол гэдгийг туршдаг арга юм.

Туршилтад оролцогчид уг туршилт болохоос өмнө өрөвдөх сэтгэлийн тухай тест өгсөн байна. Дараа нь богино өгүүлэл уншуулан төрсөн сэтгэгдлийг нь асуужээ. Танд уг дүр хэрхэн төсөөлөгдөж байна? Уг өгүүллийг уншаад та дүрийн талаар илүү мэдэх хүсэл төрсөн үү гэх мэт.

Энэ бүхэн болсны дараа туршилт явуулагчид өөр өрөөнөөс ямар нэг юм авчрах хэрэгтэй гэж хэлээд явцгаах үед жинхэнэ туршилт буюу “бичиг цааснуудаа санамсаргүй унагах” ажил эхэлжээ. Туршилтын үр дүнд: өгүүллийн үйл явдалд хамгийн их сэтгэл нь хөдөлж, баатруудыг хамгийн их өрөвдсөн хүмүүс газар унасан бичиг цаасыг авахад тусалсан байв.

Уран зохиол нь таныг ухаантай болгохгүй боловч амьдралын олон янз байдлыг ойлгоход туслах болно.

Магадгүй та бичиг цаасаа унагасан хөөрхий эмэгтэйд туслахад уран зохиол уншдаг эсэхээс үл хамааран сайхан сэтгэлтэй байхад л болно шүү дээ гэж бодож байгаа байх? Гэвч судалгааг удирдсан эрдэмтэд оролцогчдын өрөвдөх үйлдлийн оноог харгалзан үзсэн бөгөөд өгүүлэл сэтгэлийг нь хамгийн ихээр хөдөлгөсөн хүмүүс илүү эелдэг зан авир гаргадаг болохыг тогтоожээ.

Мэдээж судалгаа нь уран зохиолын бидний амьдралд үзүүлэх нөлөөний нэг хэсгийг л харуулдаг. Уран зохиол уншдаг бүх хүн өрөвч, сайхан сэтгэлтэй гэж ярихаас өмнө нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Бодит амьдрал дээр өрөвч сэтгэлтэй хүмүүс нь ихэвчлэн бусдын дотоод ертөнцийг сонирхдог, мэдрэмжийг хуваалцах хүсэлтэй байдаг. Энэ нь тэднийг уран зохиол уншихад хүргэдэг байж болно.

Уран зохиол унших нь бидэнд ямар үр нөлөөтэйг судлахад төвөгтэй. Идеал (хамгийн хүсэмжит, дээд зорилго) судалгаа хийе гэвэл хэсэг хүмүүсийг хоёр бүлэгт хуваан нэг бүлэгт нь ном уншуулж, нөгөө бүлэгт нь огт уншуулалгүй урт хугацааны турш хянах хэрэгтэй. Эцэст нь өрөвдөх сэтгэлийг шалгах туршилтад оруулан ямар нэг өөрчлөлт, ялгаа байгаа эсэхийг тогтооно.

Ном унших таныг илүү халуухан харагдуулдаг гэсэн шүү.

Үүний оронд богино хугацааны судалгаа хийсэн нь дээр. Жишээлбэл, Голландын судлаачид оюутнуудад Грек дэх үймээн самуун, Нидерланд дахь чөлөөлөлтийн өдрийн тухай сонины нийтлэл эсвэл Нобелийн шагналт Хосе Сарамагогийн "Blindness" романы эхний бүлгийг уншуулах туршилт зохион байгуулжээ. Энэ өгүүллэгт нэгэн эр гэрлэн дохио асахыг машиндаа хүлээх зураа гэнэт сохорчихдог. Машинд байсан зорчигчид нь түүнийг гэрт нь авчирдаг бөгөөд хажуугаар нь өнгөрч байсан танихгүй эр түүний машиныг гэрт нь хүргэж өгнө гэж амласан боловч түүний машиныг хулгайлдаг.

Оюутнууд уг зохиолыг уншсаны дараа тэдний өрөвдөх сэтгэлийн түвшин тэр даруй өссөн төдийгүй, долоо хоногийн дараа дахин туршилт өгөхөд тэд уншсан даруйдаа авснаасаа илүү өндөр оноо авсан байна.

Нөгөөтээгүүр уран зохиол унших нь хүний өрөвдөх сэтгэлд нөлөөлдөг ганц зүйл биш болох нь тодорхой. Дэлхий нийтэд өрнөж байгаа сэтгэл өвтгөм үйл явдлын мэдээнүүд ч мөн бидний сэтгэлийг зовоодог. Харин уран зохиолд үүнээс илүү гурван давуу тал бий.

Хүүхдээ уран зохиол, номтой танилцуулах явдал магадгүй таны тэдний төлөө хийсэн хамгийн сайн үйл ч байж мэднэ.

Нэгт, бид зохиолын баатрын дотоод ертөнцөд нэвтэрдэг. Гэтэл өдөр тутмын мэдээнд ийм онцлог байхгүй. Хоёрт, уран зохиол унших нь бусдын яриа, мэдээ мэдээлэлд нягтлахгүйгээр итгэхээс татгалзахад хүргэн асуудлыг өөрөө шүүн тунгаах, эргэцүүлэхэд тусалдаг. Сүүлийн давуу тал бол бид өөрсдийн амьдралдаа хэзээ ч туулж чадахгүй олон адал явдал, амьдралаар амьдрах боломж олгодог.

Судалгаанаас харахад уран зохиол унших нь хүмүүсийг илүү сайн хүн болгодог бололтой. Зарим судлаачид дээрх эерэг үр дүнг нэн чухал гэж үздэг. Жишээлбэл, Калифорнийн Ирвин их сургуулийн Өрхийн анагаах ухааны тэнхимийн багш Йоханна Шапиро уран зохиол унших нь сайн эмч бэлтгэхэд эерэг нөлөөтэй гэдэгт бат итгэлтэй байгаа бөгөөд анагаахын оюутнуудыг сургах хүмүүнлэгийн хөтөлбөр бий болгосон байна.

Уран зохиол уншдаг хүмүүс ичимхий, бусадтай харилцах дургүй гэдэг хэвшмэл ойлголтоос салах хэрэгтэй. Харин ч номын хэнээтэй гэж хэлүүлдэг тэд хүн төрөлхтний дотоод ертөнц, мэдрэмж, төсөөллийг хамгийн сайн ойлгодог хүмүүс байдаг.

Сайн уншигч үхэхдээ аль хэдийн зуу зуун амьдралыг туулж үзсэн байдаг.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn