Үл үзэгдэгсэд ба эх үрсийн баяр

20-49 насны "нөхөн үржихүйн" хэмээх ангилалд багтах 230.000 эмэгтэй энэ улсын ирээдүйг өсгөхийн тулд ажиллах хүчнээс гадуурх хүн ам буюу "гэрийн ажилтай", "хүүхэд асрах" гэдэг ангилалд хамааран эдийн засгийн үр өгөөжгүй үл үзэгдэгсэд болон хувирчээ. Тэдний тоо ажилгүйдлийн тоон дээр нэмэгддэггүй.
Үл үзэгдэгсэд ба эх үрсийн баяр

Өнөө маргаашгүй эх үрсийн баяр болно. Тэд эдийн засгийн хүнд байдалд өдөр бүр ордог ч ард урдаасаа нөхөөд үрсээ дагуулаад баярлуулахаар явна. Нэг хэсэг нь азаар жаал магтуулна, нөгөө хэсэг нь маргааш идэх хоол, зун хүүхдээ яах тухай бодоод унтана. Бидний мартаж орхисон, анзаарахаа байсан ард үлдэгсэд бол ажилгүй ч биш, албан ажил орлоготой ч биш, эдийн засгийн хамгийн бүтээмжтэй үе дээрээ яваа хэдий ч сургууль, цэцэрлэг, нийтийн тээвэр гэх мэт нийгмийн бүтцийн асуудлаас болоод ард үлдсэн ажиллах хүчнээс гадуурх хүн ам буюу ойролцоогоор 892.000 иргэд юм. Илүү нарийвчилбал 555.000 эмэгтэй энэ улсын ирээдүйг өсгөж бойжуулахаар, хэн нэгнээ асрахаар гэртээ сууж байна. Магадгүй сошиал хаяг дээр нэг хэсэг хүмүүс онлайн худалдаа хийгээд, сүлжээ сурталчилаад байгааг та хардаг байх. Тэд бол ердөө л үл ялиг цухалзаж, өөрийн чадлаараа тэмцэж яваа хэсэг нь. Гэтэл түүний ард, интернэтгүй, датагүй, бидний нүдэнд ил гардаггүй ч өөрийн төлөө зүтгэж яваа ээж аавууд хэд байгааг бид мэдэх ёстой.

Ажиллах хүчний тал нь хаачсан бэ?

Тэд ажилгүйдлийн тоон дээр ч, айл өрхийн орлого дээр ч харагдахгүй, үзэгдэхгүй, тоологдохгүй. Гэхдээ тэд бүгдийн нүдэнд ил. Өдөр бүр хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд зөөж, (азаар цэцэрлэгтэй бол шүү дээ) орой бүрийд хоолоо хийж, хүүхдүүдээ буцааж авчирдаг гэрт суугаа хүмүүс. Тэд статистик тоо баримтууд дээр заримдаа ил болно заримдаа алга болчихдог. Тэд ажилгүй хүмүүс биш, магадгүй энэ улсын хамгийн чухал ажлыг хийж яваа гэж ялгуулан магтуулж, төрийн ордондоо цуглуулж төмрөөр мялаалгадаг ч тэд бол үл үзэгдэгсэд.

Тэд яагаад ийм байдалд орчихов?

Орчин үеийн хүн танд хамгийн эхлээд гэр бүл төлөвлөлтөө сайн хийгээгүй, боловсрол мэдлэггүй, хөрөнгө мөнгөтэй болоогүй байж юу юугүй хүүхэдтэй болчихдог, хүүхдийн мөнгөөрөө амьдраад болоод л байгаа шүү дээ... гэсэн хариултууд орж ирж мэднэ. Таныг гурав хүртэлх насны хүүхдээ гэртээ хараад сууж байгаад тань талархаад өгсөн төрийн 50 мянган төгрөгөөр юу авах вэ. Аль мөнгөөрөө хөөрхөн байж, нүүрний будаг авч, сардаа ганц удаа кино театр явах вэ. Тэд чинь адилхан л хүмүүс, эдийн засаг соёлын хэрэгцээ, хүний хэрэгцээтэй. Аав ээж л болсноос амьдралд хэрэгтэй бүх зүйл тэдэнд хэрэгтэй. Тэд яагаад 555.000-уулаа гэртээ суугаад байна вэ.

За урт оршлоо зогсоогоод асуудалдаа шууд оръё. Одоогоор боловсролын тухай хуулийн шинэчлэлд багтаан СӨБ-ын тухай хуулийг хэлэлцэж байна. Сургуулийн өмнөх боловсролын салбар бол энд бичигдээд байгаа хүмүүсийн хамгийн том асуудал. Намраас сугалаагүй болно гэнэ. Энэ дэлхийд хаана ч сугалаагаар цэцэрлэгээ шийддэг улс байхгүй. Гэтэл цэцэрлэгт хүүхдийг 3-н наснаас хамруулахаар хуульчлах гэж байдаг. Хүүхдээ гурав хүртэл асран хамгаалагчид яах вэ. Арван өөр боломж сонголт олгоно оо гэнэ. Тэр тухай эргэн мэдээлье.

Харин өнөөг хүртэл цэцэрлэг хэдээр нэмэгдсэн бэ гэдгийг албан тоо баримтаас харвал 2014-2019 он хүртэл улсын цэцэрлэгийн тоо дорвитой өсөөгүй байгаа бөгөөд 2016онд батлагдсан СӨБ-ын тухай шинэ хуулиар дамжуулан хувийн цэцэрлэгүүд олширч одоогоор нийт СӨБ-ын 37% эзэлдэг болжээ. 2020 оны цар тахлаас үүдэн Монгол Улсад ердөө улсын 2-3 шинэ цэцэрлэг нэмэгдсэн бөгөөд ирэх оны 9 дүгээр сарын нэгэнд ч улсын цэцэрлэг тийм олноор нэмэгдэнэ гэсэн хүлээлт найдвар алга. 2-3 насны 77.000 хүүхэд цар тахлын үеэр гэртээ байсан бөгөөд тэднийг дагаад дор хаяж 77.000 иргэд албан тоо баримт дээр бичигдэлгүй ар гэрийн гачигдал хэмээх гарчиг дор гэртээ суусан. Есөн сарын нэгэн болж ерөөсөө бид баярлахгүй байж мэдэхээр байна. Учир нь 3-аас доош насны дор хаяж 77.000 хүүхэд хуулийн дагуу сургуулийн өмнөх насны боловсрол хүртэх эрхгүй, хүүхэд асрах шаардлага эцэг эх, эмээ өвөөд шилжин, эсвэл гудамж хашааны буланд ах эгчээрээ харуулан гурван нас хүрэхээ хүлээх үү?

Бид ажилгүйдлийн тоо баримтаа харахад тийм ч айж сандрахаар их тоо харагддаггүй. Учир нь гэртээ сууж байгаа иргэд, хүүхдээ асарч байгаа тохиолдолд ажилгүйдлийн тоонд ордоггүй. Энэ тухай судалгаа хийхэд Хятад, Орос, Казакстан гурван улстай Монгол Улсыг харьцуулахад зөвхөн Монгол Улсын ажилгүйдлийн тоо баримт, СӨБ-д хамрагдаж буй хүүхэд болон, нийт цэцэрлэгийн тоотой хамааралтай биш гарав. Гайхаш тасарсан хүн гүнзгийрүүлэн судлах үеэр бага насны хүүхдийн тэтгэмж авдаг (Цалинтай ээж) иргэдийн тоо ажилгүйдлийн түвшнийг нэмдэггүйг олж мэдэв. Тэд бол ажилгүй хүмүүс биш, цалинтай ээжүүд, тэд ажиллах хүчнээс гадуурх хүн ам болохоос биш ажилгүй хүмүүс биш. Үүний цаана олон асуудал бий.

Бид малаа тоолдог. Жилд үхэр, хонь, ямаа хэдээр нэмэгдэж хасагдсаныг улс орон даяар зарлаж баярладаг, заримдаа харамсдаг. Бид хүнээ тоолдог, бид гурван саяулаа болсноо зарлаад найрладаг. Харин бид хэдэн хүн хүнээ өсгөх гээд гэртээ сууж байгааг мэддэггүй. Зарладаггүй. Тэд цалинтай сарын 50 мянган төгрөг авдаг. Та сарын ийм цалинтай ажиллаж, амьдарч чадах уу. Тэд бол эдийн засгийн хамгийн үр өгөөжтэй насан дээрээ явж байгаа эрүүл саруул Монгол иргэд. Тэд гэр бүлийн эдийн засаг цаашлаад улс орны ч эдийн засагт шууд нөлөөлөл үзүүлэхээр олуулаа. Тэд боловсролтой, тэд сонголтоо хийсэн. Энэ нийгэмд өөрсдийгөө золиослох. Яагаад ийм том ажиллах хүчин өөрийгөө золиослон лаа мэт бөхөж, өнөө л нийгмийн бүтцийн алдаан дор чимээгүй явна вэ. Бүх асуудлыг бүтэц рүү шидчихвэл, хариултгүй атлаа буруутантай, буруутантай атлаа буруутангүй өнгөрдөг. Шийдэлгүй өнгөрчихдөг энэ нэг цаг үе байна.

Асуудлыг жижиглээд харвал олон зүйл тодорхой харагдана. Цэцэрлэгийн тоо хэдээр нэмэгдэж, гурван хүүхэд тутмын нэг нь явж байгаа хувийн цэцэрлэгүүдийн төлбөрийг хэн төлж чадаад хэн чадахгүй байна вэ. Сургуулийн өмнөх боловсролын нэгдсэн үнэлгээ, шалгалт үр дүн харагддаг уу. Хувийн цэцэрлэг, улсын цэцэрлэгт хамрагддаг хүүхдүүдийн дундах боловсролын ялгаа хэр байна вэ. Энэ нь ирээдүйд нийгмийн тэгш бус байдалд яаж нөлөөлж болох вэ. Бүх улс орнууд тэгш бус байдлын үр дүн болоод, боловсролын нөлөөг судлаад гаргачихсан байдаг. Цэцэрлэг ч үгүй аль нэг гэр хорооллын хашаандаа тоглож байгаа хүүхдийн тэгш бус боломжийг бид тооцоолдог уу. Тэд том болоод хаа хүрч чадах вэ.

Бид зуны амралтдаа яарч, хүүхдийн цэцэрлэг сургууль бодолгүй, намар болохгүй юм шиг давхих өдрүүдээ бодон гэгэлзэх ч дахин нэг бодоод үзээрэй. Намар үргэлж болдог. Бид зарим хүүхдээ хуулиар сургуулийн өмнөх боловсрол авах эрхээс хасаад, сугалаагүй хэмээн хөөрөлдөн, дарга бүр сургууль цэцэрлэгийн нээлтэд очин тууз хайчлан гүйлдэнэ. Гэтэл гурав хүртэлх насны хүүхэдтэй ээж аавууд байдаг мөнгөө барин хувийн цэцэрлэг бараадах, эсвэл дахин нэг жил хэн нэг нь лаа мэт дэмий л гэгээн өдрөөр өөрийгөө үрэн шатаах сонголт тулж ирнэ. Бид ядаж цэцэрлэгээ шийдэж чадахгүй бол тэнгэр газар шиг боловсролын зөрүүтэй ирээдүй хойч үе маань хоорондоо эвлэлдэн нэг хотод багтаж амьдарна гэдэг хэцүү болно. Тэгш бус байдал гэдэг юу дагуулж болохыг мэдэхгүй бид хүүхдийн баяраар хүүхдүүдээ гангалж аваад, чихэр ундаа зайрмаг зөөхөөс урьтаад тэдний ирээдүйг нухацтай бүтэн бодож, тэдний өмнөөс эрхийг нь нэхэх учиртай.

Ажиллах хүчнээс гадуурх иргэд дотор эмэгтэй 230.000 иргэн зөвхөн хүүхэд харах, гэр бүлийн бусад гачигдлаас болон гэртээ сууж байна. Энэ бол тэгш бус байдлын эхний давлагаа. Тэд яагаад сонсогдохгүй байна вэ. Тэдний эрх ашиг, хүсэл мөрөөдөл, нийгмийн байр суурь хаачив. Тэд яагаад ажил хийх боломжгүй байна. СӨБ-ын тухай хуулийн дагуу 2-5 насны хүүхдүүдийг хамруулдаг байсан. Гэтэл одоо "хуулиар" 3-5 нас болгохоор шийдэж байна. Эдийн засгийн үр ашиг нь юу вэ. Судалсан уу. Өөр гарц гаргалгаагаа бэлдсэн үү. Ноолоход амар номхон морь шиг тэд бол чимээгүй хүмүүс.

ЭХ ҮРСИЙН БАЯР. Эхэд нь ч, хүүхдэд нь ч баярлах шалтгаан ердөө ганц ширхэг байна уу. Тоглоомын талбайгүй, хар халуунд хамаг гол ус нь хашаагаар хаалттай хэн нэгний өмч болчихсон, уул мод нь хувьчлагдан улсын биш хүнийх болсон, ногоон байгууламжгүй энэ дуу чимээ ихтэй, машины түгжрэлтэй хотод хүүхдээ түрээд гэрээсээ гараад 50 мянган төгрөгийн цалингаараа тасархай амьдарч буй иргэд энэ төрийн нүдэнд харагдахгүй аж төрөн суусаар, үл үзэгдэгсдийн тоо үл анзаарагдан өссөөр. Тэд яагаад ажиллахгүй, ажиллах боломжгүй байгааг судалж үзсэн болов уу. Гэртээ суугаа эхний хүнээс асуугаад үзээсэй. Чи яагаад гэртээ суугаад байгаа юм бэ гэж. Тэдэнд цэцэрлэг хэрэгтэй. Хүртээмжтэй, эрүүл, аюулгүй цэцэрлэг хэрэгтэй. Хариулт энгийн тодорхой, эхнээсээ л маш тодорхой байсан ч үр дүн алга.

Цэцэрлэгээр бүх хүүхдээ бүрэн хангаж чадахгүй бол хүүхдийн мөнгөө хасаж болохгүй. Маш олон айл өрхүүд өлсгөлөн болоод өөр бусад зүйлийн ирмэг дээр тулж очно. Алдагдсан боломжийг тооцохдоо зөвхөн цэцэрлэггүй үлдсэн хүүхэд биш, түүнийг дагаад дор хаяж нэг хүн ажиллах боломжгүй болдог гэдгийг давхар тооцох хэрэгтэй. Нээлттэй малын тоо шигээ зарлаж, нийгэмд ойлгуулж, асуудалд шийдэл олох ёстой. Ажиллах хүчнээс гадуурх хүн ам гээд нэг сайхан аюулгүй саванд хийчихээд сууж байж болохгүй. Тэд чинь 892.000 хүн шүү дээ. Ажилгүйдлийн индекс энэ тоогоор нэмэгдвэл манай улс сандрах учиртай их тоо юм.

Энэ асуудал улс бүрд тулгарч, бүгд нийтлэг аргаар давсан байдаг. Асаргаа сувилгааг зөвхөн гэр бүлийн орчинд, айл өрхүүдэд найдаж үлдээвэл манайх шиг өдий олон ажиллах хүчин зэвэрдэг. Бусад орнуудад улсын хүртээмжтэй чанартай цэцэрлэгээр хангадаг. Тал цагаар (хагас өдөр) ажиллах эрх зүйн боломжийг бүрдүүлсэн байдаг. Асран хамгаалагч иргэдийг боловсролоо дээшлүүлэх, дахин суралцах боломжоор ханган, эдийн засаг нийгмийн үр өгөөжтэй байр сууринд очиход нь тусалдаг. Гэртээ сууж байгаад дахин ажлын байранд гарах гэж буй иргэдэд зориулсан тусдаа хөтөлбөр байдаг бөгөөд энэ ангилалд багтах бүх иргэдээ хамруулдаг. Хувиараа бизнес эрхлэх болон хөдөлмөр эрхлэх тал дээр төрөөс тусдаа зээл тусламж олгодог. Энэ ангилалд байгаа иргэд эдийн засгийн эргэлтэд ороход гэр бүлийн эдийн засагт маш хурдан сайнаар нөлөөлдөг гэдгийг олон баримт нотолсон байдаг. Бид энэ ажиллах хүчнээ эргэлтэд оруулахгүй бол нийгэм тогтоол ус шиг муудах, тэгш бус байдал газар авах эхний үндэс болно.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn