Хоёр хоногийн дараа азын СУГАЛААНД орох гурван настнуудад

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд зааснаар цэцэрлэг бүр өөрийн хамран сургах тойрогт байгаа сургуулийн өмнөх насны хүүхдийг авдаг. Гэвч. . .
Сугалаанд сонгогдсон бол ийм хариу ирдэг.
Сугалаанд сонгогдсон бол ийм хариу ирдэг.

Та нартаа зориулж ирээдүйгээс чинь бичив

Миний бие хөдөө эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжин 8 нас хүртлээ мал дагасан тул цэцэрлэгт яваагүй. Сургуулийн өмнөх насны боловсролгүй гэсэн үг. Энэ нь хүний насан туршдаа өдөр тутамд хийж болох олон сайн дадал хэвшлийг заалгаагүй, сураагүй, үе тэнгийн олны дунд орж нийгэмшээгүй гэж ойлгож болно. Харин хүү маань 2016 онд төрж, 2 настайдаа 2018 онд цэцэрлэгт орохоор бүртгэлийн сугалаанд сонгогдон аз таарав. Ингээд амьдрал ёндоотой үргэлжилж байтал 2019 онд тар нар маань төрөв. Гэнэт дэлхийн бөмбөрцөг дээр корона гэгч агаар дуслаар дамждаг вирус гарч 7 тэрбум хүнийг айлгаж эхэллээ. Нэг жил, хоёр жил өнгөрөв . . .

Та нар минь гэрээсээ гарах эрхгүй, аав ээжээсээ өөр хүнтэй уулзах боломжгүй, амны хаалтгүй л бол амьдрал үгүй мэт орчинд өссөөр 2 нас хүрч цэцэрлэгт орох, сурч хүмүүжих хугацаа ч болов. Арай л балчир тул коронагаас хамгаалах нэрээр хэсэгтээ гэрт нь байлгахаар улсаас шийдвэр гаргав. Нэг жил, хоёр жил, гурван жил өнгөрөв . . .

Ингээд 2022 оны хаврын эхэн сард та нар минь эхнээсээ 3 нас хүрсэн тул ашгүй нэг юм цэцэрлэгийн бараа харах гэтэл хүссэн болгонд ийм аз таараагүй билээ. Учир нь эх орон тань бүгдийг нь сургаж хүмүүжүүлэх хэмжээний хангалттай олон цэцэрлэг барьж бэлдээгүй байв. Бүртгэлийн сугалаанд хожсон хүүхэд л цэцэрлэгт явна, олон найзтай болно, олон сайхан дадал хэвшилд суралцана, бие даан өсөж хүмүүжнэ. Аав ээж нь илүү боломжийн амьдралтай бол өндөр төлбөртэй хувийн цэцэрлэгт явах сонголт байж болно л доо. Даанч бидэнд бүгдэд нь ийм боломж байгаагүй, дийлэнх олонх нь цалингаас цалингийн хооронд болгодог жирийн нэгэн амьдралтай хүмүүс байв. Тэгэхээр сугалаанд хожиж чадаагүй “азгүй” хэсэг нь гэртээ үлдэнэ. Аав ээжийнх нь хэн нэг нь харж, тэдэнд ажил хийх, нийгэм рүү оролцох боломж олдоогүй юм.

Нийгмийн тэгш бус үйлчилгээний өрөвдмөөр ийм нэгэн сонголт манай улсад хэдэн жил үргэлжилсэнд бид л буруутай. Бүгдэд нь төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй байлгаж чадах нийгмийг учир мэдэх томчууд нь бүтээж чадаагүйд уучлаарай гэхээс өөр үг алга.

Аргагүй ээ, улс даяараа азад найдаж амьдардаг байсан юм аа. Ганц газартай болох гэж сугалаанд орно, ганц хүүхдээ сургах гэж цэцэрлэгийн сугалаанд бүртгүүлнэ, татварын 2%-ийн буцаалтын сугалаанд бас аз ёндоогоо үздэг байв. Телевизийн олон сувгаар байр, машин, мөнгөний азын сугалаа явагддаг байв. Коронагаас болоод Замын-Үүдэд ачаа бараатай овоорсон чингэлгүүдийг Монгол руу оруулах дарааллыг мөн сугалаагаар шийддэг байж билээ. Олны танил хүмүүс ч азтан шалгаруулж нэг ёсондоо ийм төрлийн ажил бий болсон байв.

Иймэрхүү л азын сугалааны нийгэмд та нар минь төрж, алхам тутамд чинь таарах амтай бүхэн маск зүүдэг мэтээр ухаан орж, аав ээжийнхээ байнга ярьдаг сэдвээр корона хэмээн хэлд орж, хөл хорионд суралцах, нийгэмших, гадаа дураараа тоглож наадах хагас эрх чөлөөг эдэлсэн юм шүү, 2019 оныхон минь.

Боловсрол, шинжлэх ухааны яамны албаны мэдээллийн зургийг ашиглав.
Боловсрол, шинжлэх ухааны яамны албаны мэдээллийн зургийг ашиглав.

Ирээдүйгээс өнөөдөрт

Нээрээ бид 20 жилийн дараа 2019 онд төрсөн хүүхдүүддээ ингэж л дурсан ярих, эсвэл бичиж үлдээх болов уу. Нийгмийн тэгш бус үйлчилгээний "сонгодог" нэгэн хэлбэр нөгөөдөр эхлэх гэж байгаа билээ. Тодруулбал, өнгөрсөн намар 2 настайдаа цэцэрлэгийн бага бүлэгт орох ёстой 2019 онд төрсөн, одоогоор эхнээсээ 3 нас хүрч буй хүүхдүүдийг ирэх баасан гарагт буюу энэ сарын 18-аас бүртгэлийг эхлүүлэх гэж байна. Бүртгэлийг 2022 оны 2 дугаар сарын 18-24-нд зохион байгуулахаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зарласан. Ингэхдээ нийслэлд цэцэрлэгийн бага бүлгийн 2019 онд төрсөн хүүхдийн бүртгэл, элсэлтийг parent.edu.mn системээр зохион байгуулна. Орон нутгийн хувьд тухайн цэцэрлэг дээрээ зохион байгуулах юм. Бүртгэл 7 хоног үргэлжилнэ, сугалаанд сонгогдоно, шинжилгээнд хамрагдана гэх мэтээр үйл явдал өрнөсөөр бага бүлгийн танхимын сургалтыг ирэх 3 дугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байгаа болов уу.

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд зааснаар цэцэрлэг бүр өөрийн хамран сургах тойрогт байгаа сургуулийн өмнөх насны хүүхдийг хамруулдаг. Гэвч цэцэрлэгт орохыг хүссэн, бүртгүүлсэн болгоныг авахгүй. Учир нь бүртгэлийн сугалаанд сонгогдсон хүүхдүүд л тухайн харьяа цэцэрлэгтээ орох боломжтой. Яагаад гэвэл хүүхдийн тоо олон, цэцэрлэгийн хүртээмж муугаас ийм ялгаа зааг үүссээр байна. Манай улс хүүхдийнхээ сургуулийн өмнөх боловсролыг сугалаагаар шийддэг болоод хэдэн жил болж байгаа нь энэ юм. Мөн 2018 онд төрсөн бүтэн үе цэцэрлэггүй, тодорхой шийдэлгүй хохирсоор буй. Тэдний нэлээд нь 2020 онд цэцэрлэгт бүртгүүлээд сугалаанд тэнцээгүй хасагдсан, 2021 онд коронагаас болоод 3 настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй гээд үлдээсэн. Тэд одоо 4 нас хүрч буй бөгөөд дахин шинэ бүртгэл явуулахгүй бол хөл хорио, цар тахлын дунд хаягдсан нэгэн үе бий болоод байгаа нь харамсалтай.

Улаанбаатарт шинээр ашиглалтад орсон 7 цэцэрлэгт нэмэлт бүртгэл, элсэлт хийнэ

Одоогоор 2021-2022 оны хичээлийн жилд цахим бүртгэлд бүртгүүлсэн дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг үргэлжлүүлэн танхимын сургалтад хамруулж эхэлсэн. Орон нутагт цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжийг харгалзан зарим цэцэрлэгт нэмэлт бүртгэл, элсэлт хийнэ. Харин Улаанбаатарт шинээр ашиглалтад орсон 7 цэцэрлэгт нэмэлт бүртгэл, элсэлт хийнэ гэж салбарын яамны мэдээлэлд дурджээ. Мөн цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжийг харгалзан зарим цэцэрлэгт нэмэлт элсэлт хийх гэнэ. Гэвч аль дүүргийн хэддүгээр хороонд ямар цэцэрлэгийн аль бүлэгт анги дүүргэлт бага, хүүхэд нэмж авч болох сул орон тоо байгаа эсэх нь тодорхой бус байна.

2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн 261, төрийн бус өмчийн 422, нийт 683 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг гэсэн статистик мэдээ байна. Хэрэв төр засгаас хүүхдүүдэд хүртээмжтэй үйлчилгээ, боловсролын орчин бий болгох зорилтыг өмнөө тавьдаг байсан бол хүүхдийнхээ азыг үзэж, 2О жилийн дараа нийгмийн 2 өөр сонголтоор сургаж хүмүүжүүлсэндээ харамсахгүй байх болов уу.

Өнөөдрийн улс төрийн хүрээнд томоохон сэдэв болоод буй Хөгжлийн банкны асуудлыг 2016 онд буюу 6 жилийн өмнө хөндөж байв. УИХ-ын Эдийн засаг болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хөгжлийн банканд шалгалт хийсэн Засгийн газрын ажлын хэсгийн дүгнэлтийг сонссон юм. Тэр үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Хөгжлийн банкны 3000 м.кв байрыг 28 тэрбум төгрөгөөр авсан бөгөөд энэ нь 100 хүүхдийн 28 цэцэрлэг барих мөнгө гэж жишээ татан онцлон хэлж байлаа.

Энэ мэтчилэн улсын мөнгөнөөс булхай луйвар хийдэггүйсэн бол, нэн шаардлагатай салбарт хөрөнгө, хүчээ хаядагсан бол төрийн нэр дээрх цэцэрлэгийн тоо хүртээмжтэй болж азад итгэж амьдрахгүй л байлаа. Юутай ч сугалааны эх орны иргэн-гурван настнуудад хоёр хоногийн дараа эхлэх азын СУГАЛААНД нь амжилт хүсье.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn