Шанхай хотын Засгийн газрын тэтгэлгийн тухай

Бакалавр, магистр, докторын зэргээр англи, хятад хэлний оноотой оюутнууд өөрсдөө тэтгэлэгт материалаа бэлдэн өрсөлдөх боломж бий.
Шанхай хотын Засгийн газрын тэтгэлгийн тухай

БНХАУ-д тэтгэлгээр суралцах олон боломж байдгийн нэг нь Шанхай хотын Засгийн газрын тэтгэлэг юм. Уг тэтгэлэг нь бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах хүсэлтэй англи эсвэл хятад хэлний оноотой оюутнууд өөрсдөө материалаа бүрдүүлэн шууд суралцахыг хүссэн сургууль руугаа явуулж өрсөлдөж болдгоороо онцлог билээ.

Жич: Тэтгэлэгт өрсөлдөхийн тулд Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ-аар дамжуулах шаардлагагүй.

Шанхай хотын тэтгэлгийг А ба Б төрөл гэж ангилна.

Хүмүүс ихэвчлэн энэ тэтгэлгийг А, Б гэсэн төрлийг Хятадын Засгийн газрын тэтгэлгийн А, Б төрөлтэй хольж солих гээд байдаг. Тиймээс энэ удаад энэхүү танилцуулж буй Шанхайн Засгийн газрын тэтгэлэг нь Хятадын Засгийн газрын тэтгэлгийн ангиллаас ондоо гэдгийг анхааралдаа авч, ялгаж салгаарай.

А тэтгэлэг буюу бүтэн тэтгэлэг
Суралцах хугацааны сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, эрүүл мэндийн даатгалын төлбөрийг тэтгэлгийн сангаас нь бүрэн даахаас гадна тэтгэлэг авсан бакалаврын оюутанд 2,500 юань, магистрын оюутанд 3,000 юань, докторт суралцах оюутнуудад 3,500 юанийн амьжиргааны тэтгэмжийг сар бүр олгодог. Хэрэв сургуулийн зүгээс тэтгэлэг авагч оюутны хятад хэлний мэдлэг нь суралцах үйл явцад хангалтгүй гэж үзвэл 1 жилийн хятад хэлний бэлтгэлд мөн адил бүтэн тэтгэлэгтэй суралцах боломжийг олгодог.
Б тэтгэлэг буюу хагас тэтгэлэг
Зөвхөн суралцах хугацааны сургалтын төлбөр болон эрүүл мэндийн даатгалыг цаанаас даах бөгөөд дотуур байр болон бусад амьдрах зардлаа оюутан өөрөө хариуцах шаардлагатай болдог. А тэтгэлэгтэй адил хэрэв сургуулийн зүгээс шаардлагатай гэж үзвэл оюутныг хэлний бэлтгэлд суралцуулдаг.
1 жилд тэтгэлэгт оюутанд зарцуулах төсөв
1 жилд тэтгэлэгт оюутанд зарцуулах төсөвhttp://study.edu.sh.gov.cn/en/
Тэтгэлэгт тавигдах шаардлага:

- Эрүүл мэндийн асуудалгүй гадаад улсын иргэн байх

- Бакалаврт 25 наснаас доош, магистрт 35 наснаас доош, докторт суралцах оюутнууд 40 наснаас доош настай байх (Материал бүрдүүлэн өгөх хугацаанд яг 25, 35, 40 настай байж болно)

- Суралцах зэргээс хамаарч ерөнхий боловсролын гэрчилгээ, бакалавр, магистрын гэрчилгээтэй байх. (Хэрэв материал бүрдүүлэх үед хараахан төгсөж амжаагүй бол сургуулиасаа дүнгийн тодорхойлолт, энэ жил төгсөх нь үнэн гэсэн тамгатай тодорхойлолтыг мөн авч дүнтэйгээ хавсаргана)

- Онц, сайн дүнгийн үзүүлэлттэй байх

- Ихэнх тохиолдолд тэтгэлэг горилогч нь хятад хэлний HSK-4 түвшинд тэнцсэн байх ёстой бөгөөд сургууль тус бүр хэлний онооны шалгуур тусдаа тавьсан байж болно. Тиймээс орохыг хүссэн сургуулийнхаа шаардлагатай танилцана уу.

- Суралцахыг хүссэн Шанхай хот дахь сургуулийнхаа тавьсан шаардлага, шалгуурыг хангаж байх

- Хятадын Засгийн газрын тэтгэлэг, муж болон бусад байгууллагуудын тэтгэлэг авсан оюутнууд энэхүү Шанхай хотын тэтгэлэгт өрсөлдөх боломжгүй. (Энэ заалт дээр хэрвээ өмнөх авсан тэтгэлгээ цуцлалгүй, амжилттай суралцаад төгссөн бол Шанхай хотын тэтгэлэгт өрсөлдөх боломжтой гэж бодож байна. Би өөрөө Хятадын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж төгссөн хойноо Шанхайн Засгийн газрын докторын Б тэтгэлэг өмнө нь авч байсан)

Шанхайн засгийн газрын тэтгэлэгтэй суралцаж болох сургуулийн жагсаалт
А тэтгэлгийг дээр заасан сургуулиуд нь бүгдээрээ олгодоггүй гэдгийг анхаарна уу. Ялангуяа бакалаврын оюутанд А тэтгэлэг олгох боломжтой сургуулийн тоо маш цөөн байдаг билээ. Тухайн сургууль А тэтгэлэг олгодог эсэхийг, мөн тэтгэлэгтэй холбогдох хэлний шалгуур оноо, бүртгүүлэх шат дарааллын талаар дэлгэрэнгүй мэдээллийг сургууль тус бүрийн вэбсайт руу орж авах боломжтой.
Нүүдэлчин Панда
Q

Хэрхэн яаж тэтгэлэгт бүртгүүлэх вэ?

Юун түрүүнд орохыг хүссэн сургуулиа судална.

Тухайн сонирхсон сургуулийнхаа тэтгэлгийн зартай танилцана. Зарим сургуулиуд тэтгэлгийн зараа жил бүр шинэчлэн оруулдаг. Зарим нь өмнөх жилүүдэд тавьсан зараа өөрчилдөггүй болохоор хэрэв хуучин зар таарлаа гэхэд түүн дээрээс тухайн сургууль барагцаагаар хэдийд тэтгэлгийн материал авч дуусдаг, ямар материал бүрдүүлэх, ямар шалгууртай эсэхийг бүгдийг нь мэдэж авч болно. Мөн тэтгэлгийн зарууд дээр холбогдох тэтгэлгийн багшийн и-мэйл хаяг байдаг тул тийш нь и-мэйл бичээд тодорхой асуултаа асууж болно. Хариу захиа ирэхгүй ч байж мэднэ шүү.

Одоо Шанхай хотын ихэнх сургуулиудын тэтгэлэг нээгдчихсэн байгаа. Шанхайн тэтгэлэг нь ихэнхдээ Хятадын засгийн газрын тэтгэлгээс сүүлдэж хаагддаг тул тэтгэлэг хаагдах хугацааг сургууль бүрийн тэтгэлгийн зар дээрээс хараарай.

Хэрэв сургуулиа сонгочихсон, шалгуурт нь тэнцэж байна гэж үзвэл цаад сургуулийнхаа шаардсан бүх материалуудыг дэс дараалалтай бүрдүүлж эхэлнэ.

Материалуудаа англи эсвэл хятад хэл рүү орчуулуулан орчуулгын тамга даруулна. Зарим нэгэн чухал бичиг баримт дээр орчуулгын тамгаас гадна нотариатын тамга даруулсан байх шаардлагатай. Үүнийг мөн л орохыг хүсэж буй сургуулийнхаа тэтгэлгийн шаардлагатай материалын жагсаалт, тайлбар дээрээс харах боломжтой.

Монголдоо эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж хуудас бөглүүлнэ. Үүнтэй холбогдолтой асуулт, хариулт, дэлгэрэнгүй мэдээллийг Фейсбүүк дээр "Хятадын засгийн газрын тэтгэлэг" групп дээрээс олж уншаарай.

Бэлтгэж цуглуулсан материалуудаа бүгдийг нь эмхлээд сканердуулаад PDF файл эсвэл JPEG зураг хэлбэрээр хадгална.

Дараагаар нь Шанхай хотын засгийн газрын тэтгэлгийн доорх вэбсайт дээр шинээр бүртгүүлж анкет бөглөнө.

http://study.edu.sh.gov.cn/en/asee.html

Анх бүртгүүлэх үедээ суралцах сургууль, зэрэг болон тэтгэлгийн төрлөө сонгоно. Энэ үед миний дээр хэлсэнчлэн хэрэв тухайн сургууль бакалаврын оюутнуудад А тэтгэлэг олгодоггүй бол А тэтгэлгийн сонголт гарч ирэхгүй.

Бакалаврт зөвхөн Б тэтгэлэг гарч ирж байгаа байдал
Бакалаврт зөвхөн Б тэтгэлэг гарч ирж байгаа байдалhttp://study.edu.sh.gov.cn/en/asee.html

Мөн А тэтгэлгийн төрлийг сонгох боломжтой байгаад цааш нь анкет бөглөх үед "Хэрэв А тэтгэлэг авч чадахгүй бол Б тэтгэлэг авах уу?" гэсэн асуулт гарч ирнэ. Үүнийг өөрийн хүслээрээ бөглөөрэй.

Миний хувьд Б тэтгэлэг авахгүй гэсэн сонголтыг тухайн үедээ бөглөж байсан боловч А тэтгэлэгт орж чадаагүй ч Б тэтгэлэг нь надад олгогдож байсан. Хэрэв А тэтгэлэгт өрсөлдөөд авч чадаагүй бол сургуулийн зүгээс Б тэтгэлэг авах боломжтой эсэх талаар и-мэйлээр чинь бас асууж магадгүй.

Бүртгэлээ хийлгээд, асуултуудад нэг бүрчлэн хариулаад холбогдох бичиг баримтуудаа бүгдийг нь сайт руу оруулж тэтгэлгийн өргөдлөө баталгаажуулсан хойноо түүнийгээ цахим хэлбэрээр нь өөртөө хадгалж авна. Мөн хэвлүүлж гаргаад гарын үсэг, он сар өдрөө тавиад дахин түүнийгээ сканердуулж цахим хэлбэрээр хадгална.

Дараагаар нь тэтгэлгээр элсэн суралцахаар хүсэлт гаргасан сургуулийнхаа үндсэн вэбсайт дээр шинээр бүртгүүлээд, шинэ элсэгчийн онлайн анкет бөглөөд, сургалтын зардлыг хэн гаргах гэдэг хэсэг дээр эсвэл тэтгэлгүүдийн сонголт дээр нь ямар тэтгэлгээр суралцах гэж байгаагаа бичнэ эсвэл сонгоно.

Сүүлд нь Шанхайн засгийн газрын тэтгэлгийн вэбсайт дээр бүртгүүлж баталгаажуулсан нөгөө анкетаа сургуулийн вэбсайт дээр бусад бичиг баримтуудын хамтаар оруулдаг.

Зарим сургуулиудын вэбсайт бүтэц ондоо тул яг энэ дээр нэг заавар өгөх боломжгүй байна. Дараалал нь ер нь ойлгомжтой.

Эхлээд Шанхайн тэтгэлгийн вэбсайт дээр, дараагаар нь сургуулийн вэбсайт дээр бүртгүүлээрэй.

Ингээд бүртгэл явагдаж дууссаны дараа тэтгэлгийн бүртгэл хаагдах хүртэл хэсэг хугацаанд хүлээнэ.

Тэтгэлгийн болон сургуулийн сайт дээр бүртгүүлсэн нэвтрэх нэр, нууц үгээ, тэтгэлэгт бүртгүүлэхдээ ашигласан өөрийн и-мэйл хаяг, нууц үгээ ч бас марталгүй тэмдэглэж аваарай.

Эхний шалгаруулалтаар тэтгэлгийн комисс бичиг баримт, дүн болон бусад зүйлсийг хянаж шалгаад, дараагаар нь шалгарсан оюутнуудад цаг товлон видео ярилцлагад оруулдаг.

Энэхүү ярилцлагын цагийг и-мэйл рүү чинь мэдэгддэг тул 5 сараас хойш 6 сарын дунд хүртэл өдөр бүр бүртгэлтэй и-мэйлд чинь захиа ирсэн эсэхийг шалгаж байх шаардлагатай. Заримдаа захиа нь INBOX, SPAM-ын аль нэгэнд ирчихсэн байдаг тул алдаа гаргахгүйн тулд бүгдийг нь шалгаж байгаарай.

Зарим хүмүүс "Бүртгүүлсэн и-мэйлийнхээ нууц үгийг мартчихлаа" эсвэл "Ярилцлагын цаг товлогдоод и-мэйл ирснийг харалгүй өнгөрөөсөн байна", "Хөдөө сүлжээгүй газар явж байгаад ирэх үед тэтгэлгийн ярилцлагаас хэдийн хоцорчихжээ" эсвэл "Цаанаас явуулсан и-мэйлд заасан хугацаанд хариу өгөөгүй тул тэтгэлгийг нь өөр хүнд шилжүүлсэн байна" гэх зэрэг асуудал ярьж бүх зүйлс болоод өнгөрсөн хойно халагладаг.

Энэ бол зөвхөн тухайн хүний өөрийнх нь хариуцлагын асуудал учир бүх зүйлсдээ хариуцлагатай байгаарай. Яг энэ үеэр амралт, аяллаа зохицуулаарай.

Хэдийгээр БНХАУ гадаад оюутнууддаа хэзээ хилээ нээх нь тодорхойгүй байгаа ч гэлээ, хэрэв тэтгэлэгт өрсөлдөөд тэнцчих юм бол үнэгүй онлайнаар суралцах боломж бий. Гэхдээ онлайнаар суралцах тохиолдолд Хятадын банкны карт байхгүй учир оюутнууд сарын амьжиргааны тэтгэлгийг авах боломжгүй байх болно. Одоогоор Хятад улс гадаад оюутнууддаа хилээ хаагаад хэдийн 2 жил болж байна. Энэ хооронд хуучин оюутнууд төгссөн. Шинээр элссэн оюутнууд онлайнаар суралцаж байгаа билээ.

Миний таних олон оюутнууд Шанхайн А тэтгэлэг авч суралцаж байгаа. Та ч гэсэн хүссэн тэтгэлгээ авч Шанхай хотод өөрийн биеэр ирж суралцах болтугай гэж хүсэн ерөөе.

Амжилт хүсье!

Асуух асуулт байвал сэтгэгдэл хэсэгт үлдээнэ үү.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn