Б.Баяржаргал: Математикийг заавал сур гэж шахахын өмнө тоо бодоход гоо сайхан байдаг гэдгийг мэдрүүлчих

Сургуулиуд яагаад хүмүүсийн хамгийн хэцүү гэж боддог математикаар шалгалт авдаг вэ, хүүхдүүдийг математикт дуртай болгох боломжтой юу гэхчилэн математикийн хичээл тойрсон асуултын хариуг Монгол Улсын математикийн салбарын сор болсон багшаас тодруулан ярилцсанаа хүргэе.
Б.Баяржаргал: Математикийг заавал сур гэж шахахын өмнө тоо бодоход гоо сайхан байдаг гэдгийг мэдрүүлчих
MIGMARSUREN

Хаврын хаварт эцэг эхчүүд сайн багш, чанартай сургалтын эрэлд морддог. Учир нь нэг хэсэг нь Элсэлтийн ерөнхий шалгалт өгч их дээд сургуульд элсэх бэлтгэл хийдэг бол мөн цөөнгүй нь бага ангиас дунд ангид, дунд ангиас ахлах ангид дэвшин суралцах, ингэхдээ чанартай сургуульд шилжин суралцах нь олон. Сургалт сайтай сургуулиуд голчлон математик суурьтай, англи хэл дагалдсан шалгалтыг авч заншсан. Сургуулиуд яагаад хүмүүсийн хамгийн хэцүү гэж боддог математикаар шалгалт авдаг вэ, хүүхдүүдийг математикт дуртай болгох боломжтой юу гэхчилэн математикийн хичээл тойрсон асуултын хариуг Монгол Улсын математикийн салбарын сор болсон багшаас тодруулан ярилцсанаа хүргэе. Энэ хүн бол Математикийн багш нарын улсын олимпиадын таван удаагийн аварга “Олонлог” сургуулийн зөвлөх багш Б.Баяржаргал. Улсын хэмжээнд математикийн олимпиадад таван удаа түрүүлсэн хоёрхон багшийн нэг нь юм.

-Математик яагаад чухал вэ гэдгийг та хүмүүст, ялангуяа математикаас бэрхшээдэг хүүхэд залууст ойлгомжтой байдлаар тайлбарлана уу?

-Оюун ухаан гэдэг маш том эрдэнэсийн уурхайн эзэн нь хүн өөрөө байдаг боловч энэ баялгийг маш бага, зарим тохиолдолд огт ашигладаггүй нь харамсалтай. Энд би баялаг гэдэг үгийг шууд утгаар нь хэлж байгаа юм шүү. Оюун ухаан гэсэн маш том эрдэнэсийн уурхайгаас хангалттай сайн ашиг олборлохын тулд хүн уураг тархиа маш зөв хөгжүүлэх шаардлагатай. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал буюу дижитал, цахим хувьсгалын эрин хэдийнээ эхэлсэн. Хүний оролцоогүй буюу хүний оролцоо туйлын бага үйлдвэр, хөдөө аж ахуйн ферм, үйлчилгээ, тээврийн хэрэгслүүд бий болж, цоо шинэ материалууд амьдралд нэвтэрч, нано болон биотехнологи, анагаах ухаан үсрэнгүй хөгжсөнөөр хүний амьдрах орчин эрс өөрчлөгдөнө гэж үзэж байна. Ийм эрин үед монголчууд хэрхэн урагшлах вэ гэдэг асуулт гарнаа даа. Хүн ам олонтой Хятад, Энэтхэг зэрэг оронд дижитал эрин халгаатай бол хүн ам цөөтэй манай улсын хувьд харин ч ашигтай. Ашигтай байлгахын тулд “Монгол хүний дундаж боловсролын түвшнийг хөршүүдийнхээ элитүүдийн боловсролын түвшинтэй адил хэмжээнд хүргэх явдал юм” гэсэн гаргалгааг миний нэг шавь хэлсэн байдаг. Математикийн олимпиадад оролцож байсан хүүхдүүдээс дэлхийд алдартай компаниудад ажилладаг хүн цөөнгүй бий.

Тэдэн шиг оюуны өндөр потенциалтай хүүхэд, залуучуудыг олноор нь бий болгох ёстой. Дэлхийд алдартай компаниуд тухайн хүнийг ажилд авахдаа оюуны потенциалыг нэгдүгээрт шалгадаг. Оюуны потенциалыг математикийн шинжлэх ухаан л илэрхийлдэг учраас математик чухал байгаа хэрэг. Дараа нь мэдээж төлөвшил орно.

-Нэр хүндтэй компаниудад эрчүүд олон ажилладаг нь математикийн шалгалттай холбоотой юу. Цаашдаа оюуны өндөр потенциал шаардсан ажил мэргэжлээс эмэгтэйчүүд шахагдаж мэдэх нь ээ?

-Яг ч тийм биш л дээ. Олон улсын хэмжээнд математикийн олимпиадад оролцогчдын 20% нь эмэгтэйчүүд байдаг бол үлдсэн 80% нь эрэгтэйчүүд байдаг. Тиймээс хүмүүс математикт эрчүүд илүү гэсэн ойлголт байдаг. Шинийг эрэлхийлж бодож олох нь эрчүүдийн ажил. Түүнийг нямбайлж эмх цэгцэд оруулж алегритмаар ажиллуулахад эмэгтэйчүүд илүү байдаг. Тиймээс хүйсийн ялгаагүйгээр математикийн шинжлэх ухаанд суралцах хэрэгтэй. Хэцүү гэж битгий ухар, дургүй байсан ч ханцуй шамлаад ор гэж хэлмээр байна.

-Математикийн шинжлэх ухаан гэхээр мэргэжлийнхэнд л хамаатай мэт, эсвэл хэтэрхий өргөн агуулгаар ойлгогдох байх. Хүүхдүүдийг математикийн хичээлд дуртай болгохын тулд юу хийх ёстой бол?

-Бодлого бодох гоо сайханд сургах хэрэгтэй.

-Бодлого бодох гоо сайхан гэж байдаг хэрэг үү?

-Уран зураг үзэх, сайхан хөгжим сонсох, сайн кино үзэх зэрэгт сэтгэл хөдөлдөг шиг математик, физик, химийн шинжлэх ухаанаас таашаал авах зүйл маш их бий. Тэрхүү гоо сайхныг багш нар өөрсдөө мэдэрч, дурлаж байж хүүхдүүдийг түүнд дурлуулах юм. Хүүхдүүдийн сэтгэхүйд багаас нь “Математик хэцүү” гэсэн хана босгочихдог. Муу мэдээлэл тархинд хүрчихсэн байдгаас айдас үүсэж, хүүхдүүд математикаас халгадаг. Ер нь бол математик хамгийн амархан хичээл шүү. 0-9 хүртэлх аравхан цифр, нэмэх, хасах, үржих, хуваах гэсэн дөрөвхөн үйлдэл л математикт бий. Эдгээрийг дүрмийн дагуу тоглоомд оруулахыг тоо бодох гэдэг. Тоо бодох дүрэм нь хөзрийн долоог наймаар дарна гэдэг шиг л энгийн бөгөөд тодорхой дүрэм шүү дээ.

-Яг ч тийм амархан, тодорхой биш санагддаг. Өгүүлбэртэй бодлого бодохоос эхлээд бэрхшээх зүйл их шүү дээ?

-Өгүүлбэртэй бодлого бодож чадахгүй байна гэдэг монгол хэлдээ л муу байна гэсэн үг. Өгүүлбэртэй бодлогыг эцэг эхчүүд болон хүүхдүүд шууд тоог нь бодох гээд дайраад байдаг. Гэтэл өгүүлбэрт өгсөн агуулгаа эхлээд ойлгох хэрэгтэй. Дараа, дараагийн нөхцөлийг төсөөлөөд зураглал хийх, график гаргах байдлаар өгүүлбэрийг ойлгох хэрэгтэй. Энэ бол бодлого бодох ажлын 50% юм. Ингэхгүйгээр шууд бодоод эхэлдэг. Ер нь бол амьдрал тэр чигээрээ бодлого юм шүү дээ. Зээл авах, төлөхөөс эхлээд цалин хөлсөө зөв зарцуулах гэхчилэн хүн амьдралынхаа турш бодлого бодоод л яваад байдаг.

-Таны хэлж байгаагаар хүн болгон математикч юм байна тийм үү?

-Тэгэлгүй яахав. Байгалийн ухааны хичээлүүд, тэр дундаа математикийг хүмүүс хэзээ надад хэрэг болох юм бэ гэсэн арилжааны сэтгэхүйгээр ханддаг. Гэтэл алхам бүрд математикийг ашиглаад амьдарч байдаг.

-Оросын нэгэн сурган хүмүүжүүлэгчийн “Хүн болгон математикч болохгүй ч эцэг эх болно” гэдэг үг бий. Харин одоо бол энэ үгийг хүн бүр эцэг эх болохын адил математикт суралц, амьдралд тань хэрэг болно гэж хэлмээр юм уу?

-Хүн жолооч ч бай, математикч ч бай, эцэг эх болно гэдгийг битгий март гэсэн үг л дээ. Зарим хүн буруу өнцгөөс мушгиж, математикийг үгүйсгэх байдлаар хэрэглээд байгаа болохоос буруу үг биш. Математикийг заавал сур гэж шахахын өмнө тоо бодоход гоо сайхан байдаг гэдгийг мэдрүүлчих хэрэгтэй байгаа юм. Тэгвэл хүүхэд аяндаа математикаас аз жаргалыг мэдэрч, математикт дуртай болно. Тэр аз жаргалд хөтлөгч нь багш нар байх юм.

-Багш нар дотор маань тэр аз жаргалыг тан шиг мэдэрсэн нь хэр олон бол?

-Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд багшийг чанарын маш доогуур түвшинд бэлтгэж байгааг үгүйсгэхгүй. Адилхан багш байж ингэж хэллээ хэмээн дургүйцэх хандлага байдаг л юм. Гэвч энэ үнэн юм чинь яахав. Энэхүү бэрхшээл бол нийгмээс үүдэлтэй. Багшийн цалин маш бага байна. Багшийн сургуулийн элсэлтийн босго оноо асар доогуур байна. Тэгэхээр хүүхдүүд багш болохыг зорихгүй байна. Багш сайн байхын тулд оюутан сайн байх ёстой. Багш нийгэмд ямар үүрэгтэйг ганцхан гаргалгаагаар илэрхийлье дээ. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулъя гэвэл багшийн цалинг нэм.

-Яагаад?

-Хотын замын түгжрэл бол сайн сургалттай, цөөн хүүхэдтэй сургууль руу хүүхдүүдээ зөөсөн эцэг эхийн цуваа шүү дээ. Хүүхэд гэрээсээ 50 метрийн зайтай сургууль руу гүйгээд орчихдог бол замын түгжрэл, хүмүүсийн бухимдал арилна. Ингэснээр замын түгжрэлээс ч оюуны түгжрэлээс ч хөгжлийн түгжрэлээс гарна.

-Багахан хугацаанд олныг ухааруулах ярилцлага өгсөн танд баярлалаа.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn