Аристотел: Засаглалыг оношлохуй

Аливаа зүйлийг үнэлж дүгнэхээс өмнө тухайн зүйл байгаа эсэхийг лавлах хэрэгтэй. Байхгүй зүйлийг сайн муу гэж дүгнээд, сайжруулах гэж хичээгээд ямар ч нэмэргүй нь ойлгомжтой.
Аристотел: Засаглалыг оношлохуй

Өнөөдөр бидэнд амьдралынхаа эргэн тойрны олон зүйлийн мөн чанарыг лавлаж тодорхойлох шаардлага тулгараад байна. Яагаад гэхээр биднийг биет зүйлээс бүрдсэн эсвэл биегүй зөвхөн бидний оюунд оршдог зүйлс хүрээлэн байдаг. Гарт баригдаж, нүдэнд үзэгдэх зүйлсийг бид 5 мэдрэхүйгээрээ шалгах боломжтой. Харин оюуны зүйлсийг байгаа эсэх, байгаа бол байх ёстой хэмжээндээ, газартаа байгаа эсэхийг яаж шалгах вэ?

Монголын төр, удирдлага, компаниуд, менежерүүд, жирийн иргэд, ажилчид эсвэл залуучууд, хөгшчүүл муу байна, сайн байна гэж дүгнэлт хийхийн өмнө бид нэг зүйлийг бодох ёстой. Засаглал гэдэг зүйл ер нь юу вэ. Монголд байгаа юу. Байгаа бол ямар хэлбэр дүрстэй засаглал байна вэ гэж асуух нь логикийн хувьд зөв. Нэг барилга бариад л, дотор нь нэр, албан тушаал бүхий хүн суугаад л засаглал бүрэлдчихлээ гэвэл арай өрөөсгөл биз ээ.

Хэнээс юуг асуух вэ?
Бие өвдөхөөр бид эмчид очдог. Шүд бол шүдний эмч, нүд бол нүдний эмчид хандана. Машин техник эвдэрвэл механикч, мэргэжлийн засварчинд очно. Барилгын асуудал гарвал барилгын инженерээс зөвлөгөө авна. Ус алдвал сантехникч дуудна. Гутал урагдвал гуталчинд очно. Хулгайд өмчөө алдвал хуульч, цагдаад хандана. Мөнгө санхүүгийн асуудал бол эдийн засагч, санхүүч, ня-бо дээр очно. Компьютер эвдэрвэл компьютерын инженерээс тусламж хүснэ.

Улс орон, албан байгууллага, аж ахуйн нэгж ч мөн адил асуудлаар дүүрэн. Хүн олноор бөөгнөрч, хотууд үүсэж, эдийн засаг нийгмийн хамаарал улам нягтаршиж гүнзгийрэх тусам “асуудал” улам нарийсаж, олон төрөл салааг үүсгэнэ. Түүнийг дагаад бас мэдлэгийн салбар, шинжлэх ухааны салбар, философийн салбар нарийсаж, гүнзгийрнэ.

Хүний амьдрал аар саар, том жижиг асуудлаар дүүрэн. Тиймээс асуудал мэдлэг үүсэх шалтгаан (raison d’être) болжээ. Аз болж асуудал бүрийн ард хүний бүтээсэн мэдлэгийн салбар бий. Асуудлаа зөв таньж, оношлохын тулд тухайн асуудлыг хариуцсан мэдлэгийн салбарт хандах нь хамгийн оновчтой.

Засаглалын тухай мэдлэг хүн төрөлхтөнд үүсээд 2600 гаруй жил болж, тусгай мэргэжил болон төлөвшжээ. Эртний Грекийн философич Аристотел “Никомакын Этикс” болон “Политикс” гэсэн 2 номоороо засаглал гэж юу вэ, засаглал яах гэж байдаг вэ, сайн засаглал, муу засаглал гэж юу вэ зэрэг асуултуудад хариулсан байдаг.

Засаглал гэж юу вэ?
Аристотел онолдохдоо, аливаа нийгэм нь хүмүүсээс л бүрддэг учир ямар засаглал байх нь ямар хүмүүс байгаагаас шууд хамааралтай гэжээ.

Тэрээр бүх хүмүүсийг байгаа мөн чанараар нь 4 ерөнхий бүлэгт хуваав.

  1. The Virtuous (The Virtue буюу эрдэм) буюу эрдэмтэй, ёс суртахуунтай, журамтай хүмүүс. Эрдэм гэдгээр тунг нь тааруулах, хатуужил, шударга (justice), цэцэн (wisdom), тэвчээр зэрэг ёс суртахууны чадваруудыг хэлсэн. Эдгээр хүмүүс бол аливаа зүйлийг ядаж цөхөх зүйлгүй хамгийн сайн хийж чаддаг нийгмийн охь болсон, зөвийг эрхэмлэгч, өөрийгөө засаглагчид (self-governed, self-disciplined, self-righteous). Тэд нийгмийн, аливаа нэг бүлэг хүмүүсийн цөөнх байдаг.

  2. The Continent буюу муугаас зайлсхийж сайныг хийхийг хичээдэг, эрмэлздэг ч үр дүн нь сайн муу ээлжилдэг хэсэг хүмүүс. Эдгээр хүмүүс нь Аристотелийн тодорхойлсноор зөвийг эрхэмлэгч, “өөрийгөө засаглагч” байхыг эрмэлздэг. Тэдэнд хуулийн дэмжлэг хэрэгтэй.

  3. The Incontinent буюу муугаас зайлсхийхийг хичээдэг ч эцэстээ шантарч муугаасаа салж чаддаггүй, эрдэм, ёс суртахуун сул хүмүүс.

  4. The Vicious (The Vice) буюу мууг мэдээд, хүсээд, төлөвлөж хийдэг ба түүнээсээ таашаал авдаг хүмүүс. Тэд бас нийгмийн, аливаа нэг бүлэг хүмүүсийн цөөнх байдаг.

Нэгдүгээр бүлгийн эрдэмтэй, ёс суртахуунтай хүмүүсээр удирдуулсан засаглалын хэлбэрийг тэрээр “Сайнуудын засаглал буюу “Аристокраси” (Aristocracy гэдэг нь эртний Грек хэлээр Аристо=хамгийн сайн Краси=засаглал) гэж нэрлэсэн. Аристократууд аливаа нийгмийн охь, цөм байх ба тооны хувьд цөөн байдаг. Аристократууд дундаасаа хамгийн сайн, шилдгээ ёс суртахууны билэг тэмдэг болгон сонгож удирдуулах засаглалыг Монарки (Monarchy=Rule by the best буюу үндэстний удирдагчийн засаглал) гэж нэрлэсэн.

Харин хоёр, гуравдугаар бүлгийн хүмүүс нийгмийн дийлэнх олонхыг эзэлдэг учир Демокраси буюу олонхын (Ардчилал) гэжээ (Democracy гэдэг нь эртний Грек хэлээр Демо=ард түмэн, олонх, краси=засаглал, ард түмний засаглал). Энэ бүлгийн хүмүүсийн эрдэм, ёс суртахууны хэм хэмжээ нийт нийгмийн дунджийг тодорхойлох учир дундаж анги, дундаж давхарга зэрэг эдийн засаг нийгмийн ойлголт эндээс үүсжээ.

Аристотел хамгийн сайн засаглалын талаар:

-Удирдагчийн засаглал+сайнуудын засаглал+олонхын засаглал гэсэн 3 холимог засаглалаас аливаа нийгмийг тэнцвэртэй бүрдүүлсэн нөхцөлд л засаглал жинхэнэ утгаараа орших боломжтой. Тэгж чадаагүй нөхцөлд засаглал хэт нэг тал руу хэлбийн, цаашлаад ялзран доройтож, олон тохиолдолд амин хувиа хичээгчдийн хөлжих хэрэгсэл болдог тухай анхааруулсан. Тиймээс дээрх 3 засаглалын хэлбэрийг тэнцвэртэй хадгалж, ялзран доройтохоос сэргийлэхийн тулд бүтээсэн институц нь төр юм. Төр нь тэгэхээр засаглалын институт. Ямар төр байгааг ойлгохын тулд тэгэхээр засаглалын хэлбэрийг ойлгох шаардлагатай.

“Удирдагчийн засаглал” байхгүй бол засаглал эзэнгүй, аливаа нийгэм чиглэлгүй болж, хүн болгон өөрийгөө “удирдагч” болох боломжтой хэмээн эндүүрч, нийтийн амьдралыг тамын тогоо адил болгодгийг Аристотел өөрийн амьдарч байсан цаг дор олон удаа харжээ. Жинхэнэ удирдагч тухайн нийгмийн хүслийн илэрхийлэл, эв нэгдлийн илэрхийлэл, эрдэм, мэдлэгийн илэрхийлэл, ёс суртахууны илэрхийлэл” гэж тэрээр дүгнэсэн байдаг. Харин хулгайч, хувиа хичээгч, хамгийн адгийн шаарнуудын (The Vicious — дөрөвдүгээр бүлэг) засаглалыг Tyranny буюу дарангуйлал гэж нэрлэсэн ба энэ нь удирдагчийн засаглалын ялзарсан ихэр нь юм.

Аристотел хэлэхдээ “Сайнуудын засаглал гэдэг нь тухайн нийгмийн мэдлэг боловсролтой, ёс суртахуунтай хүмүүсийн засаглал бөгөөд энэ засаглал байхгүй бол нийтийн эрх ашгийн төлөө амь биеэ зориулах засаглалын бүтэц алдагдаж, төр бол хувийн шуналын төлөө хэрэглэгдэх хувиа хичээгчдийн уурхай болдог” гэж сануулсан байдаг. Яг ийм адгийн муунуудын засаглалыг “Олигархи” гэж тэрээр нэрлэжээ.

Аристотелийн “Олонхын сайн засаглал” (демокраси) гэдэг нь мухар сүсэгт автдаггүй, ухамсартай, харийг шүтэн сөгддөггүй, жалга довын үзлээс ангижирсан үндэсний ухамсартай, ёс суртахуунтай, нийгэмшиж чадсан нийтийн эрх ашгийг дээдэлж чаддаг, хуулийн засаглалыг эрхэмлэдэг иргэдийн засаглал” гэж дүгнэсэн. Хэрэв тийм биш бол замбараагүй засаглал ноёлно.

Удирдагчийн засаглал, сайнуудын засаглал юм уу “Олонхын засаглал”-ын аль нэг нь дангаараа тогтсон төр, засаглал тогтворгүй, тэнцвэргүй, хэт нэг талыг барьсан байх учир мөхлийн замдаа ордог талаар Аристотел номдоо олон түүхэн жишээ дурджээ.

Төрийг яах гэж бүтээсэн бэ?
Аристотел “Политикс” номдоо аливаа нийгэмд хэт баян, хэт ядуу хүн олширвол төр, нийгэм, эх орон оршин тогтнох боломжгүй талаар сануулсан. Яагаад вэ гэхээр баян хүн хаана тав тух, тансаг амьдрал байна тийшээ байнга тэмүүлэх учир эх орон гэж байдаггүй. Харин ард түмэн ядуу байвал хаана амиа зогоож, амьдралаа босгох нөхцөл байна тийшээ тэмүүлэх учир бас эх орон гэж байхгүй болдог гэж сануулсан.

Тиймээс, Аристотел Никомакийн Этикс болон Политикс номоороо хүн байхын мөн чанар болон төр (засаглал) хоёрын нягт холбоог харуулжээ. “Төр гэдэг бол зөвхөн хүний сайн, сайхныг цогцлоох хүсэл дээр л тулгуурлаж, нийгмийн эрдэмтэй, ёс суртахуунтай, мэдлэгтэй хэсгийг түшиглэн хүний зөвийг дээдэлсэн цагт л оршин тогтнох боломжтой институт ба хэрэв тийм биш бол зүгээр л хулгайч, дээрэмчин, худалч адгийн хүмүүсийн засаглал болдгийг анхааруулсан.

Аристотелын хүн төрөлхтөнд сануулсан хамгийн чухал мессеж бол “Ёс суртахуунгүй бол хүн хүндээ дайсан, хонь чоно шиг болж, муу муухай нь үндэстний соёл болж төрсөн ахан дүүс адил амьдрах боломж алдагдана шүү” гэжээ.

Аристотелын алтан дундаж
Аристотелын алтан дундаж

Дундаж давхарга ба Алтан дундаж
Аристотелын 2 (Continent) ба 3 (Incontinent) бүлгийн хүмүүс бол мөн чанарын хувьд аливаа зүйлд хэт туйлшрахгүй яг алтан дунджийг барьдаг хүмүүс байдаг. Эрдэмтэй байна гэдэг нь аливаа зүйлийн 2 туйл руу хэлбийсэн бус харин алтан дунджийг барихыг хэлдэг аж.

Нийгмийн дундаж давхарга ямагт сайн сайхан амьдрахыг, бүтээхийг эрмэлзэх ба тэдэнд сайныг хийж, сайхан амьдрахад сайн төр, сайн хуулийн засаглал хэрэгтэй.

Аристотелын амьдарч байсан цаг үед Хомерын үлгэрт гардаг фантастик баатрууд, Олимпын уулан дах бүхнийг чадагч бурхад, хаад язгууртнууд нэг талд, нөгөө талд нь тэднийг шүтэн бишрэгчид, тэдний амжилт, ололт, аллага хядлагаар наадан баясагчид, өөрийн амьдралаа бусдаар шийдүүлэгчид гэсэн 2 туйлд хуваагдсан байсан. Нийгэм тогтмол 2 туйлын хооронд хөлбөрч, тогтворгүй байдалд орохгүйн тулд дундаж давхарга тэнцвэржүүлэгчийн үүрэг гүйцэтгэх ёстой ба энэ тэнцвэр эрдэм, ёс суртахуун дээр тогтох ёстойг Аристотел анх номдоо онцолсон.

Орчин үеийн нийгэмд дан ганц төр бус компаниуд, ашгийн бус нийгмийн байгууллагууд зэрэг олон төрлийн төр, хувийн болон олон нийтийн институтүүд бий болсон ба эдгээр нь бас л засаглалын институт юм. Төр сайн менежер үү, компани сайн менежер үү гэсэн асуултад ямар засаглал байгааг тодорхойлсны дараа л хариулах боломжтой. Эцсийн эцэст төр ч бай, хувийн хэвшлийн компани ч бай, ямар хүн байгаагаас хамааран эцсийн үр дүн өөр өөр байх нь тодорхой.

Талх хийхэд нарийн боовны мэдлэг хэрэгтэй. Мэдлэг тааруу бол эцсийн бүтээгдэхүүн талх тааруу л байна. Үүнтэй адил нийгэм, төр, компани болж бүтэхгүй байна, хүн тогтохгүй байна гэвэл засаглалын мэдлэг болж бүтэхгүй байгааг илтгэнэ. Засаглалын хямрал нүүрлэснийг илтгэнэ хэмээн Аристотел бичжээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn