SARS-CoV-2 вирус лабораторид бүтээгдсэн үү?

Анх 2019 онд Хятадын Ухань хотод SARS-CoV-2 вирус бүртгэгдэж, дэлхий дахинд цар тахал болон тархсанаас хойш одоог хүртэл уг вирусийн гарал үүслийг тодруулах эрэл хайгуул үргэлжилсээр байна. Тэгвэл энэ хайгуулын үеэр SARS-CoV-2 вирустэй нэн төстэй шинэ төрлийн вирусийг Лаос улсаас илрүүлжээ.
SARS-CoV-2 вирус лабораторид бүтээгдсэн үү?
DE AGOSTINI PICTURE LIBRARY

Цар тахал Ухань хотоос эхэлсэн учраас вирусийн гарал үүслийг эндээс хайх нь зөв. Иймээс вирусийн гарал үүслийг тодорхойлох зорилготой судалгааны төслүүд Хятад болон түүний хөрш зэргэлдээ бүс нутгуудад идэвхитэй өрнөж байна. Эдгээрээс вирусийн гарал үүслийг тогтооход чухал ач холбогдолтой хоёр ч судалгааны өгүүлэл Nature сэтгүүлд хэвлэгдэхээр хяналтын шатандаа явж байна.

SARS-CoV-2 вирусийн халдвар нь цар тахал болж дэлхий дахинд тархсан гол шалтгаан нь уг вирус хүний биеийн ихэнх эсийн гадаргуу дээр байрлах ACE-2 рецептортой холбогдон халдварлах чадвар нь маш өндөр байгаатай холбоотой. Үүнийг зарим судлаачид хүн төрөлхтний дунд цар тахал тараах зорилгоор лабораторид тусгайлан бүтээсэн учраас халдвар халдварлах чадвар ийм өндөр байна гэж хардах шалтгаан болдог. Гэтэл ACE-2 рецептор нь хүнээс гадна бусад төрлийн сүүн тэжээлтэн амьтдын эсүүдэд ч байдаг. Үүнээс шалтгаан вирус байгаль дээр үүссэн эсвэл лабораторид бүтээсэн гэх маргаан дэгдээд байгаа юм.

Тэгвэл саяхан Францын Пастерын судалгааны хүрээлэн (Pasteur Institute) болон Лаос улсын эрдэмтэд Лаосын хойд хэсэгт байрлах агуйн сарьсан багваахайгаас SARS-CoV-2-тэй маш төстэй вирус илрүүлсэн тухайгаа мэдээлсэн байна. Тэд нийт 46 өөр зүйлийн 645 сарьсан багваахайгаас цус, шүлс, өтгөн, шингэнээс авч шинжлэхэд 3 өөр төрлийн вирус илэрсэн ба эхний хоёр вирусийн удмын мэдээлэл нь SARS-CoV-2 вирусийн удмын мэдээлэлтэй 95% нь тохирч байсан бол нөгөө вирусийн удмын мэдээлэл нь SARS-CoV-2 вирусийн удмын мэдээлэлтэй 96.8% нь ижил байгааг тогтоосон байна. Мөн эдгээр вирусүүдийн хүнд халдварлах чадварыг судлахад цар тахлын эхний үед Ухань хотод тархсан вирустэй ижил түвшин буюу хүний биед шууд халдварлах боломжтой байгааг тогтоосон байна.

Өнгөрсөн жил буюу 2020 онд судлаачид Хятадын баруун өмнөд нутагт SARS-CoV-2 вирустэй 96.1% ижил удмын мэдээлэл бүхий вирусийг илрүүлж байсан бөгөөд түүнээс хойш ийм төрлийн өөр вирус илрүүлээгүй байсан юм.

Австралийн Сиднейн Их Сургуулийн профессор Эдвард Холмс хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэхүү судалгааны үр дүн маш чухал ач холбогдолтой болохыг онцлон дурдаад “Миний бодлоор эдгээр вирусийг одоогоор зөвхөн сарьсан багваахай, панголиноос илрүүлээд байгаа боловч байгаль дээр тийм байх боломжгүй. Учир нь ихэнхи хөхтөн амьтанд ACE-2 рецептор бий. ACE-2 рецептортой холбогдон халдварлах боломжтой вирус аль нэг хөхтөн амьтнаас олдсон бол бусад хөхтөн амьтдаас ч илрүүлж болно гэж таамаглаж байгаа. Одоогоор бусад төрлийн амьтдаас дээж авч амжаагүй байгаа учраас л илрүүлж чадаагүй байна” гэжээ. Түүнийхээр SARS-CoV-2 вирустэй маш төстэй вирусүүд байгаль дээр олдсон нь SARS-CoV-2-ийг лабораторид бүтээсэн гэх таамаглалыг үгүйсгэх нотлох баримт болж байгаа юм.

Мөн Хятадын Анагаах Ухааны Академи болон Бээжингийн Анагаах Ухааны холбооны Коллежийн судлаачид SARS-CoV-2 вирусийг лабораторид бүтээгээгүй гэдгийг нотлох өөр өөр нэгэн судалгааны үр дүнг танилцуулсан байна. Тэд 2016 - 2021 оны хооронд Хятадын өөр өөр бүс нутагт дахь 701 байршилд байх төрөл бүрийн сарьсан багваахайгаас цуглуулсан 13,000 дээжид шинжилгээ хийсэн байна. Тэд мөн судалгаандаа Уханьд анх халдвар гарсны дараа халдварын эх уурхай гэж нэрлэгдэх болсон хүнсний захаас цуглуулсан дээжийг ч шинжилгээнд оруулсан байна. Судалгааны үр дүнгээр цөөн тооны SARS-CoV-2 вирустэй төстэй вирус илэрсэн байна.

Иймээс тэд Хятадын нутаг дэвсгэрт SARS-CoV-2 вирустэй төстэй вирусүүд цар тахлаас ч өмнө маш цөөн тоогоор боловч оршин байсан гэж дүгнээд байгаа юм. Гэхдээ вирусийн гарал үүслийг тогтоохын тулд цаашид илүү нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай байна гэж үзжээ. Тэд хоёр өөр төрлийн вирус нэг амьтанд нэгэн зэрэг халдварласнаар тэдгээр вирусүүд нь удмын мэдээллээ солилцох (viral recombination) маягаар өөрчлөгдөн хувьсах үед SARS-CoV-2 вирус үүссэн гэж таамаглаж байна.

Эх сурвалж: Nature Portfolio Journal - Article 1, Article 2

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn