2022 оноо Асралт хайрханд бараалхаж эхлүүлсэн тэмдэглэл…

2022 оноо Асралт хайрханд бараалхаж эхлүүлсэн тэмдэглэл…

Хүн бүр шинэ оныг тухайн жилийн эхлэл учир утга учиртай, өөртөө таатай зүйлсийг хийж эхлүүлдэг нь бараг л уламжлал болсон зүйлсийн нэг билээ.

Миний хувьд аливаа зүйлсийн эхлэлийг маш чухал гэж үздэг учир утга учиртай, өөрөө дуртай зүйлийг хийж эхлүүлэхийг чухалчилдаг тул 2022 оноо дуртай зүйлээ хийж эхлүүлэхээр шийдэж Хайрхан аялагч клубынхээ хамт олонтой уулчдын босго хайрхан хэмээн нэрлэгддэг Хан Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрханд бараалхаж оны эхний өдрийн нарыг сүрлэг сайхан өндөр уулаас клубынхээ хамт олонтой харж байгалийн сайхан эрчим энергитэй нэгдэн эхлүүлсэн маань хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамж байсан.

Манай клубын авиралт зохион байгуулсан ахлагч Энхбат хөтөлбөрөө 2022 оны 01 сарын 01-ний шөнийн 02 цагт цуглаад УБ хотоос явахаар зарласан тул авиралт хийх хүмүүс маань цуглаж 4 фургонд хуваагдан суугаад оны эхлэлээ дуртай зүйлээ хийж эхлүүлж буй учир бүгд баяр хөөртэй, эрч хүч дүүрэн оноо угтаж шөнөжин явсаар өглөөний 08 цагт алхалт эхлэх цэгтээ очсон.

Бид 5 цаг гаруй замдаа явсан. Замын нэлээд хэсгийг голын мөсөн дээгүүр явдаг тул голын зарим хэсэг гүйцэд хөлдөөгүй цөмөрч байсан тул тойрч замгүй газраар явах гэх мэтээр явсан тул цаг их зарцуулж байсан.

Миний хувьд замын ихэнх хугацааг фургондоо унтаж явсаар өглөө зорьсон газраа ирээд бөөндөө алхах хувийн бэлтгэлээ базааж хувцсаа зузаалж өмсөж хадаасаа зүүж, цасны хамгаалалтын түрийгээ өмсөх гэх мэт бэлтгэлээ хийгээд алхалтын ахлагчийн зааврын дагуу цуваанд орж нийт алхах хүмүүсийнхээ тоогоо гаргаад 29-үүлээ авиралт зохион байгуулж буй багийн ахлагчийнхаа араас цуваанд орж алхаж алхалтаа эхэлцгээх мөч маш сайхан байсан.

Хичнээн хүйтэн байсан ч гэсэн дуртай зүйлээ явж байгаа бид шуурч буй хүчтэй салхи цасны өөдөөс нүүрний хаалт/ваф/, салхины шилээ зүүгээд өөрсдийнхөө дотоод ертөнцөд өөрсөдтэйгээ ярилцаад л өөрсдийн жинхэнэ мөн чанартай холбогдох мэдрэмж ямар гоё байсан гээч…

Миний хувьд Асралт хайрхандаа 2 дахь удаагаа бараалхаж байгаа учир ямар замаар хэрхэн алхдагаа мэдэж байсан учир эхний оргил өөд бие болоод сэтгэлзүйн бэлтгэлтэй таяг, уулын хадаас гэх мэт хувийн бэлтгэлээ сайн хангасан байсан учир ажрахгүй эхний оргилдоо гарч чадсан ч 2 дахь оргил руу мацах нь цас ихтэй, салхитайд алхаж байсан учир өөрийгөө шахаж өөртэйгөө удаан ч гэсэн урагш алхаад байгаарай гэж ярилцах гэх мэтээр өөртөө хүч өгч өгссөөр байсан. Бусад хүмүүсийн хувьд ч гэсэн уулын оргил өөд мацаж байх үедээ өөртэйгөө ярилцаж өөрийн жинхэнэ мөн чанартай холбогддог хамгийн гоё үе байдаг гэдэгт эргэлзэхгүй байна.

Алхаж байх явцад 1 гутлын маань хадаас хэд хэдэн удаа мултарч цасан дотор унасныг мэдэхгүй алхаж байхад танихгүй ч гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүс хадаас нь уначихлаа аваарай гээд 3 удаа авч өгсөн. Тэдгээр сайхан сэтгэлт хүмүүстэээ баярлалаа.

Цас маш их байсан учир хадаасгүй бол гулгаад байсан тул хадаасаа 2, 3 удаа хүчтэй салхитай үед өмсөх бас нэгэн хөөрхөн сорилт байсан. Бид 3 цаг орчим салхи сөрөн алхсаар оргилд гарч ирэхэд оргил дээр салхи маш хүчтэй байгаа гэж төсөөлж байсан ч маш намуун салхигүй, нартай сайхнаар хайрхан маань хүлээж авсанд маш их талархал дүүрэн мэдрэмжтэй байсан.

Хайрхандаа бараалхаж өнгөрсөн оны маань ажил үйлсийг бүрэн дүүрэн, эрүүл саруул эрч хүч, бүтээмж дүүрэн он байсанд талархаж энэ оны ажил үйлсээ залбирч даатган будаа, чанаж явсан цайны дээжээ өргөн бараалхаж уулын оргилоос харагдах үзэсгэлэнт байгалийг бахархал дүүрэн тойрч хараад клубын гишүүдээрээ болон бусад хайрханд бараалхаж байсан хүмүүстэйгээ, найзуудтайгаа дурсамжаа бататгасан хэд хэдэн зураг хамтдаа авахуулаад нэлээд хүйтэн байсан тул хайрхандаа сайхан хүлээж авч хамаг сайхан үзэсгэлэнгээ дэлгэн угтсанд чин сэтгэлээсээ талархан бууцгаасан.

Бууж байх явцад маш хүйтэн салхитай байсан тул бээлнийий цаанаас гар нэвт даарч таяг барихад бээрч байсан тул гар маань хөлдчих вий гэж өөрөө эвтэйхэн дулаацуулж клубын хамт олонтойгоо хальтирахаас болгоомжилж алхсаар уулын нөмөрт ирж арай тайвширч урт амьсгал авч тайван алхах үнэхээр сайхан мэдрэмж байсан.

Өвлийн ид хүйтэн үеэр Богд ууландаа л алхдаг миний хувьд Асралт хайрхан руу алхах бас нэгэн шинэ содон мэдрэмж, сорилт байсан.

Алхсаар фургонууд дээрээ ирэхэд биднийг клубын гишүүн Цэдэндамба гадаа хээрийн банштай хийж угтсан нь үнэхээр сэтгэл дүүрэн гоё мөч байв. Нэлээд даарч бас дээр нь бүх хувцас маань хөлсөнд норсон байсан учир бид хувцсаа сольж хуурай хувцсаа өмсөөд хэсэг хугацаанд фургондоо сууж дулаацаад тун удалгүй банштай цай маань болж банштай цайгаа амтархан идэцгээж суусан нь аяллын маань дахин давтагдашгүй мартагдашгүй мөчүүдийн нэг мөнөөсөө мөн.

Хүйтэнд гадаа гал дээр амттай банштай цай, халуун вино хийж биднийг дулаацуулж дайлсан сайхан сэтгэлтэй хүмүүстээ баярлалаа.

Бид 3 цаг болж байхад банштай цайгаа идэж халуун виногоо уугаад УБ хотынхоо зүг бүгд хайрхандаа бараалхах оны эхний зорилгоо амжилттай биелүүлээд сэтгэл дүүрэн буцаж урьд шөнө нь унтаагүй, мөн хүйтэнд алхаж ядарсан гээд фургондоо унтацгааж зарим нь хоорондоо хөгжилдөцгөөж явсаар орой 20 цаг өнгөрч байхад хотд ирснээр бидний оны эхний аялал маань Хүйтэн салхитай, мэдрэгдэх хүйтэн -40C байсанч амжилттай, хөгжилтэй өндөрлөсөн.

Байгаль дэлхийтэйгээ ойр өнгөрүүлсэн цаг мөч бүхэн бидэнд хамгийн их үнэ цэн, сургамж, дурсамжийг бүтээх боломжийг үргэлж олгодог.

Тэр дундаа ууланд алхах хувь хүнийг өөртэйгөө ойртож өөрийн дотоод ертөнцөөр давхар аялж өөрийгөө шахаж урагшлах, тэвчээртэй байхад суралцах гэх мэт тоочоод баршгүй олон хичээлийг бидэнд заадаг юм байна гэсэн мэдрэмжийг өнгөрсөн жилээс хойш Асралт хайрхан, Мөнх Сарьдаг хайрхан гэх мэт хайрхануудад алхаж үзсэнээс хойш бага багаар ойлгож өндөр ууланд авиралт хийж буй хүмүүсийн тэвчээр, хичээл зүтгэл бүрээр маш их бахархах сэтгэл төрж улмаар бусад өндөр уулсдаа бараалхаж уулчдын өөрийгөө сорьж юутай ч зүйрлэшгүй үнэ цэнтэй сургамж, дурсамжуудыг суралцана гэсэн зорилт маань илүү тодорхой болсоор…

Sponsored content 

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn