Хуулийн цоорхой: "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай" хуулийн төсөл

"Чин сэтгэл" гэж хуулийн нэр томьёо байж болох уу. Чин сэтгэлийг хэмжиж болох уу?
Хуулийн цоорхой: "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай" хуулийн төсөл

Өнгөрсөн 5 дугаар сарын байдлаар УИХ-ын тамгын газарт нийт 12 хуулийн төсөл өргөн мэдүүлснээс 11 нь нэмэлт, өөрчлөлт оруулах 1 нь шинээр батлагдах хуулийн төсөл байна.

Эдгээр нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн төслүүдээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн дагалдах хуулийн өөрчлөлт болох Прокурорын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь олон нийтийн анхаарлыг татаж, цахим орчинд хүчтэй хэлэлцүүлгүүд өрнөөд байгаа билээ.

Үүнээс гадна бас нэг хуулийн төслийг бид анхаарах хэрэгтэй байгаа юм.

Шинээр батлагдах хуулийн төслийн тухай

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Д.Тогтохсүрэн, С.Чинзориг нар "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай" хуулийн төслийг санаачлан өргөн барьжээ.

Уг хуулийн төсөл 6 бүлэг 19 зүйлтэй бөгөөд төрийн албан хаагчийн ёс зүйн харилцааны нийтлэг асуудлууд буюу:

  1. Ёс зүйн хэм хэмжээ, зөрчил, хариуцлагын талаарх ёс зүйн харилцааны ойлголт, нэр томьёо

  2. Бүх төрийн албан хаагчид адил үйлчлэх ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг тогтоож, албаны чиг үүргийн онцлогтой уялдуулан дагаж мөрдөх ёс зүйн тусгай шаардлага, хэм хэмжээг энэ хуульд нийцүүлэн төрөлжсөн бусад хууль тогтоомжоор тогтоох

  3. Үндсэн хуулийн зарчим, үзэл санаа, нийгмийн үнэт зүйлсээр тодорхойлогдох эрхэмлэх зан үйл, зөв явах зан байдал, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээ, үнэт зүйлсэд тулгуурлан төрийн албан хаагчийн эрхэмлэх үнэт зүйлс, ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг тогтоох зэрэг тодорхой асуудлуудыг хөнджээ.

Хууль санаачлагчид "Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар хууль, дүрэм цөөнгүй, хуулиар эрх олгосны дагуу дүрмээр ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, хариуцлагын төрөл, хэмжээг тогтоосон боловч төрийн албаны бүх төвшинд ёс зүй, хариуцлагын арга хэмжээний үр нөлөө багатай, зохицуулалт сул хэвээр байна. Ёс зүйн дүрэм үйлчилж байгаа хэдий ч ёс зүйн зөрчил маргааныг шийдвэрлэх, сайтар боловсруулсан ёс зүйн хэм хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх, хэвшүүлэх тогтолцоо үгүйлэгдсээр байна" хэмээн үзжээ.

Уг хуулийн төсөлд Төрийн албаны зөвлөлөөр дамжуулан нийт 78 төрийн байгууллага саналаа ирүүлснийг төсөлд тусгах зарчим баримталсан хэмээн үзэл баримтлалдаа дурдсан байна.

Дэлхийн улс орнуудад төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг холбогдох хууль болон төрийн албан хаагчийн ёс зүйн кодоор зохицуулдаг. Тухайлбал:

  • Австрали улсад Төрийн албан хаагчийн ёс суртахууны зан үйлийн удирдамж,

  • АНУ, Их Британи зэрэг оронд гүйцэтгэх засаглалын албан хаагчийн Ёс зүйн зан үйлийн стандарт,

  • Канад улсад Төрийн албан хаагчийн үнэт зүйлс болон ёс зүйн код,

  • БНСУ-д Төрийн албаны ёс зүйн тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, Төрийн албан хаагчийн шударга байдлыг хангах зан үйлийн стандартыг тогтоосон байна.

ОХУ, Казахстан, Киргиз зэрэг улс орнуудад төрийн албан хаагчийн ёс зүйн кодод төрийн албан хаагчийн албан харилцаанд баримталбал зохих зан суртахуун болон хэм хэмжээг тодорхойлоод зогсохгүй удирдах албан тушаалтны зан харилцааны хэм хэмжээг тусгайлан зохицуулдаг туршлагатай байдаг аж.

Эдгээрээс харвал ёс зүйн код, дүрэм журам байдлаар зохицуулсан нь давамгай байх бөгөөд хууль батлах журмаар энэ төрлийн харилцааг зохицуулсан нь зөвхөн БНСУ байна.

Өөрчилбөл зохих асуудлууд

Энэхүү шинээр батлахаар оруулсан "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай" хэмээх хуулийн төсөлд дараах хэд хэдэн шүүмжлүүштэй асуудлыг оруулжээ.

Нэг. Үгийн сонголт, найруулга

Хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 1.1.1-т "Төрийн албан хаагч ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэх эрхэм зорилгоо ухамсарлаж",

7 дугаар зүйлийн 7.1.1-т "ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх" гэжээ.

"Чин сэтгэл" гэж хуулийн нэр томьёо байж болох уу. Чин сэтгэлийг хэмжиж болох уу?

Чин сэтгэлийг хуулиар тогтоох, хэмжих, чин сэтгэлд хариуцлага хүлээлгэх боломжгүй хийсвэр ойлголт гэдгийг анхаарах хэрэгтэй. Эндээс төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байгаа албан хаагч нарын сахилга, ёс зүйн талаарх хууль тогтоомжид хэмжиж болохуйц, шаардаж болохуйц албан ёсны үг хэллэг ашиглах шаардлагатай байгаа нь харагдаж байна.

Түүнээс гадна "чин үнэнч" гэх холбоо үг монгол хэлний тайлбар толиудад байдаггүй бөгөөд "чин үнэн" хэмээх холбоо үг л бий. Энэ холбоо үгээр огт хуурмаггүй, туйлын үнэн гэсэн утгыг илэрхийлдэг билээ.

Хууль гэдэг бол нийгмийн эм, эмчилгээ болж, буруу зүйлийг зөв голдиролд нь оруулах үүрэгтэй нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээний акт юм гэдгийг хаа хаанаа ойлгох нь зүйтэй юм.

Хоёр. Хууль зүйн талаас

Төслийн “15 дугаар зүйл. Төрийн албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэх” зүйл нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлтэй бүтэн давхцаж байна. Өөрөөр хэлбэл:

Нэгдүгээрт: Төрийн албаны тухай хуультай олон талаар давхардсан,

Хоёрдугаарт: Энэ хууль нь өөрөө Төрийн албаны тухай хуулийн “Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, эрх, хориглох зүйл” бүлэгтэй мөн утгын хувьд давхардсан байна.

Түүнээс гадна төрийн албан хаагчид ижил төстэй шалтгаанаар 2 өөр хуулиар хариуцлага хүлээлгэхээр байгаа нь цаашид гарах үр дагавраа тооцоогүй, зарим тохиолдож ялгаж, салгахад төвөгтэй, эсхүл нэг зөрчилд давхар хариуцлага ногдуулах зэрэг зөрчлүүд үүсэх эрсдэлтэй.

Энэ тохиолдол энэхүү төслийн 15 дугаар зүйлийг:

15 дугаар зүйл. Төрийн албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэх.

"15.1. Төрийн алба хаагч нь ёс зүйн зөрчилд холбогдож өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл уг хуулийн 23 дугаар зүйлд зааснаар гомдол, мэдээллийг хянан шалгаж, шийдвэрлэсэн бол Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл оногдуулна" гэж өөрчлөх боломжтой юм.

Гаднын олон улс оронд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хэрхэн зохицуулж байгаа талаар өргөн хэмжээний суурь судалгаатай хуулийн төсөл байх боловч уг агуулга, зорилгоо хөрсөнд буулгахдаа анхаарал болгоомжгүй хандсан явдал болжээ хэмээн нийтлэлчийн зүгээс харж байна.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд "Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах" гэсэн заалт бий бөгөөд үүнд төрийн албан хаагчдад хүлээлгэх сахилгын шийтгэлийг ангилж өгсөн тул ахин шинээр хууль батлах шаардлагагүй ч байж болох талтай.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хууль бол монголын төрийн байгууллагуудын суурь дархлаа болсон органик хууль юм. Энэхүү ёс зүйн хэм хэмжээг нэмэлт, өөрчлөлтөөр багтаах бүрэн боломжтой.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn