Үндсэн хуулийг өөрчлөхийн өмнө олон нийтийн дунд асуулга явуулна

-Олон нийтийн санаа бодлыг улсын хэмжээнд энэ 6 дугаар сарын 18-26-ны хооронд тандан судлах аж-
Үндсэн хуулийг өөрчлөхийн өмнө олон нийтийн дунд асуулга явуулна

Улс төрийн намуудаас санал гаргаж, УИХ дахь эрх баригч хүчин болох МАН-ын бүлэг саналаа нэгтгэснээр Үндсэн хуулийг өөрчлөхийг дэмжихээр болж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх олон нийтийн санаа бодлыг тандан судлахаар болсон тухай УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор өчигдөр хэлэлцэв. Энэ тухай УИХ-ын тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон нийтийн санаа бодлыг улсын хэмжээнд тандан судлах ажлыг 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 26-ны өдрийг дуустал зохион байгуулахаар тусгажээ.

Тандан судлах сэдвийн хүрээг хүний эрхийг Үндсэн хуулиар бүрэн хамгаалах, ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх, хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, Төрийн сүлдийг шинэчлэх 4 бүлгийн хүрээнд 11 сэдвээр нарийвчлан тогтоосон аж. Ингэхдээ нийслэл хот болон 21 аймагт хэлэлцүүлэг зохион байгуулах аж. Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах аж.

Үндсэн хуулийг баталсан ба өөрчилсөн товч түүх

Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний дараа 430 гишүүн бүхий Ардын Их Хурал 76 хоногийн турш хэлэлцэж, 1992 оны 1 дүгээр сарын 13-нд Монгол Улсын шинэ, ардчилсан Үндсэн хуулийг баталжээ. Үүнийг Монгол Улсын дөрөвдүгээр Үндсэн хууль гэдэг бөгөөд оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй. Шинэ Үндсэн хуулийг гавьяат хуульч Б.Чимид голлон боловсруулсан гэдэг.

Цаг үе, нийгмийн шаардлагаар өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэд хэдэн санал гарч, 2000 оны 12 дугаар сарын 14-нд долоон зүйлд өөрчлөлт оруулсан нь өнөөг хүртэл “дордуулсан долоо” хэмээн цоллуулдаг юм. Үүнээс хойш бүтэн 19 жилийн дараа буюу 2019 онд Үндсэн хуулийг өөрчилж чадсан юм.

Үндсэн хуульд нэмэлт оруулах төслийг боловсруулах багийг 2008-2019 онд долоон удаа байгуулж, 2011, 2012, 2015 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьж байсан ч хэлэлцээгүй. Харин хамгийн сүүлд буюу 2019 оны 6 дугаар сарын 6-нд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын өргөн мэдүүлэв. Уг төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэн 2019 оны 11 дүгээр сарын 14-нд эцэслэн баталж, тухайн өдрийн морин цагт буюу 11:40 цагаас улс даяар мөрдөж эхэлжээ.

Энэ өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн байна. Эдгээр өөрчлөлтөөр 2000 оны долоон өөрчлөлтийн зургааг нь засаж сайжруулсан гэдэг.

Гол онцлогоос дурдвал Төрийн тэргүүнийг зургаан жилийн хугацаагаар нэг удаа сонгож байхаар өөрчлөлт оруулсан юм. Мөн хуулийн 39 дүгээр зүйл 1-т “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” хэмээн заажээ. Ингэснээр олон жил ярьж, бичиж ирсэн “давхар дээл”-ийг халж, зөвхөн Засгийн газрын бодлогын чиг үүргийн дөрвөн яамыг УИХ-ын гишүүд дундаас давхар удирдаж сайдаар ажиллаж болох, бусад сайдыг парламентын танхимын гаднаас томилж ажиллуулах нөхцөлтэй болсон юм. Түүнчлэн “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө" хэмээн заасан нь Ерөнхий сайдад сайд нараа томилох, чөлөөлөх нэлээд эрх мэдэл олгосон, Засгийн газарт тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлсэн өөрчлөлт байлаа.

Энэ зун Үндсэн хуулийг өөрчилж амжих уу?

Одоогийн УИХ-д Үндсэн хуулийг өөрчлөх боломжтой хугацаа нь энэ зун, намрын хугацаа үлдэж буй. Дараагийн сонгуулийн хугацаа тулахаас өмнө амжиж 4 томоохон өөрчлөлт хийхээр тал бүрийн төлөөлөл нэлээдгүй хугацаанд хэлэлцүүлэг хийсэн билээ. Тодруулбал, сонгуулийн тогтолцоог холимог хувилбартай болгон УИХ-ын гишүүдийн тоог 100-аас дээш болгон нэмэх, гишүүд сайдын албан тушаалыг давхар хаших боломжийг нээх, Ерөнхийлөгчийг ард түмнээс биш парламентаас сонгох, Төрийн сүлдийг өөрчлөх гэсэн хувилбаруудыг эхний удаад онцолж байгаа юм. Хэрэв ард түмэн санаа бодлоо нэгтгэж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжвэл энэ зун УИХ-аар хэлэлцэж эхлэх төлөвтэй байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn