Х.Номингэрэл: Үндсэн хуулиа амьд байлгана гэдэг бид бүгдийн ажил болохоос цаас өөрөө амилахгүй

Үндсэн хууль судлаач, эрх зүйч Х.Номингэрэлтэй ярилцлаа.
Х.Номингэрэл: Үндсэн хуулиа амьд байлгана гэдэг бид бүгдийн ажил болохоос цаас өөрөө амилахгүй
Q

Та Үндсэн хуулийг ерөнхийд нь юу гэж дүгнэдэг вэ. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан депутатууд энэ тухай жил бүр дүгнэн ярьдаг. Харин өөрөө шинэ үеийн судлаачийн хувьд юу хэлэх бол?

A

-Онолын хувьд Үндсэн хуулийг тухайн улс орны иргэдийн дундын нийгмийн гэрээний илэрхийлэгдэж буй хэлбэр гэж үздэг. Ялангуяа, хүний эрх хэрхэн баталгаатай хэрэгжих, үүний тулд төр засаг яаж ажиллах, засгийн эрх мэдлийн хуваарилалт нь ямар байх зэрэг улс орны нэн чухал асуудлууд болон суурь зарчим, үнэт зүйлүүдийг тусгадгаараа нийгмийн гэрээний нэг илэрхийлэл болж байдаг. Үндсэн хууль нь иргэдийн үнэт зүйл, амьдралдаа баримталдаг зарчим, нийгмийн чухал асуудлыг аль болох тусгасан байх тусмаа илүү урт хугацаанд, амьд, холбоотой байдаг баримт бичиг юм.

Q

1992 онд баталсан Үндсэн хуульд 2000, 2019 онд өөрчлөлт оруулсан. 2000 оны долоон өөрчлөлтийг "Дордуулсан долоо" гэж хууль мэддэг, санаачилдаг, баталдаг хүмүүсийн дунд шүүмжлэгдсээр 2019 онд өөрчлөлт орууллаа. Энэ 19 жилийн хугацаанд "Дордуулсан долоо" нийгэм болоод засаглалын хүрээнд ямар үр дагавар авчирсан гэж дүгнэдэг вэ?

A

-Тухайн үед цэц дээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчлөө гэдэг маргаан эд өрнөсөн. Ингэхдээ илүү процессын үндэслэлтэйгээр яригдаж байсан. Агуулгаасаа илүү Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явцыг зөрчсөн гэдэг асуудлаар маргаан өрнөсөн. Тухайн долоон заалтыг агуулгын өнцгөөс нь харвал бүгд муу заалтууд байгаагүй. Тухайлбал, парламентын засаглалаа бэхжүүлэхэд илүү хувь нэмэр оруулах заалтууд байсан. Олны анхаарлыг татсан заалт нь “давхар дээл”-ийн асуудал юм. Бусад нь нэн тэргүүний ач холбогдолтой заалтууд байгаагүй.

Шүүхийн хараат бус байдал, сахилга бат, хариуцлагын тал дээр тодорхой алхмууд хийгдсэн. Хэдийгээр энэ асуудлыг Үндсэн хуульд оруулсан ч Шүүхийн тухай хуулиараа хэрэгжиж, амилах ёстой. Гэтэл учир дутагдалтай хэвээрээ л байна.

Х.Номингэрэл

Q

Энэ хугацаанд Засгийн газар олон удаа өөрчлөгдөж, сул хүчгүй, парламент дотроос олонх сайд нь бүрддэг, хяналтгүй явж ирсэн гэдэг шүүмжлэл байсан. Таны дээр дурдсан ”давхар дээл”-ийн асуудал ч мөн хөндөгдсөөр ирсэн?

A

-Парламентын засаглалтай орнуудад “давхар дээл”-ийн асуудлыг өргөн хүрээнд нь харвал тийм ч том асуудал биш юм. Уламжлалт парламентын засаглалтай орнуудад сайд нар харин ч парламентын гишүүн байх ёстой гэсэн үзэл баримтлал бий. Гэхдээ эдгээр орны парламентын гишүүдийн тоо олон байдаг. Харин манайх шиг парламент нь цөөхөн гишүүнтэй улсын хувьд 13, 14 гишүүнтэй харьцангуй том Засгийн газар байгуулахад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний давхцал нь асуудалтай байх тохиолдол бий. Тиймээс УИХ нь Засгийн газартаа хяналт тавих эрх мэдлээ хэрэгжүүлж чадах уу гэдэг эргэлзээ үүсдэг учраас “давхар дээл”-ийн асуудал хөндөгдөн яригддаг. Энэ заалтыг 2000 оны нэмэлт, өөрчлөлтөөр зөвшөөрсөн. Харин 2019 онд хийсэн өөрчлөлтөөр уг заалтыг дундын байр суурь буюу 4 сайд, Ерөнхий сайдтай нийлээд 5 сайд нь УИХ-ын гишүүн байж болно гэж оруулсан. Энэ бол дундын байж болох хувилбар юм.

Q

Гэтэл оны өмнөхөн УИХ-ын гишүүн Т.Доржханд, Н.Ганибал, Ш.Адьшаа нар 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр "4 сайд давхар дээлтэй байж болно” гэж тоогоор хязгаарласан нь Үндсэн хууль зөрчлөө хэмээн цэцэд хандсан байгаа шүү дээ?

A

-Би хувьдаа “давхар дээл”-ийн асуудлыг нэн тэргүүний чухал асуудал гэж яг үнэндээ бодохгүй байна. Энэ асуудал 19 жил яригдаж, 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар 4 сайд давхар дээлтэй байж болно гэж тусгасан. Нэгэнт Үндсэн хуульд ингэж орсон өөрчлөлтийг дахин хөндөж цэцэд хандсан үндэслэл ойлгомжгүй байна. Хэдийгээр нарийн процессын асуудалтай танилцаагүй ч зарчмын үүднээс үзэхэд Үндсэн хуулийн цэцийн үндсэн чиг үүрэг бол хууль тогтоомж Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянах. Гэтэл Үндсэн хуулийн заалтыг Үндсэн хуулийн үзэл санаанд нийцэж байна уу гэдэг хяналтыг цэц тавих эрхгүй. Энэ үйл явц цаашид хэрхэн өрнөхийг мэдэхгүй байгаа ч маш их эргэлзээ төрүүлж байна. Одоо үүсээд байгаа маргааны гол асуудал нь давхар дээлээсээ халиад цэц ямар бүрэн эрхтэй юм гэдэг асуудал хөндөгдөж эхэлсэн. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дүн, нөлөөг нь үзэж амжилгүй хуулиараа дахин дахин тоглоод байж болох уу гэдэг зүйл өөрөө том асуудал болж хувираад байна.

Одоо үүсээд байгаа маргааны гол асуудал нь давхар дээлээсээ халиад цэц ямар бүрэн эрхтэй юм гэдэг асуудал хөндөгдөж эхэлсэн.

Х.Номингэрэл

Suniko
Q

Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай гэж олон жил ярьж, бас хуулийн төслүүд ч санаачилж өргөн барьж байсан. Нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байсан уу гэдэг асуултыг хойш тавиад харин энэ нь сайжруулсан өөрчлөлт болж чадсан уу гэж асууя?

A

-Мэдээж тодорхой зүйл заалтыг сайжруулсан зүйл байгаа. Тухайлбал, Монгол Улс парламентын засаглалтай улс байж эв санааны нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч гэх бэлэг тэмдгийн чанартай байх албан тушаалтныг бодит гүйцэтгэх эрх мэдлүүдээр бэхжүүлсэн үйл явц 2000 оноос хойш явж ирсэн. Үүнийг тодорхой түвшинд хязгаарлах заалтууд орсон. Шүүхийн хараат бус байдал, сахилга бат, хариуцлагын тал дээр тодорхой алхмууд хийгдсэн. Хэдийгээр энэ асуудлыг Үндсэн хуульд оруулсан ч Шүүхийн тухай хуулиараа хэрэгжиж, амилах ёстой. Гэтэл учир дутагдалтай хэвээрээ л байна. Үндсэн хуульд орсон гэдэг өнцгөөс нь харвал харьцангуй дэвшилттэй алхам болсон.

Q

Нөгөө талаасаа засаглалын хувьд том эрх мэдэлтэй болсон гэж байгаа. Засгийн газар тогтвортой ажиллах боломж бүрддэггүй байсан бол одоо Засгийн газар ч хүчирхэгжиж, Ерөнхийлөгч ч 6 жилээр ажиллах боломжтой боллоо?

A

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд, сайд нараа өөрөө томилдог эрх мэдлийг нь өгсөн. Энэ бол зарчмын шинжтэй том өөрчлөлт. Өмнө нь Засгийн газар УИХ-аас дэндүү хамаарч, тогтворгүй байдаг байсныг шийдвэрлэхийн тулд Ерөнхий сайдад кабинетаа бүрдүүлэх эрхийг нь олгосноор Засгийн газар УИХ-ын барьцаанд орохоос сэргийлэх нэг шийдэл гэж харж байгаа. 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн дараа, шинэ Засгийн газар байгуулагдсан. Гэхдээ үйл явцыг нь харвал одоогийн Засгийн газар хүссэн хэмжээнд хүртэл шийдвэртэй алхам хийж ажиллаж чадахгүй байна. Ерөнхийдөө тогтвортой ажиллах Үндсэн хуулийн механизмууд нь бий болсон ч улс төрийн тогтсон соёлоос болж байна уу үр дүн нь хангалтгүй байна.

Q

Цаашид Үндсэн хуулийг өөрчлөх болов уу. Дараагийн сонгуулиас өмнө өөрчлөлт оруулж парламентыг хоёр танхимтай, 99 гишүүнтэй болгож, илүү эрх мэдэлтэй болно гэх таамаг дүгнэлтүүд явсаар байгаа?

A

-Улс төр болоод судалгааны хүрээнийхний дунд яригддаг эдгээр асуудлыг сонссон. Нэмэлт өөрчлөлт оруулах гээд байгаа хүмүүс өөрсдөө гарч ирээд, үүнийгээ тодорхой танилцуулаасай гэж хүсэж байна. Албан бус байдлаар сонсож байгаа эдгээр саналуудаас дэмжүүштэй санал ч бий. Жишээ нь, гишүүдийн тоог өсгөснөөр нэг гишүүний нөлөөг багасгах давуу талтай тул дэмжиж болмоор санал гэж хардаг. 2015 оноос эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр яригдаж байсан санаа. Харин 2 танхимтай байх үндэслэл, шаардлага олж харахгүй байна. Энэ нь ихэвчлэн холбооны улсуудад ашиглагддаг хувилбар.

Q

Хэрэв өөрчилбөл ямар агуулгыг нэмбэл, сайжруулбал зохилтой вэ?

A

-Үндсэн хууль бол парламент болгон байнга сэглээд байж болдоггүй барим бичиг юм. Тэр тусмаа Үндсэн хуулийг парламент болгон өөрчлөөд байвал, УИХ-ын гишүүдэд “хүсвэл би өөрчилчихнө” гэсэн буруу зоригийг бий болгох эрсдэлтэй.

Мэдээж өөрчилж болохгүй гэж байгаа юм биш. Ямар ч хууль тогтоомж тухайн цаг үе, нийгмийн хүсэл эрмэлзэлд нийцэх ёстой. Үндсэн хууль ч мөн адил. Энэ утгаараа өөрчилж болох боловч нэг парламентын настай Үндсэн хууль байж болохгүй. Нөгөө талдаа “гуя дагаж хүзүү” гэдэг шиг, сайн зүйл заалтыг дагаад өөр ямар заалт орж ирэх вэ гэдэг нь эргэлзээтэй хэвээр байна. Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийвэл Цэцийг бэхжүүлэх тал дээр илүү ажиллах хэрэгтэй.

Q

Цэцийн өөрчлөлтийн тухайд илүү тодруулбал?

A

-Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийг амилуулдаг байгууллага. Хүний амьдралд ач холбогдолтой, үндсэн эрхүүд нь хэрэгжиж байгаа эсэхийг баталгаажуулж өгөх байгууллага нь Цэц. Үндсэн хуулийн цэц гэж томьёолсноос болоод одоо болтол шүүхэд тавьдаг стандартыг Цэцэд тавихгүй байна. Олон улсад 2 үндсэн жишиг бий. Нэгдүгээрт, Хууль тогтоомж, төрийн албаны тушаалтны бусад үйл ажиллагаанууд Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянадаг эрх мэдлийг Дээд шүүхдээ өгдөг. Хоёрдугаарт, тусгайлан Үндсэн хуулийн шүүх байгуулдаг. Манайх энэ загварыг дагасан мөртөө Цэц гэж томьёолсон. Түүнчлэн анхнаасаа шүүгчийн шалгуур хангаагүй, хуульч биш хүмүүсээр бүрдүүлж байгаа нь зөвлөл ч юм шиг харагддаг. Цэцээс гарч байгаа шийдвэр нь хүртэл шүүхийн наад захын шаардлага хангадаггүй. Үйл явц нь ил тод биш, шүүхэд тавигддаг процессын шударга ёсны зарчмууд ч цэц дээр хангалтгүй байдаг. Тиймээс Цэцийг илүү шүүх болгоход нь чиглэсэн нэмэлт өөрчлөлтөөр дэмжих хэрэгтэй. Хүний эрх, эрх чөлөө хуулиар хангагдахгүй эсвэл шүүхээр эрхээ бүрэн дүүрэн хамгаалуулж чадахгүй байх нь бий. Тухайлбал, манайд янз бүрийн шалтгаанаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарладаг. Энэ тохиолдолд үндсэн эрхийг хязгаарлаж байна гэдэг үндэслэлээр Цэцэд маргаан үүсгэж болдог. Энэ бол Үндсэн хуулийн шүүхтэй улсуудад байдаг жишиг. Үндсэн хуулийн цэц байгаагийн нэг шалтгаан юм. Гэтэл манайд энэ хяналтын хэлбэр байхгүй. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомж, шийдвэрүүд миний эрхийг зөрчиж, надад ингэж нөлөөлж байна гэдэг байдлаар тухайн хүний шүүхэд хандах эрх үүсдэг олон улсын жишиг байдаг. Гэтэл манайд энэ хууль нь Үндсэн хуулийн тэр заалтыг зөрчлөө гэдэг байдлаар буюу тухайн хүнд холбоогүй байхад маргаан үүсгэдэг. Ийм төрлийн абстракт хяналт зөвхөн Монголд л байна. Нэг бол миний эрхийг зөрчиж байна гэж хандах ёстой. Эсвэл УИХ, Засгийн газар, орон нутгийн байгууллагуудын хооронд эрх мэдэл хуваарилах зарчим зөрчигдсөн бол хандах ёстой.

Шүүхийн процедургүй, шүүгчийн хэмжээний шаардлага хангахааргүй хуульч биш хүмүүст бид улсынхаа маш чухал хуулийн маргааныг хэлэлцүүлэхээр өгдөг. Тиймээс тэндээс улс төрийн шийдвэр гарч байгаа болохоос хуулийн шийдвэр гарахгүй байна.

Х.Номингэрэл

Q

Цэцийн гишүүдийг улираан томилдог байдал нь хүртэл тэднийг хараат шийдвэр гаргахад нөлөөлдөг гэх хардлагыг дагуулдаг шүү дээ?

A

-Нэг удаа урт хугацаанд сонгодог байя гэсэн байр суурьтай байдаг. Институтийн хувьд ямар бүтэц, томилгоо, үйл ажиллагааны хэлбэртэй байвал хараат бус байх вэ гэдэг өнцгөөс харвал томилгоо нь нэгдүгээр асуудал болдог. Цэцийн гишүүнд нас, туршлага зэрэг шалгуурыг тавьж болно. Харин дахин томилох нь хараат байх магадлалыг өсгөдөг.

Q

Үндсэн хуулиа амьд байлгахын тулд иргэдийн оролцоо ямар байх ёстой вэ?

A

-Үүнд иргэд, улс төрийн нам, эрх баригч, сөрөг хүчин, хэвлэл мэдээлэл зэрэг бүх талын оролцоо чухал. Ардчиллын чухал бүх институтүүд мөн чанараараа ажиллаж байж Үндсэн хуулийг бид бодитоор хэрэгжүүлэх юм. Гэхдээ мөн чанараараа ажиллахын тулд бид хэн бэ гэдгээ Үндсэн хуулиасаа харах ёстой. Тухайлбал, хэвлэл мэдээлэл гэхэд мэдэх эрхийн баталгаа юм. Иргэдийн мэдэх, үзэл бодлоо илэрхийлэх, сонгуульд санал өгөх, улс төрийн бүх эрхүүд үнэн зөв, олон талт мэдээлэл гэдэг маш чухал зүйл дээр суурилж байж ажилладаг. Энэ үүднээс нь харвал хэвлэл мэдээллийн мөн чанар Үндсэн хуульд байна. Тэгэхээр мөн чанараа эргэж харъя гэвэл бүгдээрээ Үндсэн хуулиа харах, түүнийгээ нэхэх байдлаар ардчилсан Үндсэн хуулиа амьд байлгана. Амьд байлгана гэдэг бидний ажил болохоос цаас өөрөө амилахгүй шүү дээ. Тухайн зарчим, үнэт зүйлсийн төлөө ажиллаж байгаа хүн бүрийн ажил нь өөрөө ардчилсан Үндсэн хуулийг амьд байлгах баталгаа юм.

Q

Эцэст нь Ардчилсан Үндсэн хуулийг 30 жилийн ой дээр нь дүгнэвэл юу гэж хэлэх бол?

A

-Үндсэн хууль хангалттай хэрэгжиж чадахгүй байгаа зүйлүүд бий. Парламентын засаглалаа сайжруулахын тулд тодорхой алхмууд хийж байгаа ч өнөөдрийн байдлаар сонгуулийн буруу тогтолцооны улмаас хэт олонхын хүч тэнцвэргүй парламентыг бүрдүүлчихлээ. Ингэснээр парламентын гишүүний ач холбогдол суларч УИХ болон улс төрийн намын харьцаанд нам нь илүү жин дарах боллоо. Гишүүд нь хүчтэй дуу хоолой болж, иргэдийн төлөөлөл байх ёстой байтал намын бодлогоор хэт бүх асуудал шийдвэрлэгддэг болсон. Хэрэв сонгуулийн тогтолцоо, намуудын жин өөр байсан бол бодлогын асуудал дээр гишүүдийн байр суурь нь илүү хүчтэй байх байсан. Харамсалтай нь одоо ийм боломж харагдахгүй байна. Бүхэлдээ нэг намын хараанд орж, төрийн дээр нам гарчихсан тогтолцоотой болж байгаа нь илүү тод болсоор байна. Мөн гүйцэтгэх эрх мэдэл маань ковид өвчнөөр далимдуулаад хүний эрхийг маш ихээр хяхан дардаг систем болж хувирсан. Одоогийн Засгийн газрын бүтэц нь нээлттэй бус, ямар ч хэлэлцүүлэг байхгүй, ил тод тайлагналгүй, ойлгомжгүй, маш чадамжгүй байдлаар ажиллаж байгаагаас болоод энэ олон хүний эрхийн зөрчлүүд үүсэж байна. Мэдээж Монгол төдийгүй дэлхий хэмжээнд анх удаа ийм том тахал гарч байгаа учраас ойлгож хүлээж авах, харзнах хугацаа бидэнд байсан. Гэтэл энэ алдаагаа дахин давтсаар байгаа нь засгийг хүний эрхийг зөрчихөд магадгүй энэ ковидыг ашиглаад байгаа мэт харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар хүний эрхийг хязгаарлах сонирхлоо ковидоор далимдуулж илэрхийлж байна. Энэ нь өөрөө Үндсэн хуулийн ач холбогдолтой асуудал бөгөөд хүний үндсэн эрхүүд үүнд хөндөгдсөөр байна. Түүнчлэн шүүхийг хараат бус, “хонгил“-гүй болгоно гэж нэмэлт өөрчлөлт хийсэн. Гэтэл шүүхийн хараат бус байдлыг хангах байгууллагаа дахиад хууль зөрчөөд байгуулчихлаа. Томилгоонууд нь мөн адил. Цэцийн хувьд ямар ч өөрчлөлт хийгдэхгүй байна. Цэцээр дамжуулаад Үндсэн хуулиараа тоглодог жишиг рүү орвол бүр аюултай болно шүү дээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn