Г.Занданшатар: Цар тахал намжиж буй ч ханиад томуунд хянамгай байцгаая

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганыг өнөөдөр нээв. Нээлтийн дараа УИХ-ын Түр хороо үргэлжлүүлэн хуралдаж ковидын нөхцөл байдлыг хэлэлцэх аж.
Г.Занданшатар: Цар тахал намжиж буй ч ханиад томуунд хянамгай байцгаая

УИХ-ын энэ оны хаврын ээлжит чуулганыг нээлээ. Чуулганы нээлтэд 7 гишүүн өвчтэй, чөлөөтэй гэсэн шалтгаанаар ирээгүй, нийт 69 гишүүн ирэх ёстойгоос 61 нь оролцжээ. Нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон сайд нар, Их Хурлаас томилдог албан тушаалтнууд оролцлоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж дэлгэрэнгүй үг хэллээ. Урин цаг наашилж, цар тахал цаашилж буй цаг үед хаврын чуулган эхэлж байгаа гэж УИХ-ын дарга тодотгов. Гэвч цар тахал томуу хэлбэрт шилжин өндөр дэгдэлттэй, эрсдэлтэй аюултай байгаа тул нэгэнт дадал болсон хамгаалалт, хянамгай байдлаа үргэлжлүүлэхийг иргэдээс хүсэв. Цар тахлын нөхцөл байдал намжиж байгаа ч олон улсын харилцааны хурцадмал байдал үргэлжилж буй. Иймд мэдээллийн дайны эрин үед нийгмийн сүлжээнд давлагаалж сэтгэлийн хөөрлөөр дайн самуунд уриалж, хөөрцөглөхгүй байхыг захив.

Саяхан нийгмийн дунд явуулсан судалгаанд оролцсон нийт иргэдийн 45% нь өрхийн амьжиргаа өмнөхөөсөө дордож, орлого буурсан гэсэн байна. Иргэд судалгааны дүнд хэд хэдэн санал өгсөн бөгөөд орлого нэмэгдүүлэх, үнэ бууруулах, шатахууны үнийг тогтвортой байлгах, эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох, нийслэлийн замын түгжрэлийг шийдэх зэрэг санал гаргажээ.

Энэ хаврын чуулганаар 56 төсөл хэлэлцэхээр хуваарь гаргасан. Улс төрийн намын тухай, Ерөнхийлөгчийн тухай, Нийгмийн халамжийн тухай, Боловсролын тухай зэрэг томоохон багц хуулийн төслүүд шийдлээ хүлээж байна. Зарим төсөл нь өргөн баригдаагүй, хүлээлттэй хэвээр байгааг төсөл санаачлагчдад спикер сануулав. Мөн энэ сарын 29-нд Хөгжлийн банкны асуудлаар УИХ хяналтын сонсгол хийхээр товлосон юм. Цаашид Шинэ сэргэлтийн бодлогыг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатайг Их Хурлын дарга дурдав.

Чуулганы нээлтийн дараа УИХ-ын Түр хороо үргэлжлүүлэн хуралдаж ковид-19-ийн нөхцөл байдлыг хэлэлцэх аж.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn