Ц.Ганхуяг: Залуус бол нэг нүргэлж, хүчээ мэдэрвэл зорьсондоо, хүссэндээ хүрч чадах хэсэг

Тэдний тавьсан шаардлагуудад гал унтраах байдлаар хандаж хэрхэвч болохгүй.
Ц.Ганхуяг: Залуус бол нэг нүргэлж, хүчээ мэдэрвэл зорьсондоо, хүссэндээ хүрч чадах хэсэг

Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулиудын өөрчлөлт нь Үндсэн хуульд өөрчлөлт хийх зайлшгүй нөхцөлийг бий болгож байгааг улс төрийн намын төлөөллүүд мэдэгдээд байгаа. Энэ сэдвийн хүрээнд ИЗНН-ын дарга Ц.Ганхуягтай ярилцлаа.

Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа вэ. Хуульд өөрчлөлт оруулаад дөнгөж 3 жил болж байгаа шүү дээ. Энэ хуулийн маань дархлаа сулрахгүй юу?

-Үндсэн хуульд 2000 болон 2019 онд өөрчлөлт хийсэн. Бидний сонгосон төрийн засаглалын тогтолцоог сайжруулах, сонгодог хэлбэр рүү нь оруулах талаас 2019 оны өөрчлөлтийг хангалтгүй гэж үзэж байгаа. Нөгөө талаар хүний эрхийг дордуулсан, олон ургалч үзлийг хаан боогдуулсан, улсын үндэс болсон газрын асуудалд маш ойлгомжгүй байдлаар хандсан гээд яаралтай өөрчилж, засаж залруулах шаардлага бий болсныг бүх нам, тэр дундаа эрх баригч хүчин өөрсдөө хүлээн зөвшөөрч байх шиг байна.

Дэлхийд тогтсон дэг журам, нөлөөллийн хүрээ өөрчлөгдөх үйл явц өрнөж, шинэ дэглэмийн нөхцөлд манай улс төрөө улам бат бөх, хүчирхэг байлгах, үүний тулд өргөн олон түмний төлөөллийг хууль тогтоох түвшинд аль болох хангалттай нэмэгдүүлэх ёстой. Ингэснээр газар, хөрөнгө оруулалт, төсөв, улсын сан хөмрөгт хараа хяналтыг сайжруулах шаардлагатай болсныг ч бүгд хүлээн зөвшөөрч эхэлсэн гэж ойлгож байна.

Үе үеийн улстөрчид, улс төрийн намууд Үндсэн хуулийн өөрчлөлтөд шүүмжлэлттэй хандсаар ирсэн. Таны хувьд яг ямар агуулга, заалтыг нь өөрчилж оруулаасай гэж үзэж байна?

-Нэгэнт өөрчлөлт хийх зайлшгүй хэрэгцээ байгаа бол хэрэгжүүлээд цааш алхах нь чухал. Өмнөх алдаа, дутуу дулимаг зүйлсийг эргэж сөхөөд хэн нэгнийг буруутгахаасаа өмнө яг одоо эв эеэ хичээж зоримог өөрчлөлт хийх хэрэгтэй. Тухайлбал, сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоо, улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал, дотоод ардчилал, хариуцлагыг нэмэгдүүлэх, улс төрийн намд байх гишүүдийн тооны доод хязгаар тогтоосон заалтыг хүчингүй болгох, газар түүний хэвлий доорх баялаг нийтийн өмч гэсэн утгагүй заалтыг авч хаях гэх зэрэг өөрчлөлтийг оруулах хэрэгтэй.

Сонгуулийн тогтолцоог өөрчлөхтэй холбоотойгоор заавал Үндсэн хуульд өөрчлөлт оруулж таарна. УИХ-д суудалтай олонх, цөөнх болон суудалгүй жижиг намын төлөөллүүд ч Үндсэн хуулийг өөрчилье гэж санал нийлээд байх шиг байна?

-Манай Үндсэн хуульд олон ургалч үзлийг дээдэлнэ гэж тунхаглан, хууль тогтоох дээд байгууллага бол УИХ гэдгээ тогтчихсон. Бас нэг чухал заалт бол Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх тухай. Энэ заалтууд ор нэр төдий хэрэгжиж, хуучны сүлжээтэй намуудад таатай нөхцөл бүрдүүлж ирсэн нь парламентын гадна олон зуун мянган хүний санаа оноо гээгдэх сөрөг үр дагавар авчирсан. Үүнээс гадна хяналтыг ор нэр төдий болгосон. Энэ байдлыг засахгүй бол өнөөдөртөө ялсан байдалдаа таашаал авч ханхалзах цаг үеэ өнгөрөөж байна. Монголын ирээдүйд учирч болзошгүй эрсдэлийн талаар дээр дооргүй бодож эхэлсэн нь сайн хэрэг.

Улс үндэсний эрх ашгийн дээр нам бүлгийн эрх ашгаа гаргах уу эсвэл аугаа түүхтэй улс Монголоо хүчирхэг төрийн тогтолцоотой болгох уу гэдэг сонголтын өмнө ирсэн учраас миний ойлгож байгаагаар улс төрийн бүх хүчин зарчмын хувьд нэгдмэл байр суурьтай болсон болов уу.

Үндсэн хуулийг өөрчлөх нь улс төрийн намуудын эрх ашигт нийцээд байна уу эсвэл үнэхээр улс төр, нийгэмд тулгамдсан асуудлын шийдэх гарц юм уу?

-Бид газарзүйн хоёрхон хөрштэй, өргөн уудам хуурай газраар хиллэдэг. Тэдний хөгжил, дэвшил, ааш араншин бидэнд ямагт нөлөөлж ирсэн. Заримдаа манай дотоод хэрэгт эрээ цээргүй оролцдог байсан цаг саяхан. Ер нь хэдэн мянган жилийн түүхээсээ харахад монголчууд өөр хоорондоо эвдрэлцсэнээс л бусдын идэш, өгөөш болж иржээ. Төрд гарсан хэн ч бай түмний сан хөмрөгийг цөлмөж болохгүй, хатуу шийтгэлтэй гэдгийг ойлгож, шударга ёс бүх хүнд тэгш үйлчилдэг болсон цагт төрийн эрхэмсэг нэр хүнд өндөрт өргөгдөнө. Парламентын засаглалаа улам боловсронгуй болгож, асуудлыг ард иргэд гудамжинд бус парламентад ажил хэрэгч хэлэлцэн шийдвэрлэдэг болсон цагт төр алдсан итгэлээ олж авна гэж үзэж байгаа. Үүний тулд нийгмийн манлайлагч, шударга иргэд хөрөнгө мөнгө үл харгалзан олноороо парламентад орж ирэх үүд хаалгыг цэлийтэл нээх цаг болсон.

Парламентын засаглалаа улам боловсронгуй болгож, асуудлыг иргэд гудамжинд бус парламентад ажил хэрэгч хэлэлцэн шийдвэрлэдэг болсон цагт төр алдсан итгэлээ олж авна.

Ц.Ганхуяг

Төр нь, парламент нь зөв, оновчтой бодлого шийдвэр гаргахгүй байгаа болохоор иргэд талбайд жагсаж, шаардлага тавиад байгаа биз дээ?

-Улс төрийн өнөөгийн тогтолцоо, шийдвэр гаргалтад нийгмийн олонхыг бүрдүүлдэг залуус таагүй хандаж байгаагаа Сүхбаатарын талбай дүүргэсэн жагсаалаараа харуулсан. 1990 оноос хойш ийм өргөн олныг хамарсан жагсаал анх удаа боллоо. Монголын залуу үе өөр болж байгаа гэдгээ ажил хэрэгч, прагматик саналуудаараа, соёлтой жагсаалаараа илэрхийллээ. Тэдний тавьсан шаардлагуудад гал унтраах байдлаар хандаж хэрхэвч болохгүй.

Хэдийгээр “Ажлаа хий” гэсэн энгийн шаардлага тавьж байгаа юм шиг өнгөн дээрээ харагдах ч сонгуулийн тогтолцоог өөрчлөх, чадварлаг, шударга иргэд парламентад олноор орж ирэх боломжийг нээж өгөх улс төрийн агуулга үнэртэж байна гэж үзэн эрх баригчид ухаалаг хандах хэрэгтэй. Залуус бол нэг нүргэлж, хүчээ мэдэрвэл зорьсондоо, хүссэндээ хүрч чадах хэсэг шүү дээ.

Ерөнхийлөгчийн зүгээс Улс төрийн намын тухай хуулийн төслийг энэ хаврын чуулган эхэлмэгц өргөн барина гэсээр өнөөдрийг хүрлээ. Энэ төслийг боловсруулах Ажлын хэсэгт бүх намын төлөөллийг оролцуулсан, хэлэлцүүлэг ч өрнүүлсэн. Та ажлын хэсэгт бий юу?

-Ажлын хэсэг саяхан байгуулагдсан. Би мэдээлэл авч байгаа, санал бодлоо бичгээр илэрхийлэх байдлаар оролцож байгаа, ажлын хэсэгт ороогүй.

Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулиудын өөрчлөлт нь Үндсэн хуульд өөрчлөлт хийх зайлшгүй нөхцөл үүсгэж байгаа. Иймээс бид эхлээд Үндсэн хуулийн өөрчлөлтөө яаравчилъя гээд байгаа юм. Өөрчлөлтийн бэлэн төсөл бидэнд байна.

Улс төрийн намын тухай хуулийн төслийг өргөн барихгүй удаад буй шалтгаан нь юу юм бол?

-Миний ойлгосноор Улс төрийн намын тухай хуулийг энэ хавартаа өргөн бариад намар гэхэд хэлэлцэх төлөвлөгөө байгаа болов уу. Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухайд эхлээд хэлэлцэхийг бидний зүгээс шаардан энэ тухай мэдэгдлээ холбогдох хүмүүст нь хүргүүлсэн.

Сонгуулийн тухай хуулийг өөрчилье, тогтолцоог өөрчилье, УИХ-ын гишүүдийн тоог ч нэмэх тухай намын төлөөллүүд ярьж байна. Ерөнхий сайд, МАН-ын дарга ч саяхан хэлчихсэн. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Бидэнд уг нь дээд, доод танхим бүхий парламентын тогтолцоо байгуулах төсөл бий. Энэ төслөөр явбал Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудал яригдана. Шинэчлэл хийх талаар одоогоор намуудын олонх нэгдсэн байр сууринд хүрээгүй, бэлэн биш байна. Харин Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг бараг 100% хүлээн зөвшөөрч байгаа. Энэ тохиолдолд өнөөгийн нэг танхимт парламентын тогтолцоогоо сайжруулах, гишүүдийн тоог нэмэгдүүлэх замаар шударга иргэдийн төлөөлөл хангалттай хэмжээнд хүрэх, нэг гишүүнд оногдох хариуцлагыг тараах талаасаа дээрх саналыг дэмжиж байгаа.

Намууд гишүүнчлэлээр хөөцөлдөх бус хөгжлийн бодлогоороо өрсөлддөг эрүүл тогтолцоо руу явах хэрэгтэй

Ц.Ганхуяг

Манайх шиг цөөхөн хүн амтай, жижиг улсад парламентын дээд, доод танхим, олон гишүүнтэй байх шаардлагагүй гэж улс төрийн хүрээний зарим хүн үздэг шүү дээ?

-Дээд танхим нь байнгын бус ажиллагаатай, жилдээ 1-2 удаа цугларч хуралддаг байхаар зохицуулах тухай юм. Сум, хороо бүрийн төлөөлөл орсон ард түмний хяналтын ийм байгууллага чухал гэж үзсэн учраас, ийм байгууллага л төрийн эрх барих дээд байгууллагын чадамж бүрдүүлнэ. Хууль тогтоох дээд байгууллагадаа бид төрийн эрх барих дээд байгууллага гэсэн нэмэлт үүрэг оногдуулснаар өнөөх шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдэл тэнцвэртэй байх зарчим зөрчигдөж байгаа юм. Өнөөдөр энэ өөрчлөлтийг хийх цаг болоогүй гэвэл байнгын ажиллагаатай одоогийн УИХ-ын бүрэлдэхүүнийг өргөтгөж болно.

Улс төрийн намын тухай хуулийг 1990 онд баталж, 2005 онд шинэчилсэн. Намын санхүүжилтийн асуудлаас эхлээд уг хуульд бүрхэг олон зүйл байгааг шүүмжилсээр ирсэн. Одоо Улс төрийн намын тухай хуулийн төсөлд санхүүжилтийг ил тод болгох нэг дэвшил тусгасан гэсэн. Энэ талаар?

-Миний хувьд улс төрийн намуудыг идэвхтэй, идэвхгүй гэсэн ангилалд авч үзэх цаг болсон гэж үздэг. Улс төрийн нам байгуулан үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ямар ч босго, хавчилт шахалтгүй байх боломжоор төр хангах ёстой.

Дараалсан хоёр сонгуульд парламентад суудал авч чадаагүй намыг идэвхгүй нам гэсэн ангилалд оруулах, сонгогчдын тодорхой хувийн саналыг авсан ч суудалтай болж чадаагүй, жишээ нь 50-100 мянган сонгогчийн санал авсан намд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр уян хатан хандсан заалт тусгагдах болов уу гэж харж байна.

Нам бол албан тушаалд очих санаатай хэсэг хүмүүсийн бүлэглэл болсон гэх шүүмжлэл ч бий. УИХ-ын гишүүн болчихоод иргэд сонгогчдын эрх ашгийг хамгаалах үүргээ мартдаг хүмүүс ч байх шиг. Нам бол иргэдийн улс төрийн хүсэл зоригийг тогтмол илэрхийлж байх ёстой шүү дээ?

-Намууд цаашид гишүүнчлэлээр хөөцөлдөх бус хөгжлийн бодлогоороо өрсөлддөг эрүүл тогтолцоо руу явах хэрэгтэй. Ийм боломжийг сонгуулийн хувь тэнцүүлсэн систем л олгодог. Тухайн намын бодлого, боловсон хүчин таалагдвал сонгогч дэмжих нь зүйн хэрэг. Одоо хүн хоорондын харилцаа илүү нээлттэй, хавтгай болж байгаа үед хуучны аргадаа найдан улс төр явуулах боломжгүй болсон.

Мөн сонгууль дөхөхөөр амь орж, идэвхтэй болдог улс төрийн хүчнүүд ч олон бий?

-Үнэн. Энэ байдлыг Улс төрийн намын тухай хууль, санхүүжилтийн хуулийн хүрээнд цэгцлэх боломжтой.

Эцэст нь ИЗНН-ын удирдлагад хэн хэн байдаг вэ. Та намаа удирддаг уу, гишүүн асан С.Оюун ямар статустай үйл ажиллагаандаа оролцдог вэ. Танай нам хэр идэвхтэй ажилладаг юм бэ?

-Би 2015 оноос намынхаа даргаар ажиллаж байна. Эрч хүчтэй чадварлаг залуус, хашир туршлагатай улстөрчдийн баг бүрдүүлэхээр манайхан ажиллаж байгаа. Манай нам 2016 оныг эс тооцвол парламентын ээлжит бүх сонгуульд дангаар болон хамтран суудал авсан гурав дахь нам учраас бидэнд Монголынхоо зон олны өмнө хүлээсэн том хариуцлага бий. Намаа анх байгуулахдаа дэвшүүлсэн үзэл баримтлал, зарчимдаа бид үнэнч хэвээр байгаа. Бидний хэлэх дуртай үг бол: Монголд сайн цаг ирнэ.

Намын даргаар ажиллаж байсан С.Оюун Дэлхийн Ногоон сан хэмээх олон улсын нэр хүндтэй байгууллагад томоохон алба хашиж байгаа. Олон улсын тогтсон жишгийн дагуу намаас түдгэлзсэн.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn