Ц.Даваасүрэн: Эрчим хүчний компаниудыг хувьчилж болохгүй

-Төрөөс хувьд очно гэдэг нь цаашдаа гаднын хүнд л очих үүд хаалга нээгдэнэ-
Ц.Даваасүрэн: Эрчим хүчний компаниудыг хувьчилж болохгүй

Үнийн өсөлттэй холбоотойгоор зарим арга хэмжээг Засгийн газраас авах гэж байгаа. Тухайлбал, энэ оны төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж буй. Төсөвт тодотгол хийхтэй холбогдуулан төрийн өмчит зарим аж ахуйн нэгжийг хувьчлах тогтоолын төсөл орж байгаа юм. Энэ нь улстөрчдийн дунд нэлээд маргаантай сэдэв болоод байна. Тодруулбал, “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Үүнд төрийн өмчит 36 хуулийн этгээдийг 34% хүртэл энгийн хувьцаа нэмж гарган хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй худалдан нээлттэй хувьцаат компани болгохоор тусгажээ. Ингэхдээ нөлөө бүхий хувьцаа эзэмшигч үүсгэхийг, улс төрд нөлөө бүхий этгээд, түүний хамаарал бүхий этгээд нээлттэй арилжаалах төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хувьцаа эзэмшихийг хориглохоор тусгасан байна.

Хувьчлалыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн эрс эсэргүүцэж байгаа юм.

Тэрээр “Хувьчлал иргэдэд ээлтэй биш, олигархид л ээлтэй. Хоногийн хоолоо залгуулж буй ард түмэн компанийн хувьцааг худалдаж авахгүй. Социализмын үед Монголын ард түмний бүтээн байгуулалтаар бий болсон үйлдвэрүүдийг л хувьчлах гээд байна. Хувьчлал явууллаа гээд үнийн өсөлтийг бууруулахгүй, эдийн засгийн хямралаас гарахгүй. Үүнд эрчим хүчний компаниуд байгаа. Тэр тусмаа “Диспетчерийн үндэсний төв“-ийг хэзээ ч хувьчилж болохгүй. Үнийг нь төрөөс барьж байгаа учраас эрчим хүчний компаниуд алдагдалтай ажилласаар байна. Хувьчиллаа гээд үнэ л нэмэгдэнэ, өөр ахиц дэвшил, үр дүн гарахгүй. Олон нийтэд хувьчиллаа гээд иргэд авахгүй, хагартлаа баяжсан олигархи л авах боломжтой. Иймд одоо байгаа төрийн өмчит аж ахуйн нэгж, тэр тусмаа эрчим хүчний компаниудыг хувьчилж болохгүй. Халдварын хүнд нөхцөл байдлын үед нүүрс, цахилгааны төлбөрийн хөнгөлөлтийг төрийн өмчит компаниуд л даасан. Төрөөс хувьд очно гэдэг нь цаашдаа гаднын хүнд л очих үүд хаалга нээгдэнэ. Хувьчлалын цаана гадаадынхны сонирхол байдаг юм. Жагссан залуус энэ 34 компанийг хувьчил гэж шаардаагүй. Үлдсэн хэдэн төрийн аж ахуйн нэгжээ төрд байлгаж, ядарсан үед ард түмэндээ туслах нь зүйтэй. Хувьчлалд нийгэм маш анхааралтай хандах хэрэгтэй” гэв.

Харин Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл:

-Хувьчлал үе шаттай явагдана. Төрийн оролцооны нийт 108 аж ахуйн нэгж байгаа. Цаашид татан буулгахыг нь буулгаж, заримыг нь нэгтгэж, өөрчлөн байгуулж 34-66%-ийг хувьчилна. Гол нь хувьчлал гэдэг нэр томьёогоор биш олон нийтийн оролцоотой нээлттэй компани болгоно. Ингэхдээ хөрөнгийн биржээр явуулна гэж зорьж байгаа гэв.

Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан 36 аж ахуйн нэгж:

  1. Монголын хөрөнгийн бирж” ТӨХК​

  2. “Монголын цахилгаан холбоо” ХК​

  3. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК

  4. “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ​

  5. “Үндэсний давхар даатгал” ХК​

  6. “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК​

  7. “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК​

  8. “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК

  9. “Дархан дулааны сүлжээ” ТӨХК​

  10. “Диспетчерийн үндэсний төв“ ХХК​

  11. “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК​

  12. “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК​

  13. “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК

  14. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

  15. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК​

  16. “Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК​

  17. “Баянчандмань АЗЗА” ТӨХК​

  18. “Налайх АЗЗА” ТӨХК​

  19. “Архангай-АЗЗА” ТӨХК

  20. “Багануур-АЗЗА” ТӨХК

  21. “Булган-АЗЗА” ТӨХК

  22. “Говь-Алтай-АЗЗА” ТӨХК

  23. “Дархан-АЗЗА” ТӨХК​

  24. “Дорноговь-АЗЗА” ТӨХК

  25. “Завхан-АЗЗА” ТӨХК​

  26. “Орхон-АЗЗА” ТӨХК​

  27. “Өвөрхангай-АЗЗА” ТӨХК​

  28. “Сэлэнгэ-АЗЗА” ТӨХК

  29. “Талын зам” ТӨХК

  30. “Төв-АЗЗА” ТӨХК​

  31. “Увс-АЗЗА” ТӨХК​

  32. “Харгуй” ТӨХК​

  33. “Хархорин-АЗЗА” ТӨХК

  34. “Ховд-АЗЗА” ТӨХК​

  35. “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК​

  36. “Эрдэнэсант-АЗЗА” ТӨХК​.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn