Ж.Мөнхбат: Холимог тогтолцоог 20 гаруй нам дэмжиж байгаа

-1992 онд ардчилсан Үндсэн хууль батлах үеэр 100-аас дээш гишүүнтэй байхаар ярьж байжээ-
Ж.Мөнхбат: Холимог тогтолцоог 20 гаруй нам дэмжиж байгаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” сэдвээр цуврал хэлэлцүүлгийг энэ долоо хоногт зохион байгуулж байна. Өнөөдөр Үндсэн хууль батлалцсан, Ардын Их Хурлын депутатууд оролцсон хэлэлцүүлэг болов.

Цуврал хэлэлцүүлгийн зорилго нь улс төрийн намууд болон иргэдийн “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” гэсэн жагсаал, цуглаанаас гарсан санал, шаардлагын дагуу сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаарх саналыг сонсоход чиглэж байна. Ингэхдээ сонгуулийн тогтолцоог холимог хувилбартай болгох, УИХ-ын гишүүдийн тоог 100-аас дээш болгон нэмэх, гишүүд сайдын албан тушаал давхар хашдаг боломжийг нээх зэрэг томоохон өөрчлөлт хийхээр тал бүрийн төлөөлөл саналаа нэгтгэж байна. Дээр дурдсан 3 хэлэлцүүлгийн саналыг нэгтгээд ирэх долоо хоногт УИХ-д танилцуулахаар төлөвлөж байна.

Депутатуудын оролцсон хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат:

-Улс төрийн намуудаас ирж буй саналуудыг нэгтгэвэл 4-5 тоймтой зүйл бий. Сонгуулийн холимог тогтолцоог улс төрийн 20 гаруй нам дэмжиж, байнга шаардлага тавьж байгаа. Сүүлийн 2 сонгуульд МАН нийт сонгогчдын 40 гаруй хувийн санал авсан ч парламентад 80%-ийн төлөөлөлтэй байгаа юм. Иймд төлөөллийн саналыг бүрэн авч чаддаггүй мажоритар тогтолцоог өөрчлөх шаардлагатай байна. Мөн гишүүдийн тоог нэмэгдүүлэх талаар хэлэхэд 1992 оны баталсан ардчилсан Үндсэн хуулийн протоколыг авч үзээрэй. Энэ үеэр 100-аас дээш гишүүнтэй байх тухай ярьж байжээ. Тухайн үед 1 сая сонгогчтой байсан бол одоо 2.3 сая сонгогчтой болсон. Нийт хүн амын тоо 2 саяас дээш хэр нь 100-аас доош гишүүнтэй парламентын засаглалтай орон манайх л байгаа гэв.

Зарим улс төрийн намын төлөөлөл цоо шинэ Үндсэн хуультай болох, 2 танхимтай парламенттай болох тухай ч хөндөж байгаа юм. Цаашлаад талууд саналаа нэгтгэж чадвал УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж магадгүй байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn