Парламентыг 2 танхимтай болгохгүй

-Үндсэн хуулийн суурь бүтэц болон төрийн тогтолцоог бүхэлд нь өөрчилж парламентыг 2 танхимтай болгох саналыг эрх баригчид хүлээн авах боломжгүй гэж үзсэн тухай гишүүн Ц.Мөнхцэцэг, Н.Энхболд нар онцлов-
Парламентыг 2 танхимтай болгохгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр Төрийн ордонд сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар эрдэмтэд, судлаачид, хуульчидтай хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Н.Энхболд нар удирдав.

Үндсэн хууль болон Сонгуулийн хуулийн шинэчлэлийн тухайд 3 том өөрчлөлт оруулахаар цуврал хэлэлцүүлэг хийсээр байгаа юм. Үүнд:

  1. УИХ-ын гишүүдийг холимог тогтолцоогоор сонгох. Энэ шийдвэрийг гаргахад Үндсэн хуулийн цэцийн 05 тоот дүгнэлт тээг болж байгаа аж. Дүгнэлтэд УИХ-ын гишүүнийг шууд сонгох тухай заасан байдаг юм.

  2. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх. Хүн амын төвлөрөл, хөгжлийн онцлогтой нийцүүлэн 76 гишүүний тоог нэмэх талаар ярьж байна.

  3. УИХ-ын гишүүд сайдын албан тушаалыг давхар хаших талаар шийдвэр гаргах юм.

Сонгуулийн пропорциональ, мажоритар, холимог тогтолцооны алийг сонгох вэ гэдгийг эрдэмтэн, судлаачид сүүлийн жилүүдэд байнга ярьдаг ч шийдэлд хүрээгүй, хуульд ч тусгаагүй юм. 2012 оны сонгуулийг л холимог тогтолцоогоор явуулсан ч үр дүн нь хүссэн хэмжээнд сайн байгаагүй тул эргээд л өнөөдрийн мажоритар тогтолцоонд шилжсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

-Аливаа парламентын нэг чухал үүрэг нь төлөөллийг хангах юм. Сонгогч хууль тогтоох байгууллагад тэгш төлөөлөлтэй байж сонгогч бүрийн санал төрийн бодлогод адил байх ёстой. Гэтэл өнөөдөр Улаанбаатараас сонгогдсон УИХ-ын гишүүн дунджаар 99,377 сонгогч, харин орон нутгаас сонгогдсон гишүүн 55,313 сонгогчийг төлөөлж байгаа нь зөрүүтэй төлөөлөл. Ийм зөрүүтэй байдалд хүргэж буй гол зүйл бол сонгуулийн мажоритар систем. Иймд тогтолцооны хувьд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай. Парламентыг 2 танхимтай болгох саналыг МАН-ын хувьд хүлээн авах боломжгүй гэсэн байр суурьтай байгаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Энэ хэлэлцүүлгийн өмнө байнгын хороо болон УИХ-ын удирдлага дээр тодорхой хэмжээнд ярилцаж тохиролцсон нэг зүйл нь 2 танхимтай парламент гэдэг бол төрийн тогтолцоог бүхэлд нь өөрчлөх асуудал, шинэ Үндсэн хуулийн тухай яригдана. Тэгэхээр бидний өнөөгийн нөхцөл байдал Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөхөд хүрээгүй. Иймд одоогийн Үндсэн хуулийн хүрээнд санал бодлоо солилцон, цаашид үргэлжлүүлэн ярилцах ёстой.

Парламент судлаач П.Амаржаргал:

-Сонгуулийн пропорциональ тогтолцоо сонгогчдын саналыг гээдэггүй сайн талтай. Бие даагчид, жижиг намын төлөөллүүд гарч ирэх боломжтой тул дараа нь Засгийн газраа хэрхэн байгуулах вэ гэдэг талаар болгоомжлох зүйл гарна. Уг нь ялагч бүр нь сонгогддог хамгийн сайн тогтолцоо бол одоогийн мажоритар юм.

Эх сурвалж: Улсын Их Хурал

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn