Олон хүний “хорхойг хөдөлгөсөн” холимог тогтолцоо

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Холимог тогтолцоог сонгоно, нийгэмд үзэл бодлоо илэрхийлж байгаа олон хүн парламент дотор байх ёстой” гэв.
Олон хүний “хорхойг хөдөлгөсөн” холимог тогтолцоо

Монгол хэлний их тайлбар толь бичигт “Хорхой хөдлөх-хорхой хүрэх” гэснийг ямар нэгэн юманд шунан хүсэх, шунан дурлах хэмээн тайлбарлажээ. Энэ хэлцийг монголчууд шууд бус утгаар нь сайн мэднэ. Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн баасан гарагт хийсэн мэдэгдэл дундаас сонгуулийн хувилбартай холбоотой хэлсэн байр суурь олон хүний “хорхойг хөдөлгөв”. Агуулгыг товчилбол, Монгол Улс сонгуулийн холимог тогтолцоог сонгоно, парламентын гишүүдийн тоог нэмнэ, парламент дотор олон намын төлөөлөл орох хаалгыг нээнэ, нийгэмд дуу хоолойгоо идэвхтэй хүргэдэг олон хүн УИХ дотор ордог болно, тэгэхгүй бол зарим оронд болж буй хямралт нөхцөл үүсэж болзошгүй гэж Л.Оюун-Эрдэнэ эрх баригч намын даргын хувьд хэлсэн юм. Зөвхөн МАН биш АН-аас эхлээд бусад улс төрийн хүчин ч холимог тогтолцоог дэмжинэ гэдгээ илэрхийлсээр байгаа билээ. Ямар боловч улс төрийн хүрээ рүү орох гэсэн зарим хүний хүсэл сонирхолд нийцсэн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн мэдэгдлийг сийрүүлэв.

Хүн ам өсөхийн хэрээр гишүүдийн тоо өсөх ёстой

Л.Оюун-Эрдэнэ

Залуусын жагсаал, тэдний тавьсан шаардлага, нийгмийг бухимдуулж буй болж бүтэхгүй зүйл том агуулгаараа сонгуулийн тогтолцоотой холбоотой гэж тэр үзэж байгаа бололтой. Л.Оюун-Эрдэнэ “Холимог тогтолцоог нэг том асуудал гэж үзэж байгаагаа ний нуугүй хэлчихье. 50+1% хүрэхгүй санал авч парламентын дийлэнхийг бүрдүүлж байгаа нь төлөөллийн зарчим хангагдахгүй байна гэж хувьдаа дүгнэдэг. Парламент гэдэг төлөөллийн төв байгууллага. Нийгмийг бухимдуулж байгаа олон асуудал төлөөллийн төв байгууллага дээр л яригдах ёстой. Тэгж байж нийгмийн тогтвортой байдал хангагддаг. Тиймээс парламентын гишүүдийн тоог багасгах нь зардал хэмнэж буй асуудал биш. Хүн ам өсөхийн хэрээр парламентын гишүүдийн тоо өсөх л ёстой. Нийгэмд үзэл бодлоо илэрхийлж байгаа олон хүн парламент дотор байх ёстой. Олон намын төлөөллүүд байх ёстой. Тэд парламент дотроо маргах ёстой. Асуудлыг парламент дотроо ярьж нийгмийн зөвшилцлийг хийдэг байх ёстой. Энэ нь парламентын гадна олон удаа хийгдэх юм бол төрийн тогтолцооны хувьд маш том ухралт болно. Өөрөөр хэлбэл, парламентын тогтолцоо цаашаа явах уу, үгүй юу гэдэг эргэлзээнд орно. Ингээд Ерөнхийлөгчийн засаглал руу орох уу, яах уу гэх мэт болон бусад олон оронд болж байгаа шиг асуудал болчих вий гэж санаа зовж байгаа. Энэ бол миний хувийн үзэл бодол. Эрх баригч намын даргын хувьд шүүмжлэлд орж магадгүй ч гэсэн нийгмийн зөвшилцлийн хувьд бид холимог тогтолцоог сонгох ёстой. Олон намын төлөөлөл парламент руу орох үүд хаалгыг нээж өгөх ёстой. Ерөнхий сайд нь гадаа гарч байнга уулздаг байж болохгүй. Эхлээд парламент дотроо асуудлыг ярьдаг баймаар байна. Би энэ талаар улс төрийн намын удирдлагуудтай уулзсан, тэд талархан хүлээж авсан, зөвшилцөх чиглэлээр ажиллаж байгаа” гэв.

Эрх баригч намын даргын санаа нь гадаа жагсдаг, тэмцдэг хүмүүс парламент дотор орж, ард түмний дуу хоолой болж асуудлыг талбайд биш, УИХ-д ярьдаг болох ёстой, тэгэхгүй бол байдал даамжирсаар тэсэрч хурцадмал байдал үүснэ гэж л үзэж байгаа бололтой.

Мөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн 2 дугаар сард холимог тогтолцоо чухал болох нь Казахстан, Украины байдал харууллаа хэмээн байр сууриа тодотгож байв.

Одоогийн байдлаар улс төрийн 35 нам Улсын Дээд шүүхэд албан ёсоор бүртгэлтэй бөгөөд тэднээс парламентад суудалтай Ардчилсан нам, ХҮН нам, мөн бусад жижиг намын төлөөлөл холимог хувилбарыг дэмждэг гэдгээ илэрхийлдэг юм. Энэ тогтолцоо намын нэр халаасалчихаад ганцаараа ярьдаг, нэр дэвшдэг хэдэн хүнд нэн таатай хувилбар билээ.

Хачирхалтай нь энэ системийг манай улс 10 жилийн өмнө сонгуульдаа ашигласан, тэглээ гээд байдал сайжраагүй гэдгийг бэлэн жишээ харуулж байгаа шүү дээ.

Сонгуулийн үндсэн гурван системийн ялгаа

Пропорциональ, мажоритар, холимог системийн ерөнхий ялгааг тоймлов. Аль нэг хувилбарыг сонгосны дараа улсаараа нэг том тойрог байх уу, тойрог нь том эсвэл жижиг байх уу, намын жагсаалт гэх мэт нарийн ширийн зүйл нь зохицуулагдах биз.

  1. Пропорциональ систем нь намын нэрээр сонголт хийдэг хувилбар гэж ерөнхийд нь тодорхойлж болно. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үр дүнд тухайн намын авсан саналыг пропорцоор нь бодож суудлыг нь хуваарилдаг. Намын нэрийн жагсаалтын эхэнд бичигдсэн хүмүүс гарах магадлал маш өндөр. Манай улс 1992 оны сонгуулийг пропорциональ системээр явуулж байжээ.

  2. Мажоритар системээр сонгогчид намыг биш зөвхөн нэр дэвшигчийг сонгодог. Бусад нэр дэвшигчдээсээ ганцхан хүний санал илүү байхад л гишүүн болчихдог. Манай улс сонгуулийн мажоритар буюу зөвхөн нэр дэвшигчийг сонгодог системтэй орон гэж тодорхойлж болно.

  3. Холимог систем гэдэг нь пропорциональ, мажоритарыг зэрэг ашиглахыг хэлнэ. Энэ нь зарим нэр дэвшигчийг сонгох, нөгөө хэсгийг нь намын жагсаалтаар сонгох хувилбар юм. Манай улс 2012 оны УИХ-ын сонгуулийг Нийслэлийн ИТХ-ын сонгуультай хамт анх удаа холимог системээр явуулсан. Ямар боловч 2024 оны сонгуульд ашиглаж магадгүй энэ системийг Монгол Улс туршиж үзсэн юм.

Түүх ба тогтолцоо

Ингээд 2024 оны УИХ-ын сонгууль зөвхөн нэр дэвшигчийг сонгодог мажоритар биш, намын нэрээр сонгодог пропорциональ биш, энэ 2-ын холимог хувилбараар явах нь бараг тодорхой болж байна. Хэрэв улс төрийн намууд ийм шийдэлд нэгдэж чадвал Үндсэн хуульд өөрчлөлт оруулна, сонгуулийн жил гарахаас өмнө Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болно.

Манай улс Улсын Их Хурал болоод орон нутгийн сонгуулийг 1992 оноос хойш 8 удаа, Ерөнхийлөгчийн сонгуулийг 1993 оноос хойш мөн 8 удаа явуулсан туршлагатай. Хамгийн сүүлийн жишээ гэвэл, 2020 оны сонгуулиар УИХ-ын 76 гишүүнийг томсгосон тойрог бүхий мажоритар системээр сонгосон. 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийг тус бүр 2-4 мандат бүхий 29 тойрогт хуваасан байна. Энэ тогтолцооны сул тал нь иргэн Доржийн саналаа өгсөн Бат нэр дэвшигч сонгогдож чадахгүй бол Доржийн санал бүхэлдээ хаягддаг гэсэн үг. Мөн гадаадад амьдардаг монголчууд сонгох эрхээ эдэлж чадахгүй байсаар л байна.

2020 онд улс төрийн намуудын нэр хүнд унасан, нэр цэвэр улстөрч, зөвхөн хувь хүний нэр хүндийг харж сонголтоо хийх юм байна гэсэн төсөөллөөс үүдэн маш олон хүн бие дааж, намаасаа ч гарч нэр дэвшсэн билээ. Тодруулбал, 2020 оны УИХ-ын сонгуульд 13 нам, 4 эвслийн 485, мөн 121 бие даагч, нийт 606 хүн нэр дэвшиж байв. Нийт 121 бие даагчаас ганц л хүн сонгогдсон. Тэгэхээр намын нэрээр нэр дэвших нь ирээдүйтэй гэдгийг бүх улс төрийн нам, улстөрчид олж харсан болохоор холимог системийг дуу нэгтэй дэмжээд байгаа юм.

Тогтолцоогоо өөрчлөөд, гишүүдээ нэмчихвэл талбайд жагсахгүй болох уу?

УИХ-ын сонгуулийг нийт 8 удаа явуулснаас 2012 оны сонгууль анх удаа холимог системээр болсон гэж дээр дурдсан. Учир нь 2008 оны сонгуулийн үр дүнд бий болсон 7 дугаар сарын 1-ний “хар мягмар гараг"-ийн гашуун үйл явдлаас сургамж авч мажоритар систем Монголд тохирохгүй гэж гадаадын судлаачид ч зөвлөж, манай дарга нар ч шийдвэрээ гаргаснаар 2012 оны сонгуулийг холимог системээр явуулсан юм. Тэр хар өдрийн дараа мажоритар бол Монголд хэзээ ч тохирохгүй гэж бүгд ярьцгааж байсан ч 2016, 2020 оны сонгуулийг дахиад л энэ хувилбараар явуулсан.

Эцэст нь холимог систем ч төгс биш. Туршиж үзсэн улсын хувьд алдаа дутагдал байдаг нь тодорхой харагдсан. Намын нэрийн жагсаалтад эхний хэдэд бичигдэж сонгогдох боломжийг авахын тулд нам доторх өрсөлдөөн, нөлөө, авлига гаардаг. Мөн 2012 оны сонгуулийн үр дүнгийн туршлагаас үзвэл зөвхөн хүнийг биш намын рейтингийг харж сонголтоо хийснээс болж намын нэрийн цаана байсан хүмүүс гэнэт гараад гишүүн болчихоор хүссэн сонголт нь болж чаддаггүй гэх мэт сул талтай.

Холимог тогтолцоог сонгохын өмнө сонгогчид хүчтэй цөөн намыг хүсэж байна уу, эсвэл жижиг олон намыг хүсэж байна уу гэдгийг судлах нь зөв.

Үнэхээр шударга сонгууль болдог, амттай үр дүн гардаг систем лав биш бололтой. Холимог тогтолцоог сонгохын өмнө сонгогчид хүчтэй цөөн намыг хүсэж байна уу, эсвэл жижиг олон намыг хүсэж байна уу гэдгийг судлах нь зөв.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн мэдэгдсэнээр сонгуулийн системээ өөрчилж, УИХ-ын гишүүдийн тоог олон болгочихвол үр дүнд нь иргэдийнх нь амьдралд асуудал гардаггүй, талбайд жагсдаггүй л болох ёстой. Энэ нийгмийн болж бүтэхгүй байгаа юм бүхэн сонгуулийн тогтолцоонд байдаг бол хорин дөрвөн онд бүх зүйл сайхан болно байх. Түүнээс биш нийгмийн нөлөөлөгч гэж өөрсдийгөө тодотгодог, бүх асуудлын урд гарч ярьдаг, бичдэг, үзэл бодлоо илэрхийлдэг хүмүүс болон жижиг намын дарга нарын парламент руу орж "хорхойгоо дарж" хүслээ гүйцээдэг дамжлага биш. Ард түмний асуудлыг ярьдаг байх учиртай. Одоо ч гэсэн 76-д ийм боломж байгаа, тэднийг ард түмэн сонгосон шүү дээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn