Цуврал 1: Улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгож ардчиллаа бэхжүүлье

Сонгууль бүрийн өмнө сонгодог ярианы сэдэв болдог "намын санхүүжилт”-ийн талаар 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа төрсөн сэтгэгдлээ дэлгэе
Цуврал 1: Улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгож ардчиллаа бэхжүүлье

Сайн бүхэн зуузай холбодоггүй

Ардчилал, ардчилал, ардчилал... ард түмэн төрөө тэнгэр бурхантай зүйрлэн сүсэглэдэг байсан бол өнөөдөр бид төрийн эрхийг өөрсдөө барих тэнгэрийн умдгийг тас тэвэрч байна. Санасныг бодвол санаагаар болдоггүй юм гээч.. Ухрах биш ухаарах зам үлдсэнээс хойш одоо яалтай. Ази, Европын аугаа хоёр гүрний дунд Америкийн ардчиллын загварыг суулгахад асар олон саад бэрхшээлтэй тулах хэдий ч цаг хугацааны шалгуурт ялагдалгүй цаана нь гарах ёстой гэдгийг бидний түүх сануулж, ирээдүй шаардана.

Ардчиллын амин сүнс сонгууль байдаг. Сонгууль бол энх тайван өрсөлдөөн юм. Хэн эрх мэдэл, мөнгөтэй нь биш хэн стратегийн зөв зохион байгуулалт, зөв бодлого боловсруулж чадсан нь ялна гэсэн дүрмээр явагддаг. Гэтэл манай улсын тухайд анхнаасаа хүч тэнцвэргүй эхэлсэн. Ардчиллын өмнөх 70 жилд эзэрхсэн нам өнөөдөр ноёрхож байна. Дэглэм нь өөрчлөгдсөн ч мөн чанараа өөрчлөөгүй. Яагаад гэвэл өнгөрснөө өнөөдөр аваад ирсэн. Тэд бусдаасаа илүү бат бөх суурьтай. Тиймээс дайралтад сөхрөхгүй “хүний хуучин нь дээр” гэсэн халхавчтай хаалга үүдээ тэвхлэн хаанчлалаа хадгалсаар... Хааяа даа салхи оруулж хаалгаа онгойлгохоор хүний эрх, эрх чөлөөний бамбайтай хийсэн бүтэлгүй хэдэн хүүдийнүүд дураараа дургих гээд байдаг учраас энүүгээр тэрүүгээр тэнүүчлэн амьдартал нь хоослоод гаргаад хөөчихсөн. Одоо тэд нар ард түмэнтэйгээ хамтдаа шоовдорлогдсон.

Үгүй ээ байз бодит байдал ийм байдаг юм байж. Гэхдээ бид нар чинь энэ төр засгийн эзэн биз дээ гэсэн итгэлийн оч бидний сэтгэлд унтраагүй байгаа. Ардчилал гэсэн пайзны цаана авлигын уурхай нээчихээд улайрч байгааг хараад хажуугаар нь нүдээ аниад, чихээ таглаад чимээгүй өнгөрчихөөд чи өнөөдөр Чингисийн Монгол гэж цээжээ дэлдвэл дэлхий чамайг шоолно. Тэгвэл би яах вэ гэж үү. Чи яагаад ч нэмэргүй. Бид яах вэ гэвэл ямар ч зүйлийг бүтээж чадна.

Дугарвал дуу нэг…

Монголд ардчиллын зөвшилцлийн загвар байдаг гэж томьёолдог ч үнэндээ олонхын загвараар анхнаасаа явснаар хоёр намыг гол тоглогч болгон тодорхойлсон. Тиймээс гуравдагч намын зах зээл хомс байв. Нам бол ашгийн байгууллага гэж харж эхэлсэн учраас хүмүүс нэгдэн нийлж олон нам гарч ирсэн. Энэ нь ашиггүй ажилласан ч алдагдалгүй учраас дампуурлаа зарлахгүй явсаар байна. Яг үнэндээ мөн чанарыг нь ойлголгүйгээр “галуу дуурайж” эхэлсэн. Гэхдээ хөлөө хөлдөөхөөр хүйтэн биш байсан. Үүнийг буруутгах аргагүй бөгөөд ардчиллын үнэ цэнийг харуулж байгаа хэрэг. Өнөөдөр “Улсын дээд шүүх”-д бүртгэлтэй 36 нам байх бөгөөд нийт 667,264 гишүүнчлэлтэй. Энэ нь нийт насанд хүрэгчдийн гурав хуваасны нэгтэй тэнцэнэ. Санаатай болон санамсаргүй бараг өөрөө ч мэдэлгүй энийг уншиж байгаа таны гэр бүлийн нэг гишүүн аль нэг намд харьяалалтай байна гэсэн үг. Эл гишүүнчлэлийн тал илүү хувийг МАН, АН-ын гишүүд эзэлдэг. Ардчиллын эрүүл тогтолцоо бүрдүүлж чадвал олон нам хууль тогтоох байгууллагад дуу хоолойгоо хүргэж чадна. Энэ нь гучин хэдүүлээ биш 3-5 намын үзэл санаа, дуу хоолой дугарахаар, бугшсан идээ бээрийн энд тэндээс хатгаад эхлэхээр хагарахгүй гээд яалтай ч билээ. Өнөөгийн нөхцөл байдалд үлгэр домгийн үргэлжилсэн зохиол мэт хол санагдана. Гэвч хүсэлд хясал хазаар болох уу. Эхлээд өнгөрсөн лүү өнгийе:

Хууль тогтоох эрх авахын тулд сонгуульд ялах хэрэгтэй болдог. Энэ бол том даваа мэт жижиг толгод. Үүнд хэд хэдэн дүрэм байдаг ч булхайцвал шийтгэх шүүгч байдаг боловч байдаггүй. Тиймээс ямар ч хамаагүй аргаар ялбал алтан данхнаас мөнгөн аяганд цай уух аз завшаан тохиодог. Эрх мэдэлд хүрэхийн тулд тодорхой хэмжээний золиос (мөнгө) хэрэгтэй. Тэгвэл намууд санхүүгээ гишүүдийн татвар, хандив, төсвийн дэмжлэг гэсэн 3 гол эх үүсвэрээс бүрдүүлдэг.

Намуудын гишүүдийн татвар сар бүр нэг мянган төгрөг гэж намын тухай хуульд заасан байдаг ч жирийн гишүүн бүр өгдөггүй. Тодорхой үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог хүмүүс үйл ажиллагааны урсгал зардалд хөрөнгө оруулаад явдаг. МАН-ын бага хурлын гишүүд сард 100 мянган төгрөгийн татвар төлдөг бол Ардчилсан намын удирдах Зөвлөлийн гишүүд жилд 1.5 сая /70 хүртэлх хувь мөнгөн бус байж болно/, ХҮН намын удирдах зөвлөл албан тушаалаас хамаарч жилдээ 1 сая хүртэлх төгрөгийн татвар төлдөг.

Төсвийн дэмжлэг Улсын Их хуралд суудалтай намуудад хамаарах ба нэг суудлыг 10 саяар үнэлдэг бөгөөд үүний 50 хүртэлх хувийг тойрогтоо зарцуулдаг. Мөн хүчинтэй саналын тоогоор их хурлын гишүүдэд нэг удаагийн урамшуулал олгодог. /1санал=1мянга/ ИТХ-ын суудлын мөнгө олгодог ч энэ нь нийтэд тодорхой ил тод биш бөгөөд хууль бус үйлдэл. Мөн тойрогт зарцуулах төсвийг Засгийн газар биш Улсын Их хурлын гишүүн авч байна. Энэ нь тойрог услалт болж иргэдийн тархийг угаахад зарцуулагдана.

Аяганы хариу өдөртөө...

Дээр дурдсан намын санхүүжилтийн хоёр эх үүсвэр бол намын санхүүжилтийг бүрдүүлэхэд хангалтгүй бөгөөд гол цөм нь хандив болдог. Ялалт байгуулмаар байвал өрсөлдөгчөөсөө илүү мөнгөтэй байх ёстой. Тийм ч учраас хандив намын санхүүжилтийн 90-ээс дээш хувийг бүрдүүлдэг. Олонхын биш цөөнхийн эрх ашгийг далд хэлбэрээр хангадаг, авлига авдаг байдал өнөөдөр хорт хавдрын хэмжээнд хүрсэн. 2017 онд хийсэн Азийн сангийн Монголд хийсэн түүврийн “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа” –гаар улс төрийн түвшинд авлига 4 нэгжээс 3,39 гэсэн дүн гарч байв. Энэ дотроос улс төрийн нам 3,94 байгаа нь ил тод биш асар их мөнгө ашиг хонжоо цаана эргэлдэж байгааг харуулна.

Авлигыг авч үзэхээр үүнтэй холбоотой хоёр үзэгдэл урган гарч ирдгийг Ф. Фукуяма “Улс төрийн тогтолцооны ялзрал” номдоо томьёолсон.

Эхнийх нь өөртөө унац бий болгох, хонжоо олох явдал. Хонжоотой байхын тулд ховор зүйлийн эрэлт бий болгодог. Үүнийг зохиомлоор бий болгож эрх мэдлийн төлөө ашиглана. Тийм ч учраас өнөөдөр бизнесийн салбарынхан хувийн секторт байснаас илүү улс төрд албан тушаал хөөцөлдөх болсон. Хууль тогтоох байгууллагын зохицуулалтаас орж ирж буй мөнгө хувийн халаасанд орж байна уу, төрийн албан ёсны зориулалтаар ашиглагдаж байна уу гэдгийг бид анхаарах ёстой.

Хоёр дахь нь ивээн тэтгэлт ба клиентелизм. Ивээн тэтгэлт нь бие биеэ тусалж дэмжиж буй харилцаа. Олон нийтийн өмнө жуух гардуулах хэлбэрээр биш арай өөрөөр...

Клиентелизм нь өргөн цар хүрээтэй бөгөөд ивээгч, ивээлгүүлэгч хоёрын хооронд олон шат дамжлагатай явагддаг. Энэ нь зөв ардчиллыг гажуудуулдаг буруу үзэгдэл. Бялуу хуваарилдаг системд бүх иргэддээ тэгш үйлчлэх биш зөвхөн өөрсдийг нь дэмжиж санал өгсөн дэмжигчдэдээ хишиг түгээнэ гэсэн үг.

Ардчилал бэхжээгүй оронд энэ зүйл газар авдаг гэдгийг өнөөдөр Монгол харуулж байна. Үүнийг яаж арилгах вэ гэхээс илүүтэйгээр энэ үргэлжлэх процессыг яаж дөтлөх вэ гэдэг арга замыг хайх ёстой.

Асуудлаа томьёолбол энгийн дүр зураг гардаг гэдгийг иргэд хүртэл мэддэг. Мэддэг хэр нь санаснаар болж өгдөггүй дилемма үүсчихсэн. Энэ нь улс төрийн мөн чанарыг харуулах мэт. Михелс “Олигархийн төмөр хууль” бүтээлдээ:

- Ямар ч ардчилсан хөдөлгөөн олигархийг үүсгэдэг. Энэ бол нэг ёсондоо удирдагчдын хаалттай каст. Элит массыг хяналтдаа байлгах аргуудын нэг нь хүнд суртал. Хүнд суртал бол олигархийг байлгах дэг. Нийгэм хэчнээн ардчилсан байлаа ч намын лидерүүд засаглалыг өөртөө төвлөрүүлдэг. Гагцхүү энэ нь ардчилалгүй нийгэмд боломжгүй. Ардчилал бол том байгууллагын эдийн засгийн эрх мэдлийг улс төрийн эрх мэдэлтэй холбох үндэс болдог гэжээ.

Ингээд ардчилал ард түмний биш бизнесийн байгууллагын эрх ашгийн төлөө ажилласнаар улс төр санхүүгийн эдийн засгаас бүрэн хамааралтай болж төрөөс биш намаас тэрбумтан төрцгөөсөн. Нам нийгэмд боловсон хүчин бэлтгэх биш өөртөө үйлчлэгчийг бэлдэж намын эрх ашгийг үүргээсээ урдуур тавьсан.

Нам иргэдийн өмнө ямар ч хариуцлага хүлээгээгүй. Тиймээс үйл ажиллагаагаа ямар зардлаар зохион байгуулж байгаагаа тайлагнах албагүй гэж үзэж “Намын тухай хууль”-ийн 20.3-т Нам санхүүгийн үйл ажиллагаандаа жил бүр аудит хийлгэн баталгаажуулж, нийтэд мэдээлнэ гэж заасныг биелүүлдэггүй. ХҮН нам сүүлийн 2 жилийн тайлангаа веб сайтдаа оруулсан бол бусад намууд сонгуулийн тайлангаа хүртэл ил гаргахыг хүсдэггүй. Тэр ч бүү хэл нам дотроо удирдлагын албан тушаалын хүрээнд л байдаг нууцын зэрэглэлийн асуудал болсон.

Үүнийг шалгах Үндэсний аудитын байгууллага аль нэг эрх ашгаас хамааралгүй байсан бол улс төрийн намууд тайлагнах, эс тэгвээс хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдэнэ. Гэвч Үндэсний аудитын газар нь УИХ-ын харьяа, Үндсэн хуулийн байгууллага биш. Энэ нь аудитын олон улсын стандарт болох хараат бус, бие даасан байх гэсэн үндсэн зарчмаас гажсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төрийн аудитын байгууллагын удирдлагыг УИХ томилдог. Тодорхой хэлбэл, парламентад олонх болсон нам ерөнхий аудиторыг томилдог нь тухайн намын мөрийн хөтөлбөр хуульд нийцсэн эсэх талаар төрийн аудитын байгууллагын дүгнэлтэд эргэлзэх шалтгаан болдог.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар улс төрийн намыг хууль зөрчвөл 200-250, нэр дэвшигчийг 40-60 мянган төгрөгөөр торгох заалттай. Гэтэл 250 мянган төгрөг намын хувьд их мөнгө биш. Нөгөөтээгүүр, намуудыг торгож, хариуцлага тооцсон жишээ байдаг уу гэх мэт олон асуудал урган гарч байна. Иймээс манай улсад намын хандивын санхүүжилтийг нийгмийн масс дэмжихгүй, хардах хандлага үүсэж, өөрчлөлтийг хүсэж байна.

Үргэлжлэл бий...

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn