НҮБ-ын дэмжлэгийг хүлээсэн Монгол

НҮБ-ын системийн 11 байгууллага 163.1 сая ам.долларын санхүүжилт бүхий нийт 190 гаруй төсөл хөтөлбөрийг Монголд амжилттай хэрэгжүүлээд байна.
НҮБ-ын дэмжлэгийг хүлээсэн Монгол

Газар зүйн хувьд дэлхийн анхаарлын төвд буй Орос, Хятадын дунд орших Монголыг ч дэлхий анхаарч байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 13 жилийн дараах албан ёсны айлчлал илтгэж байна гэж олон улсын ажиглагчид дүгнэж буй. Хурцадмал байдалтай хоёр хөршийн дунд энх тайвны бэлгэ тэмдэг болон оршиж буй Монголыг НҮБ дэмждэг, цаашид ч дэмжинэ гэдгээ НҮБ-ын удирдлагын зүгээс мэдэгдээд байна. НҮБ-ын гишүүн орноор элсээд 60 жил болж буй Монгол Улсыг дэлхийн тавцанд дэмжиж ажиллах нь ч тодорхой. Энэ асуудлууд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай хийсэн хаалттай уулзалтуудын үеэр хангалттай хөндөгдсөн биз ээ.

Харин НҮБ Монголд олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буй бодит жишээ олон. Энэ бүхэнтэй ноён Антонио Гутерреш Улаанбаатар дахь НҮБ-ын төв байранд зочлох үеэрээ танилцсан юм. Монгол хувцсаар жигдэрсэн НҮБ-ын ажилтнууд тэргүүнээ хүндэтгэн угтав. Энэ үеэр Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра НҮБ-ын шинэчлэлийн хөтөлбөрийг газар дээр нь үр дүнтэй хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа онцолсон билээ.

Дэлхий дахинаа эдийн засаг, энх тайван болоод аюулгүй байдал хурцадмал байгаа энэ үед цөмийн зэвсэггүй улсад ирж буй нь айлчлалын бас нэг онцлог гэж тодотгож буй. Манайх нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарлаад 30 жил болжээ. Ноён Антонио Гутерреш 2017 онд НҮБ-ын 9 дэх Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсоноос хойш дэлхий дахинд тогтвортой байдлыг тогтоохыг ажлынхаа гол зорилгуудын нэг болгон ажиллаж байгаа аж.

Энэ айлчлалын үеэр ирэх өвөл гэрэл цахилгаангүй хатуу, харанхуй байдал монголчуудын өмнө тулсан гэх санаа зовсон асуудал жаахан нимгэрэв. Учир нь НҮБ-ын тэргүүн хөгжиж буй Монгол эрчим хүчний хязгаарлалтад орж болохгүй, иймд НҮБ Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд бодлогын дэмжлэг үзүүлнэ гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үеэрээ онцолсон байна.

НҮБ бол олон монгол хүний амь амьжиргааг дэмжин, ирээдүйн замд нь гэрэл нэмж, итгэл урам өгч яваа дэлхийн байгууллага. Тэдний дунд малчин, тариаланч, оюутан, оёдолчин гээд олон талын төлөөлөл бий. НҮБ-ын төсөлд хамрагдаж үр шимийг нь хүртэн амьдарч буй жирийн монголчуудын төлөөллийг Улаанбаатар дахь НҮБ-ын төв байранд урьж манай улсад албан ёсны айлчлал хийж буй Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзуулсан нь "Нэг НҮБ-Нэг дэлхий" гэх тодотголыг илтгэсэн юм.

Гэр бүлийн хүчирхийллээс ангижирч НҮБ-ын дэмжлэг аван өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй Н.Мөнх-Ирээдүй хэмээх бүсгүйг онцолъё. Тэрээр өглөө бүр олон литр сүү хөөрүүлж өрөм загсаан, өрмөөрөө тос хольж шар тос гарган авдаг, сүүгээрээ тараг бүрдэг, айраг исгэн тогоо нэрж, ааруул тавьдаг тухайгаа танилцуулав. Ноён Антонио Гутерреш хүчирхийллээс гарч, НҮБ-ын дэмжлэг авч хүчирхэг, хөдөлмөрч эмэгтэй болсон түүхийг олзуурхан сонсож байлаа.

Мөн төслүүдийн үр шимийг хүртэж буй иргэдийн нэг болох Н.Оюунгэрэл Архангайгаас ирж Антонио Гутеррештэй уулзаж, пробиотик сүүний үйлдвэрийнхээ талаар танилцуулав. Мөн цар тахлын үеэр Чехэд очиж гацаад НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын тусламжтайгаар эх орондоо буцаж ирсэн н.Нарантуяа бүсгүй оёдлын цехтэй болж амьжиргаагаа дээшлүүлсэндээ НҮБ-д ихэд талархаж байлаа. Тэрээр Чехэд байснаас эх орондоо ирж ажилласан нь хавь илүү байгаагаа ярив.

НҮБ-ын системийн 11 байгууллага 2017-2021 онд нийт 191.3 сая ам.долларын хөрөнгийг татан төвлөрүүлж, 163.1 сая ам.долларын санхүүжилтээр нийт 190 гаруй төсөл хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлсэн байна. Сүүлийн үеийн жишээ гэвэл эрүүл мэндийн салбарт л гэхэд НҮБ-аас КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Астра-Зенека, Файзер вакциныг Монголд нийлүүлсэн билээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны 9 дүгээр сард НҮБ-ын индэр дээрээс тэрбум мод тарих санаачилгаа дэлхийд зарласан билээ. Түүний эх орондоо урьж айлчлуулж буй ноён Антонио Гутерреш энэ санаачилгыг сайшааж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод суулгаж, услав.

Тэрээр "Байгаль орчин болон хүн төрөлхтний хоорондын холбоосыг нэг тэрбум мод тарих үйл ажиллагаа дахин сэргээнэ гэж ойлгож байна. Энэ холбоос бат бөх байх ёстой. Гэтэл бид энэ холбоосыг тасалсан байна. Үүнийг нөхөн сэргээхэд нэг тэрбум мод чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна" гэв.

Мод тарих үеэр НҮБ-ын үйл ажиллагаанд Монголоос хамгийн их хувь нэмрээ оруулан тусгаар улсыг тодотгосон энхийг сахиулагчид Антонио Гутеррештэй мэндчилсэн юм. НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улс оролцож эхлээд даруй 20 жил болжээ. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улс Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээ оролцуулж эхэлснээс хойш 20 гаруй мянган цэнхэр дуулгатан энхийн үйлсэд хүчин зүтгэжээ.

Олон улсын харилцааны нөхцөл байдал таашгүй, амаргүй байгаа энэ үед Монгол Улс НҮБ-д оруулах хувь нэмэр, оролцоо, дуу хоолойгоо идэвхтэй байлгах нь чухал хэмээн олон улсын ажиглагчид дүгнэсээр байна. Манай улс НҮБ-д элсэх үед 19 улстай дипломат харилцаатай байсан бол өнөөдөр 193 оронтой албан ёсны харилцаатай болжээ.

Ноён Гутерреш хэвлэл мэдээллийнхэнд хандаж үг хэлэхдээ "Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга гарган, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад бүтээлч хувь нэмэр оруулагч болохын төлөө Монгол Улсын гаргаж ирсэн хүчин чармайлтыг сайшааж, дэмжихээ илэрхийлсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монголд айлчилж буй хүндэт зочин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш малчин айлд зочилж, монгол ахуй соёлтой танилцаж, эрийн гурван наадмыг үзэж сонирхжээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn