Нийтийн сонсгол ба Ардчилал

Ардчиллын амин сүнс бол нэг нэг рүүгээ хуруу чичлээгүй диалоги буюу харилцан яриа, асуулт хариултаар хэлэлцэгдэж буй асуудлын гол цөмийг олох.
Жеф Сешонс сенатын сонсголын үеэр
Жеф Сешонс сенатын сонсголын үеэр

Эрх чөлөөний орон гэгддэг АНУ-д төрийн өндөр эрх мэдэлтэй албан тушаалтныг томилохдоо конгрессын хоёр танхимд тухайн томилогдож байгаа хүний ажлын туршлага, сурсан мэдлэг, ёс суртахууны алдаа гаргасан эсэх, гэмт хэрэг үйлдэж байсан эсэх талаар АНУ-ын нийт ард түмний өмнө нээлттэй сонсголын хуулийн дагуу сонсгол явуулж, нарийн шалгаж, шалгааж байж томилдог.

Мөн тухайн хүнийг томилогдож байгаа ажил дээрээ ямар хөгжил дэвшил авчрах талаар асууж, томилогдсоны дараа хууль дүрмийг зөрчиж байгаа эсэх, амлалтаа биелүүлж байгаа эсэх талаар ард түмэн байнгын хяналт тавьж байдаг. Энэ бол Ардчиллын амин сүнс.

АНУ-ын конгрессын хоёр танхим өндөр эрх мэдэлтэй албан тушаалтныг гэмт хэрэг хийж, ёс суртахууны алдаа гаргасныг ард түмэнд нээлттэй сонсгол явуулахдаа хууль хүчний байгууллагуудын мөрдөн байцаалтын үр дүнг нь сонсож, асуулт тавьж хариулт аваад баримтжуулж шүүхээр эцэслэн шийдвэрлэдэг.

Үүний үр дүнд эрх мэдэлтэн өөрийн эрх мэдлээ ашиглаж тагнуул, цагдаа, прокурор, шүүх засаглалтай хуйвалдаж, гэмт хэргээ нуун дарагдуулах боломжгүй болдог ба ингэснээр төр гэмт хэргийн мафижсан институт болж, ардчилал хөгжих замыг боогдуулах ямар ч боломжгүй болж ард түмний эсрэг гэмт хэрэг хийхээс сэргийлдэг.

Түүнчлэн, АНУ-ын конгрессын сонсголын хуулийн дагуу аливаа нэг иргэн эсвэл аж ахуйн нэгж цоо шинэ шинжлэх ухаан, технологи, бизнес, хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр санаачилсан бол конгрессод өргөдөл гарган сонсгол явуулж, шаардлагатай эрх зүйн орчин болон төрийн бодлогын талаар нээлттэй харилцан ярилцаж, бүх нийтийн эрх ашигт нийцэхүйц хамтын шийдвэр гаргадаг.

АНУ-ын үндэстний хөгжлийн бодлого нь ард түмний ухамсарт санаачилгад тулгуурласан байдаг ба төр, ард түмэн, хувийн хэвшлийн хооронд нээлттэй харилцан яриа, диалоги тогтмол өрнөж, аливаа асуудлыг харилцан ярилцаж, ойлголцсоны үндсэн дээр шийдэхийг чухалчилдагт оршино.

Тухайлбал, биотехнологийг аж үйлдвэрийн түвшинд хөгжүүлэх үндсийг тавьсан гэгддэг Роберт Свансон (Robert Swanson) анх биотехнологийн аж үйлдвэрийг санаачилж байх үед үүнийг хөгжүүлэх ямар ч санхүүгийн тогтолцоогүй, эрх зүйн орчин байхгүй байсныг харгалзан үзээд конгрессод сонсгол явуулж, тус аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх санхүүгийн тогтолцоо, эрх зүйн болон татварын орчны тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байгааг конгрессын гишүүдэд учирлан мэдүүлснээр биотехнологийг хөгжүүлэх бодлогын эхлэл тавигджээ. Ийм төрлийн жишээ ганц АНУ гэлтгүй хөгжингүй орнуудад түгээмэл байдаг. Бид энэ мэт сайн туршлагаас суралцах зүйл их байна.

Alphabet (хуучнаар Google) компанийн захирал Сүдар Пичай конгрессын сонсголын үеэр
Alphabet (хуучнаар Google) компанийн захирал Сүдар Пичай конгрессын сонсголын үеэр

Түүнчлэн, аливаа нэг компани монополчилж, өрсөлдөөнийг хязгаарлаж, эцсийн хэрэглэгч нарт хохирол учруулж байгаа эсэх талаар конгрессын түвшинд сонсгол явуулдаг нь нийтийн сонсголын нэг хэлбэр. Жон Д.Рокефеллерийн үүсгэн байгуулсан Стандарт Ойл монополийн сонсгол, сүүлийн үед гэвэл Apple, Google, Facebook, Amazon зэрэг технологийн томоохон компаниудын сонсгол одоо хүртэл явагдсаар байгаа.

Саяхан л гэхэд АНУ-ын конгресс төсөв батлах хугацаа тулчихсан байхад сунгаж байгаад асуулга, хэлэлцүүлэг, мэтгэлцээний үр дүнд эцсийн шийдвэрээ гаргаж төсвөө баталсан жишээ бий.

Хамгийн чухал нь юу вэ гэхээр хэн нэгэн эрх мэдэлтэн (үүд) дан ганцаар тийм ийм гэж эцсийн шийдвэр гаргалгүй талууд өөд өөдөөсөө хараад, харилцан ярилцаж, асуулт хариулт явуулж, асуудлын учрыг ойлгож, хужрыг тунгааж, хамтын шийдвэр гаргахад оршино.

Ардчиллын амин сүнс бол нэг нэг рүүгээ хуруу чичлээгүй диалоги буюу харилцан яриа, асуулт хариултаар хэлэлцэгдэж буй асуудлыг гол цөмийг олох.

Монгол Улс мөн адил дээрх жишгээр 2015 онд Нийтийн сонсголын тухай хуулийг улсын их хурлаараа баталсан.

Хуульд заасны дагуу төр нь иргэний болон бизнесийн ямар нэг чухал харилцааг зохицуулахдаа талуудыг оролцуулан нийтийн сонсголыг нээлттэй явуулсны хүрээнд шийдвэр гаргах учиртай.

Ард түмэн ардчилалдаа хяналт тавих нэг хэлбэр нь нийтийн сонсгол. Нийтийн сонсголын гол зорилго бол харилцан яриа, асуулт хариулт, үүний үр дүнд нэгдсэн ойлголт, шийдвэрт хүрэх.

Тиймээс Монголын ард түмэн болон хувийн хэвшлийнхэн эрх чөлөө, аз жаргал, ардчиллаа бэхжүүлэхийн тулд төрөөс (хороо, дүүрэг, хот, баг сум, аймгийн түвшинд) аливаа нэг төрийн өндөр албан тушаалтныг ард нийтийн сонсголоор томилох, татвар болон төсвийн зарцуулалтыг тогтмол нийтийн сонсгол дор тайлагнах, төр бизнесийн ямар нэг шинэ салбарт үйл ажиллагаа эрхлэх зэрэг хаа хаанаа үр дагавартай шийдвэрүүдийг гаргахаас өмнө нийтийн сонсголын тухай хуулиа даган мөрдөхийг шаардах ёстой буй за.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn