Улс төрийн намын хатуу гишүүнчлэлийг сулруулна

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад ийм заалт тусгажээ. Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн төслийг УИХ-ын ирэх хаврын чуулган эхэлмэгц өргөн барихаар төлөвлөжээ.
Улс төрийн намын хатуу гишүүнчлэлийг сулруулна

“Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд үүсгэн байгуулсан “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс “Улс төрийн нам ба тэгш гараа” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулав.

Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд 606 хүн нэр дэвшсэн. Тэд бүгд Үндэсний аудитын газарт зардлын тайлангаа гаргаж өгөх ёстой ч 469 нь тайлангаа өгчээ. Нэр дэвшигчид өөрийн хөрөнгө болон бусдын хандиваас сонгуулийн зардлаа гаргасан байна. Сонгуулийн хуульд өөрийн хөрөнгөөс хэдийг гаргах тухайд хязгаар байхгүй, харин 5 сая хүртэлх төгрөгийн хандив авч болох босго бий. 2020 оны сонгуулиар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэлээд нээлттэй ажиллаж нэр дэвшигчдийг өөрийн хөрөнгөө сонгуульд зарцуулахгүй байх, энэ нь тэгш гараанд нөлөөлнө гэдгийг мэдээлж, уриалж байжээ.

Энэ хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг оролцов. Тэрээр одоогоор боловсруулж буй Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсгийн ахлагч юм. Энэ төслийг сүүлийн 3 парламент дамнан ярьж, боловсруулж байгаа ч батлаагүй. Ирэх 3 дугаар сарын 15-нд хаврын чуулган эхлэх бөгөөд энэ үеэр Ерөнхийлөгчийн зүгээс Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барихаар төлөвлөсөн байна.

1990 онд баталж 2005 онд шинэчилсэн энэ хууль томоохон зохицуулалт хэрэгтэйг төлөөллүүд ярьсаар ирсэн. Тэгэхээр энэ парламент батална гэсэн хүлээлттэй буй хуулийн төсөлд ямар зохицуулалт тусгасан тухайд гишүүн Ц.Мөнхцэцэг товч танилцуулав.

-Улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийг сулруулна. Бүтэц нь уян хатан. Намын гишүүн, дэмжигч гишүүн гэсэн 2 ялгаатай статустай байна. Дэмжигч гишүүн нь татвар төлөхгүй, саналын эрхгүйгээр намын үйл ажиллагаанд дэмжин оролцож болно. Нэг иргэн хэд хэдэн намын гишүүн байж болно, өөрөөр хэлбэл сул гишүүнчлэлтэй байх нь.

-Намын үндсэн ажилтан л цалин авна. Дэмжигч гишүүд болон сонгуулийн ажилтан, ухуулагчид шан харамж, цалин урамшуулал авахгүй, сайн дураар ажиллана.

-Намд өндөр дүнтэй хандив өгч нэр дэвших, үйл ажиллагаанд нөлөөлөх, албан тушаал авах зэргийг хязгаарлана. Олон жил ярьж маргаж ирсэн намын санхүүжилтийг илүү нээлттэй, хязгаарлагдмал болгох аж.

-Эмэгтэйчүүдийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих үүргийг намд хуулиар ногдуулна. Өнөөдрийг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ганц ч төлөөлөл УИХ-д сонгогдож чадаагүй.

-Нэг хүний нам, халаасны нам, компанийн нам гэж нэрлэдэг ганц хүн байгуулаад хурал хийгээгүй олон жил болсон намуудыг татан буулгана. Одоогоор 35 нам Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байна.

Намын үйл ажиллагааг цахимаар явуулах нь зардал, хүн хүч хэмнэсэн арга хэмжээ гэдэг нь цар тахлын сүүлийн 2 жилд тодорхой байсан тул ийм заалтыг хуулийн төсөлд тусгажээ. Ийнхүү улс төрийн хүрээнд ихээхэн маргаан дагуулсаар ирсэн намын санхүүжилтийн асуудлыг зохицуулсан агуулга энэ хуулийн төслийн 60%-ийг эзэлж байгаа аж.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn