Марисса Ж.Смит: Монгол-Оросын харилцаа хутганы ирмэг дээр байна

Монгол Улс болон ЗХУ-аас хойших Евразийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг судлаач, соёлын антропологич Марисса Ж.Смитийн бичсэн "Монгол-Оросын харилцаа хутганы ирмэг дээр байна" гэсэн гарчиг бүхий нэгэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Марисса Ж.Смит: Монгол-Оросын харилцаа хутганы ирмэг дээр байна

Украины дайн ОХУ болон Монгол Улсын түүхэн бөгөөд эдийн засгийн харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж монголчууд болгоомжилж байна. Газарзүйн тухайд Украинтай холбогдуулан хэлэхэд Монгол Улс бол Евразийн нөгөө талд оршдог. Гэвч монголчууд Украин болон Оросын аль алинд нь тал алдалгүйгээр тэсээд гарахыг эрмэлзэж буй нь Оросын түрэмгийлэлд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгаагаас нь илхэн харагдаж байна.

Тухайлбал, Монголын Улсын Засгийн газар сүүлийн үед дээд түвшний дипломат уулзалтууд болон дэд бүтцийн хэлэлцээрүүдээр дамжуулан ОХУ-тай харилцаа холбоогоо бэхжүүлсээр буй бөгөөд ОХУ Украин руу халдан түрэмгийлж буйг зэмлэн буруушаасан агуулга бүхий НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хоёр удаагийн тогтоолын санал хураалтад санал өгөхөөс түдгэлзэж, албан ёсоор төвийг сахисан байр сууриа хадгалсаар байна.

Украиныг дэмжин жагсаал цуглаан хийхийг эхэндээ цагдаа нар нь зогсоож байсан ч сүүлийн үед Монголд энэ талаар үзэл бодлоо илэрхийлж буй хүмүүс өсөн нэмэгдсээр байна.

Түүхэн бөгөөд системчлэгдсэн харилцаа холбоо

Монгол Улсыг өнөө хэр нь орос хэл дээрх материалуудад хуучин ЗХУ-ын “16 дахь бүгд найрамдах улс” гэж бичиж буй бөгөөд энэ нь Оросоос хараат байх гэсэн украинчуудын эрмэлзлийг Монголын олон иргэн дэмжихэд нөлөөлж байна.

“16 дахь бүгд найрамдах улс” гэсэн нэр хоч зүүлгэсээр буйгаас нь харахад монголчууд болон украинчуудтай түүх, нийгмийн сүлжээ болон дэд бүтэц зэрэг олон зүйлсээр гүн гүнзгий харилцаа холбоотой оросууд Монголын тусгаар тогтнолыг өнөө хэр нь хүлээн зөвшөөрдөггүйн илрэл мэт.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский багадаа хэсэг хугацаанд Монголын Эрдэнэт хотод амьдарч байсан бөгөөд түүний аав нь Эрдэнэтийн уул уурхай, металлургийн цогцолборыг үүсгэн байгуулахад гар бие оролцож явсан хүн билээ.

Тухайн үед тус цогцолбор нь зэсийн баяжмалыг Казахстаны хайлуулах үйлдвэрүүд рүү шууд нийлүүлдэг, өндөр агууламжтай ган хайлш хийхэд шаардлагатай молибденийг үйлдвэрлэдэг Азийн хамгийн том ил уурхай байсан юм.

1989-1990 онд залуучууд Ардчилсан хувьсгал хийж, улмаар анхны ардчилсан сонгуулиа хийснээс хойш Монгол Улс олон улстай өргөн цар хүрээтэй харилцаа тогтоож эхэлсэн.

Монгол Улс хоёр хөрш болох Орос, Хятад улстай “стратегийн түншлэлийн харилцаа”-г хадгалахын зэрэгцээ “гуравдагч хөрш”-ийн бодлогыг баримталж, АНУ болон НАТО-гийн орнууд, тэр дундаа Варшавын гэрээний гишүүн байсан орнуудтай бат бөх харилцаа тогтоосоор ирсэн.

Монголчууд Украиныг дэмжиж байна

1989-1990 онд өлсгөлөн зарлаж, Улс төрийн товчоогоо татан буулгаж ардчилсан хувьсгал хийснээс хойш 2020 он хүртэл монголчууд нийслэл Улаанбаатар хотын төв Сүхбаатарын талбайд байнга жагсаал цуглаан хийсээр ирсэн “уламжлалтай”. Гэвч 2020 болон 2021 оны парламент, ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч МАН (1990 онд ардчилсан хувьсгал хийгчдийн байгуулсан АН-ын өрсөлдөгч) ялж, улс төрийн ноёрхлоо улам бүр бэхжүүлснээр жагсаал цуглаан хийхийг хязгаарлах болсон юм.

МАН нь ковид-19 цар тахалтай холбоотой хөл хорио, хязгаарлалтыг урт хугацаанд хэрэгжүүлж, нөлөө бүхий хэд хэдэн жагсагчийг баривчлуулсан билээ. Үүний улмаас Монголд жагсаал цуглаан хийх нь тоо, хэмжээний хувьд цөөрч багасаад байсан ч ОХУ Украин руу түрэмгийлж эхэлснээс хойш нөхцөл байдал бүрэн өөрчлөгдсөн.

Монгол Улсын Засгийн газар ковидтой холбоотой бүх хориг хязгаарлалтаа 2 дугаар сарын 14-нд цуцалсан билээ.

Украины төрийн далбааг илэрхийлсэн шар, цэнхэр өнгийн урт туг барьсан хорь орчим жагсагч 2 дугаар сарын 28-нд Сүхбаатарын талбайд цугласан ч тэднийг цагдаа нар болон хэт үндсэрхэг үзэлт бүлгэмүүдийн гишүүд тараасан.

Үүний дараа гурил үйлдвэрлэлээр Монголдоо тэргүүлэгчдийн нэг “Алтан тариа” компани үйлдвэрийнхээ гадна Украины төрийн далбааг мандуулсан. Гэвч Твиттер хэрэглэгчдийн мэдэгдсэнээр, уг далбааг цагдаа нарын шаардлагаар буулгасан байна.

Гэхдээ энэ бүхнээс үл хамааран 3 дугаар сарын эхэн үеэс хойш Монголд жагсаал цуглаан болсоор буй бөгөөд цагдаа нар шууд хөндлөнгөөс оролцсон гэх мэдээлэл байхгүй байна.

Тэнцвэржүүлэх хатуу арга хэмжээ

Улаанбаатар хотын төв хэсэгт, Сүхбаатарын талбайгаас холгүй орших ОХУ-ын ЭСЯ-ны гадна 3 дугаар сарын 25-нд монголчууд жагсаж, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг Монголоос гарахыг шаардсан. Жагсагчид Украины төрийн далбаанаас гадна Монгол, Буриад, Халимаг, Тувагийн далбааг барьсан байсан юм.

Энэ жагсаал нь ОХУ-аас Монголд суугаа ЭСЯ Твиттер болон Фэйсбүүк хуудсандаа "Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчид"-ийг шууд эсэргүүцсэн агуулга бүхий пост оруулснаас үүдэлтэй бөгөөд үүндээ "Украинд АНУ-ын санхүүжилтээр босгосон био-лабораториуд бий" гэж АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын зөвлөх Рожер Стоуны хэлснийг эш татсан байв.

Сүүлд хийсэн энэ жагсаалд оролцогчид Украин төдийгүй Монголын тусгаар тогтнол болон бүрэн эрхт байдлыг хамгаалж, ОХУ-ын бүгд найрамдах улсууд, пан-Монголын бүрэлдэхүүнд хамаарах Буриад, Халимаг болон Туватай эв санаа нэгтэй буйгаа илтгэн харуулж байсан юм.

Энэ нь ОХУ хамгийн ядуу буурай бөгөөд үндэстний цөөнхүүд оршин суудаг бүгд найрамдах улсуудынхаа залуусыг дайнд олноор нь дайчилж байна гэсэн мэдээлэл гарсантай холбоотой.

Эдгээр жагсагч болоод "төвийг сахих"-ыг эсвэл Оросын Засгийн газар, Владимир Путиныг дэмжигчдийн үзэл бодол зарим талаараа давхцаж буй юм.

Монгол Улс БНХАУ-аас хэт хараат болох вий буюу Оросын эсрэг авч буй хориг арга хэмжээнүүдийн улмаас Монголын эдийн засгийн байдал улам бүр дордох вий гэж тэд санаа зовцгоож байна. Сүүлийн өдрүүдэд Монголд гадаад валют бараг олдохоо байсан. Ковид-19 цар тахлын улмаас хэдийн буураад байсан олон улсын нислэгүүд Европын иргэний агаарын тээврийн компаниуд онгоцоо Оросын агаарын орон зай руу оруулахаас татгалзсанаар улам бүр хязгаарлагдмал болоод байгаа билээ.

Эх сурвалж: https://www.ips-journal.eu/

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn