Айдас түгшүүр ганзагалсан Лавров

Лавровын айлчлал ба айдас түгшүүр
ikon.mn
ikon.mn

“Лавров ирнэ” гэсэн дуулиан яриа гараад долоо дахь хоног дээрээ мань эр биеэрээ морилж ирэв. Өөлбөл үрчгэрдүү гэмээр брюк өмсжээ.

Түүний мэдэгдэл, сайшаал

Ажихад, айлчлалыг улс төр сонирхогчдын хүрээнд л мэдэж, мэтгэж байгаагаас биш бас чиг тийм дуулиантай үйл явдал биш аж. Гэсэн ч айлчлалын үеэр хэлэгдэх үг, цэг, амьсгаа болгоны эффект дараа нь тун ч дуулиан тарина.

Протоколын дагуу түүнийг нэг зиндааных нь Гадаад хэргийн сайд хүлээн авч уулзсан. Харин дараа нь, түүнийг илгээсэн “нөгөө зиндааны” даргын даалгаврыг биелүүлж манай төрийн гурван өндөрлөгтэй уулзах аж. Манай улсын төрийн бодлогод ялангуяа цэрэг дайны аливаа үйл явдалд дундыг баримтална, мөн гуравдагч хөршийг эрхэмлэнэ гэсэн утга эргэлзээгүйгээр байж байдаг. Гэтэл Лавровын айлчлалаар энэ бодлого маань ганхах вий гэсэн болгоомжлол хаа сайгүй тархжээ. Түүний тулгалтад орох субъектүүд бол яах аргагүй тэр гурав. Сошиал медиаг харахад, хөөрхий бултчихаасай, битгий уулзаасай гэсэндээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ордонд ямар нэг чуулган хийж байгаа, УИХ-ын дарга хөдөөгүүр яваад байгаа бололтой, харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур явчихлаа гэлцэнэ. Үнэндээ тэр ямар ч чуулган дуусна, Занданшатар гуай ирсэн, харин Ерөнхий сайдын Сингапур маргааш юм билээ. (Үүнийг бичих хооронд тэрээр Ерөнхийлөгчийг "бариад авчихсан" Путины илгээлтийг дамжууллаа гэсэн мэдээ гарав)

Ард иргэд нь сүрхий хоёр гурав талцаж байгаа зүйл одоохондоо алга. Өглөөгүүр Э.Бат-Үүл гуай тэргүүлсэн нэг бичил цуглаан болсон. Залгаад хэдэн залуучууд бас төрөл бүрийн уриа лоозон барьж жагссан. Энэ бол айлчлалын арга хэмжээг үл таашаагчид. Харин таашаан хүлээн авагчид одоогоор ямар нэг идэвхжил үзүүлсэн зүйл алга. Эсвэл би мэдээгүй сууж байна. Ер нь хэлсэн дээ, эффект нь явсных нь дараа л гарна гэж.

Лавровын хэлсэн үгнүүдээс онцолсон хэсэг нь сошиал медиагаар тарж байна. Тэрээр дараах хоёр үндсэн зүйлийг мэдэгдэх ба сайшаажээ:

· Болж байгаа дайны талаар танай манай хоёр ижил байр суурьтай байгаа

· Монгол улс ШХАБ-т орно гэсэн чинь ёстой сайн байна шүү

Үүнийг дипломат хэлнээс энгийн хэлэнд орчуулбал, Монгол Улс биднээс өөр бодолтой байж болохгүй! Та нар ШХАБ-т элсэх ёстой! гэж буух байх. Мэдээж үүнийг ч гэсэн дэмжиж алга таших тодорхой хүмүүс бий. Хүн бүр л үзэл бодолтой байх нь манай ардчилсан улсын үндсэн зарчим билээ. Гэхдээ дээрх нөхцөлүүдийг дагах нь энэ зарчмын эсрэг зүйл болох уу, үгүй юу бодох л асуудал юм байна.

Хадны завсар дахь хавчуулагдсан монголчууд

Бид үнэхээр хадны завсар аж төрдөг. Энэ бол бодит үнэн. Цахилгааны тасалдал биднийг шууд 30 жилээр ухраана. Байсхийгээд л тог тасарна. Өөрийн том, жижиг цахилгаан үйлдвэрлэгчтэй болтлоо сэтгэлээр унам, гунигтай цаг үед амьдарч эхэлнэ. Хэрэв оросууд бензинээ тасалбал аягүй бол бид өөрснөө жагсаж Орост дагаар оръё гэдэгтээ тулахгүй гэх газаргүй. Монголчууд бол нийтийн, ирээдүйн эрх ашгийг огоорч өөрийн бяцхан тух, хэрэгцээ ханаж байвал болдог улс. Хэрэв тэд нээрээ тасалбал яах вэ? Хятад тэр дороо биднийг бензинээр хангаж Оростой улаан цагаандаа гарч муудалцахгүй биз. Япончууд онгоцоор зөөж хүчрэхгүй. Тиймээс энэ бол бодох ёстой бодитой аюул мөн юм.

Тэгвэл бензин, цахилгаантайгаа үлдэхээр шийдэж баавгайд тэврүүлбэл яах вэ? “Монголчууд 32 жил эрх чөлөөгөөр амьсгалж билээ” гэсэн дурсамж үлдэнэ. Орос, Хятад хоёр бол бидний хувьд нэг тэрэгний хоёр дугуй. Бидний тухай яг ижил бодолтой. Хоёул нутгаас минь үлэмж хэмжээгээр таслан авсан. Гэхдээ илүү гомдоож, тамласан, дээрэлхсэн нь бол оросууд юм шүү. Бас айлгасан гэх гээд мартаж. Гомдоогоогүй, тамлаагүй, дээрэлхээгүй гэж бодтол нь айлгаж чадсан байдаг.

Их хоёр хөрш маань хоёул дарангуй авторитор дэглэмтэй байгаа нь шууд нэгдсэн ойлголцолд хүрч, бидний талаар нэгдмэл арга хэмжээ авах боломж олгодог. Биднийг өөрийн гэсэн мөрөөдөлтэй, ажилтай төрөлтэй, амьдралтай улс гэж огт хардаггүй. Дундаа байгаа хэсэг газар л гэж тооцдог. Тиймээс дундуураа барууны, өрнийн нөлөө, оролцоог байлгахыг хүсдэггүй. Энэ нь Монголын ардчиллыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг. Тэд ч зөөлөн аргаар өнгөрсөн гучин жилд хөөрхөн үзэж тарсан. Бид чадлаараа тийм биш гэж нотлохыг оролдсон. Харин энэ дайнаар бид эвгүй шахаанд орчих нь энэ.

Бид Оростой муудалцвал яах вэ? Путины дэглэм унасны дараа байдал сайжирна гэж найдах уу? Тэр болтол Хятад хөрш маань балга шатахуун нийлүүлнэ гэж бооцоолох уу?

Ямартай ч барууныхан алга таших нь ташна. Хөрөнгө оруулалтууд нэмэгдэнэ. 1990 онд хамраараа газар хатгаж явахад нөмөр нөөлгөө үзүүлсэн Япончууд ч тодорхой боломжууд амласан. Аягүйдвэл зол гийж 2011 оных шиг эдийн засгийн солиотой өсөлт ч эргэн ирэхийг хэн байг гэхэв. Монголын зол гэж байдаг сан.

Бодит байдал дээр манай дарга нар Лавровт тэгье ч гэхгүй, үгүй ч гэхгүй буцааж дөнгөнө гэдэгт л найдах үлдлээ. Аргагүйдэж тэгье гэсэн ч эрхзүйгээрээ парламент, цаашлаад ард түмнээсээ добро авах зам руу налах зай байх биз гэж итгэнэм. Өрнийн гуравдагч түншүүд ч Монголын энэхүү хөөрхийлөлтэй газарзүйн онцлогийг харгалзан үзэж, "ойлгох" буй заа.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn