Их засаг хуульд авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар хэрхэн хуульчилсан талаар ...

“Их засаг” хуульд хаан өргөмжлөх, их хуралдайг зарлан хуралдуулах, гадаад улс оронтой харилцах ёс, цэргийн болон иргэний үүрэг, алба татвар, эрүүгийн болон иргэний шинж чанартай олон асуудлыг хэрхэн зохицуулахыг хуульчлан заасан байдаг.
Их засаг хуульд авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар хэрхэн хуульчилсан талаар ...
авлига

Одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөж буй Монгол Улсын эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ын 22 дугаар бүлэгт Авлигын гэмт хэргийг хуульчилж түүндээ “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан.

Үүгээр “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” нь гарцаагүй нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй гэж нотлон, баталгаажуулж өгсөн гэж хэлж болно.

Хууль бол түүхийн үнэ цэнтэй анхдагч эх сурвалж болох талаар “Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэл”-ийн нэгдүгээр ботид академич Ж.Амарсанаа нар дурдсан байдаг. Тэгвэл хууль, эрх зүйн түүхэн уламжлалыг судлах нь аливаа эрх зүйн судалгааны гарцаагүй мөн чанар болох бөгөөд эдүгээ цагт өөрчлөлт, шинэтгэлийн эрин үе тохиож буй тул тодорхой төрлийн гэмт хэрэг бүрийн уг гарвалийг судлан илрүүлэх нь энэ салбарын хөгжил дэвшлийн шат гишгүүр болох нь тодорхой юм.

Мөн “Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэл”-д “Хэдийгээр түүхийн хуудаснаа Монголын төрт ёсны уламжлалыг Нийтийн тооллын өмнөх 209 онд Хүннү улс байгуулагдсан цаг үеэс тооцох санал байдаг боловч Монгол Улс жинхэнэ утгаараа Чингис хаан тархай бутархай олон овог, аймгийг нэгтгэн Монголын нэгдмэл тулгар төрийг 1206 онд байгуулсан нь нийтээр хүлээн зөвшөөрсөн үнэн” гэж тэмдэглээд Монголын хууль, эрх зүйн хөгжлийг “Их засаг” хуулиас эхлэн судалжээ.

“Нийтийн албан тушаалтан” гэж Авлигын эсрэг хуульд заасан тодорхой албан тушаалуудыг нэр зааж өгсөн бөгөөд “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа” гэдгээс харвал тодорхой эрх хэмжээ олгогдсон этгээд байна гэж шууд ойлгогдож байна. “Урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж” гэдгээр тухайн гэмт хэрэгт тооцогдох үйлдэл, эс үйлдэхүйн ерөнхий байр байдлыг илэрхийлж өгчээ. Харин “эрүүгийн хариуцлага” нь Эрүүгийн хуульд зааснаар ял болон албадлагын арга хэмжээ юм.

Ийнхүү утгын хувьд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр нэн тэргүүнд Монголын эртний хууль цаазын эх, тэргүүн болох “Их засаг” хуульд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах байдалд хариуцлага хүлээлгэж ирсэн талаар түүвэр судалгаа хийхийг зорьсон болно.

“Их засаг” хуульд хаан өргөмжлөх, их хуралдайг зарлан хуралдуулах, гадаад улс оронтой харилцах ёс, цэргийн болон иргэний үүрэг, алба татвар, эрүүгийн болон иргэний шинж чанартай олон асуудлыг хэрхэн зохицуулахыг хуульчлан заасан байдаг.

Түүхэн эх сурвалжуудаас үзвэл “... хэрвээ түмтийн жанжин алдаа эндэгдэл гаргалаа гэж бодвол, тэр жанжин хоёр нарны хооронд явж хүрэх хол газар байсан ч хаан түүн рүү ганц элч мордуулна. Тэр элч жанжинд хүрч очоод толгойг нь ав гэсэн бол аваад, алт эрдэнээр торго гэсэн бол торгоод буцаж ирнэ ...” /Үүнийг мөн Монголын эрт эдүгээгийн хууль цаазын түүхийн сэдэв дэвтэрт Их засаг хуулийн цаазын чанартай сургаалд тэмдэглэн Нэгэн зүйл: Ноёд дотроос ямар нь боловч гэм халдаад, хаанаас хамаг доорд түшмэлийн албан хүнийг зарж гэсгээлгэхээр явуулбал даруй биеэ тэрхүү элчид өгч өмнө хэвтэж хаанаас тогтоосон амийг авах хэрэг боловч шууд гүйцэтгүүлтүгэй гэж дурдсан байдаг./, “... түшмэл түшээ зарж хянан байцаалгах үес хэрэв цэргийн тоо дутах буюу оргодол хийгээд ядуу хүнийг ацаглан нэрийн цэсийг гүйцээсэн байх аваас заавал зэмлэж ял хэлэлцэх болмуй ...”, “... доод тушаалын дарга нар дур мэдэн бичиг шийтгэн олгож цэргийг халж солихыг цаазлах бөгөөд ...”, “... ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа буюу хааны зарлиг ёсоор ирээгүй ноёд жанжнуудыг цаазаар авна...” гэж хууль, цаазын хэм хэмжээ тогтоосон зарлиг бичгүүдийг нэрлэн дурдаж болно.

Харин албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээх ойлголтыг түүхэн эх сурвалжууд дахь “дур мэдэн бичиг шийтгэн олгож”, “оргодол хийгээд ядуу хүнийг ацаглан нэрийн цэсийг гүйцээсэн байх аваас” гэсэн утга бүхий үйлдэл, эс үйлдэхүйн шинжээр нь дүгнэн чухамхүү эдгээр нь “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн түүхэн эх сурвалж мөн гэж үзэж болохоор байна. Тухайлбал “доод тушаалын дарга нар дур мэдэн бичиг шийтгэн олгож цэргийг халж солихыг цаазлах” гэх хэм хэмжээнээс доод тушаалын дарга гэж бичиг олгох эрх бүхий албан тушаалтан этгээд байх бөгөөд тухайн албан тушаалтан дур мэдэн бичиг олгохыг хууль бус гэж үзсэн байх тул үүнийг гэмт хэрэг гэж үзэн хариуцлага хүлээлгэхээр тогтоосон байна.

Албан тушаалын гэмт хэрэг нь гарцаагүй Авлигын гэмт хэрэгт хамааран хуульчлагдсан байдаг тул цаашид мөн энэ төрлийн гэмт хэргийн түүхэн уламжлал, эх сурвалжийн судалгааг хийхдээ Авлигын гэмт хэрэгт багтах бүх тодорхой төрлийн гэмт хэргийг хамааруулан судлан шинжлэх нь зүйтэй гэж үзэж байна.

“Хээл хахуулийн гэмт хэрэгтэй явуулах тэмцлийн зарим асуудал” нэг сэдэвт бүтээлд “Эрдэмтэн, судлаач Х.Пэрлээ нь “Нууц товчоонд үлдсэн хууль цаазын Чингис хааны “жаса” хууль ба Өгөөдэй хааны үеийн хууль цаазыг сэргээн мэдэхэд сурвалж болно” гэж онцлон дурдсан байдаг ч энд хээл хахуулийн гэмт хэргийн талаар тухайлсан заалт байхгүй боловч албан тушаалын гэмт хэрэгт холбогдож болох төрд алба хашиж буй хүмүүсийн биеэ авч явахтай холбоотой зарим заалт байна” гэж тэмдэглэсэн байна.

Нууц товчооны 108 дугаар зүйлд “Хуртай боловч Хуралд бүү хожидъё. Зээ гээд хожигдсоныг Зэргээс гаргая” хэмээн өгүүлсэн бөгөөд энэ нь нэгэнт хүлээн авсан үүргээ ямар ч үед гуйвалтгүй биелүүлэх ёстой гэсэн үг хэмээсэн нь мөн адил эдгээр хэм хэмжээг авлига, албан тушаалын гэмт хэргийн эх сурвалж мөн болохыг тодотгож өгсөн байна.

Их засаг хуулийн талаар дурдсан бас нэгэн бүтээл болох “Монгол Улсын эрүүгийн хууль тогтоомжийн түүхэн уламжлал, шинэчлэлийн асуудал” бүтээлд төр захиргааны эсрэг гэмт хэрэгт хамаарах “Элчин сайд хэмээн өөрийгөө мэдүүлэн мэхэлсэн”, цэргийн гэмт хэрэгт хамаарах “Зарлиг зааваргүйгээр эвдлэн шатаах буюу олзлогсдыг дураараа шийтгэсэн, тарчлаан зовоосон” зэрэг заалт нь өнөөгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн эх сурвалж гэж үзэж болохоор байна.

Хэдийгээр “Их засаг” хуулийг Монголын төрт ёс, хууль, эрх зүйн үүсэл хөгжил гарцаагүй мөн гэж үзэх боловч авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдох судалгаа шинжилгээ нь судлаачдын судалгааны ажилд дурдагдах төдий тусгагдаж ирсэн бөгөөд зүйл, заалт бүрээр нь тодорхойлон задлан шинжилсэн тохиолдол төдийлөн их биш бөгөөд цаашид илүү нарийвчлан судлах хэрэгцээ шаардлага байгаа нь үүгээр илэрхийлэгдэж байна.

Эх сурвалжийн жагсаалт:

Монгол Улсын Эрүүгийн хууль. Төрийн мэдээлэл. УБ., 2016. №7

Ж.Амарсанаа нар. Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэл. Нэгдүгээр боть. УБ., 2010. 14 дэх тал

Авлигын эсрэг хууль. Төрийн мэдээлэл. УБ., 2006. №35

Урвуулах - Эсрэгээр эргүүлэх, хөрвүүлэх: албан тушаалаа урвуулан ашиглах (эрх мэдлээ буруу зүйлд ашиглах). Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар. Монгол хэлний их тайлбар толь. УБ., https://mongoltoli.mn/dictionary/

Ала-Ад-Дин Ата-Мелик Жувейни. Дэлхийг байлдан дагуулагчийн түүх. Орч. М.Д.Бадамням. УБ., 2006. 25 дахь тал

Монголын эрт эдүгээгийн хууль цаазын түүхийн сэдэв дэвтэр. Монгол бичгээс хөрвүүлсэн Б.Баярсайхан. УБ. 2002. 14 дэх тал

Гуулин улын судар. Тэргүүн боть. Пхеньян. 1957. 452-454 дэх тал

Б.Чимид. Төр, нам эрх зүйн шинэтгэлийн эгзэгтэй асуудлууд. УБ., 2008. 140 дэх тал

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар. Монгол хэлний их тайлбар толь. УБ., https://mongoltoli.mn/dictionary/

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn