С.Бямбацогт: Будаа, ургамлын тос болон бусад барааны үнэ өсөх вий

Чуулганы эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн төслийн талаар танилцуулав.
С.Бямбацогт: Будаа, ургамлын тос болон бусад барааны үнэ өсөх вий

УИХ-ын чуулганаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэрийн бараа бүтээгдэхүүний өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Засгийн газраас Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэрийн бараа бүтээгдэхүүний өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Уг хуулийн төслийг чуулганы яаралтай горимоор хэлэлцэж байгаа юм. Чуулганы эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн төслийн талаар танилцуулав.

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна.

Б.Бат-Эрдэнэ:

-Хуулийн төслийг дэмжиж байна. Олон улсын зах зээлийн биржийн байдлыг харвал нэг баррель газрын тос 95-100 ам.долларын өсөлттэй байна. 2024 оноос 50-60 ам.доллар руу буух төлөв ажиглагдаж байна. Ийм үед гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлэх, тогтвортой байлгах хуулийн төслийг оруулж ирж, яаралтай горимоор хэлэлцэж байгааг дэмжиж байна. Гаднаас нефть импортолно гэдэг бол валюттай холбоотой асуудал. Гадаад руу валютын урсгал нэмэгдэнэ. Энэ тал дээр судалгаа тооцоо хийх хэрэгтэй.

Сангийн сайд Б.Жавхлан:

-ОХУ байгалийн хий, шатахууны төлбөрийг үндэсний валютаар хийхээр мэдэгдсэн. Манайд рубль нь байдаг бол үүн шиг таатай нөхцөл байхгүй. Гэхдээ энэ байдлаас гарахын тулд сүүлийн 10 гаруй жил энэ хүсэлтийг тавьж байгаа. Энэ удаагийн нөхцөл байдалтай уялдуулаад шийдвэрлэх болов уу гэсэн хүлээлт, найдлагатай байна. Ийм гэрээ хэлэлцээр хийх асуудлаар бидний зүгээс өдөр бүр хандаж, шавдуулж байгаа. Хэрэв хоёр орны банкны хооронд үндэсний мөнгөн тэмдэгтүүдээр солилцоо хийвэл энэ цаг үед долларын дарамтаас бага ч гэсэн хөнгөвчлөх боломж бий. Нааштай шийдэх байх гэсэн хүлээлттэй байна. Манай улс шатахууны жилийн хэрэгцээнд 1.8 тэрбум доллар төлдөг байсан. Одоо 1.4-1.5 тэрбум доллар төлөхөөр байна. Он дуустал тэрбум доллартой тэнцэх рубль төгрөгийн солилцоо хийвэл энэ хэмжээгээр бидний валютын нөөцийн дарамт буурна. Энэ тал дээр ажиллаж байгаа.

С.Бямбацогт:

-Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа. Үүнийг ард иргэддээ зөвөөр ойлгуулах нь чухал. Өнөөдөр гэнэт ийм болсон юм биш. Сүүлийн 2, 3 жилд үүсээд буй асуудал юм. Ялангуяа, ОХУ, Украинд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой асуудал улам хүнд болж байгаа. Монгол Улс хоёрхон хөрштэй. Хоёр хөршөөрөө дамжуулан эдийн засаг худалдааны харилцаатай байж хэрэгцээгээ хангадаг. Цар тахлаас шалтгаалан бараа бүтээгдэхүүний саатал үүсэж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Хятад улс цар тахлаас үүдэн өөрийгөө тусгаарлаад, ОХУ эдийн засгийн хоригт ороод байгаа. Тиймээс хүнд байдлаас гарахын тулд энэ хуулийн төслийг оруулж ирж байгааг дэмжиж байна. Гэхдээ мах, гурил, шатахууны үнэ дээр анхааръя гэж байна. Гэтэл цаана нь үлдэж байгаа будаа, ургамлын тос болон бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсөх вий. Эдгээрийн хангамжийг тасалдуулахгүй байх тал дээр ямар бодлого барих юм бэ. Энэ асуудалд анхаарах хэрэгтэй.

Дээрх хуулийн төсөлтэй холбоотой Ерөнхий сайд УИХ-ын гишүүдийн асуултад хариулж, чуулган үргэлжилж байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn