Хүнсний дайн ба хүнс үйлдвэрлэлийн монополчлол

2050 онд дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээг хангахад одоогийнхоос 60%-аар их үр тариа шаардлагатай гэсэн тооцоолол бий. Одоогоор дэлхийн хүн амын 1/5-ийг хятадууд эзэлж байгаа бөгөөд тус улсын хүн амын хүнсний хэрэгцээг хангахад нийт хүнсний үйлдвэрлэл, бүтээгдэхүүний 20%-ийг зарцуулна. АНУ-ын эрдэмтэн Браун 1994 онд “Хятадыг хэн тэжээх вэ” нэртэй нийтлэл бичсэн нь тухайн үедээ шуугиан тарьж байв.
Хүнсний дайн ба хүнс үйлдвэрлэлийн монополчлол
https://www.devex.com/

Дэлхийн хүйтэн дайны дараах даяарчлал, олон улсын эдийн засаг, худалдааны харилцан хамаарлын тэлэлтийн нөлөөгөөр улс орнууд хаанаас бол хаанаас хүссэн бараа бүтээгдэхүүнээ ханган нийлүүлэх боломж бүрдсэн билээ. Улмаар худалдан авах чадварыг эс тооцвол хүн төрөлхтний дийлэнх нь олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний сонголт дунд амьдарч байна. Гэвч нөгөө талаар дэлхий нийтээр хүнсний баталгаат байдлыг “Хүнсний дайн” хэмээн нэрлэж, аюулгүй байдлын түвшинд хэлэлцэх болсоор багагүй хугацааг үдэж буй. Яагаад “Хүнсний дайн” хэмээн нэрлэх болов.

Дэлхийн хүн амын өсөлтийг дагасан хязгааргүй хэрэглээний эсрэг байгалийн хязгаарлагдмал нөөц, уур амьсгалын өөрчлөлт, үр тарианы томоохон компаниудын монополчлол, экспорт, импортын хязгаарлалт зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах зэрэг үйл явдал хүн төрөлхтний хүнсний хэрэгцээг тэгш, хүртээмжтэй хангахад хүндрэл учруулсаар байна.

Хүнсний дайн ба аюулгүй байдал

Монголчуудын хувьд хүнсний баталгаат байдал гэх нэр томьёог ихэвчлэн эрүүл ахуй, чанартай холбон ойлгож ирсэн. Бидэнд хэрэгцээт хүнсний нийлүүлэлтийн тасалдал, үнийн өсөлт, хүнсний нөөцийн тогтвортой хангамжийн тухай ойлголтыг Эрээн-Замын-Үүд чиглэлийн тээврийн саатал бодитойгоор мэдрүүлсэн гэхэд болно.

Манай улс 1990 оны улс төр, эдийн засгийн өөрчлөлтөөс үүдэлтэй хүнсний хомсдолоос олон улсын тусламж, импортын барааны нийлүүлэлтийн дэмээр өндийж, үндэсний хүнсний үйлдвэрлэл сэргэх эхлэл тавигдсан байдаг. Гэвч олон улсын хэмжээнд үүсээд буй өнөөгийн нөхцөл байдал Монгол Улсыг хүн ардынхаа хүнсний баталгаат байдлын талаар хэрэгжүүлж буй бодлогоо эргэн харахыг сануулж байна.

Хүнд хохирол учруулах хэмжээний аюул заналхийллийн талаар бичвэл мэдээж урт жагсаалт гарна. Орчин цагт цэрэг зэвсэг, батлан хамгаалахын хүчинд тулгуурласан уламжлалт аюулгүй байдлаас хувь хүний амар тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн уламжлалт бус аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэгт хүнсний аюулгүй байдлыг багтаан авч үздэг болжээ.

1994 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс эдийн засаг, эрүүл мэнд, хувийн аюулгүй байдал, байгаль орчин, нийгэм, улс төр, хүнсний аюулгүй байдал зэргийг хүний амар тайван, аюулгүй амьдралд сөргөөр нөлөөлж буй гол хүчин зүйл хэмээн тодорхойлсон байдаг. Тус хөтөлбөрийн "Хүний хөгжлийн тайлан"-д хүнсний аюулгүй байдлыг “Хүнсний хангамжийн түвшнээс гадна хүнсний үйлдвэрлэлд шаардлагатай нөөцийн хуваарилалт болон худалдан авах чадвар” хэмээн тодорхойлжээ. Гэхдээ олон улсын байгууллагууд болон томоохон улс орнуудын судлаачдын хүнсний аюулгүй байдлын талаарх ойлголт олон янз бөгөөд 200 гаруй хувилбар бий гэж үздэг.

Хүнсний аюулгүй байдал орчин цагт

2007-2008 онд хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өссөн явдал дэлхийн тэргүүлэх улс орнуудыг хүнсний бие даасан байдлаа бэхжүүлэхэд хүргэсэн бөгөөд энэ чиглэлд улс орон бүр тодорхой бодлого хэрэгжүүлж байна. Мөн дэлхий нийтийг хамарсан ковидийн тархалт, улс хоорондын геополитикийн нөлөөлөл ч 2020-2022 онуудад хүнсний үнийг ойрын жилүүдэд байгаагүйгээр огцом өсгөв. Улс орнуудын хүнсний бие даасан байдал харилцан адилгүй бөгөөд хэрэгжүүлэх бодлогоороо ялгардаг. Тухайлбал 2020 оны байдлаар үр тарианы бие даасан байдал Австрали 289.6, Канад 177.8, Америк 125.2, Хятад 100, Япон 27.2, БНСУ 23%-тай байна. Тиймээс хүнсний аюулгүй байдал өндөртэй орнуудын хувьд дотоодын нөөцөө нэмэгдүүлэхийн зэрэгцээ экспортын сүлжээгээ тэлэхийг эрмэлздэг бол хүнсний хараат байдал өндөртэй орнууд хүнсний бие даасан байдлаа баталгаажуулахыг зорьдог аж.

Улс орнуудыг улаан буудай болон цагаан будаанд тулгуурласан хүнсний хэрэглээтэй гэж ерөнхийд нь хоёр ангилна. Монгол Улсын хувьд улаан буудайнд тулгуурласан хүнсний хэрэглээтэй орны нэг бөгөөд засгийн газрын бодлого, дэмжлэгээр сүүлийн жилүүдэд дотоодын хэрэгцээгээ ерөнхийд нь хангаж байгаа ч ургац хураалт тогтвортой биш байна. Улаан буудай нь дэлхийн хүнсний зах зээлийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг бөгөөд сүүлийн 10 жилд таван улс энэ зах зээлийн 66-70%-ийг хангаж байгаа юм.

Улаан буудайн (буудай) худалдааны хэмжээгээр эхний 5 орны харьцуулалт
Улаан буудайн (буудай) худалдааны хэмжээгээр эхний 5 орны харьцуулалтUSDA Foreign Agriculture Service(https://apps.fas.usda.gov/psdonline

Улаан буудайн дэлхийн экспортын 71-75% нь ОХУ, АНУ, Канад, Европын холбоо, Австрали, Украинд төвлөрч байна. Харин импортлогч орны төвлөрөл харьцангуй бага буюу 25-27% бөгөөд дээрх цөөн тооны экспортлогч орны улаан буудайн нийлүүлэлтэд ямар нэг эрсдэл үүсвэл улаан буудайн хомсдол, үнийн өсөлтөөс үүдэн хараат байдал өндөртэй орнуудын аюулгүй байдалд эрсдэл үүсэх магадлалтай.

Миннеаполисын үр тарианы бирж (MGEX;Minneapolis Grain Exchange) болон Чикаго, Канзас хотод арилжаалагдаж буй улаан буудайн үнэ 2022 оны 5 дугаар сарын эхээр бушель тутамд 10.5 доллароор нэмэгдсэн байна.

Улаан буудайн ханшийн өөрчлөлт (2018-2022 оны 5 дугаар сарын 4-ний байдлаар)
Улаан буудайн ханшийн өөрчлөлт (2018-2022 оны 5 дугаар сарын 4-ний байдлаар)tradingeconomics.com

ОХУ болон Украин улс дэлхийн улаан буудайн экспортын бараг 30%-ийг бүрдүүлдэг бөгөөд хоёр орны дайны нөхцөл байдлаас үүдэн улаан буудайн үнэ нэмэгдэж байна. Дайны улмаас улаан буудайн үнэ 2022 оны 3 дугаар сард сүүлийн 14 жилд байгаагүйгээр нэмэгджээ. Цаашид украины үйлдвэрлэл зогсонги байдалд орох төлөвтэй байгаа ба дайны шууд үр дагавраас болж өвлийн тариалангийн 20% нь буурах магадлалтайг шинжээчид онцолжээ. Байдены Засаг захиргаа үр тарианы үнийн өсөлтийн хариуд улаан буудай үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор 500 сая ам.долларын санхүүжилт олгох хуулийн төслийг санал болгоод байна.

Хүнсний салбарын монополчлол

Мөн дэлхийн хүнсний зах зээлийн гол үнийг тодорхойлогч эрдэнэ шишийн 75-77%-ийг АНУ, Хятад, Европын холбоо, Бразил, Мексик, үр тарианы 90-95%-ийг АНУ, Бразил, Аргентин, Хятад, Энэтхэг зэрэг таван орон үйлдвэрлэж байгаагаас үзэхэд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт цөөн оронд төвлөрчээ. Ийм төвлөрөл бүхий үйлдвэрлэл, нийлүүлэлтэд цаг уур болон байгалийн хүчин зүйл, тээвэр, улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэлтэй эрсдэл үүсэхэд хүнсний хараат байдал өндөртэй орнуудын хүнсний хангамж тасалдах, хомсдох аюул бий болох нь мэдээж.

Үр тарианы зах зээлийн тэгш бус төвлөрөл нь эрэлт нийлүүлэлтийн орон зайн хуваарилалттай холбоотой боловч үр тарианы компаниудын зах зээлийн монопол байдлын уршиг үүнийг улам бүр түргэсгэх хүчин зүйл болж байна. Тухайлбал, дэлхийн үр тарианы зах зээлд Archer Daniels midland (ADM), Bunge, Cargill, Louis Dreyfus (LDC) гэсэн дөрвөн компани ноёрхдог. Эдгээр компаниуд хууль, эрх зүйн зохицуулалт, татвар, үйл ажиллагааны зардлын хувьд тохиромжтой улс орнуудад охин компани байгуулах, эсвэл гадаадын үр тарианы компаниудыг (M&A) худалдан авах замаар хүнсний зах зээл дэх хяналтаа бэхжүүлсээр байна.

Дээр дурдсан цөөн орны дөрвөн том компанид төвлөрсөн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, монополчлолын эсрэг улс орнууд хүнсний аюулгүй байдлаа хангахын тулд ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?

Жишиг шийдэл

Дотоодын хүнсний хангамжаа бэхжүүлэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд Хятад, Япон компаниуд дэлхийн үр тариа, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд нөлөөгөө өргөжүүлэхийг эрмэлзэж байна. Тухайлбал, японы Марубени 2012 онд америкийн үр тарианы Гавилон компанийг худалдан авч, хятадын зах зээлд үр тариа нийлүүлэх экспортын зах зээлээ баталгаажуулсан бол сингапурын Хөрөнгө оруулалтын агентлаг (GIC) үр тарианы томоохон компани болох Bunge-д хөрөнгө оруулалт хийж, хилийн чанад дахь үр тарианы эрэлт, нийлүүлэлтэд оролцож эхлэв. Үүнээс гадна Ази тивд хөгжиж буй үр тарианы компаниудад Япон, Хятад зэрэг хүчирхэг орнууд хувь нийлүүлсэн хөрөнгө оруулалтаар дамжуулан үр тариа импортлох сувгаа бэхжүүлэх бодлого баримталж байна.

Эдийн засгийн хувьд хүчирхэг ч хүн ам олонтой, хүнсний нөөц багатай Япон, Солонгос, Хятад гэх мэт улс орнууд дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийг дэмжих гэх мэт олон янзын бодлого дэвшүүлж байгаа ч гадаад дахь хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хөрөнгө оруулахад гол анхаарлаа төвлөрүүлж байгаа нь анхаарал татаж байна. Тухайлбал, Японы үндэсний томоохон үйлдвэрлэгч Toyota Tsusho, Sojitz, Mitsui зэрэг компаниуд Бразил, Аргентин, Украин, ОХУ, Парагвай, Уругвай, дундад Ази болон Африкийн улс орнуудын хөдөө аж ахуйн салбарт сургалт, судалгаанаас эхлэн үйлдвэрлэл хүртэлх бүхий л шатанд хөрөнгө оруулалт хийснээр өөрийн орны хүнсний хангамжийг тогтвортой байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ цөөн улс, цөөн компаниудад төвлөрсөн дэлхийн үр тариа үйлдвэрлэгчдийн монополчлол, түүнээс үүдэн гарах эрсдэлээс хамгаалах алхмуудыг эрэлхийлсэн нь энэ юм.

Хүн ам ба хүнсний асуудал

Олон улсын хэмжээнд хүнсний баталгаат байдалд нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг нь хүн амын өсөлт хэмээн судлаачид хэлдэг. 2050 онд дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээг хангахад одоогийнхоос 60%-аар их үр тариа шаардлагатай гэсэн тооцоолол бий. Одоогоор дэлхийн хүн амын 1/5-ийг хятадууд эзэлж байгаа бөгөөд тус улсын хүн амын хүнсний хэрэгцээг хангахад нийт хүнсний үйлдвэрлэл, бүтээгдэхүүний 20%-ийг зарцуулна. АНУ-ын эрдэмтэн Браун 1994 онд “Хятадыг хэн тэжээх вэ” нэртэй нийтлэл бичсэн нь тухайн үедээ шуугиан тарьж байв. Тэрээр 2030 хүртэл хятадын хүнсний үйлдвэрлэлийг 20% хүртэл буурах бөгөөд 216 сая тонн үр тариа экспортлох шаардлагатай хэмээн үзсэн байдаг. Яагаад гэвэл, Нэгдүгээрт Хятад болон ижил бүс нутагт байрлах Япон, Солонгос, Тайваний аж үйлдвэрлэл хөгжихийн хэрээр газар тариалангийн талбайн хэмжээ болон будааны үйлдвэрлэл одоогийнхоос буурна. Хоёрдугаарт, сүүлийн жилүүдэд дэлхийн хүнсний экспорт буурсаар байгаа ба уур амьсгалын өөрчлөлт хүнсний үйлдвэрлэлд ихээхэн нөлөөлнө гэж тайлбарласан байдаг.

Хятадад нэг хүнд ногдох хүнсний хэрэглээ 1990 онд 300 кг байсан бол 2030 онд 350 кг болж нэмэгдэх төлөвтэй байна. Улмаар нийт эрэлт 568 сая тоннд хүрэх бөгөөд бүх хүнс экспортлогч орнууд нийлээд ч хятадын хүнсний хэрэгцээг хангаж чадахгүй юм. Мөн хятадын эдийн засгийн хөгжлөөс шалтгаалж иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэж байхад үүний эсрэг хүнсний нөөцийн хомсдол үүсэх нь олон улсын хүнсний зах зээлд тогтворгүй байдлыг нэмэгдүүлж, ядуу буурай орнуудын оршин тогтнолд сөргөөр нөлөөлнө гэжээ. Иймээс хятадын хүнсний асуудал дэлхийн хүнсний зах зээл болон дэлхийн эдийн засагт томоохон нөлөө үзүүлнэ гэж таамаглаж байна.

Энэ таамаглалтай санал нийлдэггүй, технологийн хөгжлийн шийдлээр хүнсний хэрэгцээг хангах боломжтой хэмээн үздэг эрдэмтэд бас бий. Тухайлбал, дэлхийн шар буурцгийн 80-90%-ийг АНУ дангаараа хангадаг бөгөөд БНХАУ гол экспортлогчийн нэг байв. Хоёр орны худалдааны дайнаас болж 2018 онд АНУ шар буурцгийн экспортын татвараа нэмэгдүүлсэн нь хятадыг шинжлэх ухаан, технологийн тусламжтайгаар шар буурцагтай шимт чанарын хувьд ижил төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ хангахад түлхэц болсон. Гол импортлогч орон нь дотоодын хэрэгцээгээ орлуулах бүтээгдэхүүнээр хангаснаар АНУ-ын шар буурцаг тариаланчид, үйлдвэрлэгчдэд асар их хохирол учирсан бөгөөд 2018 онд 12 тэрбум, 2019 онд 19 тэрбум ам.долларыг дотоодын үйлдвэрлэгчдэдээ дэмжлэг болгон өгөхөд хүргэсэн байна. Энэ мэтээр хүнс хүйтэн дайны үед ч, өдгөө ч улс хоорондын стратегийн гол чухал зэвсэг хэвээр байна.

БНСУ-ын засгийн газрын хувьд дэлхийн үр тариа үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг ханган нийлүүлдэг дээрх монопол компаниудын төвлөрлийг бууруулж, өөрийн орны импортын тогтвортой тогтолцоог бий болгохын тулд үр тарианы үндэсний ханган нийлүүлэх тогтолцоог бий болгохыг зорьж байгаа аж. Үр тарианы ханган нийлүүлэх систем нь хүнсний нөөц баялагтай бүс нутаг, улс орнуудын хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар үр тариа тариалах, үйлдвэрлэх, худалдан авах тогтолцоог бүрдүүлэхэд оршиж буй.

Үүний зэрэгцээ хүнсний ханган нийлүүлэх сувгийн аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн бүс нутаг болон далайн тээврээр дамжуулан тээвэрлэх, хадгалах, түгээх үйл явцыг бүхэлд нь шийдвэрлэхийг зорьдог. Үр тариа худалдан авах тогтолцоог шийдвэрлэхийн тулд үйлдвэрлэл, төмөр зам болон далайн эргийн болон экспортын элеваторыг байгуулах, аюулгүй байдлыг хангах тухай зорилт ч дэвшүүлээд буй юм. Хятадын дарга хүнсний хаягдлыг бууруулахыг иргэддээ уриалсан бол солонгосын хүнс судлаачид ч энэ чиглэлд дуу хоолойгоо нэгтгэхийг дэмжиж байна.

Монгол Улсын хувьд хүнсний нөөц арвинтай бөгөөд гагцхүү энэ нөөц баялгийг зөв ашиглаж, дотоодын хүнсний хэрэгцээгээ хэрхэн тогтвортой хангах вэ гэдэгт анхаарал хандуулах хэрэгтэй юм. Хүнсний арвин баялаг нөөцтэй ч хүнсний импортын хараат байдал 45%-тай байгаа нь үнийн өсөлт, тээврийн саатал зэргээс шалтгаалж хэрэгцээт хүнс тасалдах аюулыг дагуулах эрсдэлтэйг бид анхаарах нь зүйтэй.

Ралдийн Батчимэг (БНСУ-ын Чүнбүкийн их сургуулийн улс төр, олон улсын харилцааны докторант)

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn