Ж.Сүхбаатар: Модыг тарих биш ургуулдаг, хамгаалдаг, нөхөн сэргээдэг болъё

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Ойн тухай хууль 2012 онд батлагдсанаас хойш 9 жилийн хугацаанд 7 удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ.
Ж.Сүхбаатар: Модыг тарих биш ургуулдаг, хамгаалдаг, нөхөн сэргээдэг болъё

Ерөнхийлөгчийн санаачилсан Тэр бум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхтэй холбоотой энэ удаагийн хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа юм.

Хуулийн төсөлтэй холбоотой УИХ-ын гишүүд саналаа хэлэв.

Ц.Идэрбат:

-Засгийн газар Ойн агентлагтай болж байгааг дэмжиж байна. Хэнтий аймаг ойн сангийн нөөцөөр улсын хэмжээнд 4-т ордог. 1.7 сая га ойн сантай аймаг. Ойн сантай сумдад зарим асуудал тулгардаг. Эрх зүйн орчныг сайжруулах тухай хэлэлцэж байгаа энэ үед эдгээр асуудлыг шийдээсэй гэж хүсэж байна. Ойн салбар дахь боловсон хүчнийг төлөвлөгөөтэй бэлтгэх талаар анхаарах хэрэгтэй. Мөн хуш модоо хамгаалахад анхаарал хандуулаасай. Хуш модыг өөрсдөө тарьж ургуулаад түүнээсээ самраа авдаг болох тогтолцоотой болмоор байна.

Ж.Сүхбаатар:

Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөтөлбөр тодорхой ажил болж, араас нь энэ хуулийг оруулж ирж байгааг бодлогын хувьд дэмжиж байна. Гэхдээ ажлын чиг үүрэг, хийгдэх ажлуудыг маш нарийвчлалтай бичиж оруулж иржээ. Энэ мэт хууль боловсруулах техник тал дээр шүүмжлэлтэй хандах зүйл байна. Зөвхөн мод тарих гэхээсээ илүүтэй модлог ургамалд анхаарал хандуулах шаардлагатай. Модыг тарих биш ургуулдаг, хамгаалдаг, ашигладаг, нөхөн сэргээдэг байх ёстой.

Б.Жаргалмаа:

-Дорнод, Хэнтий аймагт ойн нөхөрлөлүүд үйл ажиллагаа их явуулдаг. Тэдэнд төрийн дэмжлэг дутагддаг. Эргээд ойн сангаас ашиглах, хамгаалах асуудлыг хуульд хэрхэн тусгасан бол. Гэр хорооллын иргэд хашаандаа мод тарих хүсэлтэй байдаг. Хашаандаа мод тарьсан иргэдэд ямар нэг дэмжлэг үзүүлэх байдлаар иргэдээ дэмжсэн бодлого байх хэрэгтэй байна гэсэн саналуудыг хэллээ.

Байгал орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Мод тарьж ургуулах үйл ажиллагаа эрхэлж буй ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллага, иргэн аж ахуй нэгж байгууллагад газар эзэмших, санхүүгийн цогц дэмжлэг үзүүлэх, мөнгөн урамшуулал олгох тогтолцоог хөгжүүлнэ” гэсэн заалтыг оруулсан гэдгийг хэлсэн юм.

Тус хуульд ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага байгуулагдсанаар ойн анги, ойн нөхөрлөл мэргэжлийн байгууллагад арга зүйн дэмжлэг үзүүлэх, ойн ажиллагаанд хяналт тавих нь сайжирна гэж үзэж байгаа аж.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn