Монголдоо л амьдарчих юм сан

Эмч, багш, инженер мэргэжилтэй, 2–3 гадаад хэлтэй, нэгэн цагт мөрөөдөлтэй байсан, шинэ санаа тээсэн, авьяас чадвартай Монгол хүмүүс энд ирээд янз бүрийн ажил хийнэ. Энд удах тусам мөрөөдөл, зорилго нь жижгэрч, ажил мэргэжлээсээ төсөөрсөөр нэг л мэдэхэд өнгөрсөн түүх, хааяа санахад сайхан дурсамжтай л үлдэх нь олон.
Зургийг Н.Батчимэг
Зургийг Н.Батчимэг

Цар тахлаас үүдэн хилийн хоригт хоёр жилийг өнгөрүүлсний дараа залуус олноороо гадаад улсыг зорьж байна. Амьдралаа дээшлүүлэх гэсэн тэдний дийлэнх нь Солонгос (БНСУ)-ыг зорьдог. Ковид-19-ийн үеэр гадаадад гацсан монголчуудын нэг болж, тус улсад нэг жил таван сарыг өнгөрүүлэхдээ тэнд байгаа залуус, олон жил ажилласан монголчуудаараа бахархахын сацуу харамссан. Ямар олон сайхан мөрөөдөл, авьяас чадвар, залуу нас харь нутагт золигдож байна вэ?

Солонгост монголчууд юу хийдэг вэ?

Энд бүгд ажил хийх гэж ирсэн. Олдсоноо л хийнэ. Амьдралын төлөө тэд ганц өдөр ч алгасахгүйг хичээнэ. Эрчүүд нь ихэвчлэн “иса” буюу нүүлгэх ажил хийдэг. Цалин харьцангуй өндөр, цаг уян хатан. Гэхдээ өдөржин хүнд зүйл өргөж зөөдөг хүчир ажил. Эмэгтэйчүүд “чонсу” буюу цэвэрлэгээний ажил хийнэ. Мөн л цалин өндөр, цаг уян хатан боловч хүчтэй химийн бодис ашигладаг учраас эрүүл мэндэд муу, үргүйдэлд хүрэх ч эрсдэлтэй. Гэр бүлийн хүнгүй ганцаараа ирсэн нэгэн нь байр, хоол цаанаасаа хангагддагийг бодолцон буудалд үйлчлэгч, эсвэл хөдөө үйлдвэрт ажиллахыг илүүд үзнэ. Бусад нь “арубайт” буюу үйлдвэрүүдэд цагаар, өдрөөр ажиллана.

"Хуруу хумсаа хугалах” гэдэг хэлц үг биш бодит зүйл

Үнэндээ би энд л анх удаа биеийн хүчний ажил хийж үзсэн юм. Хамгийн анхны цагийн ажил маань номын үйлдвэр байв. Ажил өглөө 09 цагт эхэлдэг ч үйлдвэр хол учраас 07 цагийн автобусанд амжих ёстой. Үгүй бол дараагийн автобус 40 минутын дараа ирэх хуваарьтай, хоцорно гэж ажилд зуучилсан Монгол эмэгтэй анхааруулсан юм. Автобусаар 1 цаг 30 минут хэртэй явсны дараа “Burning” киноноос л харж байсан уул, мод, олон хүлэмжтэй хотоос зайдуу газарт ирлээ.

Тэнд байх сэндвичэн барилгуудын нэг нь миний ажиллах үйлдвэр. Өдөржингөө хэд давхарласан хүнд номууд зөөж, дааж ядсан ч ажлаа удаан, муу хийвэл маргааш биднийг дуудахгүй гэж хамт ажилласан монголчууд анхааруулсан болохоор хэрдээ хичээлээ. Ажил дуусахад уулын харанхуй замаар унаж тусан гүйсээр өнөөх автобусандаа арай гэж амжив. Энэ өдөр би хоёр ч хумсаа аймшигтай лав хугалсан ба маргааш нь гар өвчин орж, хөөн хавдсан байв. Хуруу хумсаа хугалах гэдэг зүйрлэл биш жинхэнэ зүйл юм байна.

Дараа нь цаасны үйлдвэр гэсэн зараар очтол цаасан хаягдал дахин боловсруулах үйлдвэр байж таарав. Өдөржингөө халуун наранд нүднээсээ бусдыг битүүлсэн хувцастай, уул шиг их овоолоостой хогийг ухаж ялгалаа. Тэнд ахимаг насны Монгол эмэгтэйчүүд ажиллана. Өөр хүмүүс халшраад ирдэггүй гэнэ. Гэр бүл, байр, машин, хүүхдийн сургалтын төлбөр… амьдрал. Энэ бүхэн тэднийг хүний нутагт, халуун наранд хогийн цэг дээр мөнх ажиллуулж ч чадах хангалттай шалтгаан.

@ Quora.com

“Монголын үнэртэй салхи” буюу эх орноо санах санаашрал

Нэг өдөр кимчиний үйлдвэрт ажиллаж үзлээ. Хүнсний үйлдвэр учраас битүү цагаан хувцас өмсгөнө. Тэр нь олон хүн өмсөж халтартсаны дээр энд тэндээ кимчиний соус болсон нь цус шиг, өмссөн ажилчид аймшгийн кинон дээрх алуурчид шиг харагдана. Өдөржин усны гуталтай, чийгтэй газар зогсож ажиллах ба хараа хяналт маш чанга, ахлах ажилтан солонгос эр хоорондоо ярих өчүүхэн чимээг ч андахгүй үе үе ууртайгаар хашхирна. Өдрийн хоолны дараа тэнд ажиллаж байсан Монгол эмэгтэйчүүдтэй кофе ууж хэсэг ярилцав.

Хууль бусаар ажиллаад 5 жил болж байгаа нэг эмэгтэй “Энэ Солонгосын уул ус хэчнээн гоё байсан ч Монголынх шиг биш. Сэнгэнэсэн сайхан үнэргүй байгаа биз дээ?” гэх нь үнэн хэрэгтээ уул усны үзэсгэлэн дутуудаа биш эх орноо санасан сэтгэлийнх нь илэрхийлэл. Амьдралынхаа чамлахааргүй хугацааг “харийн нутагт хар ажил хийж” (өөрийнх нь хэлснээр) өнгөрөөсөн ч Монголд байртай болж чадсан нь том амжилт гэнэ. “Солонгос улс буянтай орон шүү. Олон монголчууд энд ирж амьдрал ахуйгаа өөд нь татсан” гэж ярих тэрээр ганцаараа амьдардаг.

Өөр нэг эмэгтэй энд ирээд 11 жил болж байгаа, солонгос хүнтэй гэр бүл болжээ. Нөхөр нь ингэж ажиллаж, гадуур явахыг нь зөвшөөрдөггүй учраас хааяа нэг ажилд гарвал монголчуудтай таарахдаа их баярладаг гэнэ. Том болсон хоёр хүүхэд нь Монголд байдаг, тэд нь Солонгост ирж амьдрахыг хүсдэг ч эмэгтэй зөвшөөрдөггүй аж.

“Хүүхдүүдээ ингэж хүний газар хар ажил хийлгэхгүй, тэгэх юм бол миний энд зовох ямар хэрэгтэй юм бэ?” гэнэ. Монгол хэлээр нэлээн аялгатай ярьдаг болчихсон энэ эмэгтэй хэдий харь улсын бэр болсон ч зорилгоо биелүүлчхээд монголдоо очиж амьдрах мөрөөдөлтэй. Ганцаардсан хүний нэг шинж байдаг даа. Ойлголцож мэдэхээр хүн таарвал учиргүй яриасаг болоод анх уулзахдаа л хувийн амьдралаа ний нуугүй ярьчихдаг. Тэд үүгээрээ нийтлэг байлаа.

Хаана ч очсон ийм, амьдрал, үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө бие, сэтгэлийн бүх хүчээ дайчилж байгаа хүмүүстэй таарна. Өглөө эрт ажилд гарч, шөнө орой болсон хойно нийтийн байрны ганц орны зайтай, цонхгүй давчуухан өрөөндөө ирж хоночихоод ахиад л өглөө эрт мэдэхгүй, танихгүй үйлдвэрт ажиллахаар явцгаах залуус олон.

ҮСХ: 2022/03/29-ний байдлаар шинэчилсэн статистик
ҮСХ: 2022/03/29-ний байдлаар шинэчилсэн статистик

БНСУ-д 50.8 мянган (2019 оны тоо. ҮСХ) Монгол иргэд байнга оршин суудаг. Өөр өөр зорилготой ч дийлэнх нь ажил хийж, амьдралаа дээшлүүлэхээр зорьж очдог. Эмч, багш, инженер, 2–3 гадаад хэлтэй, нэгэн цагт мөрөөдөлтэй байсан, шинэ санаа тээсэн, авьяас чадвартай монгол хүмүүс энд ирээд төрөл бүрийн ажил хийнэ.

Удах тусам мөрөөдөл зорилго нь жижгэрч, ажил мэргэжлээсээ төсөөрсөөр нэг л мэдэхэд тэр бүхэн нь өнгөрсөн түүх, хааяа санахад сайхан дурсамж болж үлдсэн нь олон. Тэд Монгол руу буцахаас айдаг. Эргээд очихдоо мэргэжлийн ажлаасаа хөндийрсөн, ажилд орлоо ч цалин бага, ахиад л ахуйн тэмцэлдээ татагдан орох учраас тэр. Сарын цалин нь 1 өрөө байрны түрээсэнд ч хүрдэггүй, танил талаар бүх зүйл шийдэгддэг улс шүү дээ гэнэ.

Болдог бол бүгдийг нь Монголдоо авчирмаар. Хамтдаа шижигнэтэл хөдөлмөрлөмөөр, амьдармаар. Зорилго, мөрөөдөл, хайртай хүмүүс, залуу насаа золин харийг зорьж, “хар ажил” хийхээр сэтгэл шулуудсан залуусын зоригийг үнэлж байна. Харин тэднийг, биднийг ийм байдалд хүргэж буй нийгэмд л харамсаж байна. Монголдоо л амьдарчих юм сан.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn