Замын түгжрэл 2.7 их наяд төгрөг “шатаав”

Тээврийн хэрэгслүүдийг цахим гэрчилгээтэй болгоно. Түгжрэлийн индексийг бодит цагаар тодорхойлно.
Замын түгжрэл 2.7 их наяд төгрөг “шатаав”

Улаанбаатар хотын замын түгжрэл энэ цаг үеийн хамгийн том асуудал болоод байна. Нийслэлийн хүн ам нэмэгдэхийн хэрээр автомашины тоо өдрөөс өдөрт өсөж, замын ачаалалд нэрмээс болж буйг үе үеийн хотын дарга толгой сэгсрэн ярьдаг ч дорвитой шийдэл гаргаж чаддаггүй. Замын түгжрэлийн талаар 10 жил ярьж ирлээ. Гэвч одоогоор ямар нэг гарц гаргалгаа олж чадаагүй л байна. Энэхүү халуун сэдвийн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Тээврийн цагдаагийн алба, “Өдөр тутмын сонины холбоо”, “Телевизүүдийн холбоо”, “Сайтын холбоо” хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн мэдээлэл өглөө. Тэрээр “Хотын замын сүлжээний даац 2011 оноос хэтэрч эхэлсэн. Өнөөдөр 2.5 дахин хэтрээд байгаа. Жилд ойролцоогоор 80 мянган машин шинээр замын хөдөлгөөнд оролцдог болж байна. Энэ үзүүлэлтээс харахад авто замын ачаалал нэмэгдэхийн хэрээр тэг зогсолт болоход ойртож буй юм. Олон улсын байгууллагын тооцооллоор архаг түгжрэл, бүтэн өдрийн түгжрэл гэдэг нэр томьёо шинээр хэрэглээнд нэвтрэх нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс маш дорвитой арга хэмжээ авах шаардлага тулгарлаа. Улаанбаатарын барилгажилт, худалдаа үйлчилгээний газрууд голдуу хотын төв рүүгээ төвлөрч байгаа нь замын түгжрэл үүсэх гол шалтгаан болдог. Хотын төвд их, дээд сургуулийн 96%, худалдаа үйлчилгээний газрын 80 гаруй хувь нь байрлаж байна. Нэг төвтэй хотыг задалж төвлөрлийг сааруулах арга хэмжээ авахаар шийдвэрлээд байгаа. Хотын төвд өдөртөө гурван сая орчим зорчилт хөдөлгөөн явагддаг. Үүний 52% нь ажил руугаа, 25% нь хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхөөр явдаг гэсэн судалгаа гарсан. Замын түгжрэлийн байдлыг эдийн засгийн үнэлгээгээр тооцож үзэхэд 2020 онд 2.7 их наяд төгрөгийг алдаж байна. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний найман хувьтай тэнцэж байгаа юм” хэмээн ярилаа.

Нийслэлийн авто машины тоо 659,000 болжээ

Хотын хүн амын тоо эдүгээ 1.5 сая, нийт өрхийн тоо 414 мянга болж өссөн бол автомашины тоо 659,000 болжээ. Энэ үзүүлэлтээс харахад ямар нэгэн арга хэмжээ авахгүйгээр цаашид явбал удахгүй бүх зам автомашины зогсоол болох гамшиг бидний өмнө тулж ирээд байгаа аж. Мөн цаашид замын түгжрэлээс үүсэх эдийн засгийн алдагдал 25 их наяд хүрэх тооцоо судалгаа гарчээ. Замын түгжрэлээс үүдээд жилд 100 сая төгрөгийн үргүй зардал гаргаж буйг Б.Одсүрэн онцолсон юм. Монгол Улсын хэмжээнд жилд 460 сая ам.доллароор автомашин худалдаж авдаг гэсэн судалгаа гаргажээ. Тэгэхээр 10 жилийн хугацаанд 4.6 тэрбум төгрөгөөр авто машин худалдаж авахаар тооцоолол гаргаснаа холбогдох мэргэжлийн хүмүүс хэлэлцүүлгийн үеэр дурдлаа. Нөгөөтээгүүр замын түгжрэл үүсгээд буй нэг том шалтгаан нь сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал. Хамран сургах тойргийн хэмжээнд сургууль, цэцэрлэг хүрэлцдэггүй, сургуулиудын сургалтын чанар харилцан адилгүй байдлаас болоод хүүхдээ хэдэн километр газар машинаараа зөөж түгжрэл үүсгээд буй. Өдөрт 100 мянган тээврийн хэрэгсэл сургууль, цэцэрлэгийн хүүхэд зөөдөг нь судалгаанаас харагджээ. Иймээс сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулж, сургалтын чанарыг тэгш хүртээмжтэй болгох талаар холбогдох газрууд арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид ярив. Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 279 сургууль, цэцэрлэг ажиллаж байгаа бөгөөд шинээр 159 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Шийдэл: Моноцентр хотоос Полицентр хот руу шилжинэ

Цаашид замын түгжрэлд ихэнх цагийг зарцуулж, эдийн засгийн алдагдал шатахууны үргүй зардал гаргахгүйн тулд хотын төвийг задалж, дэд төвүүдийг хөгжүүлэхээр нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгаад байгаа аж. Ингэж нэг төвт хотыг тэлж олон дагуул хот болгож хөгжүүлснээр утаа, замын түгжрэл гэх зэрэг олон асуудлыг шийдэх гарц болно гэж хотын удирдлагууд үзэж байна. Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар танилцууллаа.

Тэрээр Улаанбаатар хот өөрийн гэсэн өмчгүй болсон нь эдийн засгийн бие даасан байдлаар хөгжихөд ихээхэн саад болж буйг нэн бухимдангуй илэрхийлсэн юм. Улаанбаатар хот эрх зүйн чадамжтай эдийн засгийн хувьд бие даасан, өөрийн гэсэн өмчтэй байж цаг үеийн тулгамдсан олон асуудлыг шийдэх боломжтой гэдгийг хэллээ. Хотын аж ахуйн нэгжүүдийн татварыг өөрийн хөгжлийн сандаа төвлөрүүлж замын шинэчлэл, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга шинээр барих эдийн засгийн эх үүсвэрийг бүрдүүлэх учиртай. Гэтэл хотын банкнаас өгсүүлээд нийслэлийн өмчид бүртгэлтэй газруудыг хувьчилсан нь цаашдын хөгжилд томоохон тээг болж байгаа аж. Улаанбаатар хот энэ жил 18 байршлын уулзвар нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, зургаан байршилд нүхэн гарц барих, 1891.2 метр гүүрэн гарц барихаар төлөвлөжээ. Мөн RFID мэдрэгч 161 байршилд байршуулах юм байна. Ингэснээр тодорхой хэмжээний үр дүн гарна гэж тооцоолж буй юм байна. Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй бүх тээврийн хэрэгслүүд цахим гэрчилгээтэй болгоно. Түгжрэлийн индексийг бодит цагаар тодорхойлно. Камержуулалтын өсөлт 20%-д хүргэнэ. Уулзвар дээрх хөдөлгөөний эрчмийн ачааллыг тодорхойлон зөв оновчтой шийдвэр гаргах нөхцөл бүрдүүлнэ гэдгийг хотын удирдлагууд дуулгаж байна.

Хотын замын хөдөлгөөний улаан гэрэл дахин унтрахгүйгээр асаж мэдэхээр нөхцөл байдал үүсчихээд байгаа асуудлыг шийдэх нэг гарц нь хурдны зам гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид хэллээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn