Үнэгүй зүйл хавханд л байдаг

“Үнэгүй зүйл хавханд л байдаг” гэдэг хэлц бол хуучных. Харин мэргэжлийн сэтгүүл зүй үнэгүй явж ирсэн нь саяхных.
Үнэгүй зүйл хавханд л байдаг

“Гудамжаар дүүрэн сэдэв байхад хэлэх мэдээгүй байж болохгүй” гэдэг шүүмжийг хэвлэлийн гал тогоонд байж үзсэн хүн бүр сонссон байх. Тэгэхдээ хүн болгон хуйларч байгаа зүйл рүү биш үл анзаарагдах үнэ цэнтэй сэдвийг олж харна, нээж гаргана гэдэг чухамдаа сэтгүүлчийн мэдрэмж юм. Нэг сайхан ярилцлага эсвэл сурвалжилга хийчхээд, түүндээ хөглөгдөөд, ямар гарчиг өгөх тухайгаа бодон инээмсэглэнхэн редакц руугаа алхаж явахын аз жаргал бол сэтгүүлчийнх билээ.

Аливаа зүйл хөгжлийн чигээ харж, хувьсан өөрчлөгддөг. Хэвлэл мэдээлэл ч мөн адил. Технологийн хөгжлийг дагаад, аль нь чухам жинхэнэ сэтгүүл зүйн бүтээл гэдгийг ялгахад бэрх болсон мэдээллийн асар их урсгал дундаас “өөрийгөө аврах” нь хэвлэл мэдээллийн салбарын эхний зорилго болоод байна. Аль нь хувь хүний сэтгэгдэл, аль нь сэтгүүлчийн ажил, бас аль нь захиалгат нийтлэл гэдгийг ялгахын тулд сэтгүүл зүй өөрийн гэсэн үнэлгээтэй болох зарчим руу дэлхий нийт хэдийн оржээ. Уран сайхны болон хөгжөөнт, танин мэдэхүйн гэх мэт сонирхолтой контентыг үзэгч мөнгөө төлж үздэг шиг өөрт хэрэгтэй гэсэн мэдээлэл, нийтлэлээ зохих төлбөртэй үзэх нь нэгд уншигч өөрийгөө хүндэлж байгаа, хоёрт сэтгүүл зүйн бүтээлийн үнэ цэнийг ойлгож байгаагийн хэлбэр болж буй юм.

Сэтгүүл зүйн бүтээл гэдэг бичлэгийн төрлөөсөө үл хамааран сэтгүүлчийн хүч хөдөлмөр, цаг зав асар их ордог ажил байдаг. Урт бичвэрийг уйгагүй уншдаг байсан урд цагт бол чилийсэн урт ярилцлагыг эцсийн байдлаар гаргахад хамгийн багадаа бүтэн өдөр шаардана. Мэдээж ярилцагч сонирхолтой хүн байхын дээр сэтгүүлчийн гарчиг өгөх, логик дараалалд оруулах гэх мэт боловсруулалтаас сайн ярилцлага болох эсэх нь хамаарна. Бичлэгийн бусад төрөл ч адил. Сурвалжилга, нийтлэл бичихэд мэдрэмж хийгээд сэтгэл хамгийн их хэрэгтэй санагддаг. Ер нь бол чанартай материал бичихэд сэтгүүлчийн хөдөлмөр асар их ордог гэсэн санааг л хэлэх гээд байгаа минь энэ. Манай нөхцөлд мэргэжлийн сэтгүүл зүйд үнэнчээр зүтгэе гэвэл цалин багатай, цаг наргүй ажилладгийг хүлээн зөвшөөрч, зөвхөн дур сонирхлоо л дагаж хийдэг ажил болдог юм. Энд мэргэжлийн сэтгүүл зүй гэж тодотгосны учир нь ороо бусгаа цаг үеэ дагаж гарч ирсэн, овилгогүй нөхдийн амнаас гарч байгаа сэтгүүл зүйгээс тэс өөр зүйл гэдгийг ялгах гэсэн юм.

“Үнэгүй зүйл хавханд л байдаг” гэдэг хэлц бол хуучных. Харин мэргэжлийн сэтгүүл зүй үнэгүй явж ирсэн нь саяхных. Аливаа зүйл өөрийн гэсэн үнэлгээтэй байх тусмаа үнэ цэнтэй байдаг. Сэтгүүл зүйн бүтээл үнэлгээтэй болсон цагт бие даасан хараат бус сэтгүүл зүйн эрүүл хөрс бий болох нөхцөл бүрдэхээс гадна энэ салбарын нэр хүндийг унагаж буй багагүй асуудлын шийдлийг гаргах боломжтой. Тухайлбал, уншигч мөнгөө төлж унших сонголт хийж байгаа учраас зах зээл дээрх хамгийн сайнаас гадна мэдээж хамгийн ёс зүйтэй хэвлэл мэдээллийн платформ руу хандана. Өрсөлдөөний ийм эрүүл талбар бүрдээд эхлэхэд олны хэлдгээр шантаажны, бохир сэтгүүл зүй ч оршин тогтнох орон зайгүй болно. Хэдийгээр энэ цагт хэвлэл мэдээллийн нэрийг барьсан хамгийн ёс зүйгүй, увайгүй хүмүүсийн үг үйлдлээр сэтгүүл зүй гундаж яваа нь харамсалтай үнэн ч маргаашийн уншигч дэндүү ухаалаг, хэрсүү болсон шүү.

Ёс зүй, мэдрэмж, ур чадвар гэдэг зүйл энэ цагт үнэ хүндгүй байлаа ч ирэх цагт сэтгүүл зүйд хамгийн гол шалгуур, хөгжлийн чиг баримжаа байх нь ээ. Гол урсгалаараа өөрийгөө цэвэрлэдэг шиг хэвлэл мэдээллийн салбарт үүрлэсэн цаг зуурын үзэгдлүүд цаг нь ирэхээр хүссэн хүсээгүй арчигдах болно. Үүнд сэтгүүл зүйн бүтээл үнэлгээтэй болох нь хамгийн гол хүчин зүйл юм.

Ирж яваа цагийг зарлаж, нээлттэй хаалгаар салхи сэвэлзэж байна. Эх сурвалж, уншигч, сэтгүүлчийн хамтын оролцоотой эрүүл сэтгүүл зүй урд маань хүлээж байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn