Улаанбаатарын уушгитай бүхэнд хамаатай УТАА

Өнөөдрийн байдлаар гэр хорооллын нэг өрхөд 7 хоногийн хэрэглээнд нь 11200 төгрөгөөр 6 шуудай нүүрсний эрх олгодог бөгөөд нэмж авч их түлэх боломжгүй юм.
Улаанбаатарын уушгитай бүхэнд хамаатай УТАА

Омикронтой зэрэгцэн Улаанбаатарын утаа Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрээд байна. Өвлийн гурван сарын турш нийслэлчүүдийн тулгамдсан асуудал болоод сүүлийн хэдэн жил өнгөрч байгаа билээ. Энэ талаар мэргэжлийн байгууллагууд, хариуцсан албан тушаалтнуудын өчигдрийн мэдээлэл бодит байдалтай уялдахгүй, хорт утаа нэмэгдсэн бурууг янданд, зууханд, иргэдэд өгсөн нь олон нийтийн сүлжээнд ихээхэн шүүмжлэл дагуулав.

Улаанбаатарт амьдардаг, амьсгалж буй хүн бүрд хамаатай сэдэв нь агаар, түүнийг бохирдуулагч утаа, утаа гаргагч яндан, зуух, түүнд түлж буй нүүрс, нүүрсний чанар зэрэг бүгд орно. Энэ бол зөвхөн нийслэлийн гэр хорооллын 200 гаруй мянган айл өрхийн асуудал биш юм. Энэ өвөл утааны үзэгдэх байдал, үнэр эрс нэмэгдсэн нь илт байгаа бөгөөд агаарын чанарын асуудал хариуцсан хүмүүсээс шалтгааныг нь иргэд асууж сурсаар байна.

Агаарын бохирдол нэмэгдэж, утаа ихэссэн талаар албаныхан ингэж тайлбарлав.

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх хэлтсийн дарга Б.Пүрэвсүрэн “Сайн нүүрсийг муу зууханд түлээд байгаа юм биш үү гэсэн асуулт гарч байгаа. Асуудлын гол нь зуух руу чиглэж байна. Нүүрс хямдхан, мод үнэтэй учраас айлууд голдуу нүүрс түлдэг болжээ. Мөн буруу галлаж байгаагаас утаа нэмэгдэх шалтгаан болж байна. Галаа унтраахгүйгээр дээрээс нь нэмж галласнаас ноцоолт үүсэхгүйгээр уугьж утаа их гарч байгааг иргэд ч хэлж байгаа” гэв.

Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр "Сайжруулсан түлшний үнэ хямд байгаагаас иргэд их түлж байгаа нь ажиглагдаж байна. Мөн зуухны чанар муудсан. Айлууд галлагаагаа буруу хийж байгаа" гэв.

“Тавантолгой түлш” компани нэг өдөрт айл өрхүүдийн хэрэглээнд 3200 тонн түлш үйлдвэрлэж, түгээдэг байна. Нэг айлд 7 хоногийн хэрэглээнд нь 11200 төгрөгөөр 6 шуудай нүүрс олгодог юм. Энэ нь Ковид-19 халдварын үеийн 50%-ийн хямдралтай үнэ. Бүртгэлтэй нэг өрх нүүрсний нэг л карттай байх бөгөөд долоо хоногт 6 шуудай нүүрсний эрх үүсдэг. Тухайн долоо хоногийнхоо ням гарагт хуучин нь устаж, шинээр дараагийн нүүрсний эрх нь үүсдэг юм. Айл өрхүүд бүртгэлтэй хаяг дээрээ нэг л карттай, давхардуулж илүүг авах юм бол бүгдийг нь хаах эрсдэлтэй тул 1-ээс илүү карттай байх боломжгүй байдаг. Нүүрсний карт авч бүртгэгдсэн айл судалгаанд оролцож угаар мэдрэгчээ хорооноосоо авдаг гээд давхар бүртгэл, хяналттай явдаг юм. Албаны хүний ярьсанчлан нүүрс хямдхан байх тусам их түлдэг гэсэн дүгнэлт бодит байдалтай нийцэхгүй байна.

Тэгэхээр нэг айл 7 хоногт 6 шуудайгаас илүү нүүрс худалдан авах боломжгүй. Харин ч хүрэлцдэггүй. Идэр есийн хүйтэн энэ өдрүүдэд монгол гэр, байшинг хоногт шуудай хүрэхгүй нүүрсээр галлаж хүрэлцэхгүй тул гэр хорооллын айл өрх нэмж түлээ түлдэг. Өнөөдөр нэг шуудай нүүрс 1875 төгрөг, нэг шуудай мод 6000-7000 төгрөгийн үнэтэй байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn