Үгийн төлөө төлөх үнэ

Мэдээлэл бараа биш болсон, гэхдээ...
Үгийн төлөө төлөх үнэ
@ whatsnewinpublishing.com

Технологийн дэвшлийн ачаар дэлхий “хавтгайрч”, үүнийг дагаад мэдээлэл ч “бараа” биш болсоор байна. Олох, боловсруулах, түгээх боломж нь хомс, хязгаарлагдмал байсан үед үнэ цэнтэй, худалдаж, худалдан авч болдог байсан мэдээлэл одоо хаа сайгүй байж л байдаг, хаанаас ч олж болох зүйл болжээ. Товчхондоо, бид мэдээллийн инфляцын эринд амьдарч байна.

Технологийн дэвшил, сошиал орчны хөгжлийг дагаад хүсвэл би ч, та ч контент хийж, түгээж болох тул мэдээллийг хэн ч бараа гэж харахаа болив. Үнэгүй мэдээллээр өдөр тутам “бөмбөгдөж” буй ийм цаг үед уншигч, үзэгч, сонсогч юу ч худалдаж авахгүй. Медиа зах зээлийн санхүүжилтийн уламжлалт тогтолцоо өөрчлөгдөж, захиалга, сурталчилгаанаас олдог байсан орлого нь буурсан.

Сэтгүүлзүй үнэн, хараат бус, шударга, хүнлэг, хариуцлагатай байх үндсэн зарчмаасаа үл хазайхын зэрэгцээ нийгэмд үүргээ гүйцэтгэх шинэ сорилтуудтай нүүр тулж буй. Гэлээ ч хэвлэл мэдээллийн байгууллага, редакцууд, хэвлэн нийтлэгчид зах зээлийн шинэ хандлагыг дагаж байна.

Мэдээлэл бараа байхаа больсон нь үнэн хэдий ч сэтгүүлзүйн зарчмыг даган бэлтгэсэн, хараат бус, тэнцвэртэй, үнэн мэдээлэл үнэ цэнтэй хэвээр байх болно. Ямар ч нөхцөлд. Ийм байлгахын тулд уншигч, үзэгч, сонсогчдын хүчин зүтгэл хэрэгтэй.

Үнэний төлөө төлөх үнэ

Цаг үеийн өөрчлөлтийг дагаж гарч буй шинэ хандлага бол сэтгүүлзүйн бүтээлд биш, сэтгүүлзүйд өөрт нь төлж буй үнэ билээ. “The Membership Puzzle Project” буюу хэвлэл захиалахын оронд хандив өргөдөг модель хэвлэн нийтлэгчид, редакцуудын хувьд том дэмжлэг болж байна. Өөрөөр хэлбэл, сэтгүүлзүйг дэмжихийн тулд хандив өргөхдөө уншигчид мэдээлэл, контентыг тэргүүнд тавихаас илүүтэй бүх л цаг үед үнэ цэнтэй байсан сэтгүүлзүйн үүрэг, зарчмыг дэмжиж буй хэрэг юм. Энэ бол хандалт, сенсаацын төлөө хөөцөлдөх, санхүүгийн эрх чөлөөгүй нөхцөлд хэн нэгний гар хөл болох, хүний эрх, эрх чөлөөнд санаатай болон санаандгүй халдах, сэтгүүлзүйн эрх, үүргээ хязгаарлуулахаас сэргийлж буй алхам.

АНУ, Европ, Азийн орнуудад түгж, хүчээ авч буй энэ моделийн нэг жишээ нь Швейцарын “Репаблик” хэмээх цахим сэтгүүл. Жилдээ 240 франкын гишүүнчлэлийн төлбөрийг 21 мянган уншигчаас авдаг тус сэтгүүлийн эрхлэгч Оливиа Кюхни “Уншигчид нийтлэлийн төлөө төлдөггүй. Бидний бүтээж буй нийгэм, шударга ёсны төлөө энэ мөнгийг төлдөг” гэж ярьсан нь бий. Сэтгүүлийн нийт орлогын 20 орчим хувийг сурталчилгаанаас, үлдсэн хувийг гишүүнчлэлийн төлбөр, хандиваас олдгийн хувьд редакц тогтвортой, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулж чадаж байгааг тэрээр онцолжээ.

Сүүлийн 10 гаруй жилийн турш үйл ажиллагаагаа явуулж буй “Базз Фийд Ньюс” цахим хэвлэл ч 2018 оноос уншигчдаасаа хандив хүлээн авч эхэлсэн. Редакцтай хамтран ажилладаг сэтгүүлчид, редакторууд, чөлөөт уран бүтээлчийг тэд ийнхүү дэмждэг.

Барууны сэтгүүлзүйн “аваргууд” болох “Гуардиан”, “Нью-Йорк Таймс”, “Атлантик” ч уншигчдаас хандив хүлээн авдаг хөтөлбөртэй болоод чамгүй хугацааг үджээ.

“Шинэ сонин”-ы жишиг

Оросын “Шинэ сонин”-ы ерөнхий редактор Дмитрий Муратов, хүний эрхийн төлөө тэмцэгч, филиппин сэтгүүлч Мария Ресса нарт Нобелийн энхтайвны шагналыг 2021 онд хүртлээ. Сүүлийн 100 шахам жилийн турш анх удаа сэтгүүлчид, хэвлэн нийтлэгчид хүндтэй шагналыг хүртсэн нь энэ.

Оросын улс төр, нийгмийн ярвигтай нөхцөлд либерал үзэл баримтлалтай хэвлэлийн орон зайг төлөөлөн тасралтгүй 29 жилийн турш үйл ажиллагаагаа явуулахдаа “Шинэ сонин” хүнд сорилтуудтай нүүр тулсаар ирсэн. ОХУ-ын анхны хараат бус хэвлэлийн нэг болох энэ сонин 2022 оны 3 дугаар сард хаагдах хүртлээ олон нийгэм, улс төр, улс орных нь дотоод бодлогод бугшсан олон ноцтой асуудлыг ил гаргаж, эрэн сурвалжилж байв. Чеченийн дайн, Кавказад гарсан зөрчлүүд, террорист халдлагууд, Курскийн осол, хууль сахиулагчдын эрүүдэн шүүлт, ижил хүйстнүүдийг ялгаварлан гадуурхаж буй зэрэг цаг үе, нийгмийнхээ хамгийн ярвигтай, олон талт асуудлуудыг хөндөн, үнэний талд зогсон, хүмүүст мэдэх эрхийг нь эдлүүлсэн.

1990-ээд оноос хойш хамгийн ноцтой сэдвүүдийг зориглон хөндсөнийхөө төлөө “Шинэ сонин” авьяаслаг сэтгүүлчдийнхээ амь насыг алдаж, заналхийлэл, сүрдүүлэг, хууль хүчний байгууллага, эрх баригчдаас ирэх шахалт дарамтад байнга өртөж байв. Үүнээс ч дутахгүй том асуудалтай заримдаа нүүр тулж байсан нь санхүүжилт байсан юм. Сонины захиалга, сурталчилгааны орлого цаг үеэ даган буурсаар байсан үед тэд краудфандинг буюу хамтын санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь редакцын хувьд чамгүй дэмжлэг болов.

“Уншигчдаас хандив авч, санхүүжилт босгох талаар бид хэдэн жилийн турш ярилцсан. Гэхдээ манай нийгэм бэлэн эсэхийг мэдээгүй. Гэхдээ уншигчдадаа итгэсэн маань талаар болоогүй юм. Сонины хувьд захиалга муугүй, сурталчилгаа ч дажгүй байлаа. Бид уншигчдын хандивын сайн үйлсийн аянг хүнд өвчтэй хүүхдүүдэд туслахад зарцуулсан. Сар бүр тодорхой хэмжээний хандив өргөдөг хамтрагчдынхаа зураг бүхий дугаар ч гаргаж байлаа” гэж сонины орлогч редактор Алексей Полухин ярьжээ.

Үнэнийг олох, мэдээллийг тэнцвэртэй хүргэх, сэтгүүлзүйн зарчмыг дагах, хүний эрх, эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо өргөх, нийгмийнхээ төлөө хувь нэмрээ оруулах... Энэ бүхэн хэзээд үнэ цэнтэй байна. Мэдээлэл үнэгүйдсэн үед ч. Хэн бүхний хувьд.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn