П.Баянтүмэн: Цахим газрын бүртгэлийн зорилго нь бүртгэгдээгүй, баталгаажуулаагүй газруудыг олж бүртгэх

Иргэд газрын шинэчилсэн бүртгэл эхэлсэн гэж ойлгоод бүх дүүргийн Газрын албанд очиж дугаарлан хий ачаалал үүсгэж байна.
П.Баянтүмэн: Цахим газрын бүртгэлийн зорилго нь бүртгэгдээгүй, баталгаажуулаагүй газруудыг олж бүртгэх

Е-Монголиа цахим апп-д бүртгэлтэй эсэхээ яаж мэдэх вэ, бүртгээд өгөөч, хаана хэнд хандах вэ хэмээн нэг нэгээсээ асуух дүр зураг хөврөх газар бол нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Газрын алба. Хамгийн их хүн амтай, зуслангийн бүсчлэл ихтэй тус дүүргийн Газрын албаны албан хаагчид цайгаа ч уух завгүй иргэдэд үйлчилдэг гэхэд хилсдэхгүй. Өдөр тутамдаа олны хөлд дарагддаг тус албаны ачаалал өнгөрсөн гуравдугаар сараас эрс нэмэгджээ.

Байцаагчдын ажлыг хөнгөвчлөх, иргэдэд шуурхай үйлчлэх үүрэгтэй мэдээллийн ажилтан “Та цахимд бүртгэлтэй эсэхээ E-Монголиа апп руу орж мэднэ. Хэрвээ байхгүй байвал хороо хариуцсан газрын байцаагчдаа хандана. Заавал биеэр энд ирж асуух шаардлагагүй” хэмээн тайлбарлах аж. Зорьсон хэргээ бүтээх санаатай ирсэн зарим иргэн “Манай хороог хариуцсан байцаагч алга. Ажил төрлөө зохицуулаад ирж байхад албаа хуваасан талаарх мэдээллээ сайн түгээхэд яадаг юм” хэмээн бухимдаж харагдав.

Тус газрын хувьд нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын өнгөрсөн 3 дугаар сар 16-ны өдрийн тушаалаар 1, 2 дугаар алба болон хоёр хуваагдан иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг хүргэж эхэлсэн аж. Баянхошууны Нэгдсэн үйлчилгээний төвд байрлаж буй 2 дугаар алба нь 7 , 8, 9, 10, 11, 12, 13, 14,15,16, 17, 21 хороо (Ар гүнт, Партизан, Рашаант, Дүүрэн, Цагаан тэмээт Мухар ) 23, 24, 25, 28, 29, 30, 31, 39, 40, 41, 42, 43 хороог хариуцдаг.

Иргэн Б “Эмээ нь цахимаар шалгаж мэдэхгүй. Тэгээд биеэрээ асуух гэж ирсэн. Танил маань газрын гэрчилгээг нь хурааж байна гэсэн учир канондсон хувилбараа авчирсан. Ямар ч гэсэн ирсэн хэргээ бүтээчих юмсан” хэмээн хуучлав. Харин иргэн Э “Өнөөдөр харьцангуй хүн цөөтэй байна. Өмнөх хэдэн өдөр хөл тавих зайгүй, хүн бүчсэн байсан. Хугацаа нь давчуу болохоор хүн болгон л цахим бүртгэлдээ хамрагдах гээд ирж байгаа байх аа. Миний хувьд апп-аар шалгаад гарч ирээгүй учраас байцаагчтайгаа уулзсан. Бичиг баримт дутуу байсан тул түүнийгээ бүрдүүлэн эргэж буцаж явсаар тогтоосон хугацаанд нь амжихгүй байх вий гэж эмээж байна” гэв.

Б.Баярбямба: Ачаалал эрс өссөн

Тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Б.Баярбямбаас зарим зүйлийг тодрууллаа.

-Анх газрын гэрчилгээ олгоход мэдээллийн сан үүссэн байтал дахин бүртгэх ямар хэрэгтэй вэ гэж иргэд шүүмжлэлтэй хандаж байна?

-Энэ системд шууд мэдээллийн сангаа хөрвүүлэн бүртгэхээр зарим гэрчилгээний үг, үсэг өөрөөр шивэгдэх зэрэг алдаа гардаг. Нөгөөтээгүүр, бичиг баримт дутуу, зөрчилтэй эсэхээ ч мэдэхгүй хүн олон байгаа. Газрын харилцаатай холбоотой эдгээр зөрчлийг арилгах үүднээс энэхүү цахим бүртгэл эхэлсэн.

-Ачаалал хэр байна?

-Эрс өссөн. Газар, үл хөдлөхтэй холбоотой асуудлаа шийдүүлэх гэсэн иргэдээс гадна цахим бүртгэл эхэлснээс хойш апп-ээр шалгаж чадахгүй байна гэсэн хүн олон ирж байна.

-Газрын гэрчилгээг нь хурааж байгаа гэсэн?

-Энэ ташаа ойлголтыг залруулъя. Бичиг баримтын зөрчилтэй иргэдийн гэрчилгээг хурааж, цахим бүртгэлд бүртгэж байгаа. Өөрөөр хэлбэл, шинээр гэрчилгээ авах нөхцөл бүрдэж байна гэсэн үг. Цахим бүртгэлдээ бүртгэгдсэн бол иргэн E–Монголиа аппликэйшнээс хэвлэж авна.

Ийнхүү нийслэлийн захын алслагдмал дүүргийн Газрын албанд хүний хөл татрахгүй байгаа бол эсрэгээрээ Хан-Уул дүүргийн хувьд сэлүүхэн байдал угтав. Хэдийгээр хүн багатай байгаа ч, дотоод үйл ажиллагааны хүрээнд газартай холбоотой иргэдийн хүсэлт, өргөдөл, газрын төлбөр, архивын лавлагаа гэх мэт ажил өрнөх аж. Газрын мэргэжилтэн н.Мөнх-Эрдэнэ ”Нэг хэсэг ачаалал өссөн ч, одоо буурсан. Апп-д бүртгэлгүй бол иргэд байцаагчтайгаа уулзаад дутуу бичиг баримтаа бүрдүүлээд явж байна“ гэв.

Шувуунфабрикаас ирсэн иргэн Х “Цахим бүртгэлд хамрагдах ёстой гэхээр нь хэрэг болгож зорьж ирлээ. Сайн мэдээлэлгүй байна. Байцаагчаасаа мэдээлэл авна даа” гэв.

Аппликэйшний үйлдлийг хялбаршуулах хүсэлт тавьсан

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын Кадастрын хэлтсийн дарга П.Баянтүмэнтэй ярилцлаа.

-Цахим газрын бүртгэл эхэлснээс хойш хэдэн хувьтай байна вэ?

-Энэхүү бүртгэлийн гол зорилго нь, ямар нэг байдлаар бүртгэгдээгүй, баталгаажуулаагүй газруудыг олж бүртгэх. Гэтэл иргэд буруу ойлгоод газрын шинэчилсэн бүртгэл эхэлсэн гээд бүх дүүргийн Газрын албанд очиж дугаарлан хий ачаалал үүсгэж байна. Одоогийн байдлаар нийтдээ шинээр 68 мянган нэгж талбар газрыг бүртгэж авсан. Өмнө нь зөрчилтэй олгогдсон, ямар нэгэн бичиг баримт дутуугаас мэдээллийн санд ороогүй байсныг бүртгэж авсан гэсэн үг. Ачаалал эрс нэмэгдсэн учраас энэ он хүртэл хэрэгжүүлнэ гэсэн чиглэл дүүргүүдийн Газрын албадад өгөөд байна. Тиймээс иргэд энэхүү апп-аас өөрийнхөө газрын мэдээллийг шалгаад, бүртгэлгүй байвал байцаагчтайгаа уулзаад зөрчлөө арилгуулах хэрэгтэй гэж зөвлөе.

-Цахим газрын бүртгэлд 2018 оноос хойших нь бүртгэгдээд, өмнөх нь ороогүйгээс иргэд биеэр ирж байна гэж ойлгосон?

-Ер нь газар олголтууд бүгд мэдээллийн санд байгаа. 2018 оноос өмнөх ч биш. Тухайн олгосон онуудад ямар нэг зөрчилтэйгөөс ороогүй үлдсэн олон тохиолдол байдаг. Жишээ нь, захирамж нь гарчихаар газартай болчихлоо гээд орхиод явчихдаг. Гэтэл тэр хүн гэрээ байгуулж, гэрчилгээгээ авах, газрын төлбөр ногдуулан, төлбөрөө төлөх ёстой. Эсвэл, кадастрын компаниар зургаа хийлгэсэн ч, газрын албанд бүртгэлтгүй газар дээр 10 жил амьдарсан жишээ ч бий. Тиймээс хугацаа товлон эхэлсэн энэхүү цахим бүртгэл маань энэ бүхнийг цэгцэлж, бүртгэх зорилготой. 2017 онд 100 хүнд газар олгосон бол нэг хүнийх зөрчилтэй байх талтай.

-Заасан хугацаанд цахим бүртгэлд хамрагдаагүй бол газрыг нь хураана гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Мэдээллийн санд бүртгэж, баталгаажуулаагүй бол газрыг нь хүчингүй болгох ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй. Харин өмнө нь эзэмших эрхээр авсан хэдий ч төлбөрөө төлөөгүй, тав, зургаан жил ашиглаагүй, газар дээрээ үйл ажиллагаа эрхлээгүй бол хураана гэж байгаа. Түүнээс цахим бүртгэлд хамрагдаагүй бол хураах эрх зүйн үндэслэл байхгүй.

-Цахим бүртгэлээс ямар эерэг үр дүн гарах вэ?

-Газар бол хөрөнгө. Иргэдийн үл хөдлөхийн мэдээлэл албан ёсоор баталгаажна. Улсын хэмжээний нэгдсэн сан бий болно. Иргэд газартай холбоотой үйлчилгээг цахимаар авах бүх боломж нээгдэнэ. Эрх сунгах, зориулалт өөрчлөх, шилжүүлэх, талбайгаа өргөтгөх, төлбөрөө төлөх гэх мэт үйлчилгээг цахимаар авах боломжтой. Түүнчлэн газраа эдийн засгийн эргэлтэд оруулахад нээлттэй болно. Дээрээс нь, төрийн байгууллагын уялдаа холбоо сайжирна, баталгаажсан мэдээллээр төр, хувийн хэвшлийг хангах юм.

-Иргэд цахимаар өөрийн эзэмшлийн газраа шүүж үзэж чадахгүйгээс биеэр зорьж ирж байна. Энэ нь, ачаалал өсөх нэг шалтгаан болсон байх. Уг аппликэйшний үйлдлийг хялбаршуулах боломжтой юу?

-E-Mонголиа, E-газар аппликэйшнийг ашиглахдаа дан системээр нэвтэрч ордог. Мэдээж Цахим хөгжлийн яам үйл ажиллагааг нь хариуцдаг. Нэвтэрч орох үйлдлийг нь хөнгөвчлөх талаар хандсан байгаа. Хүндрэл нь регистрийн дугаараа хийгээд нууц кодоо мартчихдаг, дахиад эхнээс нь оролдож хийдэг гэх мэт яриа бий. Уг нь ийм нууцлалтай байх нь зөв шүү дээ. Тухайлбал, иргэн Дорж нэвтэрлээ гэхэд дан ганц газар бус бүхий л мэдээлэл нь гарч ирнэ. Иймээс нууцлал байх үүднээс кодолсон хэрэг. Цахим аюулгүй байдал хурцаар яригдаж байгаа үед иргэд ойлгох хэрэгтэй.

Дашрамд, газрын кадастрын мэдээллийн санд нэг сая 50 мянга гаруй иргэний газрын өмчлөл бүртгэлтэй байдаг аж. Үүнээс нийслэлийн хэмжээнд 406 мянга 756 иргэний мэдээлэл байна. Иймд цахим бүртгэлд бүртгэлгүй байвал товлосон хугацаанд хамрагдан зөрчлөө арилгуулбал газрын харилцаатай холбоотой үйлчилгээ шуурхай авах эрх үүсэх юм байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn