Цагдаа цуврал - 2: "Ардчиллаас алслагдсан цагдаагийн алба"

Албандаа итгэл үнэмшилгүй болсон цагдаагийн алба хаагч цаашид хэрхэн албандаа чин үнэнчээр зүтгэх вэ?
Цагдаа цуврал - 2: "Ардчиллаас алслагдсан цагдаагийн алба"
цуврал 2
Цагдаа цуврал - 2: "Ардчиллаас алслагдсан цагдаагийн алба"
Цагдаа цуврал - 1: "Цалингаас болж цагдаагүй боллоо !!!"

Цагдаагийн байгууллага гэдэг бол ард түмнийг аюул заналхийллээс хамгаалж байх үүрэг бүхий төрийн байгууламж гэж маш энгийнээр тайлбарлаж болно.

Заримдаа хүмүүс төр, улс төр хоёрыг ялгахгүй байгаа юм болов уу гэмээр дүр зураг ажиглагддаг. Төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байгаа олон байгууллагын даргыг төрийн улс төрийн албан тушаалтан томилж, цаашлаад иргэдийн үзэл бодлоо илэрхийлж, эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэх “зөвшөөрлийг” хүртэл төрийн улс төрийн албан тушаалтан олгодог.

Нэг талаасаа АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгосноор УИХ томилно, ЦЕГ-ын даргыг МУ-ын Засгийн газрын гишүүн санал болгосноор МУ-ын Засгийн газар томилно гэх мэт төрийн тусгай чиг үүргийн байгууллагын дарга нарыг төрийн улс төрийн албан тушаалтнууд хэлэлцэж томилж байгаа нь хэдийгээр Үндсэн хуульдаа нийцсэн практик үйл ажиллагаа мөн боловч, энэ нь эдгээр чиг үүргийн байгууллагуудын үйл ажиллагаа, удирдлагын эрх мэдлийг эрх барьж байгаа намын зүтгэлтнүүдийн үүрэг даалгавар мэтээр хүлээж авах нөхцөл байдал үүсээд байна.

Хэдийгээр Засгийн газар хэмээх аппарат нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн боловч олонх болсон намын эрх барих цэвэр бус тоглолт нь шууд үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэж нэг үгээр дүгнэж болно.

Цагдаагийн байгууллагын алба хаагчдын санал хүсэлтээр бичиж буй цуврал нийтлэлийн 2 дахь дугаарт энэхүү асуудлыг хөндөх болсон шалтгаан нь алба хаагчдын итгэл үнэмшилтэй шууд холбоотой юм. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагын алба хаагчид удирдлагын түвшинд улс төрийн оролцоо их байгаагийн улмаас цагдаагийн албанд шударга ёс алдагдсан гэж үзэж байна.

1

“Өнөөгийн байдлаар цагдаагийн байгууллагад тулгамдаж буй олон асуудлын нэг нь хүний нөөцийн томилгооны асуудал юм. Мерит зарчим үндсэндээ алдагдсан. Мэдлэг ур чадвартай хүнийг үнэлэх, тохирсон алба, албан тушаалд тавилгүйгээр ихэнх томилгоог харахад мөнгөтэй айлын хүүхдийг томилох, танил талынхаа ах дүүс, хүүхдийг томилох, нэг нутаг усны хүмүүсээр цус сэлбэж дүүргэх, улс төрийн албан тушаалтнууд удирдах албан тушаалд өөрсдийн хүмүүсээ шургуулах байдал ажиглагдаж байна. Иймд төрийн албыг улс төрөөс хараат байлгах, төрийн албыг төрлийн алба болгохоос зайлсхийх үе шаттай арга хэмжээ авах, мэргэжлийн бус хүмүүсийн томилгоог эргэн харах хэрэгтэй” хэмээн бичиж ирүүлсэн нэгэн саналыг ямар ч үг үсэг, нийтлэлийн найруулгын засваргүй та бүхэнд хүргэе.

2

Үүнээс гадна:

- Цагдаагийн байгууллагын дарга нарыг улс төрөөс ангид байлгах, алба хаагчдын нийгмийн асуудалд анхаарах, илүү цагаар ажиллаж байгаа алба хаагчдад илүү цагийн мөнгө олгох (хуулийн дагуу), төрийн албаны мерит зарчмыг аль ч түвшиндээ баримтлах, танил тал харж чадваргүй хүн авч ажиллуулахгүй байх,

- Боловсон хүчний сонгон шалгаруулалт, бас ахлагч бүрэлдэхүүнээс офицер болгох тал дээр маш дутагдалтай санагддаг. Танил талтай бол тэр хүний ажилласан жил, сургууль төгссөн эсэх огт хамаагүй байдаг. Тэгээд бас эмэгтэй хүнийг офицер болгохгүй гэж худлаа ам хаадаг,

- Боловсон хүчний бодлого,

- Сайн байна уу. Цагдаад ажиллаад 8 дахь жил рүүгээ орж байна. Энэ хооронд офицер бүрэлдэхүүнд орох хүсэлтээ удаа дараа өгч, боломж бололцоо олдох бүрд өргөдлөө өгдөг боловч хэн нэгний ар тал, шахааны хүнээс болж бор зүрхээрээ явж буй мянга мянган залуусын зүрх сэтгэл мохож, офицер бүрэлдэхүүн худал хуурмаг юм байна, одоо ч больё гэж хойш суух, тэртээ тэргүй том ар нь түлхээд өгдөг хүний хүүхэд л офицер болдог юм байна гэх зэргээр ажиллах урамгүй, ажилдаа сайн хүн ажилдаа идэвхгүй болох, ажлаа мэддэг хүн нь болж чадахгүй байхад мэддэггүй нь болж сагсуурч байх жишээний л байна даа. Миний бодлоор ажилласан хугацаа ажилдаа хэр идэвх санаачилгатай байна, бас жилээс нь хамаарч дороос нь дээш нь хүмүүсээ тавьдаг баймаар байна. Шагнал урамшуулал нь хүртэл.

- Маш их дарамттай, нялх хүүхэдтэй ээж хүн ажиллах их хэцүү болсон санагддаг. Ажлаа хийж дуусгаад гарах гэхээр ийм эрт үү гэж гайхдаг яг цагтаа гарж байгаа хүн шүү дээ. Олон цаг суумааргүй байна ар гэр үр хүүхэдтэй хүмүүс шүү дээ. Дээр нь албан бус томилгоо их хийгддэг. Нөгөөдүүл нь ажлаа мэдэхгүй үнэхээр зовлонтой, гэх мэт алба хаагчдын бичсэн санал, сэтгэгдлийг хүргэж байна.

3
4

Эндээс бид юу харж болох вэ гэхээр, нэгдүгээрт цагдаагийн алба хаагчдын зүгээс шийдвэр гаргах эрх бүхий алба хаагчдадаа итгэх итгэл үнэмшил нь буурсан гэж дүгнэж болно. Бодит байдал дээр тухайн байгууллагын хүний нөөцийн бодлого, дотоод дүрэм, үзэл баримтлалыг өөрийн нүдээр үзэх эрхгүй, асуудал хариуцсан мэргэжилтэнтэй нь холбогдож ярилцаагүй нийтлэлчийн хувьд цагдаагийн байгууллагад хүний нөөцийн томилгооны бодлого алдагдсан гэж шууд дүгнэж хэлэх боломжгүй юм. Гэсэн хэдий ч алба хаагчдын зүгээс ирж буй гомдол, саналын хэмжээнд бичил хэмжээний дүгнэлт хийхэд шийдвэр гаргах эрх бүхий алба хаагчдад итгэх итгэл үнэмшил гарцаагүй буурч байгаа бөгөөд энэ хэмжээгээрээ албандаа хандах хандлага, итгэл үнэмшил мөн адил буурсан гэж үзэж болно.

5

Одоогийн байдлаар цагдаагийн төв байгууллагын удирдлагыг төрийн улс төрийн албан тушаалтнаас томилохгүй байх шаардлагатай гэх асуудлыг шууд дэвшүүлэх боломжгүй юм. Харин ч эсрэгээрээ тодорхой хууль тогтоомж, эрх зүйн актуудын хүрээнд эрхээ хязгаарлуулдаг, босоо удирдлагатай байх тогтолцооны улмаас мөн үзэл бодлоо тэр бүр илэрхийлээд байх боломжгүй гэж итгэж ирсэн нийт цагдаагийн алба хаагчдынхаа өмнө цагдаагийн байгууллагын удирдлагын зүгээс дотоод ардчиллын хэв маягийг бий болгох гарцаагүй шалтгаан нөхцөл үүссэн гэж харах хэрэгтэй.

Тэртээ тэргүй Үндсэн хуулиар баталгаажсан эрхийнхээ дагуу жам ёсны эрхүүд нь хүчин төгөлдөр хэвээр байгаа цагдаагийн байгууллагын алба хаагчдын хувьд хүчин зүтгэж буй байгууллагынхаа удирдлагаас гаргаж буй тушаал шийдвэрийг зүй ёсны эсэхэд эргэлзэж, тэр талаараа тодорхой хэмжээний тайлбар авч чадахгүй байна гэдэг нь, цаашлаад өдий хэмжээний итгэл үнэмшлийн доройтолтой байна гэдэг бол ардчилсан улс орны төрийн тусгай чиг үүргийн байгууллагад байж боломгүй үзэгдэл юм.

Энэхүү итгэл үнэмшилтэй холбоотой бас нэгэн хөндөхгүй байхын аргагүй асуудал бол удирдлагын зүгээс алба хаагчаа хамгаалах тогтолцоо гажуудсан тухай санал, сэтгэгдэл юм.

“Прокурорын байгууллагаас арга хэмжээ авах тоот албан бичиг ирэхээр алба хаагчаа өмөөрч хамгаалж чаддаггүй. Нэг удаадаа, энэ удаа авахгүй бол болохгүй бид үгээр нь байхгүй бол энэнээс ч олон шаардлага ирнэ гэдэг үгээ болимоор байна. Эсэргүүцэж няцааж сурмаар байна. Иргэдээс гомдол ирэхээр албаны шалгалт нэртэй цаг уясан дарамтаа болимоор байна. Худал мэдээлэл өгсөн иргэндээ арга хэмжээ авахгүй орхидог бол алба хаагчдаа дандаа арга хэмжээ авна.”

“Зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль процессын олон алдаатай эдгээрийг салбар бүрээс алба хаагч оролцуулж нээлттэй хэлэлцүүлэг хийж хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй уг алдаануудаас болж иргэд цагдаагийн байгууллагын хооронд зөрчилдөөн үүсдэг мөн цагдаагийн байгууллагын нэр хүнд унадаг”

“Цагдаагийн эрх мэдэл гэж маш бага. Цагдаагийн байгууллага нь төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага байтал үйлчилгээний байгууллага болж хувирлаа. Иргэд үйлчилгээний, тусгай гэдгээ ялгаж салгадаггүй. Үүнээс гадна хуулийг үнэндээ ойлгохгүй байна. Цагдаа гэж зүгээр нэг хий хоосон салбадай болгож хувиргаад байх шиг санагддаг. Иргэд хэтэрхий хүний эрх яриад байна үүргээ биелүүлчихээд эрхээ эдэлмээр байна”

Эдгээр санал, сэтгэгдлүүдээс харвал, мөн л цагдаагийн байгууллагын удирдлагын зүгээс алба хаагчдынхаа төлөө ажилладаггүй байж болох хардлагыг төрүүлж байна.

Нийтлэлийн эхэнд төр, улс төр хоёр ялгаатайг дурдсан. Тэгвэл цагдаагийн байгууллага бол төрийн тусгай чиг үүргийн байгууллага болохын хувьд төрийн өмнөөс ард түмний амар амгалан, аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээнэ. Энэ нь нэг ёсондоо цагдаагийн байгууллагын удирдлага, цагдаагийн байгууллагын алба хаагч хэн ч бай “ард түмний” хамгаалагч байх төрийн элч гэж хэлж болно. Төрд байх хамгийн ариун үүргийг цагдаагийн байгууллагын удирдлагууд хүлээж байна гэдгээ, тэр үүргийн хүрээнд нэг ч гэсэн Монгол Улсын иргэн амгалан тайван байх нөхцөл бүрдэж байдаг гэдгийг хаа хаанаа ухамсарлах нь зүйтэй юм.

Харин албандаа итгэл үнэмшилгүй болсон цагдаагийн алба хаагч цаашид хэрхэн албандаа чин үнэнчээр зүтгэх вэ?

“Монгол Улсын иргэн би цагдаагийн албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ” гэж тангарга өргөсөн цагдаагийн алба хаагч яг ямар нөхцөлд амь биеэ үл хайрлан зүтгэх ёстой вэ?

Өргөсөн тангаргийнхаа дагуу бүхий л хууль тогтоомжийг сахин биелүүлж, төрдөө зүтгэх алба хаагчдыг цаашид хэн хамгаалах вэ?

6

Нийтлэлч миний хувьд цагдаагийн алба хаагчид тодорхой хэмжээнд удирдах албан тушаалтнууддаа дуу хоолойгоо хүргэдэг, хүргэсээр ирсэн, гэвч бодитой шийдэлд хүрээгүй улмаас өөрчлөлтийн салхи гарцаагүй оруулах шаардлагатай байгааг нийгэмд ямар нэгэн байдлаар хүргэхийг л хүссэн хэмээн харж байгаагаа үүгээр тэмдэглэе.

Харин энэ сэдвийн дагуу хөндөгдөх өөр нэгэн асуудал нь цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйн зөрчил, цагдаагийн алба хаагчид тавигдах тусгай шаардлагууд, харилцаа хандлагын асуудлаас хамааран алба хаагч болон удирдлагын хооронд үл ойлголцох, үл итгэлцэх асуудал үүсдэг гэх гаргалгаа гарч болно.

Тэгвэл “эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” хэмээн Үндсэн хуульдаа тунхагласан улс орны төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагч нь эх орныхоо ардчиллыг хамгаалж, сахиулж чадах хэмжээний итгэл үнэмшилтэй байж чаддаг уу?

Тийм чадварлаг алба хаагчдыг сонгон шалгаруулж, томилж чадахгүй байна уу, эсвэл томилогдсоны дараа итгэл үнэмшил нь буураад байна гэж ойлгох уу хэмээх асуултыг уншигч танд, мөн цагдаагийн алба хаагч танд үлдээе.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn