Тахлын үеийн сэтгүүл зүй: Бид юун дээр алдав

Амаргүй, эгзэгтэй энэ үед бодит, тэнцвэртэй, олон талын эх сурвалжит мэдээллийг цаг алдалгүй түгээх, сэтгүүл зүйн тулгуур зарчим болох ёс зүйг баримтлах, үр дүнтэй байхын тулд хамтран ажиллах шаардлага сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн өмнө зүй ёсоор гарч ирсэн. Харин Монголын сэтгүүл зүйн хувьд учирсан сорилт бэрхшээлийг хэрхэн давж, хэрхэн ажиллав?
Тахлын үеийн сэтгүүл зүй: Бид юун дээр алдав
IJNET.COM

Цар тахал хүн төрөлхтний хувьд том шалгуур байв. Даяаршиж, технологижсон, харилцаа холбоо, тээвэр болоод бусад салбараараа бие биеэсээ хамааралтай болж хавтгайрсан дэлхийд дэгдсэн энэ тахлын үеэр улс орны эрх баригчид, удирдагч яг ижилхэн саад бэрхшээлтэй нүүр тулж, урьдчилан таамаглаагүй нөхцөл байдалд шийдвэр гаргацгаасан. Тэр хэрээрээ зарим нь онож, зарим маань алдсан. Амаргүй, эгзэгтэй энэ үед бодит, тэнцвэртэй, олон талын эх сурвалжит мэдээллийг цаг алдалгүй түгээх, сэтгүүл зүйн тулгуур зарчим болох ёс зүйг баримтлах, үр дүнтэй байхын тулд хамтран ажиллах шаардлага сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн өмнө зүй ёсоор гарч ирсэн. Харин Монголын сэтгүүл зүйн хувьд учирсан сорилт бэрхшээлийг хэрхэн давж, хэрхэн ажиллав?

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс сэтгүүл зүйн ёс зүйн форумыг “Ковид 19: Мэдэх эрх, сэтгүүлчдийн ёс зүй” сэдвээр 4 дэх жилдээ зохион байгууллаа. Цар тахлын үед сэтгүүл зүй ямар үүрэгтэй ажиллав, ёс зүйтэй хандсан уу, хүний тухай, тэр тусмаа хуулиар хамгаалагддаг хүний эрүүл мэндийн нууцыг мэдээлэхдээ хүн чанартай хандсан уу, төр нэг цонхоор бодлогын мэдээллээ бодитой өгсөн үү, иргэдийн мэдэх эрхийг хангасан уу гэсэн олон асуултыг тойрон хэлэлцсэн нь энэ. Форумын үеэр МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш (МА) Д.Идэржаргалын тавьсан илтгэлээс онцолж байна.

Амаргүй сорилтууд

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотоос эхэлсэн “Ковид-19” халдварын тохиолдол Монгол Улсад илэрч, Засгийн газар, холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээг авч, улмаар хөл хорио тогтоосон. Халдварын тохиолдол илэрч, олон хүн өвчилсөн үед Монгол төдийгүй бусад улс орнууд ч ийм арга хэмжээг авч байв.

Болж буй үйл явдлын талаар олон нийтэд мэдээлэх үүрэгтэй сэтгүүлчдийн хувьд эх сурвалжийн тэнцвэргүй нөхцөл үүсэхэд хүрч байлаа. Мэдээлэл авах албан эх сурвалж буюу төрийн байгууллагууд ажиллахгүй, мэдээлэл өгөхөөс татгалзсан, цахимаар холбогдож мэдээлэл авах боломж хомс байсан. Түүнчлэн хөл хорионы улмаас хөдөлгөөнийг хязгаарлаж нэг байгууллагад 3 хүртэлх тооны QR код олгосон нь сэтгүүлчдийн мэдээлэл олж авах, боловсруулах, түгээхэд хүндрэл учруулж, хэвлэл мэдээллийн байгууллагын ажиллах хүчний хуваарилалт, ашиг орлогод нөлөөлжээ.

Онцгой нөхцөл байдалд худал мэдээлэл тарахаас, олон нийтэд төөрөгдөл, ташаа ойлголт үүсэхээс сэргийлэх зорилгоор төрийн зүгээс (эрсдэлийн үеийн мэдээлэл харилцаа) олон цензур тогтоосон нь ч эх сурвалжийн хомсдол үүсгэж байлаа.

“Орхигдсон” сэдэв

Мэдээлэл бол асар хүчтэй “зэвсэг”. Мэдээллийг түрүүлж авах, олон талт эх сурвалжаас олж авах нь аливаа нөхцөл байдалд оновчтой, ухаалаг шийдвэр гаргах, учирч болзошгүй хохирлоос сэргийлэхэд нөлөөлж чадна. Зарим тохиолд ч эсрэгээрээ байж, санаанд оромгүй үр дүнд хүргэх нь ч бий. Тиймээс сэтгүүлчид ёс зүйн үндсэн зарчмыг дагаж ажилладаг. Мэдээлэл хэмээх “хоёр үзүүртэй зүү”-тэй харьцахдаа, түүнийг олон нийтийн эрх ашиг, нийгмийн сайн сайхны төлөө түгээхдээ сэтгүүл зүйн ёс зүйн дараах үндсэн зарчмыг баримтална.

Үүнд:

· Үнэнийг эрэлхийлж үнэнийг мэдээлэхдээ нягт нямбай, шударга ажиллах;

· Хор уршгийг бууруулах: эх сурвалж, олон нийт, нийгмийн тодорхой бүлэгт;

· Заль мэх, төөрөгдүүлэлт, худал хуурмаг аргыг ашиглахгүй байх, олон нийтийн итгэлийг хүлээх, ил тод байх;

· Хараат бус, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах;

· Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, олон ургалч үзлийг түгээх;

· Хүний хувийн амьдралыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөө, үнэт зүйлсийг дээдлэх;

Цар тахлын амаргүй үед сэтгүүлчид сэтгүүл зүйн үндсэн зарчмуудыг баримталсан уу? Ёс зүйн хувьд ямар алдаа гаргаж байв?

Цар тахал, түүний шууд болон дам үр дагавраас гадна сэтгүүлчдийн хувьд ур чадварын, ажиллах орчин нөхцөлийн, хараат бус байдлын олон амаргүй сорилттой тулгарч байв.

Гэхдээ нийгэмд тулгамдсаар байгаа гэр бүлийн хүчирхийлэл, сэтгэл гутрал, хүний эрх, ялгаварлан гадуурхалт, ажилгүйдэл, цахим сургалтын чанар, цахим хэрэглээ ба түүний үр нөлөө, эргэлт нь зогссон салбарууд ба үр нөлөөг амсагчид, эмнэлгийн ажилтнуудын нөхцөл, хүнсний хомсдол, цахим ажил эрхлэлт, шилэн данс, жагсаал цуглаан, нэг хүнд зарцуулж буй төсөв, цар тахлын үеийн хууль, шийдвэрүүд эмзэг бүлгийнхэнд хэрхэн тусаж байгаа, зээл тусламж хандивын зарцуулалт, анагаахын салбарын экспертүүдийн дуу хоолой, вакцинтай холбоотой бодит мэдээллүүд дутмаг, сэдвийн хувьд хязгаарлагдмал байлаа.

Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлийн хувьд ч Засгийн газар, УОК-оос өгч байгаа мэдээлэл зонхилж байсны дээр олон нийтийн санаа бодолд нөлөөлсөн, мэргэжлийн даацтай бүтээл ховор гарсан.

Алагчлалгүй, ялгаварлан гадуурхалтгүй, сенсацгүй, үнэнийг мэдээлэх зорилго зарим тохиолдолд мөн л орхигдож байсан юм. Тухайлбал, коронавирусийн халдвар анх илрэх үед халдвар авсан хүмүүсийн талаарх мэдээллийг дэлгэсэн, хувийн эрх чөлөөнд нь халдан мэдээлж байсан нь нийгмээрээ үзэн ядах хандлага, айдсыг бий болгов. Түүнээс гадна коронавирусийн халдвар тусах нь байж боломгүй, “гэмт хэрэг” мэтээр үзэх, эх сурвалж нь хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд итгэхээ болих, халдвар авсан хүмүүс ямар эмчилгээ хийлгэж байгаа, тусгаарлагдаж буй нөхцөл байдал хэр байгаа талаар мэдээллээ хуваалцахаас цааргалж эхэлсэн нь ажиглагдсан билээ.

Хариултгүй асуултууд

Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллага ил тод, хараат бус, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах үүрэгтэй. Олон нийтэд ийнхүү ил тод, шударга ажиллаж буйгаа тунхагласнаар сэтгүүл зүйд итгэх нийгмийн итгэл нэмэгддэг.

Цар тахлын үеэр ил тод, нээлттэй, хараат бус байх сэтгүүл зүйн үндсэн зарчмыг зөрчсөн үйлдэл цөөнгүй гарлаа.

Орон даяар хөл хорио тогтоож, албан байгууллага, тэр дундаа сургуулийг хааж, бүх шатны хичээл цахимаар оров. Зайны, цахим сургалтуудыг олон нийтийн телевизүүдээр нэвтрүүлсэн нь бидний хувьд цоо шинэ туршлага байлаа.

Гэхдээ энэ нөхцөлд телевизүүд эфирийн цагийн хэдэн хувийг цахим хичээлд зарцуулсан, ямар телевизүүдэд ямар шалгуураар энэ эрхийг олгов, үүнийг нэвтрүүлж буйн төлөө ямар тохиролцоо хийсэн нь тодорхой бус үлджээ.

Мөн л ийм “учир битүүлэг”, олон асуулт дагуулсан контентуудын нэг нь зургаан телевиз хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн (Засгийн газраас санхүүжүүлсэн), 10 гар утасны урамшуулалтай, халдвар болон үхлийн тохиолдол нэмэгдсээр байсан ч зочид маскгүй, соёл урлагийнхан 7-8 сая төгрөгөөр оролцсон “Карантин 14” шоу нэвтрүүлэг байв. Хэн санаачилж, ямар зорилгоор, яагаад энэ шоуг хийх болов? Ямар ямар компаниуд хэдий хэр санхүүжилт олгосон бэ зэрэгт зохион байгуулагчид нь хариулах ёстой байлаа. Үүний араас Хүүхдийн фондын хандив цуглуулах үйл ажиллагаа, “Мэдээллийн урсгал” зэрэг зорилго нь тодорхойгүй, санхүүжилт нь ил тод биш шоу, нэвтрүүлэг ч үргэлжилсэн.

Төгсгөлийн оронд

Сэтгүүл зүй нь олон нийтийн өмнө мэдээлэх, танин мэдүүлэх, хянах, зохион байгуулах, зугаацуулах, олон нийтийн санаа бодлыг дамжуулах үүргийг хүлээдэг. Цар тахлын үед сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд өрийн мэдээллийг дамжуулахдаа нэг чиглэлт мэдээллийн урсгал хэт давамгайлсан, хамтын ажиллагаа доголдолтой буюу сэтгүүл зүйн оролцоо, үүргийг хязгаарлагдмал, дагаж сурвалжилснаас манлайлж сурвалжилж чадсангүй. Энэ нь редакцийн тогтвортой хөгжил сул, редакцийн түвшинд ёс зүйн зохицуулалт тааруу, онц байдлын үед сэтгүүлчид хэрхэн ажиллах тухай зохицуулалт, туршлага нимгэн, сэтгүүл зүйн байгууллагууд цахим орчинд ажиллахад хурдан шуурхай дасан зохицох менежмент хөгжөөгүй, мөн нэгдэж, хамтран ажиллаж чадаагүйг харууллаа.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn