Жонни Деппийн шүүх хурлаар дамжуулан олж авах боломжтой жендэрийн ойлголтууд

Хохирогч бол хохирогч. Түүний хэн байх, ямар хүйстэй байх ямар ч хамаагүй.
Жонни Деппийн шүүх хурлаар дамжуулан олж авах боломжтой жендэрийн ойлголтууд

Холливудын алдарч жүжигчин Жонни Депп болон түүний эхнэр байсан Амбер Херд нарын шүүх хурал олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Жонни Депп өөрийнх нь нэр хүндэд Амбер Херд халдсан гэж шүүхэд гомдол гарган 50 сая ам.долларыг нэхэмжилж байгаа юм. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зогсохгүй монголд ч энэ асуудлыг идэвхтэй хэлэлцэж байна. Тэгвэл бид энэхүү үйл явдлаас жендэрийн тэгш эрхийн талаар ямар ойлголтууд авч болох вэ?

Сүүлийн үед монголд гэр бүлийн болон эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийллийг эсэргүүцэх олон арга хэмжээ зохиогдож байна. Энэ бол хууль, эрх зүйн хүрээнд зөв зүйтэй алхам бөгөөд бидэнд хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрч болохгүй, хүчирхийлэл бол буруу зүйл гэдгийг сурталчилж байгаа дохио юм. Гэвч зохион байгуулагдаж буй үйл ажиллагааны талаар сөрөг сэтгэгдэл бичих, утга санааг нь алдагдуулж түгээх зэрэг нийтийн хариу үйлдлээс үүдэн бид хүчирхийллийн хохирогч зөвхөн эмэгтэй хүн байдаг мэтээр хүлээн авдаг болсон нь худлаа биш.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын жендэрийн хороо болон хүний эрхийн байгууллагууд мэдээ мэдээллийг түгээн олон төрлийн сургалт зохион байгуулж байгаа ч төдийлөн бүх нийтэд хүртээмжтэй байж чадахгүй байгаа юм.

Хүчирхийллийн хохирогч хэн ч байж болно

Жонни Депп болон Амбер Хердийн шүүх хурлын үеэр болсон үйл явдлыг дэлхийн томоохон мэдээллийн цахим хуудаснууд шууд түгээж байсан билээ. Энэ үеэр гэрчүүд Жонни Депп болон Амбер Херд нарын харилцаа, тэдний харилцаанд үүсдэг байсан асуудлууд, бие ба сэтгэл зүйн хүчирхийлэл, дарамтын талаар ярьсан. Жонни Деппийн талаас мэдүүлэг өгч буй гэрчүүд хэлэхдээ "Жонни маш их сэтгэлийн дарамтад байсан. Амбер Херд түүнийг бүдүүн хөгшин эр зэргээр хэл амаар доромжилж мөн бие махбодод нь хүртэл хохирол учруулж байсан" хэмээжээ. Өнөөдөр дэлхий нийтээр тэдний аль алийг нь буруутгах, зарим тохиолдолд зөвтгөх хандлага ажиглагдаж байна.

Холливудын жүжигчид дунд ялангуяа эрэгтэй жүжигчин энэ төрлийн асуудлаар шүүхэд хандаж байсан удаагүй. Хэдийгээр Деппийг буруутгаж буй хэсэг хүмүүс байгаа боловч түүний хийсэн энэ үйлдэл дэлхий нийтэд хохирогч заавал эмэгтэй байх албагүй, хохирогчийн хэн байх, ямар хүйстэй байх хамаагүй гэдгийг харуулж байгаа юм.

Эрэгтэй хүн ноён нуруутай, эмэгтэй хүн хатан ухаантай байх албагүй

Монгол Улсын үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 14.2-т зааснаар "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна" хэмээн заасан байдаг. Гэтэл бид эцгийн эрхт ёсны соёлтой байсан үеийнхээ үзлээс бүрэн салаагүй бөгөөд үүнээс хамааралтайгаар эмэгтэй, эрэгтэй хүний нийтлэг онцлогийг тодорхойлсоор байдаг.

“Монгол эрэгтэй хүн даруу төлөв, гэр бүлээ тэжээх чадвартай, ноён нуруутай”, “Mонгол эмэгтэй хүн сайн ээж, гэрийн эзэгтэй, цэвэрч цэмцгэр, эр нөхрөө дээдлэн шүтдэг байх ёстой” зэрэг үзлүүд одоо хэр нь бидний дунд байсаар байгаа нь үндсэндээ дээрх хуулийн заалтыг зөрчиж буй хэрэг. Хувь хүний онцлог, хүсэл мөрөөдөл, зан чанар ямар байх нь тэр хүний хүйсийг тодорхойлох баримжаа биш юм.

Жонни Депп болон Амбер Херд нарын шүүх хурлын үеэр иргэдийн нийтэлж байсан бичвэр болон сэтгэгдлүүдээс "Эмэгтэй хүн байж ямар зэрлэг юм бэ?", "Эмэгтэй хүн байж яаж ингэж чадаж байна аа" зэрэг хүйсийн шинжид хандсан байдал ихээхэн ажиглагдсан. Гэвч хүйсийн чиг баримжаа нь хувь хүний онцлог, зан үйлийн, хүний мөн чанарын тодорхойлолттой холбогдох боломжгүй байгалийн өгөгдөл юм. Хувь хүн өөрийн хийсэн үйлдэлд хариуцлага хүлээхэд түүний байгалийн өгөгдлийг тусгах нь ялгаварлан гадуурхаж буй явдал гэдгийг ойлгох нь жендэрийн тэгш эрхийн мэдрэмжтэй байгаагийн илрэл юм.

Хүн өөрийн хэн байхыг өөрөө сонгох эрхтэй.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn